| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00432/И |
| Дугаар | 104/ШШ2023/00560 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 104/ШШ2023/00560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Шинэ айл төв, 307 тоотод байрлах,Вайтмүүд лайт ХХК /РД:5237459/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Их уурхай үйлдвэрийн баазад байрлах, Юу би метал маркет ХХК /РД:6116507/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 917 тоот хаяг, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нүхтийн ам АОС байр, 24/6 тоотод оршин суух, Ж.Батдорж /РД:АЮ86081879/ нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээний үүргийн үлдэгдэл 101,651,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчанга,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа,
Хариуцагч Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Юу би металл маркет ХХК-ын өмгөөлөгч Л.Очбаяр,
Хариуцагч Юу би металл маркет ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэвээндарь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Вайт мүүд лайт ХХК нь Юу би металл маркет ХХК-тай 2021 оны арматур худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулж, тус компаниас нийт 180,484,009 төгрөгийн үнэ бүхий 74,471.279 кг арматур авсан. Арматурын төлбөрт 4 автомашиныг 135,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Мөн Ж.Батдоржийн хамтран эзэмшдэг данс уруу 65,500,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр 2 удаа, Юу би метал маркет ХХК-д ажиллаж байсан Мандахбаярын дансанд Батдоржийн хүсэлтээр 77,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үлдэгдэл арматурыг авч чадаагүй. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй учир Юу би метал маркет ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, зөрүү мөнгөн дүн болох 101,651,991 төгрөгийг хариуцагч Юу би метал маркет ХХК болон хариуцагч Ж.Батдорж нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Юу би метал маркет ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вайтмүүд лайт ХХК болон Юу би метал маркет ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 0 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийтдээ 4 удаа арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Компанийг төлөөлж Батдорж гэрээ байгуулсантай маргахгүй. Тухайн гэрээгээр 569,988,550 төгрөг арматурыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 122,000,000 төгрөгт тооцож 4 машин хүлээн авсан. Мөн Ж.Батдоржийн дансаар төлбөрт 65,500,000 төгрөг авсантай маргахгүй. Мандахбаярт шилжүүлсэн 77,000,000 төгрөгийг манай компани хүлээж аваагүй. 4 автомашиныг 122,000,000 төгрөгт тооцож авсан. Нийт 187,500,000 төгрөгийг мөнгө болон автомашинаар хүлээн авсантай маргахгүй. 74,471.279 кг арматурыг 190,268,878 төгрөгт тооцож өгсөн. Армартур худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг маргахгүй зөвшөөрнө. Мөнгө гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын зүгээс гэрээний үүргийг аль аль талаасаа зөрчсөн. Анхандаа гэрээний дагуу явж байсан. Талуудын хооронд маргаан үүссэний улмаас маргаан шүүхэд ирсэн. Худалдах, худалдан авах гэрээний хувьд маргаан байхгүй. Юу би метал маркет ХХК-н төлөөлж Батдорж гэрээ хийсэн. Хариуцагч компани нэхэмжлэгч талд 190,260,878 төгрөгийн үнэ бүхий арматур нийлүүлсэн. Мөн Батдоржоос 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн захирал Энхбатад шилжүүлсэн. Мөнгө гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22/17 дугаартай итгэмжлэл, Вайтмүүд лайт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Юу би метал маркет ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21/031301 дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 21/031501 дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21/031701 дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 21/030201 дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Вайтмүүд лайт ХХК, Юу би метал маркет ХХК нарын материалын тооцоо нийлсэн акт, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Вайтмүүд лайт ХХК-ийн гэрээ дүгнэсэн протокол, Т.Энхбатын хаан банкны дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-13, Ё-1307т дугаартай Орон сууц захиалан барих гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-13, Е-1306т дугаартай Орон сууц захиалан барих гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-12, Б-1202т дугаартай Орон сууц захиалан барих гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-7, Ё-707т дугаартай Орон сууц захиалан барих гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-10, Б-1005т дугаартай Орон сууц захиалан барих гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-11, Б-1102т дугаартай Орон сууц захиалан барих гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн байна.
5.Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1,2 дугаар дугаартай зарлагын баримт, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай зарлагын баримт, Юу би метал маркет ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Н-21/050801 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай зарлагын баримт, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын 11 дугаартай зарлагын баримт, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын 1 дугаартай зарлагын баримт, Ж.Батдоржийн дансны хуулга, Юу би метал маркет ХХК-ийн 2021 оны авлага, өглөгийн тооцоо зэргийг ирүүлсэн байна.
6.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Г.Нарантуяа, Б.Мандахбаяр нарын хаан банкны данс эзэмшигчийн талаарх баримт, Юу би метал маркет ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, бүртгүүлэх лавлагаа, өргөдөл хүлээн авах өргөдөл, Юу би метал маркет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, протокол Юу би метал маркет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 19-ний компанийн эрх шилжүүлэх гэрээ, Юу би метал маркет ХХК-ийн 211031902, 211031901 дугаартай хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2110301 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, Ж.Батдоржийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Юу би метал маркет ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, Юу би метал маркет ХХК-ийн компанийн дүрэм, Улаанбаатар менежмент ХХК-ийн ОХУ-ын төмөр хийцийн үнийн санал, албан бичиг зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Вайтмүүд лайт ХХК хариуцагч Юу би метал маркет ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, хариуцагч Юу би метал маркет ХХК болон Ж.Батдоржид холбогдуулан 218,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн мөнгөн төлбөрийн шаардлагаа бууруулж 101,651,991 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Юу би метал маркет ХХК, түүний төлөөлөгч болон өмгөөлөгч нар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрч, мөнгөн төлбөр гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Ж.Батдорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч Вайт мүүд Лайт ХХК, хариуцагч Юу би метал маркет ХХК нар 2021 оны 03 сарын 02-оос 2021 оны 03 сарын 17 өдөр хүртэл 21/030201, 21/031301, 21/031501, 21/031701 дугаартай гэрээгээр нийт 563,9 тонн арматур, худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.
-Нэхэмжлэгч Вайт мүүд Лайт ХХК, хариуцагч Юу би метал маркет ХХК нар 2021 оны 05 сарын 08 өдөр 21/030201, 21/031301, 21/031501, 21/031701 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, арматурын үнийг татан авах тухайн өдрийн Улаанбаатар менежмент ХХК-н нийтэд зарласан ханшнаас 250,000 төгрөгөөр бага байхаар харилцан тохирчээ.
- Гэрээний үнэд нэхэмжлэгч талаас 4 автомашин /эстима-7, приус-30, приус-41, лексус-570/-ыг хариуцагч Юу би метал маркет ХХК-д шилжүүлжээ.
-Хариуцагч Батдоржийн хамтран эзэмшдэг 5028544965 дансаар 2021 оны 03 сарын 02, 2021 оны 03 сарын 11 өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр нийт 65,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас шилжүүлсэн байна.
- Хариуцагч Юу би метал маркет ХХК-аас нэхэмжлэгч талд 2021 оны 05 сарын 09 өдрөөс 2021 оны 07 сарын 01 өдөр хүртэл нийт 7 удаагийн үйлдлээр 74,471.479 кг арматур нийлүүлжээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар Вайт мүүд лайт ХХК болон Юу би метал маркет ХХК нарын хооронд арматур худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч тал арматурын үнэд тооцуулан нийт 135,000,000 төгрөгт тооцож, 4 автомашин, мөнгөөр 147,500,000 /65,500,000+5,000,000+77,000,000/ төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал 4 автомашиныг 122,000,000 төгрөгт тооцож, хариуцагч Ж.Батдоржоор дамжуулан 65,500,000 төгрөг хүлээн авсан болохоо зөвшөөрч, үлдэх 82,000,000 төгрөгийг /Ж.Батдоржид шилжүүлсэн 5,000,000 төгрөг, Мандахбаярт шилжүүлсэн 77,000,000/ эс зөвшөөрч маргаж байна.
Мөн хариуцагч талын 74,471.479 кг арматурыг 190,268,878 төгрөгт тооцож нийлүүлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч 74.471.479 кг арматурыг 180,484,009 төгрөгт тооцож хүлээн авсан гэх тайлбарыг гаргав.
Хариуцагч тал 21/030201, 21/031301, 21/031501, 21/031701 дугаартай 5 гэрээг гэрээнээс татгалзах үндэслэлээр дуусгавар болгох шаардлагад маргаагүй зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.
Талууд анх гэрээгээр 58-17 УАК улсын дугаартай тоёота приус автомашиныг 12,500,000 төгрөгт, 52-60 УНТ улсын дугаартай тоёота эстима автомашиныг 7,000,000 төгрөгт, 72-76 УНН улсын дугаартай даевуу карго автомашиныг 30,000,000 төгрөгт ланд крузер 200 маркын автомашиныг 193,000,000 төгрөгт тооцож арматурын үнэд шилжүүлэхээр тохирсон байна. Нэхэмжлэгч тал дээрхи 4 автомашинаас зөвхөн 52-60 улсын дугаартай тоёота эстима маркын автомашиныг хариуцагч талд шилжүүлж, гэрээнд тусгагдаагүй өөр 3 автомашин гэрээний зүйлийн үнэд тооцож шилжүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна. Хариуцагч тал гэрээний зүйлийн үнэд тооцож шилжүүлсэн 4 автомашиныг нийт 122,000,000 төгрөгт тооцож хүлээн авсан буюу нэхэмжлэгчийн 135,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэж байгаа, нэхэмжлэгч тал өөрийн тайлбарыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны шатанд талуудын гаргасан тайлбараар хариуцагч Ж.Батдоржоор дамжуулан 65,500,000 төгрөгийг хариуцагч Юу би метал маркет ХХК гэрээний төлбөрт тооцож хүлээн авсан болохоо зөвшөөрсөн, харин н.Мандахбаярт шилжүүлсэн 77,000,000 төгрөг болон хариуцагч Ж.Батдоржид 2021 оны 07 сарын 20 өдөр шилжүүлсэн гэх 5,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргасан, нэхэмжлэгч тал н.Мандахбаярт шилжүүлсэн 77,000,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн авсаныг болон Ж.Батдоржид 5,000,000 төгрөг гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн болохоо нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч тал гэрээний төлбөрт тооцож нийт 187,500,000 төгрөгийн мөнгө, эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж шүүх дүгнэлээ.
Талууд нийлүүлсэн арматурын хэмжээнд маргаагүй боловч нийлүүлсэн үнэд маргаж байна.
Нэгэнт талууд гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үнийг арматур нийлүүлэх өдрийн Улаанбаатар менежмэнт ХХК-н нийтэд зарласан ханшнаас 250,000 төгрөгөөр бага байхаар харилцан тохирсон байх тул шүүх талуудын хоорондын гэрээний нөхцлийн дагуу үнийг тооцож маргааныг шийдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар менежмент ХХК-н нийтэд зарласан үнээс 250,000 төгрөгөөр багаар тооцож үзэхэд хариуцагч талаас нийлүүлсэн 74,471.279 кг арматурын үнэ 180,848,906 төгрөг байна.
Хариуцагч Ж.Батдорж хариуцагч Юу би метал маркет ХХК-г төлөөлөн нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан болох нь, өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан мөнгийг хариуцагч Юу би метал маркет ХХК-д гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч талын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байх тул уг маргаанд хариуцагч Ж.Батдоржийг хувь иргэнийх нь хувиар хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Мөн хариуцагч Ж.Батдоржийн нэхэмжлэгч компанийн захирал Т.Энхбатад 3,000,000 төгрөг шилжүүлсэн үйлдэл арматур худалдах, худалдан авах тухай талуудын хооронд үүссэн гэрээний маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн болно.
Иймд хариуцагч Юу би метал маркет ХХК-с гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөний зөрүү 6,651,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 95,000,897 төгрөг гаргуулах болон, Ж.Батдоржоос мөнгөн төлбөр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Юу би метал маркет ХХК-с 191,567 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Вайдмүүд лайд ХХК, хариуцагч Юу би метал маркет ХХК нарын хооронд 2021 оны 03 сарын 02, 13, 15, 17-ны өдөр байгуулсан арматур худалдах, худалдан авах тухай 21/030201, 21/030201, 21/031301, 21/031501, 21/031701 дугаартай гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Юу би метал маркет ХХК зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Юу би метал маркет ХХК-с 6,651,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 95,000,897 төгрөг гаргуулах, хариуцагч Ж.Батдоржоос мөнгөн төлбөр гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Юу би метал маркет ХХК-с 191,567 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА