Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/05602

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ч************* тоотод хаягийн бүртгэлтэй, одоо С********** тоотод оршин суух, Б овогт Г-ийн Д-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ************** тоотод оршин суух, Б овогт З-н Ат холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 29,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Д,

Хариуцагч З.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Д нь З.Ат холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 23,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,900,000 төгрөг, нийт 29,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ манай эгч н.Г манайд ажилладаг хүнд мөнгөний хэрэг байна чи мөнгө зээлэх үү гэж надад хэлсэн, би Солонгос Улсад ажиллаж байгаад ирээд байрны урьдчилгаа хийх гэж байсан, манай ээж мөнгө зээлэхийг зөвшөөрөөгүй боловч эгч Ггийн гуйлтаар Ат мөнгө зээлдүүлж 2022 оны 10 дугаар сарын 15 өдөр 13,900,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4,900,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4,200,000 төгрөгийг шилжүүлж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 3 хувийн хүү тохирсон. Зээлдүүлсэн мөнгөнөөс эргэн төлөлт огт хийгдээгүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь би зээлийн гэрээг Гтэй хийсэн гэж ойлгосон. Би Ггөөс мөнгө зээлж авсан байгаад тэрийг төлж чадаагүй байсан, гэтэл Г бага хүүтэй мөнгө зээлж өгье гэхэд нь зөвшөөрсөн, Дээс орж ирсэн 21,000,000 төгрөгийг буцаагаад Ггийн дансанд шилжүүлсэн. Гэрээнд би хүү төлөхөөр тохирсон боловч ямар нэгэн төлөлт хийгээгүй. Миний дансанд 3 тасраад мөнгө орж ирсэн, 21 юмуу 23 сая орж ирснийг мэдэхгүй байна. Надад Г тусалсан учраас хүн чанар гаргаад зээлээ төлье гэж байгаа. Би эрүүл мэндийн хувьд шалтгаантай байгаад зээлээ төлж чадаагүй гэж тайлбарласан.

 

4. Нотлох баримтын тухайд

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Г.Дийн иргэний үнэмлэх хуулбар /хх-3/, Г.Д, З.А нарын 2022-10-10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-4-6/, зээл эргэн төлөлтийн хуваарт /хх-7/, З.Аын 2022-10-10-ны өдөр гараар бичсэн хүсэлт /хх-8/, Г.Дийн Хаан банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-9/ зэрэг баримтуудыг гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Дийн нэхэмжлэлээс 29,697,800 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 202,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч З.Ат холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 23,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,900,000 төгрөг, нийт 29,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ эгч Ггийн гуйлтаар Ат 23,000,000 төгрөгийг зээлдүүлж, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13,900,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4,900,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4,200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч зээлийн мөнгөнөөс эргэн төлөлт огт хийгээгүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч З.Ат холбогдуулан гаргасан 29,900,000 төгрөг гаргуулах тухай Г.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардуулан өгч /хх-12/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-13/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч З.Аыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

4. Гэвч хариуцагч З.А нь шүүх хуралдаанд оролцож тайлбарлахдаа би Ггөөс мөнгө зээлж аваад төлж чадаагүй байсан, гэтэл Г бага хүүтэй мөнгө зээлж өгье гэхэд нь зөвшөөрсөн, Дээс орж ирсэн мөнгийг буцаагаад Ггийн дансанд шилжүүлсэн. Гэрээнд хүү төлөхөөр тохирсон боловч ямар нэгэн төлөлт хийгээгүй. Миний дансанд 3 тасраад мөнгө орж ирсэн, Г надад тусалсан учраас хүн чанар гаргаад зээлээ төлөхийг зөвшөөрч байгаа боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас бөөн төлөх боломжгүй гэж тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч З.А нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 23,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлийн хүүг сарын 3 хувь байхаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-4-6/.

 

6. Нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул уг гэрээнд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

7. Зохигчид дээрх зээлийн гэрээний зүйл болох 23,000,000 төгрөгийг хариуцагч З.Аын данс руу шилжүүлсэн болохыг, хариуцагч нь зээлсэн мөнгө өөрийнх нь дансаар 3 удаа орж ирсэн болохыг тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг түүний хамаатан эгч Гд төлөх зээлэндээ буцаагаад шилжүүлсэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийг төлөх боломжгүй байсан, одоо сар бүр 300,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

8. Хэрэгт авагдсан Г.Дийн Хаан банкны *********** дугаартай дансны хуулга баримтаас үзэхэд 2022-10-15-ны өдөр 13,900,000 төгрөгийн зарлага гарч гүйлгээний утга хэсэгт З.Ат зээлэв ************ гэж, 2022-10-17-ны өдөр 4,900,000 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт Ankhbayar zeel gargav гэж, мөн өдөр 9,800,000 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт Ankhbayart zeel gargav гэж тус тус бичигдсэн байна /хх-9/.

 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан.

 

Хуульд гэрээгээр талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол уг гэрээг бичгээр байгуулах бөгөөд 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд оролцогч талууд гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн талаарх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байх тул гэрээгээр тохирсон 12 сарын хугацаагаар хариуцагчаас хүү шаардах эрхгүй.

 

11. Зохигчид зээлийн гэрээг 2022-10-10-ны өдөр байгуулсан байх боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгөөс 13,900,000 төгрөгийг 2022-10-15-ны өдөр, 4,900,000 төгрөг, 4,200,000 төгрөгийг 2022-10-17-ны өдөр тус тус хариуцагчид шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн хүүд 6,697,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

12. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 23,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,697,800 төгрөг, нийт 29,697,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 202,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 306,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч З-н А /***********/-с 29,697,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г-ийн Д /*********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 202,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 306,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ