2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/100

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням, 

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505006441831 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Худалдаа хөгжлийн банкны Нархан салбарын иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан Баянгол дүүргийн 4-р хороо ***од оршин суух ***т “зээл авахаар ирсэн хүмүүсийн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг, хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллаач” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 36.400.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Яллах дүгнэлтэд бичигдсэнээр албан тушаалаа ашигласан зүйл бахгүй. Найздаа худлаа яриад мөнгө аваад эргүүлж өгөөгүй. Дансны хуулгаар зээл өгсөн зүйл байхгүй. Эрх мэдэл байгаагүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2021-2024 оны хооронд ажлаасаа чөлөөтэй, бизнес эрхэлж байсан. Зуслан дээр байж байхад зүс мэддэг *** над руу чат бичсэн. Юу хийж байна, ямар бизнес эрхэлж байна гэхээр нь жимс нарийн ногооны бизнес эрхэлж байгаа талаар хэлсэн. Чамтай яаралтай уулзах шаардлага байна гэсэн. Надтай ирж уулзаж бид хоёр миний машин дотор ярилцсан. Би ***-нд зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаа, манай банканд зээл авахаар ирсэн иргэдийн зээлийг судлаад, зээл судалж байгаа иргэд зээлийн үлдэгдэлтэй байдаг тэр зээлийг хаагаад 2 хувь мөнгө авдаг, надтай хамтарч ажиллаж байсан залуу 20 сая төгрөгөө буцааж, аваад би цаашид энийг хийх боломжгүй болчихлоо. Цалингаас гадна давхар орлого хэрэгтэй биз дээ, 1, 1 хувийг нь авч болох уу гэж хэлсэн. Тухайн үед яагаад би саналыг зөвшөөрсөн бэ гэхээр компаниудаас бараа сарын эхэнд зээлээр ирээд сарын сүүлд нэгдсэн байдлаар авдаг. Би эхний ээлжид зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш 2, 3 өдөр болж байна уу гэж асуугаад байхаар нь хамгийн сүүлд 3.2 сая төгрөг гээд эхэлсэн, надад 1 хувиа нэмж шилжүүлээд байсан. Сүүлдээ мөнгө дүн ихсээд 7.5 сая төгрөг гэсэн. Би 7.5 сая төгрөгөө шилжүүлсэн. *** гээд хүн бол манай эхнэр. Би ***т манай эхнэрийн данс руу олон гүйлгээ ордоггүй учир та хоёр харьцаад явчих гэж хэлсэн. Би эхнэрийн дансаар нэмээд 5 сая төгрөг шилжүүлсэн нэг мэдэхэд 22 сая төгрөгийн авлагатай болсон байсан. Би тухайн үед ***-д гомдол гаргах гэсэн боловч ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Би прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шиг албан тушаалын байдлаар урвуулан ашигласан гэж үзэж байна. Тухайн мөнгөө компанид төлөх шаардлагатай болоод эхнэрийнхээ болон өөрийн эд зүйлийг ломбарданд тавьж төлсөн. Сар болгон хүү төлж байгаа. Утсаар яриад чи төлчих гэхээр надад байхгүй би яаж төлөх юм бэ гэсэн юм ярьдаг. Сүүлдээ ээжтэй нь ярихад өөрөө учраа ол гэж хэлсэн. Би энэ хүнд өгсөн мөнгөнөөс талыг нь хүүнд төлсөн, Мөнгөө төлж чадахгүй хэрнээ өмгөөлөгч авч байгаад гайхаж байна, ямар зардлаар өмгөөлөгч аваад хохирлоо төлөхгүй байгаад гайхаж байна. Хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ажил болох Хүчин Шонхор зах дээр байж байхад багын зуслангийн зүс таних залуу болох *** ирээд би Худалдаа хөгжлийн банканд зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаа. Тэгээд над дээр хүмүүс болон байгууллагууд зээл авахаар ирдэг, тэгээд ирэхдээ бага хэмжээний зээлийн үлдэгдэлтэй ирдэг. Тухайн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг гэж хэлсэн. Тэгээд манай нэг хамтарч байгаад больчихсон, боломжтой бол хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллах уу гэж асуусан. Тэгээд хаах зээлүүд овоорчихсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоогоор бол мөнгөний боломжгүй байна, барааны мөнгө орж ирэхээр мөнгө хийе гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 3.2 сая төгрөгийн зээл байна хаах хэрэгтэй байна гэхээр нь би тухайн үед хамтарч ажиллахаар болоод явуулсан данс руу нь 3.2 сая төгрөгийг ***ын *** тоо данс руу хийсэн. Дараа нь 11 дүгээр сарын 25-ны өдөр “нэг заал байна 7.5 сая төгрөг дутаад байна” гэхээр нь уг данс руу 7.5 сая төгрөг хийсэн. Тэгээд тэр хугацаанаас хойш мөнгө бүтэж байна уу гэж асуухад болоогүй зээл гаргах шийдвэр гараагүй байна гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 03-ны өдөр 5.0 сая төгрөгийн зээл хаах, 12 дугаар сарын 09-ний өдөр дахин 5.0 сая төгрөг хаах хэрэгтэй байна гэж хэлээд 10.0 сая төгрөг авсан. Тэгээд цаашид мөнгө байхгүй байсан учраас зээл хаахаар мөнгө нэмж өгөөгүй. Тэгээд би тухайн үед шилжүүлсэн мөнгөнүүдээ асуухаар зээл нь гарах болоогүй байна гэдэг байсан. Сүүлд би цаашаа өөр хүнд өгөөд алдчихсан гэж хэлдэг ба намайг хуулийн байгууллагад өгөн гэхээр “тэг, тэг” өг гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны *** тоот дугаарын дансаар 3.2 сая болон 7.5 төгрөгийг гүйлгээний утга дээр /Алдар 2/ гэх утгатай, харин сүүлд 10.0 сая төгрөгийг эхнэр ***ы *** тоот дугаарын Хаан банкны дансаар “барилгын материал” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр aldar2 гэх гүйлгээний утгатайгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн талаараа анзааралгүй мэдүүлэгтээ тусгаж чадаагүй. Дансны хуулга бүтэн сараараа гаргаж харж байж 2.000.000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдсэн. Би ***ын *** тоот дугаарын Хаан банкны данс руу нийт 36.400.000 төгрөг шилжүүлсэн. *** над руу уван цуван 14.308.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад 22.092.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24, 26-27/,

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 16/, хохирогчийн өргөдөл /хх-н 17/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-39, 90-94, 136/, хохирогч ***ын депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 41-42, 55-63/, Б.***гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 43-44/, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 45-47/, шүүгдэгч ***ын депозит дансны хуулганууд /хх-н 65-69, 107-113/, шүүгдэгч ***ын ***-ний *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 103/, шүүгдэгч ***ын ***-нд ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-н 137-135/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу ...залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж...” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хэргийг зүйлчлэн ирүүлжээ.

Шүүгдэгч *** нь багын найз хохирогч ***т өөрийгөө ***-нд зээлийн мэргэжилтэн хийдэг гэж итгүүлэн, улмаар хохирогч нь шүүгдэгчид итгэж эд хөрөнгө буюу мөнгө шилүүлсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахыг ойлгоно.

Залилах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийн тулд ...хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, ...янз бүрийн хийсвэр арга хэрэглэдэг.

Үүний нэгэн адил шүүгдэгч нь өөрийнхөө эрхэлдэггүй албан тушаалд ажилладаг гэж хохирогчид итгүүлэн хохирогчийн эд хөрөнгийг залилсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Харин өөрийн эрхэлдэггүй албан тушаалд ажилладаг гэж хохирогчид итгүүлж, залилсан үйлдлийг ...албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаар бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг” ойлгодог.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед ***-нд 22/2786 дугаар хөдөлмөрийн гэрээгээр “иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежер” ажиллаж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн эрхэлж байсан албан тушаалтай холбогдуулан хохирогчийг залилаагүй бөгөөд өөрийгөө зээлийн мэргэжилтэн гэж хохирогчид итгэл төрүүлэн залилсан үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж гэж үзэх үндэслэлгүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээд хөнгөрүүлэн зүйлчлэв.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч *** нь Худалдаа хөгжлийн банкны Нархан салбарын иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байхдаа, Баянгол дүүргийн 4-р хороо ***од оршин суух ***т “зээл авахаар ирсэн хүмүүсийн зээлийн үлдэгдлийг хааж өгөөд 2 хувийн ашиг авдаг, хамтарч ороод 1 хувийн ашгийг аваад ажиллаач” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 36.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр Б.*** нарын депозит дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг залилан, 36.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

 Хохирогчид нийт 36.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь 14.308.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, 22.092.000 төгрөгийн хохирол төлөөгүй тул шүүгдэгчээс 22.092.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийн улмаас өөрийн эд зүйлийг ломбардад тавьсан, хүүтэй мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулах,  500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 22.092.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.

7. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР