| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/05412/И |
| Дугаар | 101/ШШ2023/05421 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/05421
| 2023 12 05 | 101/ШШ2023/05421 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 хороо, 00 байр, 0 тоот, РД:0000, У овогт Ц-ийн С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 хороо 00 тоот, РД:000, Х овогт Лын Од холбогдох 471,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Саас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-10-30-ны өдөр Л.О, түүний нөхөр Б.Е нарт Баянзүрх дүүргийн 2 өрөө орон сууцыг түрээслүүлсэн. Орон сууцанд амьдарч байхдаа зурагт эвдсэн үүнийг 80,000 төгрөгөөр засварлуулсан. Үүний баримт нь байхгүй учир татгалзаж байна. Орон сууцанд амьдрах хугацааны ашиглалтын зардал 391,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Саас хариуцагч Л.Од холбогдох 391,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.С 2022 оны 10 сарын 30-ны өдөр орон сууц түрээслэх гэрээг байгуулж 2022 оны 11 сараас 2023 оны 4 сарыг дуусталх хугацааны төлбөрт дулааны төлбөр 395,000 төгрөг, цахилгаан 35000 төгрөг, интернэт 56400 төгрөг, СӨХ-ын төлбөр 154800 төгрөг, зурагт засварлуулсны төлбөр 80,000 төгрөг, нийт 721,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 250,000 төгрөг төлж биелүүлсэн, мөн зурагт засварлуулсны төлбөр 80,000 төгрөгний баримт байхгүй учир хасаж 391,200 төгрөгийг орон сууц хөлслүүлэх гэрээнд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.
Хариуцагч Л.Од 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гаргуулж, эрх, үүргийг танилцуулсан. Гэвч хариуцагчаас бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
2023 оны 11 сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг товлож 2023 оны 11 сарын 06, 27-ны өдөр хүргүүлсэн. 2023-11-30-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг гардан авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Л.О нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч Ц.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Еээс татгалзсан.
Нэхэмжлэгч Ц.Саас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зурагт засварлуулсны төлбөр 80,000 төгрөгийг хасаж, 391,200 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Л.О нь орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д байр цахилгаан, СӨХ, интернэт зэрэг төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14780 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Оаас 391,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Оаас 391,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С хариуцагч Б.Еээс 471,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 14780 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.О 12386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА