Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2023/03352

 

 

 

 

 

 

 

 

2023 11 23 182/ШШ2023/03352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байр, 119 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоот 59 дүгээр гудамж, 753 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ХК86102802/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч С.*******

Гэрч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Баярзаяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2022 оны 08 дугаар сард хариуцагчид өөрийн өмчлөлийн УБС улсын дугаартай приус 20 маркийн 2010 онд үйлдвэрлэж, 2015 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг амаар хэлбэрээр нийт 16,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Тухайн үед хариуцагч 3,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг 3 хоногийн дотор төлнө, мөнгөө бүрэн төлсний дараа нэр шилжүүлнэ гэж тохирч тээврийн хэрэгслийг авч явсан болно.

Гэвч миний зүгээс түүнд нэмж хагас жилийн хугацаа олгож, удаа дараа шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул миний зүгээс гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлттэй байна.

Миний эгч ******* намайг өсгөсөн учраас баярласан сэтгэлээр эгчийнхээ нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж байсан. Гэхдээ эгч маань тээврийн хэрэгсэл унаж чадахгүй, тээврийн хэрэгсэл унахаар насны хүн биш.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар би эгч *******гийнхаа эрх залгамжлагч юм.

Иймд талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний зүйл болох УСБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.*******той 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр утсаар холбогдож, УБС улсын дугаартай приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж, тухайн тээврийн хэрэгслийн байрлах газар болох Баянзүрх дүүргийн Чулуун овоонд байрлах айлын хашаанд очиж үзсэн. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй асахгүй байсан учир 6,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож Д.******* нь эвдрэл гэмтлийг өөрт нь өгөх 6,000,000 төгрөгөөс суутган янзлуулж, үлдэх төлбөрийг төлөхөөр тохирсон.

Үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.*******ын хэлснээр 5064060196 дугаарын ХААН банк ХК-ийн данс буюу Т.Мөнхбаярын дансанд 2,000,000 төгрөг шилжүүлж, Д.*******ын эзэмшлийн 002609042492 дугаарын Төрийн банк ХК-ийн данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж, нийт 3,500,000 төгрөгийг Д.*******од өгсөн. Харин үлдэх 2,500,000 төгрөгөөс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засуулан авахаар тохиролцсон. Тээврийн хэрэгслийг үзэхэд хянах самбарын чек болон улаан гурвалжин ассан, мөн асааж авч явах гэтэл асахгүй байсан тул автомашинаар чирүүлэн Баянзүрх дүүргийн Ботаникт байрлах "Приус центр" засварын газарт авч очсон. Засварын газарт үзүүлтэл хөөж олдог эвдрэл байдаг тул тээврийн хэрэгслээ үлдээгээд явна уу" гэж хэлсний дагуу үлдээгээд явсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед Приус центр засварын газраас холбогдож тухайн тээврийн хэрэгслийн мотор цохисон байна гэж хэлсэн. Энэ талаар Д.*******той холбогдож машины гэмтлийн талаар хэлсэн.

Удалгүй Д.******* холбогдож, үлдсэн мөнгөөрөө машинаа засуулаад ав гэж хэлсний агуу засварын газар очиж уулзан шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэхээр тохиролцсон. Засвар үйлчилгээнд нийт 3,065,500 төгрөгийг зарцуулсан. Д.*******од шилжүүлсэн 3,500,000 төгрөг болон засвар үйлчилгээнд зарцуулсан 3,065,500 төгрөгийг оролцуулан нийтдээ тухайн тээврийн хэрэгслийг 6,565,500 төгрөгөөр худалдан авч байна гэж ойлгосон. Анх тохиролцсоноор бол бид 6,000,000 төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохирсон боловч эвдрэл засвар сэлбэг хэрэгсэлд тохирсноос илүү их мөнгө шаардагдсан. Гэсэн хэдий ч нэгэнт ярилцаж тохиролцсон учир илүү төлсөн 565,500 төгрөгийг Д.*******оос нэхэмжилж, шаардаагүй.

Д.******* нь тус тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэж хэлээд шилжүүлж өгөхгүй эсвэл энэ засварт орсон мөнгөө өгөөд машинаа ав гэхэд өгөхгүй байсаар 2023 оны 02 дугаар сарын дунд хүртэл худлаа үнэн тайлбар хэлсээр байсан. Өөр хүний эзэмшил дээрх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах хүндрэлтэй байсан учир Д.*******той удаа дараа холбогдож та нэрээ шилжүүлээд өгөөч, би танд нэмээд 500,000 төгрөг өгье гэж хэлэхэд за тэгье гээд цагаан сарын өмнө нэр шилжүүлэхээр уулзсан. Нисдэг машин гэдэг газар очоод шилжүүлэх гэтэл энэ тээврийн хэрэгсэл нь таны нэр дээр биш байна гэх хариу тайлбарыг өгсөн. Ингээд ******* гэх хүний нэр дээр байгаа учир яаж шилжүүлэх талаар асуутал Д.******* нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлнэ гэж аваад Тэнгис кино театрын гаднаас зугтсан. Үүнээс хойш Д.*******той холбогдож тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөч гэтэл "би та нарт тээврийн хэрэгслийг өгөхгүй, цагдаад өгнө гэж хэлээд утсаа тасалсан.

Нэхэмжлэгч худлаа нэхэмжлэл гаргаж байна. 16,000,000 төгрөгөөр зарна гэж ерөөсөө тохиролцоогүй.

Иймд УБС приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Д.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх ******* гэх нэрээр тогтоогдож байгаа тул Д.*******ыг тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/

3.2 Тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-4/

3.3. Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-5/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Зарлагын баримтууд /хх-28-29/

4.2 Хаан банкны дансны хуулга /хх-30/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, ХААН банк ХК-аас С.*******ийн дансны хуулгыг, хариуцагчийн хүсэлтийг хангаж, Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримт бүрдүүлсэн болно. /хх35-40/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ 2022 оны 08 дугаар сард хариуцагчид өөрийн өмчлөлийн УБС улсын дугаартай приус 20 маркийн 2010 онд үйлдвэрлэж, 2015 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч гэрээг амаар байгуулсан. Хариуцагч 3,500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг би эгч *******даа намайг өсгөсөнд баярласан сэтгэлээр шилжүүлж байсан. Эгч маань тээврийн хэрэгсэл унаж чадахгүй, тээврийн хэрэгсэл унахаар насны хүн биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар би эгч *******гийнхаа эрх залгамжлагч учир шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Төлбөрөөс 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, үлдэх 2,500,000 төгрөгөөс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засуулан авахаар тохиролцсон боловч тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээнд 3,065,500 төгрөгийг зарцуулсан. Улмаар тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авах гэсэн боловч уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Д.*******ынх биш ******* гэдэг хүний нэр дээр байсан. Иймд нэхэмжлэгчийг шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна гэж татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.*******, С.******* нар нь 2022 онд амаар тохиролцож худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.

Уг гэрээгээр худалдагч нь УБС улсын дугаартай, NHW203563225 арлын дугаартай Тoyota Prius маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талууд гэрээ байгуулсан хугацааг 2022 оны 08 дугаар сар, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэж зөрүүтэй тайлбарлах боловч хэн аль нь гэрээ байгуулсан талаар маргаагүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

5. Хариуцагч С.******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ХААН банк ХК дахь 5064060196 тоот дансанд Д.******* гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.*******ын Худалдаа хөгжлийн банк ХК дахь 2609042492 тоот дансанд Mashin УБС гэх гүйлгээний утгаар 1,500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******ийн эзэмшилд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-5, 30, 36/

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч худалдах худалдан авах эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн үнийн тохиролцоо, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг шаардах эрхтэй этгээд эсэх талаар маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл худалдах худалдан гэрээний зүйл болох УБС улсын дугаартай, NHW203563225 арлын дугаартай Тoyota Prius маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчээр Бэндэряа овогтой Нина бүртгэгдсэн болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эгч *******гаас эрх залгамжлан авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар эрх залгамжлагч учир нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэрэгжүүлнэ гэж тайлбарлах боловч түүнийгээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7. Гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* байх тул нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.*******т холбогдох худалдах худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч П.Энхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ