Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/1032

 

 

 

 

 

       2021         12            02                                          2021/ДШМ/1032    

 

Х.П-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Отгонжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/2573 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Х.П-т холбогдох эрүүгийн 210600000184 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П-,

 

Х.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дугаар сарын 04-ний өглөөний 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62 дугаар байрны гадаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч С.Х-ын нүүр лүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн 2 дугаар талд хохирогч С.Х-аас “П- миний картыг авч 1.800.000 төгрөгийг аваад явчихлаа” гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй байна гэх үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Энэ нь шүүхийн шийдвэр агуулгын төдийгүй хэлбэрийн хувьд хуулийн бүхий л шаардлагад нийцсэн байх тухай ойлголт юм.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэргийг хянан хэлэлцэх явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1, 33.3 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг хянан хэлэлцэхэд баримтлах хуулийн заалтыг удирдлага болгосон, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-д заасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын яг ямар нотлох баримтуудыг шинжлэн судалсан нь тодорхойгүй, шүүх хуралдаанаар тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгчид холбогдох тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ямар нөхцөл байдал илэрсэн, тухайн нөхцөл байдал нь шүүгдэгчид холбогдох тухайн хэргийн талаар шүүхийн шийдвэр гарахад хэрхэн нөлөөлж байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдааны явцад гаргасан прокурорын дүгнэлт, тайлбарыг ямар учраас хүлээж аваагүй тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн зргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

3. Шүүх хуралдааны явцад хэлэлцэгдээгүй буюу прокуророос яллаагүй асуудлаар хэргийг прокурорт буцаасан нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” зарчмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Гомдол мэдээллийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч С.Хоногорзул, яллагдагч Х.П- нар нь нэг гэрт хамт амьдардаг, гэрлэлтээ батлуулаагүй боловч эхнэр нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс, мөн тухайн мөнгө авсан гэх картыг дундаа хэрэглэдэг байсан, хэрүүл маргаан болсоны дараа Х.П- нь гэрээсээ гарч яваад урьд нь хэрэглэдэг байсан банкны картнаас зарлага гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Ийнхүү Х.П- нь дундаа хамтран ашигладаг байсан данснаасаа зарлага гаргасан асуудал нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Х.П-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/2573 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.П-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгажээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулах замаар 1.800.000 төгрөгийн асуудлыг тодруулах боломжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтэлгээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Х.П-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/2573 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.П-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Х.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН