Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/1031

 

 

 

 

 

 

      2021         12            02                                      2021/ДШМ/1031    

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2111005021134 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

 

Шүүгдэгч Б.А- нь “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ц.О-аас 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан авч, нийт 20.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 7 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдэлсэнд тооцож, Б.А-ийн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 6 сар 24 хоногоор тогтоож, зорчих эрхийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдолдоо: “...миний бие үйлдсэн хэрэгтээ маргах зүйл огт байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Би хувиараа зуслангийн барилга барих үйл ажиллагаа явуулж амьдралаа залгуулдаг. Уг барилгын барих материалыг Хөвсгөл аймгаас сардаа 1-2 удаа татан авдаг ажлын онцлогтой. Гэтэл шүүхээс хязгаарлах ял оногдуулсан нь миний хувьд ажлаа хийх нөхцөл маань бүрэн хязгаарлагдах нөхцөл байдал үүсээд байгаа учраас уг гомдлыг гаргаж байна. Миний зүгээс буруу зүйл хийж, амар хялбар аргаар мөнгө олж, хохирогчид хохирол учруулсан буруутай үйлдлээ чин шударгаар хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд миний хувийн байдал, ажлын онцлогыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг тэнсэх, эсхүл торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Тэрээр хувиараа зуслангийн байшин барьдаг.  Шүүхээс оногдуулсан ял түүний амьжиргаанд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байна. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Б.А- ньОюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан Ц.О-аас 2020 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны хооронд цувуулан 20.000.000 төгрөг авч  залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.О-ын ...“Оюу толгой” ХХК-д ажилладаг хүн байгаа чи надад 20.000.000 төгрөг өгчих би үндсэн ажилтны механикчаар оруулаад өгье гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир 7 хоногийн дараа өгье гэж хэлээд өөрийн танил хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж аваад нийт 20.000.000 төгрөгийг богино хугацаанд өгсөн. ...” /хх 14-15/,

гэрч О.Д-ийн “...Ц.О- надтай утсаар яриад “Оюу толгой” ХХК-д ажиллах хүсэлтэй байна, танд таньж мэддэг хүн байна уу гэж хэлсэн. ...Би Хэнчбиш найздаа Ц.О-ын утасны дугаарыг өгөөд энэ хоёр хоорондоо ярьж учраа олсон байхаа, тэр хоёрыг хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй. ...” х 20/,

гэрч Ц.Х-ийн “...А- надтай утсаар ярихдаа Ц.О-тай утсаар ярьсан мөн өөрийн биеэр уулзсан, Ц.О-ыг ажилд оруулах талаар нэг хүнтэй ярьсан, бичиг  баримтыг нь дамжуулж өгсөн хэд хоногоос ярилцлаганд оруулж ажилд авна гэж байна гэж хэлсэн, тэрнээс хэнд хандсан талаар нь би мэдэхгүй. ...” /хх 22/,

Б.А-ийн яллагдагчаар өгсөн “...Би “Оюу-толгой”-д ажилд ороход 20.000.000 төгрөг хэрэг болно гэж мөнгө авсан. ...20.000.000 төгрөгийг өөрийнхөө ажилд зарцуулчихсан. ...” /хх 79-81/ гэсэн мэдүүлгүүд,

мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт /хх 7-9/, Б.А-ийн Хаан банкны 5035176401 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 67/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 69/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.А-ийн гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.А-ийн өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хохирогчийг хуурч мөнгө авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Б.А-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг 10.000 нэгжээр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хэт өргөн хүрээнд хязгаарлалт тогтоож, ялын зорилгыг алдагдуулсан шийдвэр гаргасан болохыг дурьдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.А-ийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /6х15.000=90.000/ эдлэх ялаас нь хасаж /10.000.000-90.000=9.910.000/, түүний торгох ялын хэмжээг 9.910.000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэж, 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН