| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/04501/и |
| Дугаар | 182/ШШ2023/03377 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2023/03377
| 2023 11 27 | 182/ШШ2023/03377 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж.Х, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Х нь Дун өргөө ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Ж.Х нь Дун-Өргөө ХХК-ийн Өргөө зочид буудлын ресейпшнээр ажиллаж байгаад 2023 оны ээлжийн амралтыг 2023 оны 8 дугаар сард эдэлж байсан. Гэтэл тус компанийн захирал Г.З нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №23/17 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байна. Намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан болох тухайн ажлыг гүйцэтгэхэд хувь хүний ур чадвар хангалтгүй, зочид буудлын орлогын валютыг дур мэдэн солиулан өөрийн данснаасаа төлбөрийг уншуулсан гэх зөрчлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.2. Мөн ээлжийн амралтаа эдэлж байх үед урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байгаа нь ажилтан миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Дун-Өргөө ХХК-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байдаг эсэх талаар би мэдэхгүй бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр удирдлагатай уулзаад шийдвэрлэж чадаагүй болно. Миний бие ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд хандана уу гэсэн хариуг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан. Ажил олгогч намайг буцаан ажилд авна гэсэн боловч үйлчлэгчээр авна гэсэн учир тохиролцоогүй.
1.3. Намайг ажлаас чөлөөлсөн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23/17 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2., 80.1.5.-ийг үндэслэл болгосон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа бол энэ тухай өмнө нь надад анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж хуульд заасан байхад нэг ч удаа надад ур чадвар хангалтгүй байгаа тухай хэлж ярьж байгаагүй. Байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гаргах ёстой байтал ямар ч тийм зүйл болоогүй, хийгдээгүй, ур чадварын шалгалт аваагүй болно.
1.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэжээ. Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог. Гэтэл буудлын ресейпшний ажлыг ээлжээр гүйцэтгэж байсан намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасан зөрчил гаргасан гэж байгаа нь явар ч үндэслэлгүй. Хэрвээ би эрх бүхий албан тушаалтан байгаад дээрх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4,-д заасан Сахилгын зөрчил гаргасан эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Учир нь зочид буудлын орлогын валютыг дур мэдэн солиулан өөрийн данснаасаа төлбөрийг уншуулсан гэх явдал нь 2022 оны зуны сүүлээр болсон явдал бөгөөд байгууллагад ямар ч хохирол учраагүй.
1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Ажил олгогч Дун Өргөө ХХК-ийн зүгээс надад ямар ч мэдэгдэл өгөөгүй бөгөөд ээлжийн амралт эдэлж байх хугацаанд ажлаас халчихсан байсан. Иймд намайг Дун Өргөө ХХК-ийн Өргөө зочид буудлын ресейпшний ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Ж.Х-г ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас өмнө ажилд нь эргүүлэн авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд оролцохдоо мөн дээрх байдлаа давхар илэрхийлсэн. Гэхдээ энэ хүний ажиллаж байсан ажлын байр нь гүйцэт байгаа учраас мөн адил цалинтай ажлын байраар хангаад явах боломж байна. Эсвэл хүлээнэ гэвэл хүлээж байгаад ажилдаа орох боломжууд байна гэдгийг давхар сануулж хэлсэн.
2.2. Ер нь гаргасан тушаалтай холбоотойгоор тухайн хүн дээр ажлаас чөлөөлж байгаа учраас энэ хүнд тэтгэмж өгөх талыг барьж, хөдөлмөрийн хуулийг мэдэхгүйгээс алдаа гарсан байна. Ер нь бол тэтгэмж олгох үүднээс шийдвэр гаргасан. Тушаал гарах үед хоёулаа уулзаад сууж байхдаа тушаалыг нь танилцуулаад яг ажилдаа орно гэх юм бол би тушаалаа аваад үргэлжлүүлээд ажилд тань оруулна. Ажилдаа эргэн орохгүй гэвэл тушаалаа аваад ийм ийм нөхцөлтэй гэдгийг хэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тэтгэмж олгогдсон гэдгийг бүрэн мэдсэн. Түүнээс хойш 09 дүгээр сарын 02-ны өдөр бүх ажилчид дээр ажлын байрны тодорхойлолт, дүрэм журам, хариуцлагаас эхлээд бүх зүйлийг ярих болсон учраас энэ хурал дээр ирээрэй гэдгийг давхар хэлсэн. 2023 оны 09, 10 дугаар саруудад хариуцагчийн зүгээс энэ хүнийг ажилгүй байлгаад байгаа гэхээс илүүтэйгээр маргаан таслах комисс болон шүүхийн хугацаа орж байгааг тооцоод 9, 10 дугаар сарыг ажилгүй байсан хугацаа гэж үзээд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөөд мөн Ж.Х-ийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо гарсан байгаа учраас эгүүлэн авахад ямар ч асуудал байхгүй. Ж.Х нь өнөөдрийн байдлаар 800,000 төгрөгийн цалин хөлс авч байгаа. Энэ хугацаанд эдгээр ажилтнууд дээр маш их алдаа байсан. Тэр бүрийг зөрчил болгоод, шийтгэл ногдуулж байсан зүйл байхгүй. Байгууллагын хэмжээнд хариуцлагыг сайжруулах ёстой. Аливаа ажилтныг ажилдаа ур чадвартай байх ёстой, илүү хичээнгүй байх ёстой, илүү хариуцлагатай байх ёстой гэдэг асуудлыг ярьсаар ирсэн. Ажилдаа орж болно гэдгийг би энэ хүнд удаа дараа хэлсээр байсан. Надад бол маргалдах шаардлага байхгүй. Энэ хүн ажилдаа орно гэвэл ажлын байр нь бэлэн байгаа. Шүүхээс хэрхэн тогтооно тэр хэмжээгээр нь ажилласан хугацааны тэтгэмжийг нь олгоод, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал засварлаж болж байна. Би тайлан засварлуулах хүсэлтээ өгье гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Дун өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/17 дугаар Ж.Х-ааг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 4/
3.2. Дун өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21/47 дугаар ажилд томилох тухай тушаал /хх 5/
3.3. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар хуралдааны шийдвэр /хх 11-13/
3.2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 32/ зэрэг баримтууд болно.
4.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч Ж.Х нь шаардах эрхийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлсөн гэж тодорхойлж байна.
1.2. Хариуцагч Дун өргөө ХХК нь Ж.Х-г ажилд эгүүлэн авах боломжтой, хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдэж байх учир шүүхээс тогтоосон хэмжээнд цалин хөлс олгоно гэж тайлбарлаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Дун өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21/47 дугаар тушаалаар Ж.Х-г Дун өргөө ХХК-ийн Өргөө зочид буудлын ресейпшнээр ажилд томилсон байна.
2.2. Улмаар гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/17 дугаар тушаалаар Ж.Х-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5-д заасан цуцалсан байна.
2.3. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.
Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/17 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
3. Хариуцагч Дун өргөө ХХК нь Ж.Х-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл буруу буюу ажилтанг ажлаас чөлөөлөхдөө тэтгэмж олгох үүднээс тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5-д зааснаар гаргасан, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авахад маргах зүйлгүй, ажлын байр байгаа гэж нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгчид 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдсаны тэтгэмж 800,000 төгрөгийг ажил олгогч буюу Дун өргөө ХХК-иас олгосон, нэхэмжлэгч Ж.Х-ийн сарын цалин 800,000 төгрөг болоод нэхэмжлэгчийн ажлын цаг 24/48 цаг болох талаар талууд маргаагүй.
Шүүх нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд талуудын маргаагүй үйл баримтын талаар үнэлэлт өгөх шаардлагагүй.
Иймд нэхэмжлэгч Ж.Х-г Дун өргөө ХХК-ийн Өргөө зочид буудлын ресейпшний ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
4. Харин Дун өргөө ХХК нь ажилдаа орохыг зөвшөөрч байхад орохгүй хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд хандаж хугацаа алдсан учир ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин олгох эсхүл шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө мэтгэлцэж байна.
Өөрөөр хэлбэл талууд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэдий хугацаанд төлөх талаар маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөр дуусгавар болгон нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу дундаж цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байсан гэж тайлбарласан бөгөөд чухам амарч эхэлсэн хугацаа, ээлжийн амралтын олговрыг хэзээ авсан зэрэг нь тодорхойгүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2023 оны 4, 5, 6 сарын дундажаар тооцоход гурван сард нийт 2,680,000 төгрөгийн цалин авч, ажиллажээ.
Нэхэмжлэгчийн ажилласан 2023 оны 4, 5, 6 саруудад авсан нийт цалин хөлсний нийлбэр 2,680,000 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин хөлс 893,340 төгрөг байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн нэг сарын дундаж ажлын өдөр болох 10 өдрөөр тооцох /893,340 : 10/-од нэг өдрийн дундаж цалин хөлс 89,334 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 89,334 төгрөгийг түүний ажилгүй байсан бүх хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 29 ажлын өдрөөр тооцоход 2,590,686 төгрөг байна.
Үүнээс ажил олгогчоос ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 800,000 төгрөгийг хасаж нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,790,686 төгрөгийг хариуцагч Дун өргөө ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ж.Х-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг ба нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,790,686 төгрөгийн нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 43,600.98 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Х-г Дун өргөө ХХК-ийн Өргөө зочид буудлын ресейпшний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 1,790,686 төгрөгийг хариуцагч Дун өргөө ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-д олгож, Ж.Х-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Дун өргөө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43,600.98 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА