| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2022/05152/И |
| Дугаар | 182/ШШ2024/00043 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/00043
| 2023 12 26 | 182/ШШ2024/00043 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... хаягт оршин суух, Э.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....... байрлах, ДЗ,
Хариуцагч: ЗТ тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.М,
Хариуцагч ДЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч ДЗ, ЗТ тус тус холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч ЗТ холбогдох шаардлагаасаа татгалзаж шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие нь ДЗ-нд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр ДЗ-ны дарга Б.Б-гийн тушаалаар томилогдон ажиллаж Монгол улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа зөрчил дутагдал гаргаагүйгээр барам хүний нөөц, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтний чиг үүргийг давхар гүйцэтгэж ажиллаж байсан юм. Тус ДЗ-нд бугшсан мөнгө угаах болон албан тушаалын байдлаа ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэгтэй холбоотой нөхцөл байдал байгаад шүүмжлэлтэй хандан ДЗ-ны дарга асан Б.Б-г холбогдох мэдээллээр ханган, Эрүүгийн цагдаагийн газар болон Авилгатай тэмцэх газарт мэдээлэл гомдол гарган хууль бус явдалтай тэмцэж ажилласан. Түүнчлэн УИХ-д өргөн баригдсан байсан Далай ашиглах тухай хуулийн төсөлд мониторинг хийж холбогдох ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж хуулийн хулгай хийн ДЗ-г татан буулгахаар ажлын хэсгийн оруулсан хуулийн төслийн талаарх мэдээллээр УИХ-ын гишүүдийг хангаж ажилласнаар хуулийн төсөлд тухайн заалт хэлэлцүүлгийн явцад хасагдаж одоо хүртэл ДЗ бие даан ажилласаар байна. Мөн Хөдөлмөрийн тухай шинээр батлагдсан хуульд нийцүүлэн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулснаар уг дотоод журам батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хөдөлмөрийн тухай хуультай нийцүүлэн ажиллагсадын хөдөлмөрийн гэрээний шинэчилсэн төслийг боловсруулан шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулсан. Олон улсын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан ажилтны хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг цаг тухайд нь хангалттай гүйцэтгэж ирсэн.
Ийнхүү ажиллаж байх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр удаа шалгалт ирсэн бөгөөд ингэхдээ ДЗ-ны даргаар ажиллаж байсан Б.Б-г буруутгах зорилготой ажилласан тул ажлын хэсгийн зарим гишүүдийн төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаарх гомдлоо Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж байсан.
Гэтэл ДЗ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Э нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 98 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан “мэргэжлийн шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 буюу “эрх бүхий байгууллага шаардсан”-аар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Олон улсын гэрээ эрх зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод эрх зүйч хүн шаардлага хангахгүй байна гэж дүгнэснийг хууль бус буруу гэж үзэж байна. Түүнчлэн тушаалдаа Зам, Тээврийн хөгжлийн яамны зөвлөмжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах гэж тусгасан. Ямар зөвлөмж ирүүлсэн талаар надад танилцуулаагүй бөгөөд Төрийн захиргааны төв байгууллага хүнийг ажлаас чөлөөл гэж үүрэг даалгавар өгөөгүй гэж бодож байна. Зам, тээврийн хөгжлийн яам нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлага гаргах эрх бүхий байгууллага биш. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Э.Э нь надтай 2022 оны 8 дугаар сард Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж байсан. Монгол Улсын төрийн бэлгэдэл болсон Төрийн далбааг хууль бусаар ашиглаж хулгай хийсэн Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн хэлтсийн дарга Д.Ж нарын хулгайч нартай тэмцсэний улмаас намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч ДЗ-нд даалгаж өгнө үү...” гэв.
2.Хариуцагч ДЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.М-ийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. ДЗ-ны даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай тушаалыг гаргасан.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэж заасан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар эрх бүхий байгууллага шаардсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ингэж ажлаас нь чөлөөлөхдөө ажлын хэсгийн тайлан буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тайланг үндэслэсэн. Тус тайланд Э.М нь англи хэлний шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад баримт бичгийг өгөөгүй учраас англи хэлний тавигдах шаардлагыг хангахгүй, мөн хүний нөөцийн асуудал хариуцсан ажил үүргийг хавсран гүйцэтгэж чадвал сар бүр 30 хувийн нэмэгдэл авсан боловч ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар дүгнэлт гарч энэ талаар ажлын хэсгийн тайланд тусгагдсан.
Нэхэмжлэгч Э.М нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь дээд байгууллагын аудитын тайлангаар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр цуцалсан. Тэгэхээр, ДЗ-ны хувьд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага учраас эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлд хамаарна. Ерөнхий агуулгын хүрээнд ч гэсэн энэхүү аудитын тайлан дээр маргаагүй. Эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байгаа тохиолдолд эрх ашиг, сонирхлоо хамгаалж, гомдол гаргах ёстой. Гэтэл гомдол гаргаагүй. Үүнийг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт байхгүй. Өнөөдрийг хүртэл уг эрхийн акт байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан үндэслэл байна.
Ажлын хэсгийн дүгнэлт дээр гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байна гэдэг агуулгыг гаргаж ирсэн. Мөн ажлын байрны тодорхойлтод тавигдсан шаардлагыг хангахгүй байгаа. Албан тушаалын тусгай шаардлагад нийцсэн сонгон шалгаруулалт буюу хөдөлмөрийн дотоод журмын дагуу сонгон шалгаруулалт зарлахгүйгээр томилогдсон этгээд байгаа учраас уг этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээ авахыг шаардсан нь хуульд нийцэж байна.
Иймд ажил олгогчийн хувьд ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2022.10.11-ний өдрийн 98 тоот ДЗ-ны даргын “Э.М-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 5 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.16-ны өдрийн 182/ШЗ2022/14776 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-ийн 6-8 х/,
-2022.11.14-ний өдрийн 000 тоот Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт /хх-ийн 9 х/,
-2022.08.08-ны өдрийн 000 тоот Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны газрын даргын тодорхойлолт /хх-ийн 75 х/,
-2021.09.16-ны өдрийн 00 тоот ДЗ-ны даргын “Ажилд түр томилох тухай” тушаал /хх-ийн 76 х/,
-1987.06.29-ний өдрийн 000 тоот Хуульчийн диплом /хх-ийн 233 х/,
-2000.01.21-ний өдрийн 000 тоот Магистрийн сертификат /хх-ийн 234 х/,
-2014.07.04-ны өдрийн 000 тоот Гэрчилгээ /хх-ийн 235 х/,
-2007.04.22-ны өдрийн 000 тоот Удирдлагын академийн диплом /хх-ийн 236-238 х/,
-2012.06.26-ны өдрийн 000 тоот Магистрын диплом /хх-ийн 239 х/,
-Ажлын байр /албан тушаалын/-ны тодорхойлолт / 2-р хх-ийн 10-13 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч ДЗ тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 13 х/,
- 1/318 тоот Ц.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 20 х/,
-2022.12.17-ны өдрийн 00 тоот Ажлын байрны талбай түрээслэх гэрээ /хх-ийн 22-24 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 25 х/,
-2022.08.02-ны өдрийн 000 тоот Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 48-53 х/,
-2022.07.18-ны өдрийн 000 тоот ДЗ-ны даргын “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 54-71 х/,
-2022.10.11-ний өдрийн 000 тоот ДЗ-ны даргын “Э.М-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 72 х/,
-2022.03.14-ний өдрийн 000 тоот ДЗ-ны даргын “Ажил холслон гүйцэтгүүлэх тухай” тушаал /хх-ийн 146 х/,
-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 147-148 х/,
-Олон Улсын гэрээ эрх зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 194-195 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.04.13-ны өдөр 000 тоот Т.О-т олгосон итгэмжлэл /хх-ийн 123 х/,
-Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023.03.28-ны өдрийн 182/ШЗ2023/03866 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар Олон Улсын гэрээ эрх зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 94-100 х/,
-Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас ДЗ-нд 2022.05.22-27-ны өдрүүдэд хийсэн шалгалтын удирдамж, бүрэлдэхүүн, тайлан, дүгнэлт /хх-ийн 102-118 х/,
-2022.06 дугаар сард Э.М-ийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн албаны салбар зөвлөлд ажлын хэсгийн гишүүдтэй холбоотой гаргасан гомдол, түүнийг шалгасан тухай баримтууд /хх-ийн 119-122 х/,
-2023.04.18-ны өдрийн 182ШЗ2023/04816 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2021.09.16-ны 000 тоот ДЗны даргын “Ажилд түр томилох тухай” тушаал /хх-ийн 139 х/,
-2021.09.16-ны өдрийн 000 тоот Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 140-141 х/,
-2021.11.30-ны өдрийн 000 тоот ДЗны даргын “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 142 х/,
-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 143-145 х/,
-2022.06 дугаар сард Э.М-ийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн албаны салбар зөвлөлд ажлын хэсгийн гишүүдтэй холбоотой гаргасан гомдол /хх-ийн 152-156 х/,
-2023.05.04-ний өдрийн 182/ШЗ2023/05694 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2021 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан /хх-ийн 169-190 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.ДЗ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч ДЗ-нд холбогдуулан Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
а/ Нэхэмжлэгч Э.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамыг татан оролцуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2023.03.28-ны өдөр 182/ШЗ2023/03866 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж хуульд заасан ажиллагааг явуулсан. /1 хх-ийн 84-87 х/.
б/ Гэвч нэхэмжлэгч 2023.05.18-ны өдөр хамтран хариуцагч ЗТ холбогдох шаардлагаасаа татгалзсан болно. /1 хх-ийн 196 х/
3. Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч ДЗ-нд холбогдуулан Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Миний хувьд эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бөгөөд олон улсын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан ажилтны хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг цаг тухайд нь хангалттай гүйцэтгэж ирсэн байхад ажлын байрны тодорхойлолтод заасан “мэргэжлийн шаардлага хангаагүй” гэсэн нь үндэслэлгүй.
3.2. Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “ДЗ-ны албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх тухай” удирдамжийн зорилго нь өөр байсан. Зам, Тээврийн хөгжлийн яамны зөвлөмжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах гэж тусгасан. Төрийн захиргааны төв байгууллага хүнийг ажлаас чөлөөл гэж үүрэг даалгавар өгөөгүй...
3.3.Зам, тээврийн хөгжлийн яам нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлага гаргах эрх бүхий байгууллага биш учраас “эрх бүхий байгууллага шаардсан”-аар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь нэхэмжлэгч Э.М ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь дээд байгууллагын аудитын тайлангаар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр цуцалсан ДЗ-ны даргын 2022.10.11-ний өдрийн 98 дугаар тушаал хуульд нийцсэн.
Мөн нэхэмжлэлийг дарга Э.Э-т холбогдуулан гаргасан гэж маргаж байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,
154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,
154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж тус тус заасан.
5.1.а. Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч ДЗ-нд холбогдуулан Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2022.11.09-ний өдөр гаргасан ба шүүхээс 2022.11.16-ны өдөр 182/ШЗ2022/14776 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 6-8 х/
5.1.б. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2022.11.04-ний өдөр гомдол гаргасан байна.
5.1.в. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022.11.14-ний өдөр 3/2874 дугаатай албан бичгээр “...Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт одоогоор байгуулагдаагүй байна” гэсэн хариуг өгчээ. Тэрээр энэ хариуг авснаас хойш шүүхэд 2022.11.18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 9 х/
5.2. Нэхэмжлэгч Э.М нь 2021.09.17-ны өдрөөс 2022.10.11-ний өдрийг хүртэл ДЗ-ны олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан болох нь “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 48-52, 140-141 х/, 2021.09.16-ны өдрийн 58 тоот “Ажилд түр томилох тухай” тушаал /хх-ийн 76 х/, 2021.11.30-ны өдрийн 76 тоот “Ажилд томилох тухай” тушаал, “Албан тушаалын тодорхойлолт” /хх-ийн 143-145 х/-оор тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын хувьд дүгнэлт өгөх шаардлагагүй.
5.3. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд
5.3.а. Нэхэмжлэгч Э.М нь ДЗ-ны даргын 2021.09.16-ны өдрийн 58 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалаар Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр туршилтын 3 сарын хугацаагаар томилогдож, 2021.11.30-ны өдрийн 000 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар уг албан тушаалд жинхлэн томилогдон Хөдөлмөрийн гэрээ /2021.09.16-ны 000 тоот, 2022.08.02-ны 000 тоот/-нүүдийг ажил олгогчтой байгуулан ажиллаж байгаад ДЗ-ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022.10.11-ний өдрийн 000 тоот “Э.М-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.5, ДЗ-ны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн “...ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй...” гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж ажлаасаа нь чөлөөлөгджээ. /хх-ийн 3 х/
5.3.б. Хариуцагч нь Э.М-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь дээд байгууллагын аудитын тайлангаар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр цуцалсан ДЗ-ны даргын 2022.10.11-ний өдрийн 000 дугаар тушаал хуульд нийцсэн. Мөн нэхэмжлэлийг дарга Э.Э-т холбогдуулан гаргасан гэж маргаж байна.
5.3.в. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.
5.3.г. Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:
-Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т “эрх бүхий байгууллага шаардсан”,
78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”,
80.5-д “Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно”,
- ДЗ-ны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт /хэрэгт энэ баримтыг өгөөгүй/,
-Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “Дарга нь “Хөдөлмөрийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”, холбогдох хууль тогтоомж болон энэхүү журамд нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана”,
4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Хөдөлмөрийн тухай хууль, энэ журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг өөрчлөх дуусгавар болгохыг санаачлах”,
4.2.5-д “Хүний нөөцийг төлөвлөх, ажилтнуудыг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан шаардлагад нийцүүлэн мэргэжил, боловсрол, туршлагын дагуу сонгон шалгаруулах” гэсэн заалтуудыг үндэслэжээ.
5.4. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т “эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэлийн тухайд
5.4.а.Хариуцагч нь нэхэмжлэгч Э.М-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь дээд байгууллагын аудитын тайлангаар тогтоогдсон гэсэн байх боловч энэ нь ямар үндэслэлээр хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна.
Тодруулбал, 2022.05.19-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдын “ДЗ-ны албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх удирдамж” гарчээ. /1 хх-ийн 102-103, 104 х/
Дээрх удирдамжийн зорилго нь “ДЗ-ны үйл ажиллагаа нь Далай ашиглах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль болон бусад хууль, журам, стандартад нийцэж буй эсэхэд дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, Зөвлөмж гаргаж байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино” гэжээ.
2022.05.30-ны өдөр ДЗ-ны албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн “Ажлын хэсгийн тайлан” гаргасан байх ба уг тайлангийн зөвлөмж хэсгийн 13-т “Албан тушаалын тодорхойлолтод заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа албан хаагчдыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажлаас нь чөлөөлөх, гэрээт албан хаагчдын гэрээний хугацаа дууссан бол сунгахгүй байх, сул орон тоог байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтаар нөхөх”,
14-т “Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг доголдож, ажлыг хавсран буй мэргэжилтэн нь мэргэжлийн бус, тухайн ажлын байранд заасан чиг үүргийг хангалтгүй гүйцэтгэж байгаа тул нэмэгдэл олгож буй тушаалыг хүчингүй болгож, нээлттэй сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж, хүний нөөцийн асуудал албан хаагчийг томилж ажиллуулах” гэсэн байна. /1 хх-ийн 115-118 х/
Дээрх тайланд “...Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Э.М томилогдсон зөрчил гаргасан бөгөөд албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад заасан англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн эзэмшсэн байх шаардлагад нийцсэн эсэхийг нотлох бичиг болон ажилд орох хүсэлт гаргасан өргөдөл байгаагүй..., хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж, сар бүр 30 хувийн нэмэгдэл авч байгаа боловч тухайн ажлын байранд заасан чиг үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн...” гэж байгаа боловч уг зөвлөмжийн 13, 14 дэх заалтад тусгагдсан “...мэргэжлийн бус, тухайн ажлын байранд заасан чиг үүргийг хангалтгүй гүйцэтгэж байгаа...” гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгч Э.М-ийн хувьд Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний хувьд бус хариуцагч байгууллагын даргын 2022.03.14-ний өдрийн 000 тоот “Ажил хослон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар Хууль тогтоомж, хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажлыг түр хослон гүйцэтгэж байхад нь хамаарч байна.
Түүнчлэн Далай ашиглах тухай хуулийн 5 дугаар зүйлд Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг тодорхойлжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаар Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь далай ашиглах үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, далай ашиглахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж, биелэлтийг хангуулах, Олон Улсын Далайн Байгууллагын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Олон Улсын Далайн Байгууллагад хүргүүлэх, гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх, далайн эрэг бүхий улстай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу далайн боомт ашиглах үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Иймээс хариуцагчийн эрх бүхий байгууллага шаардсан гэх тайлбар үндэслэлгүй.
5.4.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлийн тухай
Нэхэмжлэгч Э.М-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь “Албан тушаалын тодорхойлолтын маягт”-д зааснаар ДЗ-ны Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргийн хүрээнд Монгол Улсын төрийн далбааг мандуулах замаар олон улсад хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагаа явуулах болон олон улсад далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэхэд олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ажиллах талаар арга хэмжээ авах, олон улсын гэрээ, конвенц, протоколд тавигдах шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, далайн тээврийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, салбарын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой байх ба “...англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн эзэмшсэн байх” гэсэн шаардлага тавигдаагүй байна.
Хэрэгт авагдсан 2021.09.16-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолтын маягт”-ын 5-д Албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь: Боловсрол, дээд, Бакалавр болон Магистрийн зэрэгтэй байх. Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч, Мэргэшил: Олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн байхаар тусгагджээ. /1 хх-ийн 143-145 х/ .
Нөгөө талаар нэхэмжлэгч ДЗ-ны Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах тусгай шалгуурыг хангаж байсан болох нь гэрч Б.Б-гийн “...Нэхэмжлэгч нь олон жил хуульч, өмгөөлөгч хийж байсан, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай ахмад настай хүн учраас би нэхэмжлэгчийг ДЗ-нд урьж ажиллуулсан. Ажлын байрны тодорхойлолтын хувьд эрх зүйч гэдэг мэргэжлийн шаардлага хангаж байсан. Ажлын байрны тодорхойлолтоос давсан шаардлага хангаж байсан..., Нэхэмжлэгчийн хувьд эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын эрх зүйчээр мэргэшсэн байсан..., Англи хэл дээр хамтын ажиллагааны гэрээ хянуулж байсан. Англи хэлний түвшин маш сайн. Олон улсын гэрээ хянах, унших чадвартай..., Нэхэмжлэгчийг ажилд авах үед цар тахлын тухай хууль хэрэгжиж байсан. Тиймээс сонгон шалгаруулалтгүй авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 204 х/, Монгол Улсын Их сургуулийн 1987 оны 00000, 2000 оны 00000 дугаартай дипломын хуулбарууд /1 хх-ийн 233, 234 х/, Монголын хуульчдын холбооны 2014.07.07-ны өдрийн 00000 дугаартай хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /1 хх-ийн 235 х/ зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
5.4.в. Хариуцагчийн нэхэмжлэлийг дарга Э.Э-т холбогдуулан гаргасан гэх татгалзлын тухай.
Нэхэмжлэгч Э.М-ийг ДЗ-ны даргын 2022.10.11-ний өдрийн 000 тоот тушаалаар 2022.10.13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Далай ашиглах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ДЗ ажиллана” гэж заасан бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022.05.24-ний өдрийн 000 тоот “Э.Э-аар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар “...Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа ДЗ-ны даргыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилох хүртэлх хугацаанд албан үүргийг ДЗ-ны удирдлагын хэлтсийн дарга Э.Э-р 2022.05.23-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэх”-ээр шийдвэрлэжээ. /1 хх-ийн 14 х/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргах эрх бүхий субъект буюу тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Э.Э байсан байх тул шүүх 2022.11.25-ны өдөр Иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийг “ДЗ” гэж тодорхойлсон байна./ 1 хх-ийн 10 х/
Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг дарга Э.Э-т холбогдуулан гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч Э.М-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй, дээд байгууллага шаардсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд ажил олгогчийн санаачлагаар Э.М-ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э.М-ийг ДЗ-ны Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
5.6. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
5.6.а. Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг” ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.
Э.М-ийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 2,563,128 /7,689,385 : 3 сар = 2,563,128/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 119,215 /2,563,128 төгрөг : 21.5 хоног = 119,215/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /1 хх-ийн 5 х/
Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингаас тооцсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч Э.М-ийг 2022.10.11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 292 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 34,810,780 төгрөг /292 хоног х 119,215 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
5.6.б. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.
Иймд Э.М-ийн 2022.10.11-ний өдрөөс 2023.12.26-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ДЗ-нд даалгах нь зүйтэй.
6. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ДЗ-наас цалинтай тэнцэх хэмжээний олговор 34,810,780 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 332,004 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М-ийг урьд эрхэлж байсан ажил буюу ДЗ-ны Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,810,780 /гучин дөрвөн сая найман зуун арван мянга долоон зуун ная/ төгрөгийг хариуцагч ДЗ-наас гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 34,810,780 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Э.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ДЗ-нд даалгасугай.
5.Нэхэмжлэгч нь ЗТ-д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА