Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2022/0153/З |
Дугаар | 128/ШШ2023/0511 |
Огноо | 2023-06-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0511
2023 06 06 128/ШШ2023/0511
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Г.Урангуа нарыг тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД: *******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т*******
Хариуцагч: ******* газрын ******* улсын байцаагч Т.О*******, Б.М*******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******
Нэхэмжлэлийн шаардлага: ******* газрын ******* улсын байцаагч Т.О*******, Б.М******* нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-2227 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******, хариуцагч Т.О*******, Б.М*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, иргэдийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь ******* газрын ******* улсын байцаагч Т.О*******, Б.М******* нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-2227 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Тус шүүх “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* газрын ******* улсын байцаагч Т.О*******, Б.М******* нарт холбогдох “******* газрын ******* улсын байцаагч Т.О*******, Б.М******* нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-2227 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий захиргаан хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлгээр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно.
2.2.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан удирдамж, хяналт шалгалт хийх 2221902638 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.
2.3.******* газрын ******* улсын байцаагч Т.О*******, Б.М******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-2227 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.
2.4. Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар ******* газрын Маргаан таслах зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 645,000 төгрөгөөр бууруулж нийт 6,620,400.00 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсөн.
3.Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5.3-т ... автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 тогтоолоор аймгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтын 10-т чиргүүл (тонн тутмаас) 6000 төгрөг байхаар тогтоосон. Автотээврийн байгууллага нь Монгол Улсад бүртгэгдэж буй бүх төрлийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүдийг тухайн тээврийн хэрэгслийн баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхойлон бүртгэдэг бөгөөд Автотээврийн байгууллагаас ингэж тодорхойлсноор манай компанийн эзэмшиж буй чиргүүлүүдийн даацын хэмжээ 44200 кг болон 23300 кг юм. Гэтэл улсын байцаагчид чиргүүлийн татварын хэмжээг 70-80 тонн даацтай ачааны машины татварын хэмжээгээр 400.000 төгрөг байхаар тооцсон нь хууль зөрчсөн.
Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэгт зааснаар зүтгүүр болон чиргүүл нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдэж улсын дугаар олгогддог тээврийн хэрэгслийн өөр төрлүүд бөгөөд Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 болон 5 дугаар зүйлд зааснаар зүтгүүр, чиргүүлийн татварын хэмжээг тус тусад нь тогтоосон. Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/06 тогтоол болон хуулиар тогтоосон хязгаарт багтаан чиргүүлийн татварын хэмжээг бусад тээврийн хэрэгслүүдээс тусад нь ялган тогтоосон тул татварын улсын байцаагч нар өөр өөр төрлийн, тус тусдаа улсын бүртгэлийн дугаартай байдаг автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл буюу чиргүүлийн татварын хэмжээг ачааны автомашины татварын хэмжээгээр тооцон тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн чиргүүлийн албан татварын хувь хэмжээг тогтоохдоо тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, тэдгээрийг тооцон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон албан ёсны даацын хэмжээгээр тооцох ёстой байтал татварын байгууллага, улсын байцаагч нар өөрөө даацын хэмжээг тодорхойлох, эсхүл тодорхой хугацаанд ачсан ачааны хэмжээгээр тооцох зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд уг журмын 3.10-т Авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад дурдсан жагсаалтын дагуу техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэлийн санд бүртгэнэ, уг журмын 2-р хавсралт буюу Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдэх мэдээллүүдийн жагсаалт-ын 10-т даац, кг гэж заасан. Энэ журмын дагуу Авто тээврийн байгууллага нь манай компанийн эзэмшиж буй чиргүүлүүдийн даацыг тодорхойлон бүртгэсэн бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд холбогдох бичилтийг хийсэн тул татварын байгууллага, улсын байцаагч хууль ёсны энэ мэдээллийг үндэслэх ёстой гэж үзэж байна.
Татварын алба нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдуулалтыг татварын цахим системд үүсгэж өгдөг ба татвар төлөгч өөрөө төлөх татварынхаа хэмжээг тодорхойлох, өөрчлөх, ногдуулах боломжгүй байдаг тул манай компанийг татварыг дутуу ногдуулсан талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Э*******” ХХК-ийн татварын төлөлтийг улсын байцаагч нар шалгаад, нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа 28 ширхэг чиргүүлийн татварыг хүнд даацын автомашины татвараар ногдуулаад зөрүүтэй, дутуу төлсөн гэдэг. Манай компани 28 ширхэг чиргүүлээ хууль тогтоомжид заасны дагуу тонн тутамд даацаар нь татвараа төлсөн бөгөөд татварын байцаагчид энэ чиргүүлийн татварыг 70-80 тоннтой ачааны автомашин гэж тооцоод тэр автомашины татвараар ногдуулж тооцоод зөрүүг нь татвар дутуу төлсөн гэж акт үйлдсэн. Чиргүүл бол чиргүүлийн татвар төлнө. Чирэгч нь тусдаа татвар төлж байгаа. Татварын байцаагч нь акт үйлдэхдээ чирэгчийн зөрчилгүй байна гэж үзээд чирэгч дээр ямар нэгэн байдлаар акт тавиагүй. Зөвхөн 28 чиргүүл дээр нь акт тавьсан. гэв.
5.Хариуцагч татварын улсын байцаагч нар тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид "Э*******” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг хийсэн. Татварын хяналт шалгалтаар тус компанийн нийт 28 чиргүүлд 4,843,600.00 төгрөгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг дутуу ногдуулсан гэж үзсэн.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д авто чиргүүл, 5 дугаар зүйлийн 3-т энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно, Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 1-д ачааны машин 70-80 тонны даацтай 400,000.00 төгрөг, чиргүүл /тонн тутмаас/ 6,000.00 төгрөг, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн А/10 тоот Удирдамж батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын удирдамж-ийн 4 дүгээр хэсгийн 4.3.5-т Уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийн хувьд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар баталсан MNS6278:2011 стандартыг баримтлан даацын хэмжээг 65 тонн ба түүнээс дээш хэмжээгээр тооцож Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг ногдуулах, Уул уурхайн хүнд даацын Howo, Sino truck, LCT, CIMG, JIDONG гэх мэт маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүл хамаарна гэж заасны дагуу хариуцлага ногдуулж, шийдвэрлэсэн болно.
“Э*******” ХХК-ийн 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 01/006 тоот нэхэмжлэлд дурдсан чиргүүлийн дийлэнх нь 44.2, 23.3 тонны даацтай гэсэн нь үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.
Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн “Э*******” ХХК-ийн нүүрс тээврийн экспортын мэдээгээр 66.05 тонноос 75.0 тонны ачилт хийн тээвэр хийсэн байх тул яав ч 44, 23 тонны даацтай машин дээр 66-75 тонн ачих боломжгүй тул үндэслэлгүй. гэв.
6. Хариуцагч Т.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э*******” ХХК-д татварын хяналт шалгалтаар толгой компаниас хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн 28 ширхэг чирэгч, 28 ширхэг чиргүүл дотроо тус тусдаа холигдсон байсан. Чирэгч дээр 20,000 төгрөгөөр авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар ногдуулсан. Чиргүүл дээр 150,000-265,200 төгрөгийн авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварыг ногдуулсан байсан. Шалгалтаар чирэгчийг албан татварын ногдолтыг дутуу ногдуулсан байна гэж үзээд холбогдох хууль тогтоомжийн дагуу авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын зөрүүг гаргаж нөхөн ногдуулалтын актаар зөрүүг нь ногдуулж шийдвэрлэсэн.
7.Хариуцагч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 21 толгой гэж байгаа, тусгай зориулалтын автомашин гэдэг заалтаар татвар төлөгч нь 16,000-24,000 буюу Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэгчээс тусгай тоноглосон хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин гэдэг ангиллаар албан татварын хэмжээ хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар тусгай зориулалтын автомашин гэдгээр татвар төлсөн байгаа. Өөрсдөө энэ ногдуулалтад орж ногдуулаад байгаа юм. Энэ нь биш ээ гээд Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ногдуулсан байна гэж үзээд энэ заалт нь компанид хамааралгүй байна гэж нэмж ногдуулсан байгаа.
Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 зүйлийн хүснэгтийн 6 д буюу 1.6-д заасан ачааны автомашин гэдэгт оруулж ногдуулж байгаа. Даацад биш ачааны автомашинд оруулах ёстой гэж ногдуулж байгаа. Байцаагч нарын зүгээс Нийслэлийн Татварын газрын дэргэдэх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар маань даацад нь ногддог. Бүх жинд ногддоггүй. Нэхэмжлэгчийн Х дугаартай 34,2 тонны автомашинд жишээ авахад өөрийн жин 9,6, даац 34,5 тэгэхээр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар зөвхөн тэр 34,5 тонны даацад татвар ногдохоос чиргүүл дээр нь ногддоггүй. Чиргүүл дээр зөрүү гараад Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, гаалийн байгууллагын мэдээ, лавлагаанд үндэслээд татварын хяналт шалгалт хийсэн. Ковидын үед цахимаар хяналт, шалгалтыг явуулсан. Нягтлан бодогч Өнөрбат гэдэг хүнтэй мэйлээр баримтаар өгч, авч шалгалтаа хийсэн. Шалгалтын явцад тайлбар мэдээлэл гаргаж өгөөгүй. Сүүлд акт гарсны толгой компанийн хүмүүс хууль хяналтын байгууллагад хандаад явж байгаа. Үүний тухайд даацын зөрүү байгаа учраас шүүх бүрэлдэхүүн зөвөөр харж нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.
8.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 20,000 төгрөгийн татвар ногдуулсан дээр танайх яагаад зөрчилд тооцоогүй юм гэсэн асуултад тайлбар хэлье. Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж маань өөрсдөө Татварын тухай хуулиараа төлж тайлагнах ёстой байдаг. Толгой дээр яагаад акт тавиагүй вэ гэхээр үлдсэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хугацаанд Монгол Улсын хилээр 24,6 сая тонн нүүрсийг ачиж гаргасан байдаг. Үүнийг татварын улсын байцаагч нар нь нэг машины дунджаар тооцоод 72,4 тонн нүүрсийг ачиж гаргасан байдаг. Татварын улсын байцаагч нар маань хэдэн зуун сая төгрөгөөр бичдэг. 7 сая төгрөг дээр худлаа яриад шаардлага байхгүй.
9.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Миний бодлоор бол хариуцагч талын гаргасан дүгнэлтийг зөв гэж үзэж байна. Нарийн тайлбарыг мэдэхгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Маргааны зүйл нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар ногдуулж төлөхтэй холбоотой ба нөхөн ногдуулалтын актын тооцоолол, татварын ногдох зүйл, татвар төлөх үүрэг бүхий татвар төлөгч мөн биш зэрэгт маргаагүй болно.
3.Нэхэмжлэгч “Авто тээврийн тухай хуульд зааснаар чирэгч болон чиргүүл нь тус тусдаа тээврийн хэрэгслийн төрлүүд ба тус тусдаа улсын дугаар олгогддог, мөн тус тусдаа татвар төлдөг байхад чиргүүлийн татварыг чирэгч толгойн татвараар буюу 400,000 төгрөгөөр тогтоосон нь хууль бус, даацын хэмжээг тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасны дагуу авч үзээгүй нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нар “28 ширхэг чирэгч, 28 ширхэг чиргүүл дотроо тус тусдаа холигдсон байсан. Чирэгч дээр 20,000 төгрөг, чиргүүл дээр 150,000-265,200 төгрөгийн авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварыг ногдуулсан байсан. Шалгалтаар чирэгчийг албан татварын ноогдолтыг дутуу ногдуулсан байна гэж үзээд холбогдох хууль тогтоомжийн дагуу авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын зөрүүг гаргаж нөхөн ногдуулалтын актаар зөрүүг нь ногдуулж шийдвэрлэсэн. “Э*******” ХХК-ийн нүүрс тээврийн экспортын мэдээгээр 66.05 тонноос 75.0 тонны ачилтын тээвэр хийсэн тул 44, 23 тонны даацтай машинд 66-75 тонн ачих боломжгүй” гэж тус тус маргажээ.
4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан удирдамж, хяналт шалгалт хийх 2221902638 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
5.Маргаан бүхий ******* газрын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-2227 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийг “... Толгой компани болох “М” ХХК-аас хөрөнгө оруулалтаар шилжин ирсэн 28 чиргүүлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,843,600.00 төгрөгөөр дутуу ногдуулсан нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “авто чиргүүл”, 5 дугаар зүйлийн 3-т “энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно”, Х аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 1-д “Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай”, хавсралт 1-д “ачааны машин 70-80 тонны даацтай 400,000.00 төгрөг, Чиргүүл /тонн тутмаас/ 6,000.00 төгрөг” гэсэн Заалтыг тус тус зөрчсөн нийт 4,843,600 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хууль хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 4,843,600 төгрөгийн нөхөн татвар, 1,453,080 төгрөгийн торгууль, 968,720 төгрөгийн алданги, нийт 7,265,400 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч ******* газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “ “Э*******” ХХК-ийн гомдлын тухай” 45 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.
7.Уг тогтоолоор “... Нэгтгэн дүгнэвэл, нөхөн ногдуулалтын актаар авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг дутуу ногдуулсан 4,843,600.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,843,600.00 төгрөгийн нөхөн татвар, 1,453,050.00 төгрөгийн торгууль, 968,720.00 төгрөгийн алданги, нийт 7,265,400.00 төгрөгийн төлбөрөөс 430,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 430,000.00 төгрөгийн нөхөн татвар, 129,000.00 төгрөгийн торгууль, 86,000.00 төгрөгийн алданги нийт 645,000.00 төгрөгийг бууруулж, 4,413,600.00 төгрөгийн зөрчилд ногдох 4,413,600.00 төгрөгийн нөхөн татвар, 1,324,080.00 төгрөгийн торгууль, 882,720.00 төгрөгийн алданги, нийт 6,620,400.00 төгрөгийг төлүүлэх нь үндэслэлтэй гэж зөвлөлийн бүрэлдэхүүн үзлээ.” гэжээ.
8.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн эзэмшлийн 28 ширхэг, зүтгүүр буюу толгой, 28 ширхэг чиргүүл нийт 56 ширхэг тээврийн хэрэгслийн тонн жин, даацтай холбоотойгоор маргажээ. Шүүхээс дээрх үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээс үзвэл, нэхэмжлэгчийн эзэмшлийн зүтгүүр толгойнууд нь нийт жин нь 39600 кг, өөрийн жин нь 9200 кг, ачааны даацын хэмжээ нь 30400 кг гэжээ.
10.Чиргүүлийн тухайд нийт жин нь 55000 кг, өөрийн жин нь 10800 кг, ачааны даацын хэмжээ нь 44200 кг гэжээ.
11.Дээрх хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээс үзвэл, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл нь зүтгүүр, чиргүүлийн хамт нийт ачааны даацын хэмжээ нь 74600 кг байна.
12.Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/681 дүгээр албан бичигт “нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн эзэмшлийн 1 зүтгүүрийн өөрийн жин 9200 кг, даац 30400 кг, бүх жин 39600 кг, 1 чиргүүлийн өөрийн жин 10800 кг, даац 44200 кг, бүх жин 55000 кг” гэжээ.
13. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл дунджаар зүтгүүр, чиргүүлийн хамт нийт 74600 кг-ын ачааны даацтай гэж үзэх үндэслэлтэй байна.
14.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл нь зүтгүүр, чиргүүлийн хамт “Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS 6278 : 2011”-ийн 9.3-т заасан Зүтгүүр, хагас чиргүүл, чиргүүл бүхий авто угсраа тээврийн хэрэгсэлд хамаарахаар байна.
15.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл.“Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл”,“Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна:”, 7/“авто чиргүүл”. 5 дугаар зүйл.“Албан татварын хэмжээ 3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж тус тус заажээ.
16.Хуулийн дээрх заалтын дагуу Х аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай” 6/06 дугаар тогтоолоор “Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл”-ийн жилийн албан татварын хэмжээг тогтоожээ.
17.Уг тогтоолын хавсралтаар 70-80 тн даацтай ачааны авто машины жилийн татварын хэмжээг 400,000.00 төгрөг байхаар тогтоосон байна.
18.Хэрэгт авагдсан гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээнээс үзвэл, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэг тээврийн хэрэгсэл, нэг удаагийн тээврээр 2020 онд дунджаар 70,000-74,000 кг ачааг тээвэрлэсэн гэжээ.
19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэг тээврийн хэрэгсэл нь нэг удаагийн тээврээр дунджаар 74,000 орчим кг ачааг тээвэрлэж байгаа нь тогтоогдож байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тогтоосон хэмжээгээр буюу нэхэмжлэгч компанийн нэг тээврийн хэрэгсэл нь 70-80 тн даацтай ачааны авто машин гэж үзэж, нэг авто машины жилийн татварын хэмжээг 400,000.00 төгрөг байхаар тооцож нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.
20.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас ******* газрын ******* улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “******* газрын ******* улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-2227 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
21.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “хариуцагч талын гаргасан дүгнэлтийг зөв гэж үзэж байна.Нэхэмжлэгч талын хариулт нотлох баримт үндэслэл муутай байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлтэй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-аас ******* газрын ******* улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “******* газрын ******* улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-2227 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Г.УРАНГУА