Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1588

 

 

 

СХДНДХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01643 дугаар шийдвэртэй, СХДНДХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ц” ХХК-д холбогдох шимтгэл болон алдангийн 67 622 422 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “Ц” ХХК нь тус дүүргийн “НДХ”

2014 оны 7 дугаар сараас эхлэн бүртгэлтэй болсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас  45 081 615 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17.1.1, 17.1.4-т заасан Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн заалтуудыг зөрчиж байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 22 540 807 төгрөгийн алдангийг ногдуулсан. Төлбөл зохих шимтгэлийн өр 45 081 615 төгрөг, алданги 22 540 807 төгрөг нийт 67 622 422 төгрөгийг хариуцагчаас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.  

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас нийт 67 622 422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 496 062 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан бөгөөд санхүүгийн хувьд тодорхой хугацаанд хүнд нөхцөл байдалд орсон нь 22 540 807 төгрөгийн алдангийн хэмжээг хасах, бууруулах нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч СХДНДХнь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй өр 45 081 615 төгрөг, түүний алданги 22 540 807 төгрөг, нийт 67 622 422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал хүлээн авсан байх боловч  зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч “Ц” ХХК нь 2014 оны 7 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй болсон ба 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд, төлвөл зохих хэмжээгээр төлөөгүйн улмаас 45 082 615 төгрөгийн өр үүсгэжээ. Энэ нь хэрэгт авагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай” нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 3 сарын 26-ны өдрийн албан бичиг /хх6/, “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” /хх10/ гэх талуудын гарын үсэг бүхий бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, санхүүгийн хувьд тодорхой хугацаанд хүнд нөхцөл байдалд орсон нь 22 540 807 төгрөгийн алдангийн хэмжээг хасах, төлбөрийг бууруулах нөхцөл байдалд хамаарна гэжээ.

 

Хэргийн 21 дүгээр талд авагдсан “Нэхэмжлэл гардуулсан тухай” баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын хувийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардан авч /хх21/, уг хэргийг хариуцагчийн үйл ажиллагаа явуулж буй газрын харьяалах Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг баримтын хамт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргаснаар /хх32-37/ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг мөн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан байна. /хх41/

 

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан /хх49/, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хугацааг товлож энэ талаар хариуцагчид мэдэгдэж /хх52/, шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр түүний хуулиар тогтоосон эрхийг нь хангаж, 3 удаа хойшлуулж байжээ. /хх54,55,58,59,64,66,67,70,71,73,74/

 

Улмаар, хэрэг хянан шийдвэрлэсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч талд зохих журмын дагуу мэдэгдсэн баримт /хх75/                    хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх талаар хуульчлан тогтоосон байна. Хуулийн дээрх зохицуулалт ёсоор нэхэмжлэгч нь 45 082 615 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрийн 50 хувиар алданги тооцсон нь хуульд нийцэх бөгөөд “Ц” ХХК нь санхүүгийн хувьд тодорхой хугацаанд хүнд нөхцөл байдалд орсон гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй тул алдангийн хэмжээг хасах, чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрхээс гадна, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

 Иймд дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ц” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                          Т.ТУЯА