| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/00159/И |
| Дугаар | 137/ШШ2023/00341 |
| Огноо | 2023-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 137/ШШ2023/00341
2023 12 07 ....
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ХХК /УБД:...., РД:..../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ...-р баг, .... тоотод оршин суух, .... хөдөлмөр эрхэлдэг, Б овогт Б-ы О /РД: ..., утас: .../-д холбогдох
Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээний 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож ирүүлснийг 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.О /онлайнаар/, хариуцагч Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Манай А компани нь Замын-Үүдийн оршин суугч, иргэн Б-ы О-тай 2021 оны 09 сарын 30-ны өдөр “Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан Замын-Үүдэд байрлах “...” зочид буудал”-д өөрийн компанийн жолооч ажилтнуудыг байрлуулан, хоол авч төлбөр төлөхөөр тохиролцсон билээ. Ийнхүү бид 2021 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн 52 жолоочийн 14 хоногийн хоолны төлбөрт нэг хүний 40,000 төгрөгөөр тооцон, нийт 29,120,000 төгрөгийг Б.О-ы дансанд шилжүүлэн төлсөн. Бид 2021 оны 10 сарын 04-10-ны өдрүүдэд нийт 11,920,000 төгрөгийн үйлчилгээ аван, хил хаагдсаны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, Замын-Үүд боомтоос нийт жолооч нараа буцаан татсан бөгөөд, урьдчилан төлсөн 29,120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг бид ашиглаагүй, энэ мөнгөн дүнгээр үйлчилгээ авч чадаагүй юм. Бид үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байгаа талаар удаа дараа албан хүсэлт өгч, утсаар ярьсан бөгөөд, Б.О нь одоог хүртэл төлөөгүй, удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Иймд хариуцагч Б.О-с 14,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь хариуцагч О-тай 2021 оны 09 сарын 30-ны өдөр зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Ингэхдээ гэрээнд 29,120,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Бид О-ы нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлсөн. 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 10-ны хооронд хоол буудлын нийт төлбөр 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан. Дорноговь аймгийн ... А-ын шийдвэртэй мэдэгдэл ирээд, Замын-Үүд сумын хил хаагдаж бид жолооч нараа Өмнөговь аймаг руу буцаан татсан. Ингээд 29,120,000 төгрөгийн үлдэгдэл болох 14,340,000 төгрөгийг Ө гэх хүнээр дамжуулан нэхэмжилсэн. Тухайн үед О төлнө гэж байсан боловч төлөөгүй. О-тай биечлэн уулзахад 2021 оны 12 сарын 14-ний өдөр О нь бичгээр өргөдөл бичиж өгсөн. Үлдэгдэл мөнгийг графикийн дагуу төлье гэж хэлсэн. Түүнд манай хуулийн албанаас итгэж мөнгө төлөхийг хүлээсэн. Ингээд Б.О нь 2021 оны 12 сарын 14-ний өдөр 700,000 төгрөг, 2021 оны 12 сарын 31-ний өдөр 1,100,000 төгрөг, 2022 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлж нийт 2,300,000 төгрөгийг буцааж төлсөн байдаг. Ингээд 2022 оны 01 сарын 26-ны өдөр буцаан төлөлтийн шинэ графикийг дахин шинээр бичиж өгсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр төлөлт хийж үлдэгдэл 14,340,000 төгрөгийг төлнө гэж бичсэн байсан. Манай компани түүнд хангалттай хугацаа өгч хойшлуулсан. Иймд тэмдэгтийн хураамж 229,650 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг иргэн О-тай байгуулсан. Иргэний хуулийн 333-358 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг байгуулсан. Гэрээний 11.1 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хүсэлт гаргаад, хүсэлтийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Замын-Үүд сумын онцгой комиссын дарга А-н гарын үсэгтэй компани болон тээврийн хэрэгслийг чөлөөлөх тухай нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан. Нөхцөл байдлын хувьд цаашид гэрээ үргэлжлэх боломжгүй байдал үүссэн. Хариуцагч талын хувьд нэхэмжлэлээс хариу тайлбар өгөхдөө өрөөнд нэмэлт ор авсан, хоол хүнс нөөцөлсөн гэж байна. Гэрээний 2.8 дугаар зүйлд зааснаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, хоол ундны горим алдагдуулахгүй байх, үйл ажиллагааны эрүүл ахуй зэрэг нь О-ы хариуцах зүйл байсан. Хоёрдугаарт гэрээний ерөнхий нөхцөлд зочид буудлын өрөөний үйлчилгээ, хуваарилалт, цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ, цагаан хэрэглэлийг нэг удаа угаана, хоолны үйлчилгээ гэх мэт зүйлс байгаа. Гэтэл ажилчдыг байрлуулахын тулд ор худалдаж авах талаар гэрээнд тусгагдаагүй. Тэгэхээр гэрээний үүргийн ашиглагдаагүй үлдсэн 14,340,000 төгрөгийг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нэхэмжилж байгаа” гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 14,340,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Тус компани шаардлагын дагуу 55 хүнийг хүлээн авах хооллоход маш их бэлтгэл мөнгө зарцуулж бэлдсэн боловч манай буруугаас болоогүй өөрсдийн зөвшөөрөл, үйл ажиллагаанаас болж буцсан. Манай хувьд хохиролтой үлдсэн тул төлөх мөнгө ч байхгүй учир зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Ошүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Коронагийн үеэр хил хаалттай үйл ажиллагаа зогссон байдалтай байсан. Ганц нэг өрөөнүүдэд айл суулгаад байж байхад Ө гэх хүн орж ирсэн. Ийм ажил байна, танайд байлгая, бусад бүх буудлууд тусгаарлалт авсан байна гэж хэлсэн. Манай буудал 24 хүний хүчин чадалтай. Гэвч манайх 55 хүн болгохын тулд ажилласан. Энэ 55 хүний өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол хийхийг тохирсон. 2 жил 9 сар манай буудал ажиллаагүй байсан учир 1 сарын төлбөрөөсөө би 50 хувийг нь захирал Н-ээс хүссэн, миний хүсэлтийн дагуу 29,130,000 төгрөгийг өгсөн. Тэгээд хүлээж аваад байж байхад 7 хоноод гэнэт яваад өгсөн. Эргэж ирнэ гээд л гараад явсан. Би асар их өрөнд орсон. Тэгээд 29,130,000 төгрөг өгчхөөд татварт 10 хувийг нь тэтгэврийг барьж байгаад татсан. Энэнээс болоод би өчнөөн сар тэтгэвэргүй явсан. Гараад явсан хүмүүс болохоор иргэж ирнэ гэж бодоод 700,000 төгрөг, 500,000 төгрөг, 1,100,000 төгрөг өгч явж байгаад би хуулийн зөвлөгөө авсан. Тэгэхэд чи төлөх ёсгүй юм байна, үнэхээр гэрээ баталгаатай юм бол хөөгдөж гарахгүй, өр ширгүй байх байсан гэж хэлсэн. Чамд ийм нөхцөл байдалтай ирсэн гэдгээ хэлэхгүй манайх нүүрсээ зөөнө гээд хүмүүс байрлуулсан байж гэнэт гараад явсан бол энэ хүнд мөнгө төлөх ёсгүй гэх зөвлөгөөг өгсөн. Түүнээс хойш би явсан. ...Тухайн үед бүх зүйл хаалттай байсан. Зөвшөөрөлтэй 2, 3 дэлгүүр байсан. Тийм учраас хүнсний бүтээгдэхүүнийг сараар авсан. Гаднаас мал орж ирэхгүй хаалттай үе байсан. Тэгээд эднийх аяга шаазанд идэхгүй, нэг удаагийн саванд нэг удаа хоол иднэ гэх шаардлага тавьсан. Тэр шаардлагын дагуу урдаас 30,000 нэг удаагийн аяга таваг захиалсан. Тэр орж ирээгүй байтал энэ хүмүүс гараад явсан. Түүний тээврийн хөлс гэж 280,000 төгрөг нэхсэн. Би өгч чадахгүй гээд авч чадахгүй байсаар хил онгойнгуут авах гэсэн чинь алга болсон байна гэх хариу өгсөн. Би одоо мөрөөрөө байж байгаад аймар хохирсон. Миний чихэн дээр эргэж ирнэ гээд цэцэг ургуулаад алга болсон. Би эргэж ирэхэд нь бэлэн байж байя гээд бууз баншаа хүртэл бэлдээд байж байсан. Тиймээс нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж бодож байгаа” гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 229,650 төгрөг төлсөн баримт,
А ХХК-ны улсын бүртгэлтийн гэрчилгээний хуулбар,
2021 оны 09 сарын 30-ны өдрийн Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралт 1,
Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 10 сарын 06-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл,
А ХХК-аас Б.О-д “Зочид буудал түрээсийн гэрээ”-ний дагуу шилжүүлсэн төлбөрийн тооцоо,
А ХХК-ний ажилчдын Замын-Үүд Хараа зочид буудалд байрласан хоол буудлын тооцоо нийлсэн акт,
А ХХК-д буцаан төлөлтийн график, Б.О-ы А ХХК-нд гаргаж байсан өргөдөл,
А ХХК-ны дүрэм,
А ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай 2023 оны 04 сарын 25-ны өдрийн... дугаартай албан тоот
А ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай 2023 оны 10 сарын 19-ний өдрийн ... дугаартай албан тоот
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны ...дугаартай албан тоот,
Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний ... дугаартай албан тоот зэрэг баримтуудыг өгсөн.
Хариуцагч талаас:
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримт,
Б.О-ы ХААН банкны 2022 оны 01 сарын 01-нээс 2022 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга зэрэг нотлох баримт гаргаж өгсөн болно.
Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу дараах баримтуудаар гаргуулж авсан:
Гаалийн ерөнхий газрын 2023 оны 06 сарын 20-ны өдрийн ... дугаартай албан тоот “А ХХК /РД:.../ нь Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 сарын 27-ны өдрийн ... дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор экспортолж буй нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх нэхэмжлэлийг /ГИТ/ 3 жилийн хугацаагаар авсан байна”
Гаалийн ерөнхий газрын 2023 оны 03 сарын 27-ны өдрийн ... дугаартай “Гаалийн итгэмжлэл олгох тухай” албан тоот,
Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн ... дугаартай албан тоот “А ХХК /РД:.../ нь манай газраас Дорноговь аймгийн Замын-Үүд БНХАУ-ын Эрээн боомтын чиглэлд 2021 оны 04 дүгээр улирлын “С” төрлийн зорчих зөвшөөрлийн 80 ширхэг бичиг авсан байна. Зөвшөөрлийн бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв”
2023 оны 06 сарын 20-ны өдрийн... дугаартай албан тоотын хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:
2021 оны 09 сарын 30-ны өдөр “Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан Замын-Үүдэд байрлах “...” зочид буудал”-д компанийн жолооч, ажилтнуудыг байрлуулан, хоол авч төлбөр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 10 сарын 06-ны өдөр 52 жолоочийн 14 хоногийн хоолны төлбөрт нэг хүний 40,000 төгрөгөөр тооцон, нийт 29,120,000 төгрөгийг Б.О-ы дансанд шилжүүлсэн. 2021 оны 10 сарын 04-10-ны өдрүүдэд нийт 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээвэрлэлт зогссоны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, Замын-Үүд боомтоос нийт жолооч нараа буцаан татсан, урьдчилан төлсөн 29,120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг ашиглаагүй тул Б.О-с гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Б.О нь “нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй” гэж маргасан.
А ХХК нь хариуцагч Б.О-тай 2021 оны 09 сарын 30-ны өдөр 52 хүнд зочид буудлын үйлчилгээ авахаар гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг талууд 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хуанлийн 3 сарын хугацаатайгаар, зочид буудалд байрлах 1 хүний нэг хоногийн төлбөр 40,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь гэрээний 1.1, 2.1, 3.1-т тус тус тусгасан байна. Нэхэмжлэгч байгууллага нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр хариуцагч Б.О-ны ХААН банкны ... дугаарын данс руу буудал, хоолны төлбөрт 29,120,000 төгрөгийг шилжүүлсэн нь шилжүүлгийн мэдээлэл /х.х-ийн 13/-ээр тогтоогдож байна.
Гэрээний урьдчилгаа төлбөр 29,120,000 төгрөгөөс 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, үлдэгдэл 17,200,000 төгрөгнөөс хариуцагч Б.О нь нэхэмжлэгч талд 2021 оны 12 сарын 14-нд 700,000 төгрөг, 12 сарын 31-нд 1,100,000 төгрөг, 2022 оны 01 сарын 05-нд 500,000 төгрөгийг буцаан төлсөн, 2022 оны 03 сарын 19-нөөс 2022 оны 03 сарын 22-ны өдрийн тооцоонд 560,000 төгрөг зарцуулагдсан тооцон дээр талууд маргаагүй болно.
Хариуцагч Б.О нь шүүх хуралдаанд “манай буруугаас болоогүй компани С зөвшөөрөлгүй ирсэн, компанийн үйл ажиллагаанаас болж буцсан” гэж маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын 2021 оны 10 сарын 10-ны өдрийн ...тоот албан бичгээр А ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэлд “Ковидын цар тахлын хүнд үед Замын-Үүд боомтод 5400 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсэж, ачаа тээврийн эргэлт багассан үед суманд үйл ажиллагаа явуулж байгаа тээвэр эрхлэгчид жагсал, цуглаан зохион байгуулах нөхцөл байдал үүсэж болох эрсдэл байгаа тул дээд шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Замын-Үүд сум руу жолооч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болно. Иймд Замын-Үүд суманд ирсэн жолооч болон тээврийн хэрэгслийг 2021 оны 10 сарын 10-ны өдрийн 15:00 цаг гэхэд сумын нутаг дэвсгэрийг чөлөөлж хамтран ажиллахыг мэдэгдэж байна” гэх мэдэгдлээр буцсан болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т “Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулсан “Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээний 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /газар хөдлөлт, үер усны гамшиг зэрэг байгалийн гэнэтийн аюул осол, халдварт өвчин болон цар тахал өвчин Монгол Улсын засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр хөл, хорио тусгаарлалт, дайн байлдаан, тээвэрлэлт зогсох нөхцөл байдал г.м/-ийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэх боломжгүй болсныг ойлгоно” гэж заасан байна.
Иймд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын үед хорио цээрийн дэглэм тогтоож, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч нь буудалд байрласан жолооч болон тээврийн хэрэгслээ Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гаргах шалтгаан болсон байна. Энэ нь хууль болон гэрээгээр хүлээсэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзнэ.
Мөн Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн ... тоот албан бичиг /хх-ийн 96/, тус компаний тээврийн хэрэгслийн С зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэсэн мэдээлэл /хх-ийн 97-98/ зэрэг нотлох баримтаар тус компанийг С зөвшөөрөлтэй байсныг нотолж байна.
Нэхэмжлэгч тал хугацаанаас нь өмнө өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, гэрээний үнэд урьдчилж төлсөн 17,200,000 төгрөгийг буцаан авахаар хариуцагчтай харилцан тохиролцож буцаан төлөлтийн график байгуулан 2,860,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хариуцагч тал гэрээг хугацаанаас өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хариуцагч Б.О нь “Тус компани шаардлагын дагуу 55 хүнийг хүлээн авахад ор, бусад хэрэгсэл авсан, хооллоход маш их бэлтгэл мөнгө зарцуулж мах болон хүнсний зүйл бэлдэж маш их хохирсон” гэж 2022 оны 01 сарын 30-ны өдөр А дэлгүүрээс 100 кг цуйвангийн гурилын үнэд 220,000 төгрөг, мөн 2022 оны 01 сарын 30-ны өдөр 300 кг баншны үнэд 2,400,000 төгрөг,2022 оны 02 сарын 25-ны өдөр бууз, гурил, баншны үнэд 2,400,000 төгрөг, 2022 оны 01 сарын 30-ны өдөр 600 кг буузны үнэд 480,000 төгрөгийг тус тус төлсөн орлогын баримтуудыг хавтаст хэрэгт ирүүлсэн боловч он, сар, өдрийн хувьд нэг жилийн хугацаагаар зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагын жолооч нар нь 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 10 сарын 10-ны өдрүүдэд буудалд байрласан нь ... зочид буудалд байрласан хоол буудлын тооцоо нийлсэн акт /хх-ийн 15/-аар нотлогдож байна. Энэ нь гэрээнд заасан жолооч нарын хоолыг бэлтгэхэд зарцуулсан зардал болохоос гэрээний үүргээс хохирсон хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч Б.О нь “2021 оны 09 сарын 30-ны өдрийн гэрээтэй бүрэн эхээр нь танилцаагүй, гар утсанд гарын үсэг зурах сүүлийн хуудсыг ирүүлж би гарын үсэг зурсан, гэрээнд юу заасан талаар мэдээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбараар тус гэрээг хуулийн шаардлагад нийцээгүй, хууль бус гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Түүнчлэн хариуцагч нь тус гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл хугацаанд А ХХК-ний ажилчдыг ... буудалд байршуулан, зочид буудлын үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн зочид буудлын үйлчилгээний худалдан авсны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 14,340,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с 229,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б овогт Б-ы О /РД: .../-аас зочид буудлын үйлчилгээний худалдан авсны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 14,340,000 /арван дөрвөн сая, гурван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с 229,650 /хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
З.Хариуцагч Б.О нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц