Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2023/0033

 

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Г,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймаг дахь “Г” газар хоорондын газрын  маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 127 дахь хэсгээр Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газраас А.Г бараа хадгалах зориулалт бүхий барилгын доорх 186 м2 газрыг  хасаж,  уг 186 м2 газрыг А.Г эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

            2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

2.1. Би 1997 онд Өлгий сумын хэсэг иргэдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай “Х” компанийн хашааны доторх хэд хэдэн барилгуудыг хувьчилж авсан ба Баян-Өлгий аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн ............... дугаарт 288 м2 талбайтай бараа хадгалах зориулалт бүхий складын барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, 22 дугаартай гэрчилгээ авсан.

2.2. Дараа нь Өлгий сумын Засаг дарга 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай захирамжаар уг объект байрлаж буй газрыг хууль ёсоор эзэмшүүлсэн ба үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн өмнөх гэрчилгээг солиулах, 288 м2 талбайтай объектод газар эзэмших шийдвэр гаргуулах буюу улсын бүртгэлийн ........... дугаар бүхий гэрчилгээтэй барилгын доорх 288 м2 талбай газрыг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан боловч миний үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг тус аймаг дахь “Г” газарт аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 127 дахь хэсгээр давхар эзэмшүүлсэн байна.

Уг газрын кадастрын зураглал нь одоогийн байдлаар аймгийн “Г” газрын мэдэлд бүртгэлтэй байгаагаас уг газарт байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгөд  шинээр гэрчилгээ авах боломжгүй зөрчил үүссэн.

2.3. Энэхүү барилга байгууламж нь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 22 дугаар гэрчилгээтэй,  улсын бүртгэлийн .................. дугаартай, 288 м2 талбайтай, 2 666 000 төгрөгийн үнэтэй бараа хадгалах зориулалттай. Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт тус байршлаас газар эзэмшүүлсэн Засаг даргын 392 дугаартай захирамж  2006 онд гарч, газрын кадастрын зураг үйлдэх үед миний өмчлөлийн барилгын доорх газрын тодорхой хэсэг нь орсныг сүүлд мэдэж, Засаг даргад хандсан боловч үүнийг “шууд залруулах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан 288 м2 талбайд барилгын доорх болон урд талын тавцангийн суурь газар багтаж байгаа ба  тавцангийн газар нь миний эзэмших эрхтэй газарт багтсан, харин барилгын доорх 186 м2 газрыг “Г” газарт эзэмшүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэв.

            3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

3.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт эзэмшүүлсэн газраас 288 м2 газрыг иргэн А.Г эзэмшүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг шүүхийн журмаар шалгаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Тухайн маргаж буй газар нь аймгийн “Г” газрын эзэмшил газарт нэмэгдэж орсон байх ба “Г” байгууллагын зүгээс газрын эзэмшлийн талаар маргаангүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

4.1. Хавтаст хэрэгтэй танилцсан, газрын асуудлаар гарсан шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилгын доорх газар нь “Г” байгууллагын эзэмшил газарт орсон гэжээ. Шинжээчийн дүгнэлтээс харвал нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж байгаа газар нь өөрийн өмчилсөн барилгын доорх газар байх ба “Г” байгууллага нь 2006 онд газар эзэмшсэн байна. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс өмнө уг  барилгыг өмчилсөн байсан. Тиймээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны, ашиг сонирхлыг харгалзаж үзэх нь зүйтэй гэв. 

            5. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн хойд хэсэгт Баян-Өлгий аймгийн “Г” газрын баталгаат агуулахын байр хил залгаа оршдог байх ба  маргаан бүхий газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр “Г” газарт давхар эзэмшүүлсэн.

  “Г” газрын эзэмшилд байгаа 1864 м2 газрыг тухай үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 21.3.2, 27.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээ авч, кадастрт буулгасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт нь Баян-Өлгий аймгийн “Г” газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1. Тухайн үед нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын доорх газрыг гуравдагч этгээдийн эзэмшил газарт оруулж өгсөн асуудлыг ойлгохгүй байна. Гэхдээ 1864 м2 газрыг “Г” газар нь  хууль ёсоор эзэмшиж байгаа ба тухайн газарт бид төрийн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор “Г” байгууллагын эрх ашгийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

                                                           ҮНДЭСЛЭХ нь :

1.Нэхэмжлэгч А.Г тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 127 дахь хэсгээр Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газраас А.Г бараа хадгалах зориулалт бүхий барилгын доорх 186 м2 газрыг  хасаж,  уг 186 м2 газрыг А.Г эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч А.Г нь улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн  Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 288 м2 талбайтай, 2 666 000 төгрөгийн үнэ бүхий бараа хадгалах зориулалттай складын барилгын хууль ёсны өмчлөгч болох нь  Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас түүнд 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  олгосон 22 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон.

3. Нэхэмжлэгчид анх  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Өлгий сумын 13 дугаар багт /хуучнаар 5 дугаар баг/ байрлах “Х” ХК-ийн эзэмшил газраас нийт 2430 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/814 дугаартай захирамжаар тус тусдаа байршилтай нийт 2430 м2 газрыг 1538 м2 , 827 м2, 65 м2 хэмжээтэйгээр гурав хувааж нэхэмжлэгчид эзэмшүүлж, Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

4. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй бараа хадгалах зориулалт бүхий барилга нь гадна талдаа /барилгын урд хэсэгт/  цементэн тавцантай,  барилгын хойд хэсэгт  Баян-Өлгий аймаг дахь “Г” газрын баталгаат агуулах бүхий барилга хил залгаа оршдог нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн эдгээр барилгууд оршдог байршлаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн холбогдох хэсгээр нийт 1864 м2 газрыг “Г” газарт “агуулахын” гэх зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн ........... дугаартай гэрчилгээг 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн бараа хадгалах зориулалттай барилга байрлаж буй газрын хэмжээ 222 м2, барилгын урд талын  цементэн тавцангийн суурь газар нь 94 м2 талбайтай болох нь, барилгын доорх 222 м2 газрын 186 м2 газар нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газарт, 34 м2 талбайтай хэсэг болон барилгын урд талын тавцан орших 94 м2 газар буюу нийт 128 м2 газар нь нэхэмжлэгчид Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/814 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 827 м2 газарт тус тус багтсан нь, барилгын доорх үлдсэн 2 м2 газар нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд дээрх шийдвэрүүдээр эзэмшүүлсэн газарт тус тус багтаагүй болох нь шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2023/а3 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн холбогдох хэсгээр “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газрын 186 м2 газар нь бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газар байгаа тохиолдолд уг газрыг гуравдагч этгээд газар эзэмшигчийн хувиар эзэмшиж, ашиглах боломжгүй бөгөөд хууль ёсны өмчлөгчийн хувьд  тухайн барилгыг нэхэмжлэгч газрын хамт 1999 оноос хойш ашиглаж ирсэн байхад бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө орших газрыг маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр “Г” газарт давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.3-т заасан  “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх;” талаарх төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг болон 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг  тус тус  зөрчсөн байна.

7. Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар “Г” газарт 1864 м2 газрыг эзэмшүүлэхээс өмнө 1999 онд тухайн байршилд орших үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч өмчилсөн, газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг болохын хувьд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн барилгын доорх газрыг эзэмших эрхтэй байхад маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга орших 186 м2 газрыг хасаж, уг 186 м2 газрыг А.Г эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус тул үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  гэж дүгнэлээ.

8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэж  зааснаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг эрх хэмжээний хувьд аймгийн Засаг дарга шийдвэрлэх  тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 127 дахь хэсгээр Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газраас А.Г бараа хадгалах зориулалт бүхий барилгын доорх 186 м2 газрыг  хасаж,  уг 186 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 127 дахь хэсгээр Баян-Өлгий аймаг дахь “Г” газарт эзэмшүүлсэн 1864 м2 газраас А.Г бараа хадгалах зориулалт бүхий барилгын доорх 186 м2 газрыг  хасаж,  уг 186 м2 газрыг А.Г эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА