| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/03243/И |
| Дугаар | 101/ШШ2023/05538 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/05538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ************* тоотод байрлах, ӨХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- *************** байранд байрлах, Ш СӨХолбоонд холбогдох,
гэрээний үүрэгт 24,347,404.07 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд.
Хариуцагч Ш СӨХолбооны төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ӨХХК нь Ш Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний гэрээний хугацаанд хийгдсэн үйлчилгээний төлбөрт 22,613,404.07 төгрөг,
2022 оны 10-р сарын үйлчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг, 2022 оны 10-р сард хийгдсэн засвар үйлчилгээний төлбөр болох хаалганы татуурганы зардалд 150,000 төгрөг, орцонд хийгдсэн соронзны төлбөрт 250,000 төгрөг, нугас гагнуулсан зардал 180,000 төгрөг, 44 ширхэг чипний үнэнд 154,000 төгрөг, нийт 24,347,404.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
2. Нэхэмжлэгч тал дээрх шаардлагын үндэслэлээ манай компаний анх Гангар орд Сууц өмчлөгчдийн холбоо гэж байхад хаалганы домофон систем хариуцан ажиллаж байсан бөгөөд Гангар орд сууц өмчлөгчдийн холбоо нь Ш нэртэй болж өөрчлөгдсөн. Сууц өмчлөгчдийн холбооны шинээр томилогдсон дарга нар домофон системийн үйлчилгээ авья гэснээр Түмэн-Өлзий гэдэг даргатай гэрээ хийгээд ажиллаад явж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй айлуудын домофон системийн төлбөр төлөөгүй үлдэгдэлтэй явдаг байсан, манай компани засвар үйлчилгээ хийгээд явж байхад одоогийн шинэ дарга нь гэрээгээр үргэлжлүүлэхээр тохирсон боловч гэрээний төслөө бичээд өг гэж хэлснээр гэрээг бичгээр байгуулаагүй. Гэвч хаалганы домофон системийн үйлчилгээг үзүүлж явсан, өмнөх жилүүдийн үлдэгдэл төлбөр байгаад төлбөрөө төлөхгүй байсан, гэрээ байгуулахгүй бол амаар тохиролцон ажиллаж чадахгүй гэдгийг хэлснээр домофон системийн засварын ажил хийхгүй гээд больсон.
Манай компани өөр нэг компаниас домофон системийн тоног төхөөрөмжийг зээлээр авч сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг байрны хаалганд суулгасан, би зээлсэн барааны төлбөрөө бүрэн төлж чадахгүй байгаа, мөн нийгмийн даатгал, татварын газраас татвараа нэхэж би ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа. Ш сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогчтой нь уулзаж ярихаар захирал танай компани руу мөнгө шилжүүлсэн гэж хэлдэг боловч төлбөр нь орж ирдэггүй. Манай компаниас хийгдсэн үйлчилгээнд Ш сууц өмчлөгчдийн холбоонд хамаардаг байрны гадна хаалганы засвар үйлчилгээ, ярьдаг харилцуурын засвар үйлчилгээ бүгд багтаж байгаа, домофон системийг суурилуулаад сар бүр айл болгоноос 3000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоо төлбөр дээрээ авч үүнээс 90 хувийг нь сар бүр манай компанид шилжүүлэхээр тохирсон. Манай компаний Ш СӨХолбооны харьяа байрны 6 хаалганд домофон систем суулгаж, засвар үйлчилгээг нь хариуцан ажиллаж байсан гэж тодорхойлсон.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Ш СӨХолбоо, Ө ХХК нарын 2019 оны 10-р сарын 10-ны өдөр байгуулсан орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний гэрээ /хх-5-7/, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ /хх-9-11/, Ө ХХК-ний тооцоо хийсэн хүснэгт /хх-12/, 154,000 төгрөгийн нэхэмжлэх /хх-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
3б. Хариуцагчаас төлөөлөгч томилсон 2023-9-26-ны өдрийн итгэмжлэл /хх-32/, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ /хх31/ зэргийг шүүхэд ирүүлсэн.
3в. Хавтаст хэргийн 14-15, 17-21-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ӨХХК-ний нэхэмжлэлээс 22,393,143.9 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,954,260.8 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч ӨХХК нь Ш Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 10-р сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний гэрээний хугацаанд хийгдсэн үйлчилгээний төлбөрт 22,613,404.07 төгрөг, 2022 оны 10-р сарын үйлчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг, 2022 оны 10-р сард хийгдсэн хаалганы татуурганы зардалд 150,000 төгрөг, орцонд хийгдсэн соронзны төлбөрт 250,000 төгрөг, нугас гагнуулсан зардал 180,000 төгрөг, 44 ширхэг чипний үнэнд 154,000 төгрөг, нийт 24,347,404.07 төгрөг гэж тодорхойлсон /хх-1-2/.
3. Хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан 24,347,404.07 төгрөг гаргуулах тухай ӨХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардуулан өгч /хх-33/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-35/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Тийн ****** дугаарын утас руу мэдэгдсэн /хх-40/ байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоог нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Зохигчийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч Ш СӨХолбоо нь үйлчлүүлэгч захиалагчийн, нэхэмжлэгч ӨХХК нь гүйцэтгэгчийн хувиар Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 519, 520, 521-р байрны хаалганы домофон систем, хаалганы үзлэг, механик засвар үйлчилгээтэй холбоотой системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу үзлэг хийж, шаардлагатай засвар, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, орцны хаалганд эвдрэл гэмтэл гарсан үед шуурхай засвар үйлчилгээ хийж байнгын найдвартай ажиллагааг хангаж ажиллах, орцны хаалга, домофон системийн үзлэгийг сард 2 удаа, захиалагчтай тохиролцсон графикийн дагуу үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэнэ. Мөн графикт засвар үйчлилгээний хооронд гарсан гэмтлийг яаралтай засварлана, техникийн үйлчилгээгээр хаалга, домофон системийн эд ангиудыг тоос тосноос цэвэрлэх, тосолгооны байдлыг шалгах, тосолгоо хийх, бүх бэхэлгээний болон холболтын боолтуудыг чангалах, цахилгааны утас, контакторуудыг шалгаж, контактуудыг цэвэрлэх, тохиргоо хийгддэг зай хэмжээсүүдийг нормдоо байгаа эсэхийг хэмжиж шалгаад алдагдсан бол тохируулах ажил гүйцэтгэх үүргийг, үйлчлүүлэгч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь домофон системийн засвар үйлчилгээний хөлс нэг өрхийн нэг сарын 3000 төгрөгийг айл өрхийн СӨХ-н бичилтэнд оруулж тооцож, айл өрхөөс хураан авсан хаалга домофон системийн сервис үйлчилгээний хураамжийн нийт үнийн дүнгийн 90 хувийг сар бүрийн 25-н дотор гүйцэтгэгчид шилжүүлэх харилцан тохиролцсон байна /хх-5-7, 9-11/.
4б. ӨХХК-ний нягтлан бодогчийн гаргасан тооцоо хийсэн хүснэгтэд гүйцэтгэх ажлын гэрээ хэсэгт 2019 оны 9-р сараас 2021 оны 12-р сар гэж, гэрээний дүн хэсэгт 2019 оны 9-11-р сард сар бүр 1,151,820 төгрөг, 2019 оны 12-р сараас 2021 оны 12-р сар хүртэл сар бүр 1,317,600 төгрөг гэж, урьдчилгаа авсан дүн хэсэгт 2019-10-20-ны өдрөөс 2022-10-20-ны өдөр хүртэл 13,782,055.93 төгрөг, нийт үлдэгдэл 22,613,404.07 төгрөг гэж тооцсон байна /хх-12/.
4в. ӨХХК-ний тамга дарсан 154,000 төгрөгийн нэхэмжлэхэд хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй байна /хх-13/.
4г. Ш СӨХолбооны гэрчилгээнд удирдах зөвлөлийн 2022 оны 6-р сарын 6-ны өдрийн тогтоолыг үндэслэн Б.Тийг гүйцэтгэх захиралаар томилсон бүртгэл 2022-7-4-ний өдөр хийгдсэн байна /хх-31/.
5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэв.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан тул гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч ӨХХК нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний хугацаанд хийгдсэн үйлчилгээний төлбөрт 2019-10-20-ны өдрөөс 2022-10-20-ны өдрийг хүртэлх хугацаанд 13,782,055.93 төгрөгийг хүлээн авсан боловч үлдэх 22,613,404.07 төгрөгийг төлөөгүй, амаар харилцан тохирч 2022 оны 10-р сард хийгдсэн үйлчилгээний төлбөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10-р сард хийгдсэн засвар хаалганы татуурганы зардалд 150,000 төгрөг, орцонд хийгдсэн соронзны төлбөрт 250,000 төгрөг, нугас гагнуулсан зардал 180,000 төгрөг, 44 ширхэг чипний үнэ 154,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.
8. Хариуцагч Ш СӨХолбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн дээрх баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно.
9. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж тус тус зохицуулсан.
Дээрх баримтуудаас үзэхэд зохигчийн 2019-10-10, 2021-03-01-ний өдрүүдэд байгуулсан орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний гэрээнд нийт айл өрхийн тоог бичээгүй байх боловч нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн тооцоо хийсэн хүснэгтэд нийт айл өрх 488 гэж бичигдсэн байна /хх-12/.
Мөн зохигчийн 2019 оны 10-р сарын 10-ны өдөр байгуулсан орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний гэрээний 4.1-д ашиглагч талд гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгснөөс хойш домофон системийн засвар үйлчилгээний хөлс нэг өрхийн нэг сарын 3000 төгрөгийг айл өрхийн СӨХ-н бичилтэнд оруулж тооцно. Энэ төлбөрт домофон системийн алдаа засах, хаалганы хэвийн ажиллагааг хариуцах ажлын өртөг, зарцуулагдах сэлбэг хэрэгслийн өртөг багтана гэж, гэрээний 4.2-т айл өрхөөс хураан авсан хаалга домофон системийн сервис үйлчилгээний хураамжийн нийт үнийн дүнгийн 90 хувийг сар бүрийн 25-ны дотор гүйцэтгэгч байгууллагад дансанд шилжүүлнэ гэж, 4.3-т үйлчлүүлэгч тал айл өрхөөс хураан авсан сервис үйлчилгээний хураамжийн 10 хувийг үйлчилгээний хөлсөнд суутган авна гэжээ /хх-6/.
Харин 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 4.1-д ашиглагч тал домофон системийн ажлын гэрээгээр гүйцэтгэсэн зардлыг нэг удаа гарган санхүүжүүлж цаашид домофон системийн засвар үйлчилгээний хөлсийг нэг өрхийн нэг сарын 3000 төгрөгийг айл өрхийн СӨХ-н бичилтэнд оруулж тооцно. Ашиглагч тал сервис үйлчилгээний төлбөрийг айл өрхөөс хураан авч тухайн сард орсон орлогоо гүйцэтгэгч талд хуулга хэлбэрээр хүргүүлж, гүйцэтгэгч тал нь тухайн сард орсон орлогын дүнгээр нэхэмжилнэ гэж тохиролцсон байна /хх-10/.
10. Талуудын дээрх гэрээнд тохиролцсон байдал, тооцоо хийсэн хүснэгтээр хариуцагчийн үйлчилгээний төлбөрт төлөх дүнг тооцоход нэг сарын төлбөр 1,317,600 төгрөг /3000х488 айл өрх=1,464,000-сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлсөнд суутган авах 10 хувь/-ийг 2019 оны 9-р сараас 2021 оны 12-р сарыг дуусталх хугацаагаар тооцоход хариуцагч нь сервис үйлчилгээний төлбөрт 22,393,143.9 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар хариуцагч Ш СӨХолбоо нь орцны хаалга засвар, домофон системийн сервис үйлчилгээний төлбөрт 22,393,143.9 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
11. Харин нэхэмжлэгч нь 2022 оны 10-р сард хариуцагч байгууллагад засвар үйлчилгээ хийсэн болох нь хариуцагч сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах байрны хаалганд татуурга, соронз хийсэн, нугас гагнуулсан, 44 ширхэг чипийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал хэргийн үйл баримтаар эргэлзээгүй байдлаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,954,260.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь 1,954,260.8 төгрөгийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй бөгөөд талуудын харилцан тохиролцож 2019 онд байгуулсан гэрээний 4.1-д зааснаар төлбөрт нь домофон системийн алдаа засах, хаалганы хэвийн ажиллагааг хариуцах ажлын өртөг, зарцуулагдах сэлбэг хэрэгслийн өртөг багтана гэж, 2021 онд байгуулсан гэрээний 2.3-д гүйцэтгэгч нь орцны хаалганд эвдрэл гэмтэл гарсан үед шуурхай засвар үйлчилгээ хийж, байнгын найдвартай ажиллагааг хангаж ажиллахаар байна.
12. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш СӨХолбооноос 22,393,143.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ӨХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,954,260.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 269,916 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар хариуцагч Ш Сууц өмчлөгчдийн холбооноос 22,393,143.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ӨХХК /*********/-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,954,260.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш СӨХолбооноос 269,916 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ӨХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ