Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2023/03466

 

 

                                                                                                     

 

 

 

 

               2023        12        01

182/ШШ2023/03466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.М- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Г -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Ж.М хариуцагч Ц.Г холбогдуулан 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ж.М миний бие 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулан Тоёота приус маркийн 0835 ДГН улсын дугаартай, суудлын авто машиныг 8,500,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Ц.Г-г мөнгөний боломж муу байна, 8,150,000 төгрөгийг төлье, үлдэгдэл 350,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгье гэж хэлдэг боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байгаад гомдолтой байна.

1.2. Би нөхөргүй бөгөөд хариуцагчийн “манай нөхөр машинаа хямд зарсан байна нэмж 500,000 төгрөг өг” гэх тайлбар худал юм. Мөн надад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр өгсөн гэж худал ярьж байна. Би Дорноговь аймагт байнгын оршин суудаг. Яаж 8 дугаар сарын 10-ны өдөр аймагтаа байсан бэлэн мөнгө авсан байх боломжгүй.

 1.3. Иймээс Ц.Г-оос 350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.Г-г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие Ж.М гэх этгээдээс 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг 8,500,000 төгрөгөөр худалдан авсан ба энэ талаар маргах зүйлгүй.

2.2. Тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөгийн 8,000,000 төгрөгийг эхнэр Д.Б-ийн Хаан банкны 503228683 дугаарын данснаас Ж.М-ын 5400145323 дугаарын данс руу шилжүүлж, 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.М-ын хүсэлтийн дагуу бэлнээр гаргаж өгсөн. Бэлнээр гаргаж өгөхдөө өөрийн төрсөн дүү Б.М-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн орлогоос тухайн өдрөө түүнд бэлнээр өгсөн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно.

2.3. Худалдах худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх, нөхцөл хугацаа: төлбөр бүрэн төлсөн буюу гэрээний үнэ бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээнээс харж болно. Нэхэмжлэгч Ж.М нь гаргасан нэхэмжлэлдээ тээврийн хэрэгслийн үнэд 8,150,000 төгрөгийг өгсөн гэж дурдсан байна. Гэтэл миний бие 150,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5084624797 дугаарын тоот данснаас Ж.М дээрх дансны дугаар руу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлдэг. Миний зүгээс 150.000 төгрөгийг шилжүүлэх болсон шалтгаан бол нэхэмжлэгч гэх М нь гэрээ хийгдэж тээврийн хэрэгслийн нэр шилжсэний дараа надтай холбогдож “манай нөхөр машинаа хямд зарсан байна нэмж 500.000 төгрөг өг” гэх зүйлийг хэлдэг бөгөөд миний зүгээс гэрээний үнэ болох төлбөр бүрэн төлж дууссан нэмж мөнгө өгөх боломжгүй гэдэг хариу өгдөг. Харин тэр цагаас хойш нэхэмжлэгч гэх М нь утсаар хүн доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн ба миний зүгээс хэл амтай машин аваад яахав гэж бодоод гэрээний үнээс гадна түүнд 150.000 төгрөг шилжүүлсэн. Дээрх байдлаас үзэхэд тухайн этгээд нь анхнаасаа тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн тодорхой хэсгийг бэлнээр авсан нь ийм учиртай бөгөөд бэлнээр авсан 500.000 төгрөг нотлогдохгүй гэж ахар бодсон нь харамсалтай. Эцэст нь дүгнэж хэлэхэд миний бие гэрээний үүргээ биелүүлээгүй гэхээс илүүтэй нэхэмжлэгч гэх Ж.М нь гэрээний нөхцлөөс гадуур хууль бус аргаар бусдаас тодорхой мөнгө нэхэж авсан үйлдэл нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч Ж.М гэх увайгүй этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн энэхүү тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд дэмжиж оролцсон болно.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх 2/

3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/

3.3. Худалдах худалдан авах гэрээ /хх 4-5/ зэрэг баримтууд болно.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хаан банкны дансны хуулга /хх 13-15/

4.2. Итгэмжлэл

4.3. Түрээсийн гэрээ

4.4. Хар дэвтрийн 2 хуудас хуулбар хувь /шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судалсан/ зэрэг баримтууд.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь Ж.М нь автомашин худалдах худалдан авах гэрээний үүргээс 350,000 төгрөгийг хариуцагч Ц.Г биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч нь автомашин худалдах худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үнийн дүн дээр нэмж мөнгө нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Ж.М Ц.Г нар нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Ж.М нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл буюу 0835 ДГН улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц.Г нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг буюу 8,500,000 төгрөгийг төлж, худалдан авсан тээврийн хэрэгслийг хүлээн авах үүрэг хүлээсэн байна.

 

2.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээг байгуулсан үйл баримтад маргахгүй, харин гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх талаар маргаж байна.

 

3. Дээрх гэрээний дагуу  хариуцагч Ц.Г нь 8,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч Ж.М-д төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, иргэн Д.Б-ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т төлбөр бүрэн төлөгдсөн гэж заасан байх хэдий ч энэхүү гэрээг байгуулах үедээ хариуцагч Ц.Г нь 500,000 төгрөгийг төлөөгүй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчаас нотлох баримтаар шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судлуулсан хар дэвтэрч бичигдсэн “8 сар 10нд машин-500,000 данс” гэх тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Учир нь хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг Ж.М-ын хүсэлтээр түүнд бэлнээр өгсөн гэж тайлбарлаж, үүнийгээ нотлох зорилгоор дээрх хар дэвтрийг шинжлэн судлуулсан болно.

 

Мөн нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг бид 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлнө гэж тохиролцсон гэж тайлбарласныг хариуцагчаас үгүйсгээгүй болно.

 

5. Дээрх 500,000 төгрөгөөс хариуцагч Ц.Г 150,000 төгрөгийг төлсөн болох нь түүний Хаан банкны 5048624797 дугаар дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд тэрээр М гэх утгаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөгийн зарлага хийсэн, энэхүү гүйлгээ нь нэхэмжлэгчийн данс руу хийгдсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

 

6. Түүнчлэн хариуцагч Ц.Г нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 500,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод нэхэмжлэгч Ж.М-д бэлнээр өгсөн, энэ нь хар дэвтрээр нотлогдоно, тус өдөр дансаар шилжүүлсэн 150,000 төгрөг нь Ж.М-ын  “манай нөхөр машинаа хямд зарсан байна нэмж 500.000 төгрөг өг” гэж шаардсанаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч хавтаст хэрэгт цугларсан баримтаар энэхүү нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хар дэвтрийг нотлох баримтаар шинжлэн судлахад “8 сар 10нд машин-500,000 данс” гэх тэмдэглэл бичигдсэн байгаа нь нэхэмжлэгч Ж.М-д 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Ж.М-ын “хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр аваагүй, Дорноговь аймагт байнгын оршин суудаг. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аймагтаа байсан” гэх тайлбар түүний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний төлбөр 350,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

7. Иймд шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан хариуцагч Ц.Г-с 11,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.10.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Г-оос тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Г-оос 11,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгож, нэхэмжлэгчээс 2023.10.06-ны өдөр төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.АЗЗАЯА