Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0276/З |
Дугаар | 128/ШШ2023/0525 |
Огноо | 2023-06-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0525
2023 06 13 128/ШШ2023/0525
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "С*******" ХХК /РД: *******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б*******
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаалын "С*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1."С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох "Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэв.
2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Нэхэмжлэгч "С*******" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 тоот тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Г******* нэртэй газрын 5.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлж, 2016/******* дугаар газар ашиглах гэрчилгээ олгожээ.
2.2.Улмаар сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/412 тоот тушаалыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/357 тушаалаар "С*******" ХХК-ийн дээрх газар ашиглах эрхийг цуцалсан.
2.4.Дээрх маргаан бүхий А/357 дугаар тушаалыг Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/627 тоот албан бичгээр "С*******" ХХК-д мэдэгдсэнийг нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол шуудангаар хүлээн авсан.
2.5.Тус шүүх “С*******" ХХК-ийн "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан 2023 оны 03 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
3.1.Манай "С*******" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 тоот тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Г******* гэдэг нэртэй газрын 5.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 2016/******* дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу ашигладаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/357 тушаалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлахдаа "С*******" ХХК-ийн Г******* нэртэй 5.0 га аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна." гэж заасан хэдий ч маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй юм.
Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/627 тоот албан бичгийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол шуудангаар хүлээн авахдаа газар ашиглах эрх цуцалсан тушаал гарсныг анх мэдсэн.
Тус мэдэгдэлд "... Г Байгалийн цогцолборт газарт танай ашиглах зөвшөөрөл авсан 2016/******* тоот гэрчилгээ бүхий 5,0 га талбай нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.09.01-ний өдрийн А/357 тоот тушаалын дагуу газар эзэмших эрх хүчингүй болсныг үүгээр мэдэгдэж байна. Иймд ... газар ашиглах гэрчилгээг авч ирж хураалгах, ... ашиглаж байсан газраа нөхөн сэргээж хүлээлгэн өгнө үү” гэжээ.
Манай компанийн хувьд дээрх газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нийт 3 үндэслэл нэг бүрийг огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх мэдэгдэл болон сайдын тушаалууд нь дараахь байдлаараа хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэх үндэслэлийн талаар.
"С*******" ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 179 тоот тушаалыг үндэслэн Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт тусгай хамгаалалттай газар нутгийн Г******* нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га газрыг ашиглах эрх өгч, 2016/******* дугаар гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон, уг гэрчилгээг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Б, Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д нартай "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" 2016/25 дугаар гэрээг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан,
Улмаар сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/412 тоот тушаалыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар сунган, уг газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгож сунгалт хийсэн бүртгэлийг гэрчилгээнд 2021 оны 12 дугаар сарын 30 гэсэн огноо тавьж улсын бүртгэл хийсэн болно.
Манай "С*******" ХХК нь газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд нь гарган өгч, улмаар хугацаа сунгагдсан бөгөөд энэ талаар газар ашиглах Гэрчилгээнд ... "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021.12.28-ны өдрийн А/412 дугаар тушаал, Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021.06.15-ны өдрийн 21/312 тоот саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгав" гэсэн Улсын бүртгэл хийгдсэн юм.
Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх үндэслэлийн талаар. Манай "С*******" ХХК нь тус газрыг сунгагдах хүсэлт гаргахдаа газрын төлбөрөө төлсөн байсан. Нэг талаас төлбөрийг төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг угаасаа сунгадаггүй журамтай.
Нөгөө талаас манай компани өмнөх бүх хугацаанд газрын төлбөр болон уг газрын санд татан төвлөрүүлдэг 1 сая төгрөгийн хураамжийг цаг тухай бүрд нь бүрэн төлсөөр ирсэн болно. Энэ нь санхүүгийн тайлан баримтаар давхар нотлогдоно.
Харин манай газрыг ашиглах эрхийг сунгасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй явдал үүссэн байдаг. Энэ нь цаг хугацааны хувьд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээг сунгаснаас эхэлсэн гэж үзвэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Газар ашиглах эрхийг Сайдын тушаалаар хүчингүй болгосон үед хамаарна.
Гэтэл манай компани газрын эрхээ сунгуулсан тухайгаа 2022 оны 02 дугаар сард мэдэж, улмаар гурвалсан гэрээгээ сунгах гэж хөөцөлдөж байх хооронд бидэнд огт мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийг 1 жил ч хүрэхгүй хугацаанд буюу 9 сар л болж байхад гэнэт цуцалчихсан болохыг сая 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр л мэдсэн юм.
Тус газар нь "С*******" ХХК-ийн нэр дээр татварын бүртгэл, ба тайлан тооцоо нийлдэг учир 2022 оны хувьд татварын ноогдол, төлбөр хураамжийн ямар нэгэн өр төлбөр гараагүй ирсэн. Иймд бидэнд татвар, хураамж төлөх бололцоо нь гарч ирээгүй бөгөөд биднээс огт хамаараагүй болно.
Хэрэв хугацаандаа сунгалтаа хийсэн бөгөөд он дамнаагүй, хугацаа сунгасан
талаар даруй мэдэгдсэн, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөх боломжоор төр, засаг хангасан бол манай компани өмнөх жилүүдийн нэгэн адил төлбөр тооцооны огт асуудалгүй явж ирэх байсан юм. Бид удаа дараа сунгалт хийсэн эсэх, дахин гэрээ байгуулах, эсхүл гэрээг сунгах эсэх, автоматаар гэрээг сунгагдсан тооцох, өр төлбөр тооцоо хэрхэх эсэх талаар лавласан боловч бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй ба мэдээллээр огт хангаагүй өдийг хүрсэн явдал нь биднээс огт шалтгаалаагүй.
Ийнхүү газрын зөвшөөрлийг хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий акт гэж үзэх хууль зүйн боломжгүй, өөрөөр хэлбэл газрын төлбөр төлөх хугацаа дуусаагүй, татварт ноогдол үүсээгүй, өр төлбөргүй байхад төлбөр төлөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн Газрын төлбөр ногдуулах гэсэн 9 дүгээр зүйлд дараахь эрх зүйн үндсэн зохицуулалт хийгдсэн байна. Үүнд:
- Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.
- Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ" гэжээ.
Гэвч төрөөс өөрийн үүргээ хэрэгжүүлж татварын ноогдол манай компани дээр огт үүсгээгүй, энэ талаар мэдээлэл өгөөгүй явдал нь бидний буруу биш юм.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны шийдвэр "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх;", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасан атал эдгээр ажиллагааг огт хийгээгүй бөгөөд хэрэв хийсэн бол бид мэдэгдэх ба сонсох ажиллагааны үед энэ бүх асуудлын учрыг олчих байсан юм.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Хэрвээ бидэнд мэдэгдсэн бол газрын ашиглах эрхээ сунгагдсан талаар, яагаад 2 жил ашиглаагүй гэж үзэж байгаа талаар, төлбөрийн талаарх бүх баримтуудаа үзүүлэн, тайлбарласан бол шүүхэд шилжихгүйгээр мэдэгдэх ажиллагааны үр дүн гарах байсан билээ.
Гуравдугаарт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлийн талаар.
Газар ашиглах гэрээний дагуу "С*******" ХХК нь тус газар дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэн, байр зүйн зураг хийлгэн координатаа баталгаажуулан, газрын эргэлтийн цэгт геологийн өрөмдлөг хийн геодезийн дүгнэлт гаргуулсан.
Түүнчлэн аялал жуулчлалын бааз байгуулах бизнес төсөл, эскиз зураг хийлгэж цогцолборын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан авч түүний дагуу барилгын зураг төслийг гаргуулан 2020 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан.
Үүний дагуу зураг төслийн болон бусад ажил гүйцэтгэсэн компаниудтай гэрээ байгуулж, акт үйлдэн, тайлан тооцоо нийлсэн баримт материалаа хүлээн авч газраа зориулалтаар ашиглаж, түүнтэй холбоотой ажиллагааг эрчимтэй явуулж ирлээ. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуух бүхий л ажиллагааг хийж аялал жуулчлалын бааз, барилга барихад бэлэн болж зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар баталгаажсан, цахилгаан хангамжийн асуудлыг мөн шийдсэн техникийн нөхцөл зэрэг гарсан байгаа. Дэлхий нийтэд тархаад буй цар тахал, Монгол Улсын хувьд авч хэрэгжүүлж буй хил хаасан нөхцөл байдал, цаашлаад газрын төлбөрийн эцэслэгдээгүй асуудал, татвар ногдуулалт хийгдээгүй зэргээс шууд хамааралтайгаар барилга барих ажил эхлэх дутуу байгаа. Газар ашиглаж эхэлснээс хойш бид бүхэн газраа зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасны дагуу хуульд нийцүүлэн шаардлагатай ажиллагаануудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлсээр байна. Иймээс тус газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй. Манай компани нь тус газрын зөвшөөрлийг авснаас хойш өнөөдрийн өдрийг зориулалтын дагуу ашигласаар ирсэн болно. Үүнд:
1. Хашаа. Өөрийн ашиглалтын газрыг бүрэн хашаалсан бөгөөд ингэж уг 5.0 га газрын хамгаалалтыг тогтоосон.
2. Харуул хамгаалалт. Өдөр бүр тогтмол байрлуулж ажиллуулдаг. Цалинг сар бүр тогтмол өгдөг.
3. Амралт, жуулчны бааз. "С*******" амралт жуулчлалын бааз барьж байгуулах үндсэн зорилготой бөгөөд энэ талаар 2020 онд батлагдсан "Эскиз"-ын дагуу бэлтгэл ажил бүрэн хийгдсэн болно.
4. Цооног өрөмдлөгөө. 2020 онд зураг төслийн дагуу аялал жуулчлалын зориулалттай талбайн инженер геологийн судалгаа хийлгэж, 5-6 м гүнтэй 5 ширхэг цооног өрөмдөж, 10 ширхэг дээж авсан.
5. Газрын арчилгаа, цэвэрлэгээ. 2019 онд торлог бут сөөгийг түүж цэвэрлэх,
овгор шороог тэгшилж, зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
6. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ. 2016 онд тус газар дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бүрэн хийлгэсэн.
7. Байгаль орчны төлөв байдлын болон нарийвчилсан үнэлгээ. 2 дахь удаагаа энэ ажил одоо хийгдэж байна.
8. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил. 2021 онд энэ ажил хийгдсэн.
9. Ерөнхий үнэлгээний дүгнэлт. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий үнэлгээг 2021 онд хийлгэсэн.
10. Гэрээний хэрэгжилт дүгнэсэн акт. 2016 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн захиргааны акт байх бөгөөд газар ашиглах эрх цуцлах нь гарцаагүй байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг хангахгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан, бүр тодруулбал, 12-36 дугаар зүйлд заасан "сонсох ажиллагаа" явуулах үндэслэл, журмыг зөрчиж, ямар үндэслэлээр, хэрхэн, ямар учир шалтгааны улмаас газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа тухайгаа болон энэ талаар шийдвэр гаргах гэж байгаа болохоо бид бүхэнд урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй, тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргах өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй зэргээр Захиргааны акт гаргах хууль журмыг ноцтойгоор зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр халдан хөндлөө.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 27.2-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ..." гэж тус тус заасан.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан бичгээр "С*******" ХХК-д "газар ашиглах эрхийг цуцлах тухай" захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлээгүй, харин нэгэнтээ хүчингүй болгосон акт гаргасны дараа өөр субъектээр дамжуулан мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл, захиргаа шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй, нөхцөл байдлыг бодитой тодруулаагүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу огт явуулаагүй болно.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаалын "С*******" ХХК-д холбогдох хэсэг хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тушаалын "С*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 тоот тушаалаар “С*******” ХХК-д холбогдуулж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6, гэрчилгээ хугацаа дууссан гэх 3 үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Эдгээр үндэслэлийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт зааснаар 2021 оныг хүртэл хугацаанд газрын төлбөрийг бүрэн төлж байсан. Аливаа хуулийн этгээдэд татварын системд нь нэхэмжлэхийн дугаар үүсдэг бөгөөд систем рүү нэвтэрч төлөх гэж дарсан тохиолдолд тус газрын төлбөр төлөгддөг. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар татварын алба газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч болон ашиглагч хуулийн этгээдэд цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн газрын алба болон “С*******” ХХК-ийн хооронд газрын төлбөрийн талаарх тооцоо нийлсэн акт байдаг. Уг актад нэхэмжлэхийн дагуу төлбөрөө хугацаанд төлнө үү гэсэн зохицуулалттай. Иймд 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй асуудал нь “С*******” ХХК-ийн асуудал биш, тухайн татварын алба болон газрын албаны асуудал юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраас 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ нь ямар ч хууль зүйн зохицуулалтгүй бөгөөд “С*******” ХХК нь 2016 оноос хойш энэ газарт үйл ажиллагаа явуулахаар өөрсдийн төсөл хөтөлбөрүүдийг бэлдэж, хашаа хийлгэсэн. Газартаа төслөө хэрэгжүүлэхийн тулд “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Худалдах худалдан авах гэрээ”, төлбөр төлсөн баримтууд зэргийг бүгдийн нотлох баримтын шаардлага хангуулж хавтаст хэрэгт өгсөн. Газрын гэрчилгээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусаж байгаа, тэгэхээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаал гарахад “С*******” ХХК-ийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан. Эдгээр 3 үндэслэлээр “С*******” ХХК-ийн газрыг хүчингүй болгосон хууль бус байна. гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Процессын үйл ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг үнэлэх, цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээдэг. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч байгууллага буюу тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг хэрхэн тогтоосон талаарх асуудал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ямар нөхцөл байдлыг тогтоосон болох нь тодорхой бус байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Захиргааны шийдвэр гаргах этгээд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг тодорхойлно гэж заасан. Өөрөөр хэлбэл, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонсох ажиллагааг явуулах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 20 болон түүнээс дээш хуулийн этгээд байсан учраас өдрийн сонинд нийтэлсэн гэж хэлж байна, гэтэл аль сонинд нийтүүлсэн талаах үйл баримт байхгүй. Сонсох ажиллагаа явуулах он сар, байршил, дараалал, захиргааны шийдвэр гаргах эрх олгосон этгээдийн шийдвэрт дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй эсэх, сонсох ажиллагаатай холбоотой асуудлаар он сар, дугаар, хууль зүйн үндэслэлээ дурдах ёстой. Улмаар сонсох ажиллагаанд оролцож байгаа хуулийн этгээдээс тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, зөрчлийг арилгах зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн, сонсох ажиллагааг хийгээгүй, захиргааны акт нь хууль зүйн үндэслэл бүхий байх зарчмыг бүрэн агуулж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Дээд шүүх тайлбарласан гэх холбогдох хэм хэмжээнүүдийг судлаад үзвэл нэхэмжлэгч, хуулийн этгээд нь газраа хуульд заасны дагуу ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, газрын эзэмших эрх, түүнтэй холбоотой гэрээ хэлцэл, кадастрын зураг, хяналт баталгааны хуудас, төсөл баталгаажуулсан, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрөө төлж эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Уг үйл баримттай холбоотой этгээдийг өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Гэрч мэдүүлэхдээ 2018 оноос хойш хэрэгжиж байгаа ажиллагаа гэдгийг тайлбарласан. Хариуцагчаас ирүүлсэн баримтууд нь сонсох ажиллагааны цаг хугацаатай маш их зөрдөг. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэр гарсныг мэдэгдэж байгаа хариуцагч талаас ирүүлж “С*******” ХХК-ийн албан тоот нь 2022 оны 08 дугаар сарын16-ны өдрийн, шууданд хийж буй хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 22/361 дугаар бүхий албан бичгээр Г байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсэн. Мөн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус хамгаалалтын захиргаанаас "Хавсралтад дурдсан 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэнэ үү" гэсэн агуулга бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосон талаар 22/529 дугаар албан бичгийг ирүүлсний дагуу маргаан бүхий актыг гаргасан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан. Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дугаар бүхий албан бичгээр газрын үзлэг хийсэн баримтыг ирүүлсэн бөгөөд тус үзлэгээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй болоод 16 жилийн хугацаа өнгөрсөн байгаа ч одоог хүртэл газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь батлагддаг.
Мөн сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал газрын төлбөрийг өр, төлбөр байдлаар бөөгнүүлж байгаад 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болон 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр жил жилээр хийсэн байдаг. Гэтэл Газрын төлбөрийн тухай хуулиар газар эзэмшигч нь улирал бүрийн эхний сар газрын төлбөрийг хийсэн байх ёстой. Энэ нь газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн байх нь чухал ач холбогдолтой. Маргаан бүхий акт гарах үед бодит нөхцөл байдлыг тогтоосноос үзэхэд тухайн үед Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/666 дугаартай албан бичигт “С*******” ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэл байсан болох нь харагдаж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно.
3.Нэхэмжлэгч “С*******” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/179 дүгээр тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Г******* гэдэг нэртэй газарт 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг олгожээ.
4.Дээрх шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2016/******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг бичиж нэхэмжлэгч “С*******” ХХК-д олгосон байна.
5.Нэхэмжлэгч “С*******” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Горхи-тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг даргатай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2016/25 дугаартай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ.
6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийн хугацааг сунгах тухай” А/412 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан байна.
7.Нэхэмжлэгч “С*******” ХХК нь дээрх байдлаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/357 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
8.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар нэхэмжлэгч “С*******” ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.
9.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “С*******” ХХК нь маргаан бүхий газраа бүрэн хашаалсан, газрын торлог бут сөөгийг түүж цэвэрлүүлж, газрыг тэгшлүүлсэн, барилгын талбайн инженер геологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн, амралт жуулчны баазын зураг, төсөв, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн, байгаль орчны төлөв байдлын тайлан болон нарийвчилсан үнэлгээний ажлыг зэргийг хийж гүйцэтгүүлжээ.
10.Дээрх ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг, холбогдох санхүүгийн баримтуудаар давхар нотлогдож байна.
11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
12.Тодруулбал, нэхэмжлэгч “С*******” ХХК нь маргаан бүхий газраа хашаалж, зориулалтын дагуу ашиглах үүднээс бүтээн байгуулалттай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн байхад зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
13.Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23/326 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хавсралтаар ирүүлжээ.
14.Уг газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч “С*******” ХХК-ийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 9384 /есөн мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.
15.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасны дагуу дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
16.Учир нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдгийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлсөн байх тул дээрх хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлгүй байна гэж үзэв.
17.Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
18.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ