Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 41

 

     Б.Г-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар цагаатгах тогтоолтой, Б.Г-д холбогдох, 2135000830123 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, .., 39 настай, эрэгтэй, халх ястан, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эгч, зээ дүү нарын хамт Увс аймгийн З сумын .. дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б-гийн Г.

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их гол гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 загварын тээврийн жолоодож голоор гарч явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч  П.Б-гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2135000830123 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Г-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Б.Гийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Уг цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:

Шүүх шүүгдэгч Б.Г-ийг цагаатгаж шийдвэрлэхдээ “...голоор гарах явцдаа урсгал усанд цохигдож унаж байгаа нь хүн /жолооч/-ий хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалтай, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /fогсе majeure/ болох байгалийн гамшгийн нэг төрөл болох үерт өртөгдөж байгаа явдал юм” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Учир нь хууль зүйн шинжлэх ухаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл буюу fогсе majeure-ийн тухай ойлголт нь хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарах (гал, үер, газар хөдлөлт, цас зуд гэх мэт/ байгалийн болоод өөр бусад хүчин зүйлээс шалтгаалан аливаа үйлдлийг биелүүлэх боломжгүй, чадваргүй болох тухай ойлголт юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар Зүүнхангай сумын төв рүү орохын тулд Их голоор гарах ёстой боловч 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Их гол үерлэсэн, ус ихэссэн, мотоцикль болон авто машинаар гарах боломжгүй байсан гэдэг нь нэгэнт тодорхой байсан нь гэрч Ц.С-ын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Үүнээс үзвэл Б.Г нь нэгэнт үерлэж, ус нь ихэссэн байсан гол уруу орсон байх бөгөөд харин Их голыг гатлах явцад буюу өөрөөр хэлбэл голын гольдрол бүхий хэсэгт явж байх явцад гэнэтийн үер буугаагүй, ус гэнэт ихсээгүй гэдэг нь тодорхой байх бөгөөд тухайн үерлэсэн байсан гол уруу орсноор өөрийн болон бусдын амь насанд эрсдэлтэй гэдгийг мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэсэн хөнгөмсөгөөр найдсан үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь ус үерлэсэн байдалд бодит дүгнэлт хийж чадахгүйгээр гол руу орж байгаа нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн явдал биш юм.

Түүнчлэн шүүх дүгнэхдээ “...Иймд шүүгдэгч Б.Гийн амьсгалд 0.38 промиль спирт илэрсэн, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, улсын бүртгэлд бүртгүүлж, улсын дугаар аваагүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож явсан нь түүнийг мотоциклтой гол руу орох, голын усанд унахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм ...” гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болжээ.

Учир нь тухайн өдөр шүүгдэгч Б.Г нь амь хохирогч П.Б-гийн хамт 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан, амь хохирогч болон шүүгдэгч Б.Г нар согтолттой байсан нь, түүнчлэн Б.Г нь улсын номер дугааргүй, мустанг-5 загварын мотоциклийг согтуурсан үедээ жолоодсон гэх үйл баримт авагдсан бөгөөд энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл байхыг шаардах ба аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байдаг.

Шүүгдэгч Б.Гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар үерлэсэн байсан гол уруу орж байгаа нь түүний согтуурсны улмаас бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй, гарч чадна гэж хөнгөмсгөөр найдсан үйлдэл, түүний ард сууж явсан зорчигч нас барсан үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл, Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “....эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” үйлдлээс үүссэн хор уршиг, үр дагавар нь амь хохирогч П.Б нас барсан үйлдэл байх бөгөөд дээрх үйлдэлд бодит дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар  цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г-ийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар“ жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь шүүгдэгч, хохирогч нар нь гол руу ороод явж байхдаа усанд цохигдож унасан бөгөөд тухайн үед хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авах боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс ч дүгнэлт хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч хөдөлгөөнд хайхрамжгүй хандсан, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол хор уршиг учирсан байхыг шаарддаг тул гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас бий болсон золгүй явдал гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогч, шүүгдэгч нар нь тус голоор гатлах гэж байхдаа голын эрэг дээр зогсоод чулуу шидэж үзчихээд “болох юм байна” гэж бодоод гол руу орсон нь байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал биш болохыг харуулж байна.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Иймд бид хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэх ёстой. Хавтаст хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан байдаг.

Энэ шинжээчийн дүгнэлтээр “Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсгүүдийг зөрчсөн” гэж дүгнэсэн. Хэрэв давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байна гэж үзэж байгаа бол дахин шинжээч томилж, хууль сахиулахын их сургууль болон механик инженерийн хуулийн мэргэжилтнүүдээр дахин дүгнэлт гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар цагаатгах тогтоолтой, 2135000830123 дугаартай, Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Их гол” гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Б-гийн амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, осол гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн,  улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклийг жолоодож, бэргэн эгч П.Бг ар талдаа сундлан Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Тариатын бургуу“ гэх газраас Зүүнхангай сумын төв орох зорилгоор явсан, Б.Г, П.Б нар замд гарахын өмнө болон замдаа 0,5 литрийн архийг хувааж уусан, тухайн үед уулын цас хайлсны улмаас сумын төвийн наана байх Их голын ус ихэсч үерлэн голоор гарах боломжгүй байсан энэ үед Б.Г мотоцикль жолоодон, хохирогч П.Бг тээвэрлэн үерлэсэн гол руу орж, голын усан дотор мотоциклоосоо унаж, улмаар П.Б голын усанд урсаж,  живж нас барсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Б.Гийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүний амь нас хохирсон, золгүй осол гэх дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэв.

Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан сэргийлэх, таамаглах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас үүсэх нөхцөл байдлыг ойлгоно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас П.Б-гийн амь нас хохирсон буюу золгүй явдал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, жолооч Б.Г мотоцикль жолоодон хүн тээвэрлэн голоор гарах тэр явцад байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, тухайлбал хүчтэй аадар бороо орох, мөндөр цохих, газар хөдлөх, хүчтэй салхи шуурга шуурах, үер буух гэх мэт гэнэтийн  хүчин зүйл бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Шүүгдэгч Б.Г нь ус үерлэсэн байдалд бодит дүгнэлт хийж чадахгүйгээр гол руу орж байгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл биш бөгөөд энэ нь хүний зорилгодоо хүрэх зорилгоор өөрийн хүсэл зоригоор хийж байгаа идэвхтэй үйлдэл юм.  Голоор гарах явцдаа урсгал усанд цохигдож унаж байгаа нь хүн /жолооч/ -ийн хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалтай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох байгалийн гамшгийн нэг төрөл болох үерт өртөгдөж байгаа явдал юм. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн байдаг онцлогтой. Энэ тохиолдлын хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцохгүй, золгүй явдал гэж үзнэ” гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин жолооч Б.Г нь голын дэргэд ирж зогсоод, голын ус ихэсч үерлэсэн байгааг, улмаар явганаар болон тээврийн хэрэгслээр голоор гатлах боломжгүй нөхцөл байдал бий болсныг бодитоор харж мэдсэн нь хэрэгт авагдсан гэрч Ц.С, Ж.Б, Б.Б, Ц.С нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх ба тэрээр тухайн нөхцөлд гол уруу орсноос учирч болох хохирол, хор уршгийг  урьдчилан тооцоолох боломжтой байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүн тээвэрлэж  үерлэсэн гол уруу орж байгаа нь тэрээр согтуурсны улмаас бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй, голоор гарч чадна гэж хөнгөмсгөөр найдсан үйлдэл байх бөгөөд энэ нь түүний тээвэрлэж явсан зорчигч нас барсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.  

Иймд энэ талаар прокурорын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                                              Н.МӨНХЖАРГАЛ