Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20-ны өдөр       Дугаар 222/МА2019/00002              Баруун-Урт     

 

                                   О.Эын нэхэмжлэлтэй,

                                        “Л” ХХК-д

                                    холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал

Нэхэмжлэгч О.Э нар оролцов. 

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 640 дүгээр шийдвэрийг  эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.Эын давж заалдах гомдлоор түүний  “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй “Л” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Хас” банкны Баруун-Урт салбарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69401466.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э миний бие болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.У нар барьцааны хөрөнгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Миний хөдлөх хөрөнгө болох “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийг Сүхбаатар аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 17170343/02 тоот шинжээч томилох тогтоолоор томилогдсон үнэлгээчин Ц.Э нь 2018.8.28-ний өдрийн №18/04 дугаартай үнэлгээг хийсэн ба үнэлгээний тайланг 2018.9.05-ны өдөр надад танилцуулсан. Дээрх үнэлгээ нь хөдлөх хөрөнгө болох фитнесийн зарим тоног төхөөрөмжийг огт үнэлээгүй орхигдуулсан, зах зээлийн үнээс дутуу үнэлсэн болон гантелний килограммыг хэт ихдүүлсэн, элэгдэл хорогдлыг 40 хувиар тооцож, цаашид ажиллах хугацааг 2.5 жил гэж тогтоосон байх тул энэ үнэлгээнд үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж байна. Үүнд: Огт үнэлээгүй тоног төхөөрөмж диск-600 кг, махир гол 2ш, дискны тавиур, нурууны төхөөрөмж 1ш, иогийн матрас 17ш, степ 18ш, хувцасны шүүгээ 48ш, хөгжим 1ш, фитнесийн хамгаалалтын шалны резин 40ш, дутуу үнэлсэн дугуй 3ш, хэтрүүлэн үнэлсэн гантел 500 кг-ыг 765 кг гэж нэмж үнэлсэн. Иймээс “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ тогтоосон “Л” ХХК-ийн 2018.8.28-ны өдрийн 18/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Л” ХХК-ийн захирал /шинжээч/ Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тоног төхөөрөмжийг үнэлэх тогтоолыг хүлээн аваад шинжээч нь шийдвэр гүйцэтгэгч Аваасүрэнгийн 17170343/02 тоот хөрөнгө хураах тухай тогтоолыг үндэслэн жагсаалтын дагуу 26 нэр төрлийн 37 ширхэг төхөөрөмжийн үнэлгээ тогтоох тогтоолыг гүйцэтгэсэн. Шинжээчийн хувьд тэр фитнесийн төвд очиж үнэлгээ хийхэд төвөгтэй байсан ба олон удаагийн үйлдлээр өөртэй нь уулзах хүсэлт, санал хэлсэн ч уулзахгүй зугтаах, уурлах, тайлбар өгөхөөс татгалзаж байсан тул өөрөөс нь тайлбар авч чадаагүй болно. Тухайн тоног төхөөрөмжийн албан ёсны гэрээт борлуулагч “О” спортын барааны дэлгүүрээр очиж үнийн саналыг авч үнийн судалгааг хийсэн тул тоног төхөөрөмжийн үнийн хувьд маргаан гарахгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч О.Эын огт үнэлгээгүй тоног төхөөрөмжинд жагсаасан нурууны төхөөрөмж, дискны тавиур 2 нь 37 төрлийн тоног төхөөрөмжийн үнэлгээнд орсон, харин бусад төхөөрөмжийн хувьд тогтоолын жагсаалтанд ороогүй гэжээ. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 640 дүгээр шийдвэрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан О.Эын нэхэмжлэлтэй “Л” ХХК-д холбогдох “Х” фитнес” төвийн тоног төхөөрөмжийн үнэлгээ тогтоосон 2018.8.28-ны өдрийн 18/04 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Э давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах ёстой. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тайлбарт дурдсан боловч түүнийгээ баталсан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тайлбарлах нотлох боломж олголгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. “Л” ХХК нь “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийг нийт 118270500 төгрөгөөр үнэлж, элэгдэл гэж 47308200 төгрөгийг хасаж үнэлсэнд гомдолтой байна. 20-ын гол 3 ком 3 ширхэг гэснийг зөвхөн голыг үнэлж, 3 ком диск буюу 590 кг 3835000 төгрөгийн дискийг огт үнэлээгүй, мөн 500 кг гантелийг 765 кг гэж хэтрүүлэн үнэлсэн. SL-7007 төхөөрөмж болон нурууны төхөөрөмжийг огт үнэлээгүй зэргийг анхан шатны шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүйд гомдол гаргаж байна. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 640 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

 

Нэхэмжлэгч О.Э нь Л ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлснийг хариуцагч Ц.Э шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэн жагсаалтанд заасан тоног төхөөрөмжинд үнэлгээ хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

Нэхэмжлэгч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-дэх хэсэгт зааснаар ... хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр ... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар ... сольж болно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Үүний улмаас жинхэнэ хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс байхад Л ХХК-ийн захирал, шинжээч Ц.Эыг нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчаар тогтоож, нэхэмжлэгч О.Эыг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн буруу дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч О.Эын гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Л ХХК-ийн захирал, шинжээч Ц.Э биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 1307 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ сэргээх хугацааг заагаагүй байх тул түүнийг зөвтгөв. 

 

Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч О.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1307 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц сэргээсүгэй.

 

Гурав.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болно. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.БААТАРСҮХ

                             ШҮҮГЧИД                                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                            Д.БАЙГАЛМАА