Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 18-ны өдөр      Дугаар 222/МА2019/00013                    Баруун-Урт   

 

    Ц.Мгийн нэхэмжлэлтэй,

                                             Ж.Бд холбогдох                 

иргэний хэргийн талаар

 

         Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Б нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Зулаа

Хариуцагч Ж.Б

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Ж.Бгийн давж заалдах гомдлоор Ц.Мгийн  “8000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Ж.Бд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хүлээн авч, шүүгч  Д.Бгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

 Нэхэмжлэгч Ц.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүү Х.Мийнхээ хамт амьдардаг. 2018 онд нөхөр Ж.Х маань авто ослын улмаас нас барсан. Би талийгаач нөхөртэйгээ 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж 10 гаруй жил хамтдаа амьдарсан. Талийгаач нөхрийн маань оршуулгын зардалд буруутай этгээдээс 13 700 000 төгрөг өгсөн. Үүнээс 5 000 000 гаруй төгрөгийг ажил явдалд нь зарцуулж 8 000 000 төгрөг үлдсэн юм. Гэтэл хадам эгч Б нь талийгаачийн 49 хоногийн дараа үлдсэн мөнгө аваад ир гэхээр нь би шууд бэлнээр аваад ажил дээр нь очиход энэ мөнгийг чамд өгөхгүй, хүүд чинь хадгаламж нээж банкинд хийнэ гэсэн. Тэгэхээр нь би банкинд хийх юм бол би өөрийнхөө нэр дээр хадгаламж нээгээд хийе гэхэд үгүй, би хүүгийн чинь нэр дээр хадгаламж нээж хийгээд хамтран эзэмшигчээр нь би өөрөө орно. Чамд хамаагүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. Би талийгаачийг байхад банкнаас 15 000 000 гаруй төгрөгийн зээл авсан байсан. Би сарын 450 000 төгрөгийн зээл төлдөг, цалин гар дээр 400 000 төгрөг ирдэг, амьдралд минь хаанаа ч хүрдэггүй. Ингээд намайг сэтгэл санааны хувьд тогтворгүй байхад хадам эгч мөнгийг минь авсныг ойлгож хадам эгч дээрээ очиж мөнгөө авъя гэхэд чамд өгөхгүй гэсэн. Банкин дээр очиж банкны ажилтантай уулзахад Б нь эзэмшигч тул тэр хүнээс зөвшөөрөл ав гэсэн. Хадам эгчид хэлэхэд үгүй, мэдэх юмаа би өөрөө мэдэж байна гээд өгөхгүй байна. Би энэ мөнгийг авах эрхтэй, энэ хүнд хамаагүй юм. Би талийгаач нөхрийнхөө хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоогдоод хохирол, оршуулгын зардлаа авсан. Иймд хадам эгч Ж.Бгаас 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй. Талийгаачийн оршуулгын зардалд буруутай этгээдээс 13 700 000 төгрөг өгсөн нь үнэн. Үүнээс 2 000 000 төгрөгийг буяны ажилд зарцуул гэж өгсөн. Сүүлд нь 11 700 000 төгрөгийг бэр Мгийн дансанд хийсэн байсан. Дараа нь 49 хоногийг хураахад би Мтай хамт явж 700 000 төгрөгний бараа авсан. Буяны ажлыг би ерөнхийд нь зохицуулсан. Би М руу яриад үлдсэн мөнгөө аваад ир, мөнгө гэдэг чинь олоход хэцүү үрэхэд амархан, хүүгийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээлгэсэн нь дээр гэж хэлсэн. 11 700 000 төгрөгнөөс бэр маань 8 500 000 төгрөгийг өөрийн биеэр манай ажил дээр авчирч өгсөн нь үнэн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэрийгээ хүүтэй нь дуудаж хамт явж ХААН банкинд 8 000 000 төгрөгний хадгаламж нээлгэсэн. Мөнгийг авахдаа би булааж аваагүй, хүүгийн чинь ирээдүйд хэрэгтэй гэж хэлж хадгаламж нээлгэсэн. Өмнө нь бид нар ганц дүүгийн маань хүүхэд гээд анх төрөхөд нь хадгаламж нээж өгч байсан боловч М авч үрээд дуусгасан. Тийм учраас Мг гар дээрээ мөнгө байлгаж чадахгүй гэдгийг мэдээд дүүгийнхээ хүүгийн нэр дээр хадгаламж нээлгээд өөрөө хамтран эзэмшигч болсон. Өнөөдөр мөнгийг нь өглөө гэхэд 7 хоногийн дараа дууссан байх тул би өгч чадахгүй. Дээрх мөнгийг хадгаламжинд байлгана, эсхүл би дүүгийнхээ хойчийн буянд зориулж зулын хөрөг босгоно гэв. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 244 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бгаас 8 000 000 /найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мд олгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мгаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 142 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах  гомдол гаргаж байна. М нь банкнаас 15 сая төгрөгний зээл авсан нь үнэн. Гэхдээ талийгаач дүү маань энэ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдэгт итгэлтэй байна. Мг бага зэргийн цалингийн зээлтэй байх, нарийн хэлж мэдэхгүй байна гэдэг байсан болохоор ийм өндөр зээл гарч ирсэнд гайхаж байна. Үнэхээр 15 сая төгрөгийн цалингийн зээлтэй бол зээлийн гэрээн дээр баталгаат гарын үсэг зурсан эсэх, зээл авсан өдрийн камерийн бичлэг зэргийг хуулийн хүрээнд шалгуулахыг хүсэж байна. Ийм их мөнгө авсан хүн гэр орондоо зарцуулж байсныг нь мэдэхгүй юм байна. Хөргөгч, угаалгын машин нь эвдрэхэд би өөрөө хөргөгч, угаалгын машин өгч байсан. Би дүүдээ ээжийн оронд ээж болж хоолны мах, татах тамхиар нь тасалж байгаагүй, сар шинэ болоход жил бүр ууц, идээг нь бэлдэж, чадах чинээгээрээ тусалдаг байсан. Талийгаачид зориулсан буяны мөнгө учраас 4 сая төгрөгийг талийгаачийн хүү Х.Мийн нэр дээр хугацаатай хадгаламж нээлгэж, үлдсэн 4 сая төгрөгийг буян үйлдэж, бурхан бүтээж залах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.М  Ж.Бгаас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч “ Би энэ мөнгийг хүү Х.Мийх нь нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн” учир зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зохигчид маргааны зүйл болсон 8000000 төгрөгийг тэнцүү хувааж авах, тус бүрийн 4 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг гарган 2 000 000 төгрөг болгон хүү Х.Мийн нэр дээр хадгаламж нээлгэн хийж, хамтран эзэмшигчээр нь Ж.Б байхаар, тус бүрт үлдсэн 3 000 000 төгрөгийг хэрхэн зарцуулахаа өөрсдөө шийдвэрлэхээр эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зуран шүүхэд ирүүлжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв. 

Иймд анхан шатны шүүхийн 244 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ж.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

Нэг. Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Магадлалыг зохигчид сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

 

Дөрөв. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргах,  тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                        ШҮҮГЧИД                            С.ОЮУНТУНГАЛАГ