Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/1006

 

      2021               11              24                                   2021/ДШМ/1006                               

 

 

     Б.Тд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2105003750248 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч Б.Т нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 107 тоотод гэрчээр, 221 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Алтай хотхоны 26 дугаар байрны 2 тоотод гэрээс нь Интел загварын суурин компьютерыг Т.Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цамбагарав овгийн Баттөрийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд зориуд худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 9 настай, 2 настай хоёр охин болон эхнэрийн хамт амьдардаг. Би өөрөө “Монголиан стар” ХХК-д 800,000 төгрөгийн цалинтай жолоочийн ажил эрхэлдэг. Миний цалин бидний амжиргаанд хүрэлцдэггүй. Манай эхнэр Э ньь бие муутай учир хоёр охиноо хараад гэртээ суудаг. Би ажлын хажуугаар охиноо сургуульд нь хүргэж өгч авдаг юм. Иймд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрдсэн байвал түүнд үүрэг хүлээлгэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч болохоор заасан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж заасан. Шүүх үүнийг харгалзан үзэж зан үйлээ засах хязгаарлалтыг тогтоож өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч Б.Тд 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хорих ял оногдуулж тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, шүүх хуралдааны явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч ялын санал гаргахдаа шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, тодорхой ажил эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялуудаас аль өөрт нь тохиромжтой ялын санал гэж үзэж торгох ялын санал гаргасан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Т нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 107 тоотод гэрчээр, 221 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Алтай хотхоны 26 дугаар байрны 2 тоотод гэрээс нь Интел загварын суурин компьютерыг Т.Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Б.Тын хохирогчоор өгсөн “... 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр  12 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 26-2 тоот гэртээ ирэхэд манай гэрийн Ай 7-той Интел загварын суурин компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Гэрт байсан охин Энхжингээс асуухад Э ах аваад гараад явахыг харсан гэсэн. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж хоноод эхнэр бид хоёрыг ажилдаа явсны дараа суурин компьютер аваад явсныг мэдээд ах Э руу залгаад “манай гэрээс компьютер аваад явсан байна шүү” гэж хэлэхэд “одоо яах вэ дээ, цагдаад өгөхгүй юу” гэсэн. ... 2 жилийн өмнө Э надаас 2,000,000 төгрөг бэлнээр зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр манай ах Нямболд нь өөрийн үзүүлэлт сайтай суурин компьютероо зарна гэсний дагуу 1,000,000 төгргөөр би Эий хамт мөнгө нийлүүлж худалдаж авсан. Улмаар би “2 жилийн өмнө зээлүүлж байсан 2,000,000 төгрөгөө авъя” гэж хэлэхэд саяны 900,000 төгрөг гаргаж авсан компьютерыг “та ав хоёулаа өрөө тэглэе” гэж тохироод уг суурин компьютерыг өөрийн эзэмшилдээ авсан. ... 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Э ах Эын хамт манай гэрт ирээд гэрээс авч явсан суурин компьютерыг “би танайхаас авч яваад фэйсбүүкээр зар тавиад зарж борлуулсан тул би 1,500,000 төгрөгийг бэлнээр өгье” гэхээр нь би өөртөө авсан ...” /хх 7-8/,

 

            Б.Тын гэрчээр өгсөн “... 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед би өөрийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 26 дугаар байрны 2 тоот гэртээ ирэхэд манай үеэл дүү Т.Э гэрт ирчихсэн байсан. Манай гэрт хоносон. ...гэрт үеэл дүү болон манай хүүхэд хоёр унтаад үлдсэн. 13 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн суурин компьютер байхгүй байсан. Манай 10 настай том охин Эийг гэрээс компьютер аваад явсан гэж хэлсэн. Би Э рүү залгахад утсаа салгаад авахгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Э нь интернетээр мөрийтэй тоглоом тоглодог. Тэрнээсээ болоод мөнгө олох зорилгоор миний компьютерыг янз бүрийн компьютерын хэрэгслээр босгож байсан. Ойролцоогоор 4-5 сая төгрөг болж байсан. 2016 онд авч байсан. ...” /хх 10/,

 

            Б.Тын яллагдагчаар өгсөн “... тухайн үед мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг хаагдах байх гэж бодоод Т.Э надад 1,500,000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн. Т.Э надад “1,500,000 төгрөг өгсөн” гэж хэлээрэй гэсэн. Яагаад гэвэл хохирол төлөгдсөн бол уг хэргийг хаагдах байх гэж итгэсэн. Э 900,000 төгрөгийг гарган Э руу шилжүүлж 100,000 төгрөгийг Э өөрөөсөө гаргаад 1,000,000 төгрөг Нямболдын данс руу шилжүүлсэн. Тухайн үед би Эад дараа нь 100,000 төгрөг өгье гэж бодож байсан гэхдээ буцааж өгөөгүй. Ер нь бол анхнаасаа уг суурин компьютерыг би Эээс “худалдан авна шүү” гэж хэлж байсан. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Т.Э манай гэрт ирж хоносон тэр үед “чи надад өртэй биздээ, өрөндөө компьютероо өгчих” гэсэн чинь “үгүй, би мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Гэхдээ миний мөнгийг өгөх ямар ч боломжгүй үе байсан болохоор зээлүүлсэн 830,000 төгрөгтөө уг суурин компьютерыг авна гээд бодчихсон байсан. Иймд 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр надад хэлэлгүйгээр гэрээс аваад гараад явчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 123-124/,

 

            гэрч Т.Эын “... 2021 он гараад Т над руу залгаад “Э манайд амьдарч байгаа, хэрэглээний мөнгө надаас зээлсэн. Уг өрнийхөө оронд Нямболдоос авсан Ай 7 загварын суурин компьютерыг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед миний төрсөн дүү Э нь Тын гэрт байсан болохоор хоорондоо тохиролцсон юм байлгүй гэж бодоод өнгөрч байсан. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Т над руу залгаад “Э манайд байсан компьютероо надад хэлэлгүйгээр аваад явсан байна. Цагдаагийн байгууллагад хэлэх үү” гэхээр нь “мэдэхгүй, та хоёр өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Тухайн үед хэргийг хаалгая гэж Ттай ярилцаад Эий өгөх ёстой өр буюу 830,000 төгрөг дээр би зээлсэн байсан мөнгөө нэмээд нийт 1,500,000 төгрөг өгье гэж тохиолцсон гэж ярьсан болохоос бэлнээр өгсөн гэж мэдүүлэг өгөөгүй ...” /хх 22-23, 128-129/,

 

            гэрч З.Эы “... нөхрийн маань үеэл дүү Э манайд ирж хоноод явдаг. Тэр хоёрын дунд нэг компьютер байдаг ба яг хэний эзэмшилд байдаг талаар мэдэхгүй. Э нь манай нөхрөөс хэрэглээний мөнгө гэж 900,000 төгрөг зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй. Тэгээд манай нөхөр “тэр мөнгөндөө энэ компьютерыг авлаа” гэх мэтээр тохиролцож байсан. Тухайн хэрэг гардаг өдөр би ажил хөөцөлдөхөөр, манай нөхөр ажилдаа явсан үеэр Э гэрт байсан компьютерыг аваад явсан байсан, цагдаад өгчихлөө гэж байсан. Хэрэг хаалгах гэж 1,500,000 төгрөг гээд бүх өрөө нийлүүлж тооцоод өгье гэж тохиролцсон гэхдээ, надад мөнгө өгсөн асуудал байхгүй. ...” /хх 131-132/ мэдүүлгүүд,

 

            Эрүүгийн 2105003750248 дугаартай Т.Эд холбогдох хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б.Тын хохирогчоор оролцсон шүүх хуралдааны “... Э манайд компьютероо авч ирээд амьдардаг байсан ба би “өрөндөө суутгаж авъя” гэхэд бид хоёр тохиролцож чадаагүй, тухайн өдөр Т.Э компьютероо аваад манайхаас явсан байсан ба тэр үед тохиролцож чадаагүй байсан болохоор компьютероо алдсан гэж цагдаад дуудлага өгсөн ...” гэх тэмдэглэл /хх 103-106/,

 

            2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Б.Тд гэрчийн эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа /хх 9/,

 

            2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Б.Тыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг хууль сануулсан баталгаа /хх 4, 5-6/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Тыг “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Тыг “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 107 тоотод гэрчээр, 221 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Алтай хотхоны 26 дугаар байрны 2 тоотод гэрээс нь Интел загварын суурин компьютерыг Т.Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Т “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, тус шүүхэд худал мэдүүлсэн, ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ... ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулсан нь учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг давж заалдах шатны шүүх хүндрүүлэн ял оногдуулах зохицуулалт байхгүй тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ