| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/05104/И |
| Дугаар | 101/ШШ2023/05100 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/05100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- **********, өөрийн байранд байрлах, Г банк ХК /РД-***********/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- ************ тоотод оршин суух, Б овогт Б-н Тт холбогдох,
зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 35,985,163.50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд.
Хариуцагч Б.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК нь Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,311,698.99 төгрөг, зээлийн хүү 18,831,491.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,841,972.68 төгрөг нийт 35,985,163.50 төгрөг гаргуулах, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан /хх-1/.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баяраа овогтой Т нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г банктай ЗГ1905116955 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай цалин болон **** УБӨ улсын дугаартай Тоёота GAIA маркийн суудлын автомашиныг барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 15,311,698.99 төгрөг, зээлийн хүү 18,831,491.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,841,972.68 төгрөг нийт 35,985,163.50 төгрөгийг Б.Таас гаргуулах, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Барьцааны гэрээнд дурдсан машин хариуцагчийн эзэмшилд байгаа. Зээлдэгчээс үндсэн зээлд 688,301.01 төгрөг, үндсэн хүүд 810,456.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 342.42 төгрөг төлснөөр гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сард дууссан. Хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцсон. Б.Тт холбогдуулан 2021 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гээд хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлсон.
3. Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Г банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5-6/, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх-7/, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн барьцааны гэрээ /хх-8-9/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-10-11/, хүү тооцооллын хүснэгт /хх-13-14/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/***** дугаартай шийдвэр /хх-15/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Баяраагийн Тын оршин сууж байгаа хаяг тогтоосон 2023-6-2-ны өдрийн албан бичиг /хх-16/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК нь Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 35,985,163.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Б.Т нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г банктай ЗГ1905116955 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалин болон **** УБӨ улсын дугаартай Тоёота GAIA маркийн суудлын автомашиныг барьцаалан зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрт үндсэн зээлд 688,301.01 төгрөг, үндсэн хүүд 810,456.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 342.42 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сард дууссан гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Б.Тт холбогдуулан гаргасан 35,985,163.50 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Г банк ХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардуулан өгч /хх-26/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-23/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2023 оны 10-р сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Б.Тыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Г банк ХХК, Б.Т нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1905116955 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, 16,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байхаар талууд тохиролцжээ /хх-7/.
3б. Талууд 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 1905116955 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагч өөрийн хууль ёсны эрхийн дагуу Gaia нэртэй, Toyota маркийн мөнгөлөг өнгөтэй, 2001 онд үйлдвэрлэгдсэн **** УБӨ улсын дугаартай, арлын ********** дугаартай автомашиныг 7,000,000 төгрөгийн барьцааны үнэлгээтэй барьцааны гэрээ байгуулсан байна /хх-8-9/.
3в. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/***** дүгээр шийдвэрээр Баяраагийн Тыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байна /хх-15/.
3г. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 28г-2в/3070 дугаартай албан бичгээр Б.Тыг эрэн сурвалжилж олж тогтоосон болохыг дурдсан байна /хх-16/.
4. Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ1905116955 дугаартай зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан шаардлагыг хангасан, талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.
5. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
6. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,311,698.99 төгрөг, зээлийн хүү 18,831,491.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,841,972.68 төгрөг нийт 35,985,163.50 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар хариуцагч Б.Т нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 11 дүгээр сараас хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна /хх-13/.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө эж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.4-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэжээ.
Дээрх тохиролцооны дагуу банк зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч Б.Тт хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Тыг эрэн сурвалжлах тухай 182/ШШ2021/***** дугаартай шийдвэр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байна.
Харин Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Б.Тын оршин байгаа хаягийг олж тогтоосон тухай 28г-2в/3070 дугаартай Г банкинд хаягласан албан бичиг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн огноотой байна.
Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байхад банк гэрээний 3.3-т заасан арга хэмжээг аваагүй байх бөгөөд түүний оршин суух хаягийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 57 хоногийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй, үүргийг гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй болсноор түүний оршин суугаа хаягийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосныг мэдэгдснээс хойш 57 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 11 дүгээр сараас хойш төлөгдөөгүй байсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүн өсөхөд нөлөөлсөн байна.
Дурдсан нөхцөл байдлыг үндэслэн зээлдэгчийн үүргийг зөрчил гаргасан 2017 оны 11-р сарын 5-ны өдрөөс цагдаагийн байгууллага зээлдэгчийн хаягийг олж тогтоож, мэдэгдсэн 2023 оны 6-р сарын 02-ны өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй тул 2023-6-02-ны өдрөөс 2023-7-27-ны өдөр хүртэлх 57 хоногийн хугацааны хүүг зээлийн хүүгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв. /18,831,491.83:2088 хоног=9019х57 хоног=514,083 төгрөг/.
Иймд хариуцагч Б.Таас үндсэн зээлд 15,311,698.99 төгрөг, зээлийн хүүд 18,317,408.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,841,972.68 төгрөг, нийт 35,471,080.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 514,083 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлага гаргасан.
Талууд 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 1905116955 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагч өөрийн хууль ёсны эрхийн дагуу Gaia нэртэй, Toyota маркийн мөнгөлөг өнгөтэй, 2001 онд үйлдвэрлэгдсэн **** УБӨ улсын дугаартай, арлын ********** дугаартай автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна /хх-8-9/.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 154.1-д заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцсан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус зохицуулсан тул барьцааны гэрээний зүйл болох **** УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлд 15,311,698.99 төгрөг, зээлийн хүүд 18,317,408.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,841,972.68 төгрөг, нийт 35,471,080.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 514,083 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Gaia нэртэй, Toyota маркийн мөнгөлөг өнгөтэй, 2001 онд үйлдвэрлэгдсэн арлын ********** дугаартай, **** УБӨ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,076 төгрөг /337,876+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,505 төгрөг /335,305+70,200/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Баяраа-н Т /***********/-с зээлийн гэрээний үүрэгт 35,471,080.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК /***********/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 514,083 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Gaia нэртэй, Toyota маркийн мөнгөлөг өнгөтэй, 2001 онд үйлдвэрлэгдсэн арлын ********** дугаартай, улсын *** УБӨ дугаартай автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 405,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ