2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/227

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Л.Онцгойгэрэл,

Улсын яллагч: С.Ууганбаяр,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502006570402 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа буюу 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээн дэх фейсбүүк орчинд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар "...10 сарын 01-нд өдөр Монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг амьдаар нь шатаая, муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад муу лалрууд одоо нөгөө бензинийг нь өгөөхөө больчихно.......10 дугаар сарын 01-нд гараад ир муу гөлөгнүүдийг бууз шиг чимхэж байгаад жигнэж идье... ... 10 сарын 01-нд бүгдээрээ талбай дээр цуглая муу пиздануудыг чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Одоо бол пизда одоо Хүрэлсүхээ гөлөг минь 10 дугаар сарын 10-нээс өмнө юм хийхгүй бол би цааш нь харуулна шүү муу пязда минь чамайг хөлөөс чинь дүүжлээд ингээд Сүхбаатарын тэр гараа өргөчихсөн байгаа дээрээс ингээд дүүжлээд доошоо харуулаад муу пизда минь хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд гөлөг минь амьдаар чинь хатааж ална шүү...... Энэ хүмүүс 10 сарын 01-нд өдөр нээрээ энэ залууг хүлээгээд үзвэл юу болох бол гээд айна гөлөгнүүд минь. 10 сарын 01-нд цааш нь харуулна шүү муу лалрууд минь...... Тэгээд энэ гөлөгнүүддээ 10 сарын 01-нд бүгдээрээ хариуцлага тооцъё..." гэх дүрс бичлэгийг удаа дараа шууд дамжуулсан (Live хийсэн) нь террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан,

Мөн шүүгдэгч *** нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны 16А гудамжинд "Тоёота Приус" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Миний хувьд 9 дүгээр сарын 05, 06, 07-ны өдрүүдэд гадаад орны буюу Непал Улсын аймшигт бослого үймээний лайв, бичлэг улс даяар цацагдсан. Үүнийг Улсын эрх бүхий алба хашиж байсан Гүндалай мэт хүмүүс Непалдъя гэж бослого үймээнд уруу татаж хийж байсан лайвыг үзээд, 7 дугаар сарын 01-ний өдрийн аймшигт үйл явдал харж байсан хүний хувьд залуучуудыг тийм зүйлд битгий ороосой, бодлогогүй үйлдэл хийж, асуудалд оруулахгүй байх үүднээс миний бие лайв хийж жагсаал цуглааныг хамаагүй хийж, бусдын өмч хөрөнгийг сүйтгэж болохгүй гэх байдлаар хийсэн. Үнэхээр жагсмаар байгаа бол 10 дугаар сарын 01-ний өдөр залуучуудаа цай, сүүгээ бариад тайван замаар жагсъя, улс төрийн хүмүүст үзэл бодлоо илэрхийлье гэж 01 цаг 40 минутын лайв хийсэн. Прокурорын яллах дүгнэлт дээр миний хурц, тод үг хэлсэн үйлдлийг түүж авч терроризм үйл ажиллагаа явуулсан гэж тусгасан байсан. Миний санаа зорилго бусдыг зөв байгаасай гэж бодож лайв хийсэн. Би гэм буруу дээрээ маргахгүй байна”  гэв.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Э.Алтанхуягийн 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Ерөөсөө Хүрэлсүх ээ лалраа, муу гөлөг пизда, чи ер нь нөхцөл байдлыг ийм байдал руу чирсэн хүн өрх гэрийн эцэг хүн чи байхгүй юу пизда, үзүүлж харуулж байгаа юмнуудаа анхаарахгүй залуучуудынхаа ёс суртахуунд пизда түй хийж байгаа юм байхгүй хоорондоо пизда идэж уучихсан нохой шиг ингээд булаацалдахаас өөр эрдэм чадал байхгүй гөлөгнүүдийг дуугүй болчихно..... 10 сарын 01-нд Монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг амьдаар нь шатаая, муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад муу лалрууд одоо нөгөө бензинийг нь өгөхөө больчихно доо. ...10 сарын 01-нд бүгдээрээ талбай дээр цуглая муу пиздануудыг чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Одоо бол пизда одоо Хүрэлсүх ээ гөлөг минь 10 сарын 10-нээс өмнө хийхгүй бол би цааш нь харуулна шүү муу пизда минь чамайг, хөлөөс чинь дүүжлээд ингээд Сүхбаатарын тэр ингээд гараа өргөчихсөн байгаа дээрээс ингээд дүүжлээд доошоо харуулаад муу пизда минь хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд гөлөг минь амьдаар чинь хатааж ална шүү пизда минь..." гэжээ /хх 1-н 11-41/,

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад С. Өлзийбаярын 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ...Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: "... Тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалгыг онгойлгон урд хэсэгт үзлэг хийхэд голын хайрцагт дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, савны дээд хэсгээс буюу хажуу талаас цоолж мөнгөн дэвсгэрт хөндлөн цоолж, мөнгөн дэвсгэртийн төгсгөл хэсэгт мөнгөлөг цаасаар жижиг тогоо хийж, тогооны дотор хэсэгт шатсан ургамал мэт зүйл байсныг 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд зүүн урд талын сандлын доор шалавчны хэсэгт цагаан өнгийн хуванцар тортой өвс, ургамал мэт зүйл байсныг 2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав..." гэжээ. /хх 1-н 56-64/,

Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/336 дугаартай "...*** нь 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ***фейсбүүк хуудаснаа хийсэн лайв бичлэгтээ ...2025 оны 10 дугар сарын 01-ний өдөр гөлөгнүүдийг төв талбайд гаргаж ирж байгаад банзадна гэсэн зорилго дээрээ л бүгдээрээ нэгдэцгээе, бүгдээрээ Монгол Улсаа өерчилцгөөе. Чихдэж гаргаж ирж байгаад талбайн голд гаргаж ирээд өгзгийг нь банздах хэрэгтэй. Гомо лалруудын бөгс рүү нь ганж чихэх хэрэгтэй. 10 сарын 01-нд очихоос өмнө далд орчихсон байвал амьд үлдэцгээ..., мөн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн лайв бичлэгтээ ...болгоомжтой бай, иргэншлийн мөргөлдөөн үүсэх гэж байна. Дотоодод байгаа пязда нарыг бүгдийг нь цэгцэл, дэгэнд нь оруулалдаа чи, бүх цэргийн жанжин ш дээ чи, юу хийгээд сууж байгаа юм, гөлөгнүүдэд дээрэлхүүлээд, болохгүй шүү. Бүх генералуудаа дуудаад, урвагч нохдуудыг толгой дараалан илрүүлэлдээ, юу хийгээд байгаа юм, амь насанд чинь халдах нь, болгоомжтой бай Хүрэлсүхээ, ар урдхаа анхаарах хэрэгтэй, идэж ууж байгаа хоолондоо анхаар, наад пяздакууд чинь яаж ч магад шүү, одоо болгоомжтой хандаж байж хариугаа авах ёстой.......2025 оны 9 дүгээр сарын 13-ны хийсэн лайв бичлэгтээ ... 10 сарын 04-ний өдөр уулзъя. Яах уу нь яах вэ, бүгдээрээ талбай дээр цуглая. Муу пяздануудыг чихдэж гаргаж ирж байгаад алахыг нь алъя. Хүрэлсүхээ гөлөг минь 10 сарын 01-нээс өмнө юм хийхгүй бол би чамайг цааш нь харуулна шүү пязда минь. Хөлөөс чинь дүүжлээд тиймээ, тэр Сүхбаатарын гараа өргөчихсөн байгаа дээр дүүжлээд, доош нь харуулаад тийм ээ. Хамаг цусыг чинь тархи руу чинь юүлээд, амьдаар чинь хатааж ална шүү..." гэх албан бичиг, лавлагаа /хх 1-н 100-102/,

Гэрч *** (Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны ахлах референт)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ер нь бол улс төрийн үйл ажиллагаа явуулж буй төрийн өндөр албан тушаалтны амь биед заналхийлэх нь улс төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зарчмыг алдагдуулна. Улмаар нийтийн тогтворгүй байдал бий болох цаашид Үндэсний эв нэгдэл бусниулж, үндэсний аюулгүй байдал алдагдахад хүргэдэг. ... Цахим сүлжээгээр олон нийтэд төрийн өндөр албан тушаалтанд илт заналхийлж олон нийтийг төөрөгдүүлж улмаар бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах нь үндэсний эв нэгдлийг хангахад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл юм. Энэ талаас нь авч үзвэл Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой юм..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 113-114/,

Гэрч *** (Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шинжээч-эрүүгийн мөрдөгч)-гийн "... Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт БНСУ-ын Жи Эм Ди софт ХХК-ийн төхөөрөмж байдаг. Тус төхөөрөмжийг ашиглан гар утсанд агуулагдаж буй мэдээллүүд дээр үндэслэн магадалгаа гаргадаг. Самсунг S20 маркийн гар утас байсан ба ямар нэгэн нэвтрэх кодгүй, өөр дээрх мэдээлэл нь устгагдаагүй байсан....Мессенжерээр ***ийн лайв бичлэгтэй холбоотойгоор иргэд дэмжиж холбогдож байсан. Мөн *** ...10 дугаар сарын 01-ний өдөр 126 гуйлгачдыг чирч гаргаж ирье... гэх утгатай лай бичлэгийг хийж бусдыг уриалсан байдалтай байсан. Мөн *** нь өөрийн "Хөх Монгол" нэртэй фейсбүүк хаягаар дамжуулан ихэнх найзууд руугаа төр засгийн бодлогыг эсэргүүцсэн агуулгатай зурвас илгээсэн байсан.... Иргэдийн зүгээс лайк дарах, Ховд аймгаас нэгдэх, зарим нэг нь ***той холбогдож 10 дугаар сарын 01-ний өдрийн жагсаалд оролцохоо илэрхийлсэн байсан. ***той фейсбүүкээр харьцсан хүмүүсийг тогтоох боломжгүй мэдээлэл нь хязгаарлагдмал байсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 117-119/,

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ***гийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн5 “...6.SM-G781N модель дугаартай Samsung galaxy S20 FE маркийн гар утасны Messenger хэсэrr Amgaa тодоо гэх ... фейсбүүк хаягтай харилсан захидалд яриа, бичигдсэн байна. Онцлог. Найз нь 10 сарын 1-нд энэ Ховдыг босгох гээд байж байна Баруун таван аймгийг 126 хулгайчаас мэдлийг нь салгаж аваад би өөрөө удирдлагадаа шилжүүлж авдаг юм билүү гээд. Одоо ер нь мянгатын залуучууд бүгд босно гэсэн гэх. 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн захидлын 1:58 минутын voice хэсэгт 23 секундэд: 10 сарын 1-нд миний хөгшин наашаа Ховд руу ирж оролцвол оролцож болно шүү за за өөрөө л мэд тэр Дундговь та нар нэг босгооч 10 залуу цуглуулж байгаад энэ лалруудаас мэдлээ булааж авъя гэх дуу хоолойг хүргэсэн байна. 7.SM-G781N модель дугаартай Samsung galaxy S20 FE маркийн гар утасны Messenger хэсэгт нэвтэрч ороход Давааням Цогтбаатар гэх фейсбүүк хаягтай ...захидалд Би дараа хугацаа заана талбай дүүргэхэд туслаарай гэх жагсаал цуглаантай холбоотой байж болзошгүй мэдээллийг хүргэсэн байна” гэх магадалгаа /хх 1-н 138-139/,

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч А.Учралын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: "...нэртэй дүрс бичлэгүүд байх ба тухайн дүрс бичлэгүүдэд *** нь ганцаар машин дотор хийх шууд бичлэгүүд дүрслэгдсэн байна. Тухайн дүрс бичлэгүүдээр ***ийн ярьж буй яриа нэг бүрийг текст хэлбэрт буулгаж, үзлэгийн тэмдэглэлд хавсаргав. ***ийн цахим хаягт дээрх дүрс бичлэгүүд хадгалагдсаар байгаа эсэхийг тогтоох зорилгоор түүний ***нэртэй фейсбүүк цахим хуудсыг шалгаж, үзлэг хийхэд ***нэртэй 11.000 дагагч, 286 хүн дагадаг хуудас байх ба тухайн хуудасны дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургаар харуулав. ...Тэрээр 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийтлэгдсэн дүрс бичлэгийг устгасан байна..." гэх тэмдэглэл /хх 1-н 140-250, 2-н 1-11/,

"Тоёота Приус" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: "...Тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалгыг онгойлгон урд хэсэгт үзлэг хийхэд голын хайрцагт дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, савны дээд хэсгээс буюу хажуу талаас цоолж мөнгөн дэвсгэрт хөндлөн цоолж, мөнгөн дэвсгэртийн төгсгөл хэсэгт мөнгөлөг цаасаар жижиг тогоо хийж, тогооны дотор хэсэгт шатсан ургамал мэт зүйл байсныг 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд зүүн урд талын сандлын доор шалавчны хэсэгт цагаан өнгийн хуванцар тортой өвс, ургамал мэт зүйл байсныг 2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав..." гэжээ /хх 2-н 113-121/,

***ийн биеэс биологийн дээж (шээс) авч, мансууруулах сэтгэцэд нелеет бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай: “...ТНС гэсэн баганад 1 зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-н 122-123/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээч Ж.Доржбатын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 6469 дугаартай дүгнэлтэд:  "...Шинжилгээнд ирүүлсэн *** 2025.9.14 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн *** 2025.9.14 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецын ІІ жагсаалтад багтдаг болно..." гэжээ /хх 2-н 134-137/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээч Д.Золзаяагийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 6467 дугаартай дүгнэлтэд: "...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ХТТГ-н 305 х/ч Г.Мөнхдаваа гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, хуйлж ороосон АХ9864382 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.... гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 154.0 г, цэвэр жин 120.9 г байна” гэжээ /хх 2-н 141-146/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 976 тоот дүгнэлтэд: “...*** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ...хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-н 153-154/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 10, 112/,

- Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Э.Алтанхуягийн 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 1-н 42-55/,

- Гар утас хураан авсан тэмдэглэл /хх 1-н 67-70/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 71-76/,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 140-250, 2-н 1-11/,

-  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-20/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 50-57, 68-95, 97-99, 2-н 184-189, 191-195, 214-227/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх 2-н 125/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх 2-н 156-158/,

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 2-н 231-232/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч ***ийн 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд өөрийн цахим сүлжээнд Live хийсэн үйлдлийг “өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар... гэж үзэн Террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан...” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй….” гэж хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталан хуульжээ.

Мөн Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар хайх, хүлээж авах, түгээх эрх чөлөө багтана.” гэж,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр үзэл бодоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл “Гэм буруугийн зарчим” 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага..” гэж хууль болон олон улсын гэрээнд тус тус заасан байна.

Шүүгдэгч *** нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээн дэх фейсбүүк орчинд бичлэг хийсэн ба дээрх бичлэгт хэлэгдсэн үгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлд зааснаар ялласан байна.

Хүний итгэл үнэмшил, үзэл бодлыг хуулиар эсхүл бусад хэм хэмжээгээр зохицуулахгүй бөгөөд хүний толгойд төрөх бодлыг удирдах, хянахыг ямар ч этгээдэд хориглоно. Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг туйлын эрх тул түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй.

Хүнийг өөрийн үзэл бодлоо цахим хэрэгслээр дамжуулан бусдад илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг Эрүүгийн хуулиар хориглосон ба шүүгдэгч ***ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үнэлт дүгнэлт өгч шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой ба хавтаст хэрэгт авагдсан болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Террорист үйл ажиллагаа гэдэг нь хүмүүсийг айдаст автуулах, төр засаг эсвэл нийгмийг хүчээр шахах зорилгоор санаатайгаар хүчирхийлэл, халдлага, заналхийлэл хийх үйлдлийг ойлгоно.

Террорист үйл ажиллагаа нь жишээлбэл олон нийтийн газар халдлага хийх, бөмбөг дэлбэлэх, хүн барьцаалах, аллага, буудлага зохион байгуулах, террорист бүлгийг санхүүжүүлэх хэлбэрээр илэрч болно.

Мөн Террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төр, олон улсын байгууллагаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардаж хүн амыг айдаст автуулах, хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах талаар бусдыг чиглүүлсэн, ятгасан байхыг,

Бусад этгээдийг хатгасан гэж террорист үйл ажиллагаа явуулахад бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан байхыг тус тус ойлгоно.

Хэдийгээр шүүгдэгч нь цахим хэрэгсэл ашиглан өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ хараалын үг ашиглан, жагсаал цуглаан хийх ...бусдыг доромжилсон өнгө аяс гаргасан боловч өөрийн үзэл бодлоо илэрхийлснээс өөр байдлаар террорист үйл ажиллагааг уриалсан, бусдыг хатгасан бодитой, идэвхтэй үйлдэл хийгээгүй ба зөвхөн түүний хэлсэн, ярьсан үгэнд үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь шударгас ёсны зарчим болон Монгол Улсын Үндсэн хууль, олон Улсын гэрээ, конвенцод харшлах, холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлах нөхцөл байдал бий болохоор байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны 16А гудамжинд "Тоёота Приус" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

1.2  Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мансууруулах бодис хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны 16А гудамжинд "Тоёота Приус" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “01 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 01 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутанд хийсэн ногоон өнгийн 120.9 грамм ургамал мэт зүйл, хуванцар савтай шингэн зүйл, мөнгөлөг цаас зэрэг эд зүйлийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- АХ9864382 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Самсунг Галакси Эс-20 загварын гар утсыг шүүгдэгч ***т буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Самсунг Галакси Эс-20 загварын гар утсыг шүүгдэгч ***т буцаан олгож,

- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутанд хийсэн ногоон өнгийн 120.9 грамм ургамал мэт зүйл, хуванцар савтай шингэн зүйл, мөнгөлөг цаас зэрэг эд зүйлийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- АХ9864382 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгасугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР