Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2023/0017

 

2023 05 24 123/ШШ2023/0017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдлын нэхэмжлэгч гаргагч: Д.Д,

Хариуцагч: Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Б,

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдлын нэхэмжлэгч гаргагч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагч Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цаашид Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэх/ Н.Б-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын нэхэмжлэл гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар (албан тушаал чиг үүрэг нь шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан) ажиллаж байхдаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлээд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

2.3. Гомдол гаргагч тал нь Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Б-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

1.    Гомдолоор нэхэмжлэл гаргагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудаст тусгагдсан Хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг Монгол тарвага тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300,000 төгрөгөөр торгох, 20,900,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах шийтгэлийг Д.Д надад оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Гэтэл Д.Д би 180 ширхэг монгол тарвага-ыг амьдаар нь тээвэрлэж яваагүй, харин 180 ширхэг агнагдчихсан тарваганы бүгдийнх нь гэдэс дотрыг, дийлэнхийг нь толгойг тус тус авчихсан, тарваганы мах, яс, арьс бүхий тулам-ыг найз Г.П-ийг хамтаар түүний эхнэрийн өмчлөлийн автомашинд тээвэрлэсэн болно. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Д.Д намайг 180 ширхэг амьд тарвагыг тээвэрлэж явсан гэсэн хэт үндэслэлгүй дүгнэлтийг хийж, улмааар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэнд тооцон, 300,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, 20,900,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Г.П-ийн эхнэрийнх нь автомашиныг хураахаар шүүхэд гаргасан саналдаа миний нэрийг ойлгомжгүй үндэслэлээр тусгасан байна. Д.Д би 2022 оны 10 сарын 07-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан боловч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 19-04-002/01 дугаартай шийдвэрээр гомдлыг маань хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд Боржигон овогт Д.Д /РД:ЧД74020411/ надад холбогдох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00488529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2.    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 0048529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд хууль бус аргаар, хориглосон хугацаанд 180 ширхэг тарвагыг тээвэрлэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох, мөн 20,900,000 төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг гаргуулах, мөн тээврийн хэрэгслийг хурааж, холбогдогч нараас тус тус гаргуулахаар шийтгэлийн хуудас бичсэн. Д.Д-ын тухайд тухайн зөрчлийн шийтгэлийн хуудаст бичигдсэн 180 ширхэг Монгол тарвагыг амьдаар нь тээвэрлээгүй. Харин 180 ширхэг агнагдсан, мөн хөлдөөсөн байдалтай, гэдэс дотрыг нь авсан, 163 ширхэг толгойгүй, гэдэс доторгүй, үлдсэн 17 ширхэг тарвагын гэдэс дотрыг авсан ангийн гаралтай түүхий эд болох тулмыг тээвэрлэсэн гэдгийг огт мэдээгүй зүгээр салхинд гарч найздаа хань болж явсан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт /хуучин нэрээр/ ******* нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлыг гаргасан боловч Мэргэжлийн хяналтын газрын /хуучин нэрээр/ Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Д.Д нь Г.П-той 1992 оноос хойш хоорондоо танилцаж, нөхөрлөсөн. Г.П нь Архангай аймгийн Цахир суманд ажлаар явах шаардлага бий болж, Д.Д-аас хамт явахыг хүссэн. Иймд Ж.Э, Г.П нарын хамт 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цахир сум руу явсан. Улмаар Ж.Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үлдэж, Г.П, Д.Д нар цааш явсан. Архангай аймгийн Цахир суманд Г.П нь н.Бгэх айлд очиж ажлаа амжуулчихаад буцах болсон. Архангай аймгийн Цахир сумын хойно байрлах хоолны гэрээс замын хүнс авахаар зогссон. Ингэж Г.П нь 180 ширхэг тарвагыг ачиж явсан. Д.Д нь хүний машинд дайгдаж явсан. Тухайн үед юу ачсан талаар мэдээгүй. Г.П хүний дайвар ачсан гэж л ойлгож байсан. Тухайн шийдвэрт өөрийн байр сууриа илэрхийлээгүй. Төв аймгийн Лүн суманд цагдаагийн алба хаагч нарт шалгуулахад машинаас тухайн тарвага гарч ирсэн. Шалгалтын явцад худалдан авсан гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл хураагдаж, нөхөн төлбөр оногдуулахгүй гэж үзэж байна. Тэгээд худалдаж авсан гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн. Байгаль орчны улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т амьтан гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт тодорхой тусгасан. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т "агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй амьтныг хэлнэ гэж тусгаж тодорхойлсон. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх байхгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ангийн гаралтай түүхий эдийн зөрчлийн шинжийг тодорхойлсон. Гэтэл энэ маргаанд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн асуудал яригдаж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, мөн хуулийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Төв аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Мөн Зөрчлийн тухай хуулийг буруугаар тайлбарлах, хэрэглэх байдлаар Д.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Үүний улмаас 300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, 20,900,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, эхнэрийнх нь өмчлөлийн автомашиныг хураах албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасан. 180 ширхэг туламд гарал үүслийн бичиг, холбогдох баримт байгаагүй. Н.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон бусад зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед холбогдогчоос мэдүүлэг авч, холбогдогч гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ гэж бодож байх шиг байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд ан амьтантай холбоотой зүйлд холбогдох нөхөн төлбөрийг гаргуулахаар тодорхой заасан. Д.Д-ын тухайд тухайн тарвагыг бид гурав мөнгөө нийлүүлж, худалдаж авсан гэх мэдүүлгийг өгч, тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд зөрчлийн шийтгэлийн хуудас бичсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын ахлах улсын байцаагч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зөрчлийн шийтгэлийн хуудсыг 180 тарвагыг тээвэрлэсэн гэж бичээгүй. Худалдаж авсан, цуглуулсан гэсэн үйлдэлд нь нөхөн төлбөр оногдуулсан. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан тохиолдолд нөхөн төлбөр тавина гэж заасан. Харин тээвэрлэсэн үйлдэлд холбогдуулан шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т хориглосон үед агнасан, тээвэрлэсэн гэж нэг заалт нь байгаа учраас нэгтгэж нэг заалтаар нь тодорхойлсон гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Д.Д-ын гомдлоор гаргасан нэхэмжлэлтэй, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын /Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал чиг үүрэг нь Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан/ Төв аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-т холбогдох гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийн нэхэмжлэгчийн гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг татан буулгаж шийдвэрлэсэн ба улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон түүний харьяа байгууллагууд руу шилжүүлсэн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Намхайдоржийн Батцэцэгт 01-30-02/296 дугаар Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын, Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч-ийн эрх олгогдсоныг үндэслэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн эрх, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа эрх үүргээр хариуцагчийг тодорхойлон маргааныг шийдвэрлэв.

 

3. Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч талаас Д.Д нь би 180 ширхэг монгол тарвага-ыг амьдаар нь тээвэрлэж яваагүй, харин 180 ширхэг агнагдчихсан тарваганы бүгдийнх нь гэдэс дотрыг, дийлэнхийг нь толгойг тус тус авчихсан, тарваганы мах, яс, арьс бүхий тулам-ыг найз Г.П-ийн хамтаар түүний эхнэрийн өмчлөлийн автомашинд тээвэрлэсэн.

- Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх хариуцагчид байхгүй,

- Хуулинд амьтныг тээвэрлэсэн гэсэн байхад ангийн түүхий эдийг тээвэрлэсэн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй,

- Н.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон бусад зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан

- Хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тушаалыг үндэслэн шийтгэл ногдуулсан байх тул Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж,

 

3.2 Хариуцагч талаас тухайн үед Д.Д тухайд тухайн тарвагыг бид гурав мөнгөө нийлүүлж, худалдаж авсан гэх мэдүүлгийг өгч, тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул шийтгэлийн хуудсыг бичсэн. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т ан амьтантай холбоотой зүйлд холбогдох арга хэмжээ авахыг тодорхой заасан гэж,

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, ...Амьтны тухай хуулиар тарвагыг агнахаар тарвага биш болдог зүйл биш. Энэ хуулиар зөвхөн амьд амьтны тухай бус тэдгээрийн гаралтай эд эрхтэн, түүхий эдийн асуудлыг бас зохицуулсан. Төрийн захиргааны төв байгууллагаас тушаал гаргаж, бид хэрэгжүүлж ажилласан, хууль зөрчсөн асуудал байхгүй гэж тус, тус маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогч Д.Д хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048529 дугаар шийтгэлийн хуудасны[1] эрх зүйн үндэслэл:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай тушаалаар хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг монгол тарвага тээвэрлэсэн асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох, хохирол, нөхөн төлбөрт 20,900,000 төгрөгийг шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бэлнээр, бэлэн бусаар сайн дураар төлж биелүүлэхийг даалгаж, тодорхой хугацаанд орлого олдог үндэслэл тогтоогдсон тул оногдуулсан 20,900,000 төгрөгийн 33 хувийг 2022 оны 10 сарын 31-ний өдөр, 34 хувийг 2022 оны 12 сарын 30-ны өдөр, 33 хувийг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх хариуцагчид байхгүй гэж тайлбарлаж байх боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 10.9.12 дах заалтад хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж хуульчилсан байх тул хариуцагч нь шийтгэлийн хуудас бичих эрх бүхий албан тушаалтан мөн байна.

 

6. Маргааны үйл баримтаас үзвэл, хариуцагч улсын байцаагч нь нэхэмжлэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгслийн тээшинд авч явсан 180 ширхэг агнасан тарвага байсныг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу маргаан бүхий акт болох шийтгэлийн хуудсаар 300 000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 20 900 000 төгрөг төлүүлэх шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн ... бид гурав мөнгө нийлүүлэн худалдаж авсан, Улаанбаатар хот руу тээвэрлэж яваа гэх буюу тус асуудалд хамааралтай болохоо өөрөө тайлбарлан мэдүүлсний үндсэн дээр түүнд ногдуулсан байна.

Мөн тухайн асуудлыг шийдвэрлэхдээ Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах, 11.1.13-т агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах-ыг хориглоно гэж тус зааснаар нэхэмжлэгч нь худалдан авсан гэх тарваганы түүхий мах, түүхий эдийг худалдан авсан гээд хот руу тээвэрлэсэн үйлдэлд нь холбогдуулж арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаад холбогдуулан үзвэл маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч Д.Д-ад шийтгэл оногдуулахдаа үндэслэл болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасны дагуу гаргасан захиргааны хэм хэмжээний акт байх ба захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлүүлнэ гэж, мөн зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно гэж тус тус заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд маргаан бүхий акт хуульд нийцсэн акт болох байжээ.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 3-2/05 дугаар лавлагаагаар[2] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 сарын 22-ны өдрийн Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай А/278 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байна гэх хариуг ирүүлсэн баримтаар дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай тушаал нь бүртгэдээгүй болох нь тогтоогдож байх тул дээрх шаардлагыг хангаагүй тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй, мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй тул маргаан бүхий актад заасан гол үндэслэл буюу хориглосон хугацаанд тарвага, түүний түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах, хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдан авсан, мөн гэж, хориглосон хугацаанд, тээвэрлэсэн гэж шийтгэлийн хуудас бичсэн нь хуульд нийцсэн акт болж чадаагүй байна.

7. Харин Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно, мөн зүйлийн 9.1.3 дах заалтад урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл агнахыг хориглохоор хуульчилсан байх ба зөрчилд холбогдогч болон нэхэмжлэгч Д.Д нар нь дээрх хуулиар хориглосон хугацаанд агнагдсан тарвагыг авч явсан эсэх асуудлыг анх илрүүлсэн байгуулллага албан тушаалтнаас шалган тогтоогоогүй хариуцагчид шилжүүлсэн байна.

8. Дээрх дүгнэлтээр маргаан бүхий актаар асуудлыг шийдвэрлэхдээ хуульд нийцээгүй хэм хэмжээний актыг үндэслэн гаргасан нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй нь тогтоогдсон тул, нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Д.Д нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т амьтан тээвэрлэсэн гэж байна. Би амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн, зөрчил хянан шийдвэрлэхдээ хууль журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэх зэрэг бусад үндэслэлд холбогдуулан, улмаар зөрчил хянан шийдвэрлэсэн гэх актын үндэслэлийг дүгнэн шийдвэрлэх шаардлагагүй байна.

9. Харин маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй талаарх дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд хариуцагч талаас актыг гаргахдаа баримталсан бусад хууль эрх зүйн үндэслэлд холбогдуулан үзэхэд, тухайн зөрчил гэж шийдвэрлэсэн үйл баримтаар нэхэмжлэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгсэлд тээвэрлэгдэж байсан агнагдсан тарвага /тулам/ гэх зүйлийг хариуцагч хураан авч, тухайн төрлийн ан, амьтны гаралтай мах, түүхий эдийг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн, улмаар тус өвчин судлалын үндэсний төвийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 1б/467 дугаар албан бичигт[3] ... хураагдсан 155 бие гүйцсэн эр, 25 бие гүйцсэн эм нийт 180 ширхэг тарвагыг ... устгалд оруулсан болно гэж дурдсаны дагуу устгалд оруулан шийдвэрлэсэн гэх бөгөөд энэ асуудалд хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэж заасан байх бөгөөд 25 дугаар зүйлийн 25.3-д нь Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно гэж заасан байх тул хариуцагч төрийн хяналт шалгалыг хэрэгжүүлэх эрх бүхий улсын байцаагчийн хувьд нэхэмжлэгчийн ... тарвага худалдан аваад ... Улаанбаатар хот орохоор явж байгаад Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн постон дээр саатуулагдан шалгагдсан ... гэх мэдүүлэг[4], мөн шүүх хуралдаанд 180 ширхэг туламд гарал үүслийн бичиг, холбогдох баримт байгаагүй гэсэн тайлбар зэргээр үйл баримт тогтоохдох учир энэхүү хуулиар гарал үүслийн гэрчилгээгүй тарвага, тэдгээрийн түүхий мах, арьсыг Улаанбаатар хотод буюу хот, суурин газар нэвтрүүлэхийг хориглох тул тухайн үед хураан авч устгалд оруулсан нь хуульд нийсэн үйлдэл тул тус тарвага /түүний түүхий эд/-ыг буцаан олгох, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас түүний нөхөн төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Баримт бичиг, эд юмсыг хураах тухай захиргааны актыг цуцалсан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд уг баримт бичиг, эд юмсыг буцаан өгөхийг шаардах эрхтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу зөрчилд холбогдогчийн тээвэрлэж явсан тарвага /түүний түүхий эд/-ийг буцаан олгох үр дагавар үүсэж болзошгүй ба энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн маргаж буй актад хамаарах дээрх зүйл нь хуулиараа худалдан авах, хот суурин газар оруулахыг хориглосон, улмаар зориулалтын бусаар хадгалсан нөхцөлд гоц халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй зүйл учир хариуцагчаас дээрх арга хэмжээ авсан нь хуульд нийсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дах хэсэгт зааснаар Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасны дагуу шийтгэлийн хуудас оногдуулахдаа үндэслэл болгосон захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчаас Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048529 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Лүн сум дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн оногдуулсан 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048529 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР