Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

 

 

 

 

 2021         11            24                                         2021/ДШМ/39

 

  Л.А-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч: Л.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Я.Э,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолтой Л.А-д холбогдох 2038000000372 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С овогт Л-ийн А, .... оны .... дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч Л.А нь 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу иргэн А.Жийн гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар А.Жой хэрүүл маргаан үүсгэж, түүний зүүн цээжний орчим нэг, зүүн хэвлийн орчим нэг, нуруун тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Сартуул овогт Лхагвасүрэнгийн Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Амг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.А-ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардалд 7,104,892 /долоон сая нэг зуун дөрвөн мянга найман зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.Алтанцэцэгт олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.Алтанцэцэгийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 3,481,000 /гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь З.Алтанцэцэг нь сэтгэл санааны хохирол, гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан үеийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нөхөн төлбөр болон оршуулга бусад зардал 20,523,402 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.А-ийн цагдан хоригдсон 360 /гурван зуун жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн нимгэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, шаргал өнгийн гутал, хутга 1 ширхэг, саарал өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, бор саарал өнгийн дугуй захтай урт ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар хүрэн өнгийн дээл 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 10,104,892 төгрөгийн хохирлыг хангаж, 20,523,402 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээсэн. Мөн өмгөөлөгчийн зардалд 3,481,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15.2-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дараах хохирлыг үнэлээгүй.Үүнд:

1. 2020.09.14-ний өдөр 4185 УБВ улсын дугаартай “Ист” маркийн тээврийн хэрэгслийн шатахууны зардал 180,000 төгрөг, тухайн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас УБ хот руу буяны ажилд оролцоод буцахад гарсан шатахууны зардал 180,000 төгрөг нийт 360,000 төгрөг,

2. 1050 БУА улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгаас Цагаан-Уул сум руу явсан шатахууны зардал 150,000 төгрөг, Цагаан-Уул сумаас УБ хот руу буяны ажилд оролцоод буцахад гарсан шатахууны зардал 150,000 төгрөг нийт 300,000 төгрөг /жолооч Батаасүхийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргасан/,

3. 2020.09.17-ны өдөр оршуулгын газар луу явсан тээврийн хэрэгслийн дараах жолооч нарт бэлэн мөнгө өгсөн.

-Насантогтоход 80,000 төгрөг /6459 ХӨҮ улсын дугаартай “Бонго жи 2” маркийн тээврийн хэрэгсэл/,

-Жолооч Энхтайванд 80,000 төгрөг /3775 ХӨҮ улсын дугаартай “Миков” маркийн тээврийн хэрэгсэл/,

-Жолооч Батаасүхэд 60,000 төгрөг /4185 УБВ улсын дугаартай “Ист” маркийн тээврийн хэрэгсэл/,

-Жолооч Ганбаатарт 60,000 төгрөг /6807 ХӨҮ улсын дугаартай “Муссо” маркийн тээврийн хэрэгсэл/,

-Баясмаад 70,000 төгрөг /0906 ХӨҮ улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэл/,

-Далхсүрэнд 80,000 төгрөг /3400 ХӨҮ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл/ тус тус нийт 430,000 төгрөг,

-2020.09.18-ны өдөр буяны ажилд жолоочоор явсан Насантогтоход 80,000 төгрөг, жолооч Энхтайванд 70,000 төгрөг, Тайванд 50,000 төгрөг нийт 1,290,000 төгрөг,

-Талийгаачийн алтан хайрцаг нээлгэхэд 50,000 төгрөг,

-2020.09.17-ны өдөр буяны ажилд явсан хүмүүсийг цайллаад 20 хүнд 20,000 төгрөг нийт 400,000 төгрөг,

-2020.09.18-ны өдөр оршуулганд явсан хүмүүсийг цайллаад 11 хүнд 50,000 төгрөг нийт 550,000 төгрөг /энэ хүмүүс нь ажил явдалд голлож оролцсон/,

-2020.09.18-ны өдөр талийгаачийн биеийг улаан, шар даавуу, хурганы арьсаар ороосон нийт 55,000 төгрөг,

-2020.09.18-ны өдөр лам Сосор, Мөнхбаяр нараар лүүжин тавиулсан. Энэ 2 ламд хадаг, цай, дээлний өнгө тус тус өгсөн нийт 356,000 төгрөг,

-2020.09.18-ны өдөр оршуулганд явсан хамаатан садангийн 49 хүнд 20,000 төгрөг нийт 980,000 төгрөг,

-2020.09.19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн ганданд буяны ном хуруулсан. 10 ламын гар цайлж нийт 220,000 төгрөг,

-2020.10.04-ний өдөр талийгаачийн 21 хоногт Мөрөнгийн ганданд хурал даасан 150,000 + оройн ерөөл 50,000 төгрөг нийт 2,811,000 төгрөг,

-2020.09.18-ны өдөр ах дүүсийн 80 хүүхдэд 5000 төгрөг нийт 400,000 төгрөг,

-2020.09.20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЕБС-ийн Өлзийням багштай 56 ангийн 33 сурагчид 5000 төгрөг нийт 165,000 төгрөг,

-Тус сумынхаа цэцэрлэгийн 24 хүүхдэд 5,000 төгрөг нийт 120,000 төгрөг,

-2020.10.29-ний өдөр талийгаачийн 49 хоногт лам Сосор, Мөнхбаяр нарыг газарт авч явж ном хуруулахад 2 ламд 100,000 төгрөг, архи, дээлний өнгө, хадгийг тус бүрд нь 320,000 төгрөг нийт 520,000 төгрөг,

-2020.10.31-ний өдөр талийгаачийн 49 хоногт Хөвсгөл аймгийн Цагаанул сумын ганданд 7 лам цайлахад 80,000 төгрөг, буяны ном хуруулахад 50,000 төгрөг нийт 130,000 төгрөг,

Нийт 1,335,000 төгрөг /эдгээр хүмүүсийн нэрс болон бусад зүйлийг тэмдэглэсэн дэвтрээ хэрэгт хавсаргаж нотлох баримтаар гаргаж өгсөн болно/.

Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэйн дагуу 2020.09.14-ний өдрөөс 2021.01.14-ний өдөр хүртэл 4 сар х 420,000 төгрөг= 1,680,000 төгрөг, мөн 2021.02.14-ний өдрөөс 2021.09.14-ний өдөр хүртэл 7 сар х 420,000 төг= 2,940,000 төгрөг нийт 4,620,000 төгрөг,

-Сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн. Учир нь хохирогч С.Алтанцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэл гутрах хам шинж гэсэн оноштой дүгнэлт гарсан /шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ №10/.

-Өмгөөлөгчийн зардал 3,481,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Өмгөөлөгчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардалд багтсан байна. Хохирогч С.Алтанцэцэг нь энэ хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж сэтгэл гутрах хам шинжтэй болсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэдүүлэг өгөх, гэм хорын хохирлын шаардлагатай холбоотой нотлох баримт бүрдүүлэхэд бие даан ажиллах боломжгүй байсан тул өмгөөлөгчийн оролцоо нэн шаардлагатай байсан юм.

Гэтэл анхан шатны шүүх заавал өмгөөлөгч сонгон авах хуулийн заалт байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хохирогчид учирсан хохиролд нэмж хохирол учруулж байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан буяны ажилд оролцсон жолооч нарт өгсөн зардал 1,290,000 төгрөг, буяны ажилд оролцсон хүмүүс болон лам нарт гар цайлахад өгсөн зардлууд, талийгаачийг хөдөөлүүлэхэд хэрэглэсэн даавуу, талийгаачийн 21, 49 хоногт зориулж хойдохыг даалгуулж уншуулсан ном, хурал даасан зардал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн гар цайлахад зориулсан зардлууд 5,436,000 төгрөг, гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр 1,680,000 төгрөг, 2,940,000 төгрөг нийт 4,620,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,481,000 төгрөг нийт 24,827,000 төгрөгийг гаргуулахаар дээрх гомдлыг гаргаж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.10-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчид учирсан дээрх зардлуудыг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд иргэн А.Жанчивдоржийн гэрт хэрүүл маргаан үүсгэж, түүний цээжний орчим нэг, зүүн хэвлий орчимд нэг, нуруун тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг, гэрч Н.Жавзанпагма, О.Сайнжаргал, Н.Отгонбаатар, Д.Цог-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Н.Баасансүрэн, С.Бямбасүрэн нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хувцсанд шинжилгээ хийсэн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 114, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын *******гийн сэтгэцийн байдлыг тогтоосон дүгнэлт шинжилгээ №27 зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн нотолсон байна.

Шүүгдэгч Л.А-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь  “...анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг 10,104,892 төгрөгийг хангаж, 20,523,402 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээсэн, мөн өмгөөлөгчийн зардал 3,481,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15.2-д заасныг зөрсөн. ...нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд хохирогчид учирсан хохирлыг нэмж гаргуулах...” агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардал нийт 10,104,892 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, шүүгдэгчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасч, үлдэх 7,104,892 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, өмгөөллийн хөлс болон түүнтэй холбогдон гарсан бусад зардал 3,481,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 4,620,000 төгрөг, оршуулга болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гаргасан бусад зардал 5,903,402 төгрөгийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй /ногоон хавтастай дэвтэрт бичигдсэн баримтууд/ гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх ба энэхүү нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна.

Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т хуульчлан зохицуулсныг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг нь 4,620,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч дээрх зохицуулалт нь хохирогч гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэх заалт байна.

Хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн өмгөөллийн хөлс болон түүнтэй холбогдон гарсан бусад зардал 3,481,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...өмгөөлөгчид төлөх зардал” нь төр хариуцах зардал бөгөөд мөн зүйлийн 2-т заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ыг Засгийн газар батална гэж заасан. Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор дээрх журмыг баталж насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр төр хариуцахаар зохицуулжээ.

Харин төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан цалин хөлс нь дээрх зардалд хамаарахгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэгийн сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн гэрт, төрүүлсэн хүүхдээ бусдын гарт амь насаа алдахыг харсан, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг нь сэтгэл санааны цочролд орж, сэтгэл гутрах хам шинж гэх өвчтэй болсон талаар “Шүүх сэтгэц эмгэлэг судлалын 10 дугаартай дүгнэлт”-д тодорхой заагдсан байна /2 дугаар хавтас 105 хуудас/. Мөн энэхүү дүгнэлтэд сэтгэл гутрах хам шинжүүд, сэтгэл зүйн хямрал нь эмчлэгдэх боломжтой боловч цаг хугацаа шаардлагатай, эмчилгээний зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй гэсэн байх тул С.Алтанцэцэгийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр тооцож сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс нэмж гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Анхан шатны шүүх хохирол гаргуулах хуулийн зохицуулалтыг сонгон хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж, хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол гаргуулахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...505.1-д...” гэснийг “505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д” гэж, “7,104,892 /долоон сая нэг зуун дөрвөн мянга найман зуун ерэн хоёр/” гэснийг “17,104,892 /арван долоон сая нэг зуун дөрвөн мянга найман зуун ерэн хоёр/” гэж, “...20,523,402” гэснийг “10,523,402 /арван сая таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун хоёр/” гэж тус тус өөрчилж, “...сэтгэл санааны хохирол” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                           Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ