| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/06727/И |
| Дугаар | 101/ШШ2024/00075 |
| Огноо | 2023-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2024/00075
| 2023 12 27 | 101/ШШ2024/00075 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* давхар хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт байрлах “” ХХК /рд:/-д холбогдох
153,454,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н., хариуцагчийн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “ Групп” ХХК нь “” ХХК-тай 2014 оны 04 сарын 28-ны өдөр №14/19 дугаартай “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, мөн 2015 оны 04 сарын 10-ны өдөр №15-18 дугаартай “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г тус тус байгуулан.
Энэхүү гэрээгээр “ Групп” ХХК нь ОХУ-н ГОСТ болон евро олон улсын стандартын шаардлага хангасан дизель түлшийг худалдан авагчийн хэрэгцээт хэмжээгээр шаардлагатай цаг хугацаанд нь хуваан нийлүүлэх үүргийг хүлээсэн ба худалдан авагч тал нь бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор шатахууны төлбөрийг бүрэн барагдуулах, хэрэв үүргийг хугацаа хэтрүүлсэн бол хоногт 0,3 хувийн алданги төлөх үүрэг тус тус хүлээсэн.
Тус гэрээний дагуу “ Грунп” ХХК нь нийт 580,302.725 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг “” ХХК-д нийлүүлсэн.
"" ХХК нь гэрээний дагуу нийт 580.302,725 төгрөг төлж барагдуулах үүрэгтэйгээс 2016-2017 онд 98,000,025 төгрөг, 2018-2019 онд 305,000,000 төгрөг, 2020- 2 22 оны 05 сарын 24 хүртэл 70.000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.
Хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг улаа дараа шаардахад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн /26 тоот албан бичигтээ “...Манай үлдэгдэл төлбөр өнөөдрийн байдлаар 223,102,700 төгрөгөөс 20 сая төгрөг хасагдаж 203,102,700 төгрөг болоод байна. Манай компани нь өөрсдийн хүргүүлсэн хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаа үүгээр дахин мэдэгдэж байна” хэмээн төлбөр төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Өнөөдрийн байдлаар нийт 102,302,700 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.
Тиймээс гэрээний 4-р зүйлийн 4.2-т “Худалдан авагч нь шатахууны төлбөрийг гэрээний 4.1-т заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө ” гэж алданги тооцохоор заасны дагуу, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. ” гэж заасны дагуу алданги нь 51,151,350 /тавин нэгэн сая нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөг, үндсэн төлбөр 102,302,700 /нэг зуун хоёр сая гурван зуун хоёр лянга долоон зуун/ төгрөгийн тооцож НИЙТ 153,454,050 /нэг зуун тавин гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга тавин/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа билээ.
1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оноос хамтарч эхэлсэн. Худалдах худалдан авах гэрээ хийж шатахуун нийлүүлсэн. Хариуцагч нь 2022.5.24-ны өдөр хүртэл төлбөрийг төлж байсан. Үүнээс хойших төлбөр болох 102,302,700 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээнд зааснаар 51,151,350 төгрөгийн алданги тооцож 153,454,050 шаардаж байгаа юм. Нягтлантай холбогдсон талаар баримт хэрэгт авагдаагүй тул мэдэхгүй байна. 2019.4.3-с хойших төлөлт нь таарч байгаа юм. Гэтэл гэрээний харилцаа нь 2015 оноос хойш явагдаж байгаа юм. Харин 2015 оноос хойших баримтаа гаргаж ирвэл зөрүү нь гарах юм. Шатахуун хүлээлгэн өгсөн баримтгүй гэв.
2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Ойл Групп" ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хариуцагч “” ХХК-аас “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт үндсэн төлбөр 102,302,700 Нэг зуун хоёр сая гурван зуун хоёр мянга долоон зуу) төгрөг, алданги 51,151,350 (Тавин нэгэн сая нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөг, нийт 153,454,050 (Нэг зуун тавин гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга тавин) төгрөг гаргуулах нэхэмжлэхийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
“” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн /26 тоот албан бичигтээ заасан “223,102,700 (Хоёр зуун хорин гурван сая нэг зуун хоёр мянга долоон зуун) төгрөгөөс 20 сая төгрөг хасагдан 203,102,700 (Хоёр зуун гурван сая нэг зуун хоёр мянга долоон зуун) төгрөг болоод байна. Манай компани нь өөрсдийн хүргүүлсэн хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаа үүгээр дахин мэдэгдэж байна” хэмээн бичсэнийхээ дагуу төлж, (банкны төлбөрийн баримтыг нотариатаар батлуулан хавсаргав) одоогийн байдлаар 23,102,700 (Хорин гурван сая нэг зуун хоёр мянга долоон зуун) төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд “М Ойл Групп” ХХК-аас шүүхэд гаргасан 102,302,700 (Нэг зуун хоёр сая гурван зуун хоёр мянга долоон зуун) төгрөгийн төлбөр, 51,151,350 (Тавин нэгэн сая нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөг, нийт 153,454,050 (Нэг зуун тавин гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга тавин) төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Манайхаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй байгаа учир нь:
1. Монгол улсын төдийгүй дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас “” ХХК нь тухайн үед төрийн зохих байгууллагаас зохион байгуулсан бөмбөлгийн системд хамрагдаж чадаагүйн улмаас үйл ажиллагаа зогссон,
2. Татварын байгууллагын шалгалтаар манай компанид их хэмжээний алданги торгууль тавьсан нь манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул захиргааны хэргийн анхан шатны, давж заалдах шүүхээр маргаан шийдвэрлүүлж байх үер манай компанийн улс хоорондын “С” зөвшөөрлийг олгохгүй болсноос санхүүгийн хүндрэлтэй байдалд орсонтой холбоотой юм.
Энэ нь гэрээний 6 дахь зүйлийн 6.1 болон 6.4 дэх заалтад “Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг зохиомлоор буюу болгоомжгүйгээр бий болгосноос бусад тохиолдолд форс мажорын нөхцөлөөс шалтгаалан учирсан хохирлыг хариуцах үүргээс талууд харилцан чөлөөлөгдөнө” гэсэн заалтад хамрагдана гэж ойлгож байна.
Иймд “М Ойл Групп” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2а. Манай компани 2013 оноос нэхэмжлэгчтэй нефтийн бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулж ажилласан. Нэхэмжлэлд дурдсан 102 саяын төлбөр төлөөгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Одоо төлөөгүй үлдэгдэл нь 23,102,700 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Үүнийг төлөөгүй учир нь нэхэмжлэгчээс шатахуун худалдаж аваад төлбөр төлөөд байхад НӨАТ-н баримт өгөөгүй юм. Сүүлийн 400 гаруй сая төгрөгт өгөөгүй юм. Маш олон удаа нягтлантай нь ярьсан боловч өгөөгүй юм. Бид НӨАТ баримтаа шивээд өгвөл өгнө гэдэг юм. Төлсөн төлбөрийн баримтыг шүүхэд өгсөн байгаа юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой л баримт гаргасан. Манайх 2019.3.26-ны өдөр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн ба 203,102,700-с 20 сая хасагдсан бөгөөд төлбөрийг барагдуулна гэснээс хойш тооцоогоо тохироод төлсөөр байгаад 23 сая болсон ба энэ талаар баримтыг гаргаж өгсөн байгаа юм. 2019.11.12-ны байдлаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тоотод дурдсан 172,302,700 төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ үед манайх 93,102,700 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6-11/, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх12-14/, тооцоолол /хх15/, авлага өглөгийн тооцоо 2 ширхэг /хх16-17, 18/, өөрийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19-144 дүгээр албан тоотын хуулбар /хх19/, төлөх төлбөрийн хуваарь /хх20/, өөрийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19-586 дугаар албан тоотын хуулбар /хх21/, “” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн /26 дугааар албан тоот /хх22/, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 546 дугаар тодорхойлолт /хх27/, авлага өглөгийн тооцоо 4 ширхэг /хх66-72, 73, 74, 75/
3б. Хариуцагчаас төлбөр шилжүүлсэн жагсаалт /хх38/, төлбөрийн баримтууд 25 ширхэг /хх40-57/, худалдах худалдан авах гэрээний хуулбар 2 ширхэг /хх58, 59-61/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 34,654,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний төлбөрт 102,302,700 төгрөг, алдангид 51,151,350 төгрөг, нийт 153,454,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь зарим төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр 23,102,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан бөгөөд алданги тооцох эсэх талаар маргаагүй.
4. Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. /хх12-13/
Гэрээний агуулгаас үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байх бөгөөд харин мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ биш байна.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу тодорхой хэмжээний нефтийн бүтээгдэхүүнийг хариуцагчийн өмчлөлд тодорхой цаг хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн, хариуцагч нь тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн.
Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний 102,302,700 төгрөгийн үнэ төлөгдөөгүй гэж, хариуцагч нь 23,102,700 төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Нэхэмжлэгч нь нийлүүлсэн нефт бүтээгдэхүүнээ цаг хугацаа болон хэмжээгээр нь баримтаар нотлоогүй. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19-586 дугаар албан тоотод дурдсан 172,302,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, харин өөрийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн /26 дугаар албан тоотод дурдсан 203,102,700 төгрөгийн мөнгөн дүнг тухайн цаг хугацаагаар зөвшөөрсөн. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн энэхүү албан тоотыг нэхэмжлэлийн үндэслэл болгож байна.
Иймд нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг санхүүгийн баримтаар нотлоогүй тул зохигчдын маргаагүй дээрх /26 дугаар албан тоотод дурдсан мөнгөн дүнгээс үлдэгдэл төлбөрийг тооцох нь зүйтэй.
Хариуцагч нь /26 дугаар албан тоотод дурдсан мөнгөн дүнд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 182 дугаартай төлбөрийн даалгавраар төлөгдсөн 20,000,000 төгрөг тооцогдсон гэж тайлбарласан. /хх40/
Эдгээр үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд хариуцагчийн төлсөн төлбөрийг тооцож үзвэл нийт 180,000,000 төгрөг байна. /хх41-57/
Үүнээс үзэхэд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 23,102,700 /203,102,700-180,000,000/ төгрөг бөгөөд хариуцагч энэхүү мөнгөн дүнг зөвшөөрсөн.
5а. Гэрээний 4.2-т зааснаар зохигчид төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгдээгүй бол алданги төлөхөөр тохиролцсон. Мөн гэрээний 4.1-т зааснаар хариуцагч нь нефт бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлбөр төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоногоор алдангийг тооцно. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул алдангийг хариуцагчийн хамгийн сүүлд төлбөр төлсөн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш тооцох нь зүйтэй.
Ийнхүү тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүртэл 1 жил, 141 хоног буюу 506 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Улмаар гэрээний 4.2-т зааснаар хоногт 0.3 хувиар алдангийг тооцвол 1 хоногт 69,308.10 /23,102,700-0.3%/ төгрөг, 506 хоногт 35,069,898.60 төгрөг тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ нь 11,551,350 /23,102,700*50%/ төгрөгөөс хэтрэх боломжгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 34,654,050 /23,102,700+11,551,350/ төгрөг гаргуулж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “” ХХК-с 34,654,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 925,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 331,220.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД