Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 124/2017/0031/з |
Дугаар | 158 |
Огноо | 2018-04-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 158
“Г с” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/167, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0002 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр: Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г с” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/167, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0002 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн... Учир нь, 2015 онд байгуулсан “Г” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээний талууд хамтарч ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч гэрээгээ цуцалсан. Тус гэрээ байгуулагдахаас өмнө менежментийг хариуцуулах тухай захирамж гарсан байх ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг нөхөж гаргасан байдаг.
4. Мөн “Г с” ТББ нь 2015, 2016 онуудын тайлангаа дүгнүүлээгүй байсан. “Г с” ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тайлангуудаа өгч дүгнүүлэх ёстой байдаг боловч өөрсдийн гишүүд дотроо хурал хийснээ тайлан хүргүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн “Г с” ТББ-тай Бөхмөрөн, Сагил сумын Засаг дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан бичгүүд ирүүлсэн явдал нь “Г с” ТББ нь 4 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй байсны илрэл юм. Иймд гэрээний талууд гэрээгээ цуцалсан учир “Г” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд 2015 оны А/583 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Нэгэнт талууд гэрээгээ цуцалж, цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүрсэн учир “Г” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар агнуурын бүс нутгийн менежментийг “Г-ын н х” ТББ-д хариуцуулсан.
5. Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолд ховор ан амьтан агнах журмыг өөрчилж баталж өгсөн. Тухайн журмаар амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д зааснаар эхлээд 1 жил дараагаар 10 жилийн давтамжтай гэрээ байгуулна гэснийг “Г с” ТББ зөрчиж байгаа юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны А/583 дугаар захирамжаар шууд 10 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан нь Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байна.
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...” гэж заасны дагуу өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцээгүй захирамж болох аймгийн Засаг даргын 2015 оны А/583 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.”, мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрлүүдийг хуульчилсан бөгөөд 5.4.12-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар” гэж заажээ.
7. “Г с” ТББ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд хуулийн этгээдийн төлөөлөгч /Удирдах зөвлөлийн дарга/-өөр Баатар овогтой Ганболд бүртгэгдсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж хуульчилжээ. Гэтэл “Г с” ТББ-ыг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авсан нь дээрх хуулийн заалтуудыг тус тус зөрчиж байна.
8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0002 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгчээс “...аймгийн Засаг дарга захирамждаа “Г с” ТББ нь ямар учраас орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах боломжгүй болсон, ямар хууль тогтоомж зөрчсөнийг тодорхойлоогүй, ...иргэдийн санал санаачлагаар байгуулагдсан ТББ-ын олон жилийн хөдөлмөрийн үр дүнг үл хүндэтгэн А/583 дугаар захирамж болон хамтын ажиллагааны гэрээг хүчингүй болгосон, ...“Г-ын н х” ТББ-ыг байгуулж, түүнд менежментийг хариуцуулсан нь хууль зөрчсөн” гэж марган, Увс аймгийн Засаг даргын 2017 оны А/167, А/169 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/167 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, мөн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар Г орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Г-ын н х” ТББ-д хариуцуулж тус тус шийдвэрлэсэн байна.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, анх Увс аймгийн ИТХ-ын 2008 оны 36 дугаар тогтоолоор Сагил, Бөхмөрөн сумын нутгийг “Г” нэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд 2011 онд “Г с” ТББ-ыг байгуулж, “Г” орон нутгийн хамгаалалттай газар /ОНХГ/-ын Удирдах зөвлөлийн 2011 оны 02 дугаар тогтоолоор ОНХГ-ын менежментийг “Г с” ТББ-д 5 жилийн хугацаагаар хариуцуулж шийдвэрлэн, талууд 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласан байна. Улмаар гэрээний талууд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дээрх гэрээгээ шинэчлэн, “Г” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжаар Г ОНХГ-ын агнуурын бүс нутгийг “Г с” ТББ-д 10 жилийн хугацаатай хариуцуулж шийдвэрлэн, нэхэмжлэгч ТББ гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж иржээ.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, маргаж буй захиргааны актуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2017 оны А/167, А/169 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцсэн байна.
14. Тодруулбал, Амьтны аймгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5-д агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор, мөн гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болохоор хуульчилжээ.
15. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.4-д “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч” гэж тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг ойлгоно” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч “Г с” ТББ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, “Г” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг тус аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрын дарга нартай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэгч хуулийн этгээд байна.
16. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах үндэслэлүүдийг заасан, тухайлбал 56.2-т өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцлахаар, 56.3-т Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болохоор, 56.4-т Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ гэж захиргааны гэрээг цуцлах тусгай тохиолдлуудыг тодорхойлон заажээ.
17. Хариуцагч аймгийн Засаг даргын, нэхэмжлэгч ТББ-д менежментийн үйл ажиллагаа явуулах эрх олгосон А/583 захирамжийг хүчингүй болгосон маргаан бүхий А/167 дугаар захирамжид түүнийг хүчингүй болгох, гэрээг цуцлах болсон үндэслэл тодорхойгүй, гэрээ цуцлагдаагүй, хариуцагчаас үндэслэлийг “гэрээний талууд болох Бөхмөрөн, Сагил сумдын Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нар нь нэхэмжлэгч “Г с” ТББ-тай хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн” гэж тайлбарлаж буй боловч энэ нь дээрх хуульд зааснаар захиргааны гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж шаардлагад нийцээгүй хууль бус захиргааны акт гэж үзнэ.
18. Түүнчлэн хариуцагчаас “нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлснээс орон нутгийн орлогын төлөвлөгөө тасарч, сумын төсөв хүндрэх нөхцөл үүссэн, 2015 онд гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 онд гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүжилтийн тайлан зэрэг нь тодорхой бус байсан” гэж буруутгаж байгаа боловч нэхэмжлэгч нь 2015, 2016 оны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажил, санхүүгийн зарцуулалтын тайланг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлж тайлагнасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
19. Иймд маргаан бүхий А/167 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдэл хуульд нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээний талууд гэрээгээ цуцалсан учир... менежментийг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд 2015 оны А/583 дугаар захирамжийг хүчингүй болгосон. ...хуульд заасны дагуу, өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
20. Түүнчлэн дээрх А/167 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид “Г” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцуулсан А/583 дугаар захирамжийн үйлчлэл сэргэж, талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх тул тухайн бүс нутгийн менежментийг хууль бусаар гуравдагч этгээд “Г-ын н х” ТББ-д хариуцуулж шийдвэрлэсэн А/169 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.
21. Б.Г нь Байгаль орчны газрын даргаар ажиллаж байхдаа дээрх, 2015 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан, тэрээр 2016 онд уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа “Г с” ТББ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хязгаарлалтыг зөрчсөн, гэвч энэ нь тухайн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
22. Мөн Б.Г нь 2017 оны 2-7 дугаар саруудад “Г с” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй байх хугацаандаа буюу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүх эрхийг, тухайлбал, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг тус ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Д-д олгосон байх тул түүнийг нэхэмжлэгч ТББ-ыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй байна.
23. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА