| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/03421/и |
| Дугаар | 182/ШШ2023/03465 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2023/03465
| 2023 12 01 | 182/ШШ2023/03465 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Н.Нарангэрэл, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Д д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,944,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,
Нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцуулан хариуцагч, иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А хариуцагч Ч.Д холбогдуулан гэм хорын хохиролд 2,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 11 цагт өөрийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн авто машинтай бөмбөгөрийн баруун талын хойшоо чиглэлтэй явж байтал 62-04 ҮБЭ улсын дугаартай Тоёота Витз маркын машин араас мөргөсний улмаас миний машины арын бупер, арын багааж, арын гэрэл хагарсан.
1.2. Тухайн жолооч нь согтуу байсан бөгөөд миний бие болон машинд 2,944,000 төгрөгийн хохирол учирсан. Задруулбал авто машины техникийн эвдрэл гэмтэл Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 2,640,000 төгрөг, үнэлгээний төлбөр 164,000 төгрөг, толгойн томографикийн зураг авахуулахад 140,000 төгрөг, нийт 2,944,000 төгрөг болсон. Нэхэмжилж буй нийт үнийн дүнг нэхэмжлэгч бүрэн өөрөөсөө гаргаад төлсөн.
1.3. Хариуцагч Ч.Д уулзаж ярих гэсэн боловч үргэлж зугтаж бас утсаа тасалдаг байсан. Гэрийнх нь хаягаар олон удаа очсон боловч гарч ирчихээд шууд орчихдог, эсхүл зугтаадаг, шүүхдээд аваарай гэсэн байдлаар хандсан байгаа. Иймд 2,944,000 төгрөгийг Ч.Д гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ч.Д хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх-2/
- Итгэмжлэл /хх-3/
- Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-5/
- Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-6/
- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 7-8/
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 9/
- Холбогдох жолоочийн мэдээлэл /хх 10/
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/
- Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 12/
- 3053 УАР Улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 14/
- Тархины MRI зураг хийлгэсэн төлбөр төлсөн баримт /хх 14/
- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, үйлчилгээний төлбөрийн баримт /хх15-17/
- Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0003624 дугаар Шийтгэлийн хуудас /хх 18/ зэрэг баримтууд өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1.1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ч.Д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ч.Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний машины араас мөргөж хохирол учруулсан. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 2,640,000 төгрөгийн хохирол учруулсан. Үнэлгээний компанид ажлын хөлсөн 164,000 төгрөг төлсөн. Мөн толгойдоо гэмтэл авсан эсэхийг шалгуулахаар толгойн томографикийн зураг 140,000 төгрөгөөр авахуулж, нийт 2,944,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагчид нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” энэхүү үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хариуцагч Ч.Д нь Тоёота Витз маркын 62-04 УБЭ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо, Бөмбөгөрийн урд замд Тоёота Акуа маркийн 3053 УАР улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, түүнд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
3. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
4. Хариуцагч Ч.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.А-ийн өмчлөлийн Тоёота Акуа маркийн 3053 УАР улсын дугаартай автомашинд 2,640,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нотлогдож байна.
5. Нэхэмжлэгч Д.А нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Ашид билгүүн ХХК-д үнэлгээ гаргасан ажлын хөлс 164,000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зохицуулсан.
Хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд автомашинд учруулсан бодит хохирлын хэмжээ болох 2,640,000 төгрөг, үнэлгээ гаргасан ажлын хөлсөнд төлсөн 164,000 төгрөг, нийт 2,804,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч толгойн томографикийн зураг авахуулахад гарсан зардалд 140,000 төгрөг нэхэмжилсэн.
Осол болсон цаг хугацаанд эрүүл мэндэд учирсан сөрөг үр дагаврын талаар эрүүл мэндийн байгууллагад нэхэмжлэгч хандаагүй, толгойн томографикийн зураг зайлшгүй авахуулах нөхцөл байдал бий болсон гэх үйл баримтгүй, ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс толгойн томографикийн зураг авахуулахад гарсан зардал 140,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
8.Томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Б “ээлжийн ажилтай ээлж солигдсон тул очиж амжихгүй болсон” талаар шүүхэд мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул түүний хүсэлтээр хэргийг шийдвэрлэх үндэстэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 2,804,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,814 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Д-оос гэм хорын хохиролд 2,804,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Д-оос 59,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.08.25-ны өдөр төлсөн 62,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА
ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ
О.ЦЭНД-АЮУШ