2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/375

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Ул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Ж.Буянжаргал,

Иргэдийн төлөөлөгч: М.Гэрэлтод,

Улсын яллагч: Э.Оргилбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000001530 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***-, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” амралтын газарт “***-” ХХК-ний ажлын хамт олонтойгоо зугаалж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогч ***-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унаган толгой тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед талийгаач гэнэт гарч ирээд хүн зодож байсан, би “яагаад нэгийгээ ингэсэн юм бэ” гэхэд “чи юу гээд байгаа юм” гэсэн. Энэ асуудлаас болоод муудалцсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш их харамсаж байна, хохирогчийн талаас уучлалт гуйж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...Хохирогч миний том хүү байсан, миний хүү амьдралыг минь авч явдаг байсан. Би зүрхний болон хэрх өвчтэй, миний хүүг энэ байгууллага сургалтаар авч явсан. Орой нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан, маргааш нь амиа алдсан гэдгийг надад мэдэгдсэн. Гомдолтой байна. Миний хүүгийн хамар руу юугаар гэмтэл учруулсныг тодруулмаар байна. Миний хүүгийн хамар нь сэтэрсэн байсан. Энэ тал дээр хариулт авмаар байна. Мэс хүргэсэн үү, хад чулуугаар цохисон уу, гараар цохиогүй байсан, хамрынх нь нүх сэтрээд нилээн том язарсан, хамрын цаад талынх нь салстууд нь ил харагдаж байсан, яагаад тэгсэн бэ, миний хүү хүнд уруу татагдаж архи дарс уудаггүй хүн байсан, яагаад ийм байдалд хүргэв. Маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хувьд мөн гомдолтой байна. Надтай нэг удаа ч утсаар ярьж уучлалт гуйгаагүй, оршуулгын үеэр нь ирээгүй, тухайн үед ах, дүү байхгүй гэж байсан атлаа ах, дүү нартай байсан, худал мэдүүлэг их байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах ганцаараа Хайлаастад амьдардаг байсан. Тэрэлж ус компанид ус түгээлтийн ажил хийдэг байсан. Архи согтууруулах ундаа баpar хэрэглэдэггүй, хааяа нэг уудаг байсан, гэхдээ уух үедээ хэзээ ч тасартлаа уудаггүй. Архи уусан үедээ хэн нэгэнтэй хэзээ ч муудалцаж байгаагүй. Ер нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хэдэн дүү нартаа санаа тавьдаг хүн байсан. Биеийн байдлын хувьд эрүүл байсан, ямар нэг архаг хууч өвчингүй байсан. Манай ах ажлын газрынхантайгаа салхинд гарах гэж байна гэж сүүлд 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ээжид хэлсэн байсан ба манай дүү ***-ын найз охин Хүслэнтэй утсаар яриад “та хоёр ирээд хэрэггүй ээ, би эндээс жолоочтой болчихлоо” гэж хэлсэн байсан. 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд манай ээж над руу утсаар холбогдож дээрх хэргийн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 35/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-ийн 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дахин өгсөн "...Надад гомдол санал байгаа би дээрээ ганцхан ахтай байсан, миний аав хэдэн жилийн өмнө нас барсан болохоор одоогийн байдлаар би ээжтэйгээ хамт амьдарч байгаа мөн миний төрсөн ахын удам ингээд тасарчихлаа. Миний төрсөн ах талийгаач ***- ач, зээ нарынхаа хамгийн том нь байсан, мөн талийгаач ах маань хамаатан садан дундаа хэрэгтэй. мөн ах дүү хамаатан садан найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн байсан. Би төрсөн ахыгаа архи суусан, согтуу тасарсан, хүнтэй муудалцаж байсныг огт харж байгаагүй тийм л хүний дээд байсан хүн бусдын гарт амь нас нь хохирсонд би гомдолтой байна. Мөн талийгаачийн буяны ажилд нийт 25.307.853 төгрөг зарцуулсан нь баримтаар гарсан байгаа. Мөн дээр нь нэмж би өөрийн сэтгэл санааны хор уршгийг хуульд заасан хэм хэмжээний дагуу өөрт учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Миний хувьд талийгаач ахын ажиллаж байсан компанид гомдолтой байна. Учир нь талийгаач ахын ажиллаж байсан компанийн ажилчид сүртэй уучлалт гуйсан зүйл байхгүй, тухайн болсон асуудал дээр маш хариуцлагагүй хандсан гэж би харж байгаа. Мөн амралтын өдөр албан байгууллага нь намрын сургалт зохион байгуулж байгаа нэртэй архидан согтуурсан, зохион байгуулсан, байгууллагын зохион байгуулалтгүйгээс дээрх хэрэг болсон гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 37/,

Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Орой 22 цаг дөнгөж болмогц би ***- ахын авто машинд суухад удалгүй ***- ах Монгол гэрээс гараад машиныхаа зүүн талд зогсоод ***-тай маргалдаж байхдаа харилцан цохилцох үед ***- нь ***-ыг 2 гараараа цээж рүү нь түлхсэнээс болж ***- газар ар нуруугаараа савж унахад би машинаасаа буугаад зодооныг салгах зорилгоор ***-ы араас 2 гараараа цээж хэсгээр нь тэврэх үед газар унасан ***- ах газраас босох гээд өндийхөд ***- баруун хөлөөрөө ***- ахын толгойн зүүн хэсэгт 1 удаа өшиглөхөд ***- ах баруун шанаа хэсгээр газар савж унаад тэр чигээрээ босож ирэхгүй ухаан алдсан мэт болохоор нь би ***- ахыг газраас босгох зорилгоор хувцаснаас нь татахад ухаангүй байхаар нь би “хүн байна уу” гэж чанга дуугаар дуудахад ***- ахын авто машин дотор надтай хамт сууж байсан ***-, ***- хоёр машинаас буугаад ирсэн. Удалгүй энд тэндээс хүмүүс гүйлдэж ирснээр эмнэлгийн 103, цагдаагийн 102 тусгай дугаар руу залгаад байсны дагуу цагдаа болон эмч нар ирсэн юм..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 39-40/,

Гэрч ***-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хэсэг байж байгаад хүмүүс явцгаагаад хамгийн сүүлд 8 хүн үлдчихээд ууж идэж байгаад явцгаах гээд машины зогсоол руу очиж машин тэргэндээ сууцгаасан юм. Тэгээд манай ажлын хүний нөөцийн ажилтан ***- ***- бид гурав авто машинд суугаад байж байтал гэнэт ***-, ***- хоёр маргалдаад байна гээд ***- салгах гээд машинаас буусан юм. Тэгээд би араас нь хамт буугаад очсон чинь машины зогсоолын голд ***- хэвтчихсэн, ***- бага зэрэг зайтай зогсож байхаар нь би ***- дээр очоод юу болсон талаар асуухад ***- би ***-ыг өшиглөчихлөө гэж хэлсэн гэтэл ***- хэлэхдээ ***- ах амьсгалахгүй байна уу даа гэхээр нь би очоод толгойг нь эгц харуулж байгаад харсан чинь амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 42-43/,

Гэрч ***-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: "...би тухайн орой амралтын газраас гэртээ харих зорилгоор талийгаач ***-ын авто машинд ***-, ***- нарын хамт 23 цагийн орчимд суусан. Архи Согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй ***- жолооны хүрдний ард суусан. Харин би ***-тай хамт арын суудал дээр сууж байхад ***- хэлэхдээ ***-, ***- ах нар хоорондоо заамдалцсан байна гэж хэлэхээр нь би түүнд хандан чи машинаасаа буугаад наад хоёрыгоо салга гэж хэлсний дагуу ***- машинаас буусан. Би хэсэг хугацааны дараа машинаас буугаад ***-, ***-, ***- нар дээр очиход газарт ***- хэвтсэн байхаар нь би шууд ***- дээр очоод юу болсон, яасан бэ гэж ***-аас асуухад би ***-ыг өшиглөчихлөө  гэж хэлэх үед ***-  ***- ахаа ***- ах амьсгалахгүй байна хэлснийг нь сонсоод би шууд ***- дээр очоод түүнд зүрхний массаж хийж эхэлсэн боловч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь хажууд байсан ***- ***- нарт хандан яаралтай тусламж дууд гэж хэлсний дагуу эмч, цагдаа нар ирээд ***-ын биеийг шалгаж үзээд нас барсан байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 45/,

Гэрч Б.***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд 20 цагийн үйл ажиллагаа дуусаад захирал Ариунцэцэг болон бусад ажилчид яваад сүүлд хэдэн хүн үлдсэнийг мэдээгүй. Тэгсэн сүүлд харахад үйлдвэрийн жолооч ***-, ***-, ***-, ***- нар тасарсан байхаар нь гэрт унтуулж орхиод 23 цагийн үед хот руу буцаахаар болоод машин байсан зогсоол дээр очоод ***-, ***- нартай хар өнгийн дунд гарын авто машинд суухад урд ***- суугаад ***- бид хоёр хойно суусан гадна хүмүүс орилолдоод байсан. Тэгсэн хажууд сууж байсан ***- буугаад явсан. Тэгэхээр нь би жоохон сууж байгаад машинаас буугаад баруун тийшээ олон хүн байгаа газар очиход нэг хүн дээшээ хараад хэвтсэн, дагз, ам, хамраас нь цус гарсан ухаангүй байхаар нь очиход ***- хэвтсэн, ***- хажууд нь уйлсан сууж байсан. Тэгээд би ***-ыг хацар хэсэгт нь алгадаад сэрэхгүй байхаар нь зүрхэнд массаж хийж өгч байхад ***- хиймэл амьсгал хийж өгсөн. Тэгээд би түргэн тусламж дуудаад удалгүй түргэн тусламж ирээд ***-ыг нас барсан байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-49/,

Гэрч ***- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Миний хувьд огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй тул авто машинаар хүргэж өгөхөөр хотын төв рүү явж байхад найз ***- миний гар утас руу ***- дугаарын утсаар 22 цаг өнгөрч байхад залгаж надтай ярихдаа уйлаад би хүн алчихлаа. ***-ыг цохчихсон чинь босож ирэхгүй зөндөө удчихлаа гэж хэлэхээр нь би түүнээс юу болсон, яасан бэ гэж тодруулж асуухад ***- уйлж байхдаа би хүн алчихлаа гээд байсан тул түүнд хандан би эргээд очлоо гэж хэлээд буцаад шууд амралтын газарт ирэхэд амралтын газрын урд байдаг авто зогсоол дээр цагдаа нар ирчихсэн байсан. Харин авто зогсоолын шороон дээр ***- дээшээ чиглэсэн байдалтай илтэд нас барсан шинжтэй дээгүүр нь юмаар бүтээсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 51/,

Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн үед хэн залгаж хэлснийг нь мэдэхгүй байна. ***- рүү залгасан уу, над руу залгасан уу гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан ***- бид хоёр шороон зогсоол руу явсан. Зогсоол дээр очиход манай ажлын ***- гэх залуу газарт хэвтэж байсан. Тухайн үед манай ажлын газрын хүмүүсийн дундаас хэн нэг нь ***-, ***-ыг өшиглөчихлөө, тэгээд босож ирэхгүй байна гэж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би хиймэл амьсгаа хийх гэж оролдсон боловч нүүр нь цус болчихсон байсан болохоор би чадахгүй юм байна гэж бодоод больсон. Тухайн үед ***-ын толгойн ар хэсгээс цус гарсан, хамраас нь бас цус гарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 53/,

Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрнээс болоод ***-, Ганзориг 2 маргалдаад хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тэгтэл ***-, Ганзоригийн хөл рүү нь 1 удаа өшиглөөд унагаасан. Тэгсэн чинь ***- гэх манай ажилчин залуу Ганзоригийг өмөөрөөд дундуур нь орж ирээд ***-тай маргалдсан. Тэгсэн чинь ***- гэх манай ажилчин залуу бас дундуур нь орж ирээд ***-ыг болиулах гээд тэврээд авсан. Тэгсэн чинь ***- уурлаад ***-тай маргалдаад хоорондоо хэрэлдээд байсан. Би тэр үед машинд суусан. Тэгээд аймар орилж чарлаад зодолдоод байхаар нь гараад хартал ***- газар уначихсан байдалтай хамар болон нүүр хэсэг нь цус болчихсон, тухайн хэвтэж байсан газар нь бас цус болчихсон байсан. Ганзориг хиймэл амьсгаа ***-д хийсэн. ***- болон ***- цээжин дээр нь хиймэл амьсгаа буюу массаж хийсэн. Тэгж байх хугацаанд түргэн тусламж дуудсан. Түргэн удаж ирээд тэр хооронд аль болох аврахыг хичээсэн боловч түргэн ирээд амьсгал хураачихсан байна гэж хэлсэн. Цагдаа, түргэн 2 цуг ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 55/,

Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин манай ажилчид оройн хоол идэж дууссан тул би оройн хоолны дараа ажилчдадаа хандан арга хэмжээ гоё болж дууслаа, би ингээд явлаа гэж хэлэхэд манай ажилчид санал нэгтэйгээр хэлэхдээ манай компани 2 үйлдвэртэй, ажилчид бие биеийгээ танихгүй, хоорондоо танилцаж жоохон суумаар байна гэж хэлж байсан. Миний хувьд ажилчдынхаа саналыг дэмжээд ойролцоогоор 30-40 минут сууж байгаад орой 20 цагийн орчим хүний нөөцийн ажилтан болох ***- менежер Батбилэг хоёрт хандан би ингээд явлаа, хүмүүсээ сайн хараарай, эвтэйхэн байцгаагаарай гэж хэлснээр ***- Батбилэг хоёр намайг авто зогсоол дээр хүргэж өгснөөр би гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө би сэрээд гар утсаа харахад манай хүний нөөцийн ажилтан ***- миний гар утас руу залгаж таарсан бөгөөд түүнтэй утсаар ярихад манай борлуулагч ***- урд шөнө нас барсан. Татан авалтын жолооч ***-, ***- хоёр хоорондоо зодолдоод ***- нас барсан гэж хэлсний дагуу би шууд цагдаагийн хэлтэс дээр очиход мөрдөн байцаагч нь прокурор руу явсан, эзгүй байсан. Манай компанийн хүний нөөцийн менежер ***- гаргасныг би баталснаар дээрх сургалт хөтөлбөрийг хийсэн юм. Сургалтын гол санаа гэвэл манай компани 2 өөр байршилд ажилдаг тул ажилтнуудыг хооронд нь танилцуулах, багын ажиллагааг дэмжих, багын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Миний баталсан сургалт хөтөлбөр нь хуваарийн дагуу тухайн өдөр 12 цагт эхлээд 18 цагт дуусах ёстой байсан. Харин сургалт дууссаны дараа манай ажилчид өөрсдөө үргэлжлүүлэн нэг орой хамт байх хүсэлтэй байна гэж хэлснээр оройн хоолны дараа согтууруулах ундааны зүйл хэрэглээд үлдсэн тул би энэ асуудлыг зөв боловсон байх талаар ***- Батбилэг нарт захиж үлдээсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 74-76/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГО625/3121 дугаартай дүгнэлтэд: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чих, дагзны хуйхны дотор гадаргуу, нугалмын тараагуур судас, булчингийн цус хуралт, их, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальс доорх тархмал цус харвалт хамар ясны хугарал, хамарт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн чих, дагзны хуйхны дотор гадаргуу, нугалмын тараагуур судас, булчингийн цус хуралт, их, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальс доорх тархмал цус харвалт нь үхлийн шалтгаан болсон хүнд хохирол, хамар ясны хугарал, хамрын шарх нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй хөнгөн хохирол тогтоогдоно. Эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй болно. Шинжилгээгээр үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. Амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 2025.09.28-ны 06:25 минутад цогцост анх үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. Амь хохирогчийн цусанд 1.2 промилли, ходоодны шингэнд 6.3 промилли, шээсэнд 2.0 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байна..." гэжээ /хх 1-н 81-92/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1037 дугаартай дүгнэлтэд: "...*** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. ...гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэжээ /хх 1-н 100-101/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0825/3859 дугаартай дүгнэлтэд: "...***- /РД:***-/-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшин илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй” гэжээ /хх 1-н 138-140/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 13/, хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл /хх 1-н 15-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 22-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 144-146, 148-154/, хохирлын баримтууд /хх 2-н 2-27/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” амралтын газарт “***-” ХХК-ний ажлын хамт олонтойгоо зугаалж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогч ***-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унаган толгой тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж, хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч ***-, ***-, Б.***- ***-, ***-, ***-, ***-, ***- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Мөн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор дээрх гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч *** нь амь хохирогчтой маргалдан, улмаар түүнийг газар унагаж, хөлөөрөө нүүрэн тус газар нь өшиглөсөн, тухайн үйлдлийн улмаас амь хохирогч шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл авч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдлийн аль алинаас шалтгаалан үйлдэгдэх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх хэрэгт иргэний хариуцагчаар амь хохирогч болон шүүгдэгч нарын ажиллаж байсан “***-” компанийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан.

Шүүхээс “***-” компанийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан.

Иргэний хариуцагчаар тогтоох нь иргэний нэхэмжлэлд дурдсан хохирол болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь баримтаар нотлох үндсэн дээр хийгдэх ажиллагаа юм.

Мөн иргэний хариуцагчаар хуулийн этгээдийг оролцуулах нь учирсан хохирлыг хууль буюу гэрээгээр хариуцах хууль ёсны үндэслэлийг тогтоосон байхыг шаарддаг.

Гэмт хэрэг үйлдэгдэх өдөр “***-” компани сургалт зохион байгуулсан бөгөөд улмаар сургалт 18 цагт өндөрлөсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Улмаар дээрх байгууллагаас зохион байгуулсан сургалт дуусаж, амь хохирогч болон шүүгдэгч, гэрч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч, амь хохирогч хоорондоо маргалдан, улмаар шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч гэмтэл авч нас барсан нь хавтаст хэрэгт авагдан болон шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч гэмтэл авч нас барсан нь “***-” компани сургалт зохион байгуулснаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй, хоорондоо шалтгаант холбоогүй байна.

Амь хохирогч нь “***-” компаний зохион байгуулсан сургалттай холбоотой бус сургалт дууссаны дараа архидан согтуурсан, улмаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас нас барсан тул “***-” компанийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч ***-тай маргалдаж, хоорондоо зодолдон, улмаар түүнийг газар унагаж, толгой тус газар нь хөлөөрөө өшиглөж амь насыг нь хохироосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалтай холбогдуулан 25.307.853 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдав.

Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 118.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгохоор шийдвэрлэсэн.

Сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.3-д зааснаар хохирлыг тооцож шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ***- томилогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ***-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх ***г томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ***-ийн сэтгэцэд хор уршиг учирсан дүгнэлт гарсан боловч дээрх дүгнэлт нь хор уршиг учирсан гэдгийг тогтоосон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч солигдсоноос үл хамааран сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзсан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 8 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***-ыг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 8 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, баруун, зүүн гарын 10 хуруу, хөлийн хумснаас авсан дээж зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы урьд цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас сэтгэцэд учирсан хор уршигт 118.800.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

                                            

 

 ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ

                                                

 

                                            ШҮҮГЧ                                Н.НЯМДАВАА