Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 441

 

М.З, А.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батсүх, шүүгдэгч М.З-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, М.З, А.О нарт холбогдох 201721000012 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хуурч овогт М.З.

2.Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Завар овогт А.О нар нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.З, А.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.З-ийг 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.О-ыг 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.З-ийн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Э.Ганбат, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо: “Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Цэцэг төвийн дээд талд байрлах Ви Ай Пи караокед гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон боловч ... анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ биелүүлсэнгүй. Шүүгдэгч М.З нь караокед болсон зодоонд оролцоогүй. Хохирогч Б.Энхбаяр нь караокений 00-ийн өрөөнд гэмтэл авчихсан байсныг хажууд нь байсан Ж.Амарбаяр, Х.Номин-Эрдэнэ нар гэрчилсэн байтал давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Гэмт хэргийг Ховд их сургуулийн дотуур байрны авто машин орох төмөр хаалганы урд талын зогсоол дээр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. М.З нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй байхад хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоол, магадлалд нотлох баримтын шаардлага хангахгүй, засварласан хохирогчоор тогтоосон тогтоол, байцаалтын тэмдэглэлүүдийг нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Хохирогч Б.Энхбаярын удаа дараа өгсөн мэдүүлэг эрс зөрүүтэйгээс болж шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордсон байдаг. Шүүгдэгч А.О, М.З нарын хэний үйлдлээс болж хохирогч гэмтэл авсан нь эргэлзээтэй. Б.Энхбаярыг өшиглөсөн гэх үйлдлийг сэргээн дүрслэх талаар туршилт хийлгэх хүсэлтийн дагуу туршилтын ажиллагаа явуулсан боловч хэрэг учрал гарах үеийн үйл баримтыг сэргээн тогтоох боломжгүй байсан тул туршилтын ажиллагаанд ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Туршилт хийхдээ шинжээч оролцуулаагүй, шаардлага хангасан манекан байлгаагүй, үр дүнг нь хэргийн оролцогчдод танилцуулаагүй, фото зургуудыг хавтаст хэрэгт хавсаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Шинжилгээг өөр шинжээчид даалгаж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлснийг шүүх анхаарсангүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэрэв дээрх үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл М.З нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал сайн, 19 настай болох нь тогтоогдож байх тул 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэглэж, ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо: “...мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогчийн биед ямар гэмтэл учирсан, хохирогчид учирсан гэмтэл хэдийд хэний үйлдлээс учирсан, бүлэглэсэн, эсвэл хэн нэгэн дангаар учруулсныг нотлох баримтаар нотлоогүй атлаа А.О, М.З нарыг бүлэглэж бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж ял оногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Хохирогчийн явсан маршрутыг тогтоогоогүй. Хохирогч нь хэрэг болсон шөнө цагдаагийн машинаар цагдаагийн газарт хүргэгдэн ирж шалгуулаад биед гэмтэл учирсан байна гэсэн гомдол гаргаагүй явсан ба 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө А.О нарт зодуулж гэмтэл авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хавтаст хэргийн 25-27 дугаар талд Б.Энхтогтох гэдэг хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байсан ба хэрэгт хохирогч хэн болох нь эргэлзээтэй байгаа тул хэргийн хохирогч хэн болохыг нарийвчлан шалгаж тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргахад тухайн хэрэгт хохирсон хохирогчийг хэн болохыг шалгаж тогтоолгүйгээр хохирогчийн гарын үсгийн тайллыг засварлаад Б.Энхбаяр гэж бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч Б.Энхбаярын биед гэмтэл учирсан нь эргэлзээтэй. Гэрч Төмөрхүү, Эрхэмбаяр нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй. Толгойн рентгэн зураг авахуулсан гэдэгт эргэлзээ төрж байна. Гэрч Батбаяр, Номин-Эрдэнэ, Үнэнчимэг нарын мэдүүлгээр хохирогч нь караокед зодуулж гэмтэл авсан нь нотлогдсоор байтал энэ байдлыг шалгаж тогтоолгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэргийг прокурорт буцаасан 54 дугаартай захирамжид заасан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй. Шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын биед хүнд хохирол учруулсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Оын үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсээр байхад А.От бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж, хохирогчийн биед хэний үйлдлээс гэмтэл учирсан болохыг нарийвчлан тогтоогоогүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон КТГ-ийн зургийг уншсан хариунууд хоорондоо эрс зөрүүтэй, хохирогч Б.Энхбаярын биед учирсан гэмтлүүдийн аль нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шүүх тодорхойлж, харилцан зөрүүтэй байгаа гэмтлүүдийн аль нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй. Мөн гэмт хэргийн сэдэл зорилго, гэмт хэргийн хэлбэрийг нотолж чадаагүй. Шүүгдэгч нарын хэнийх нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан бэ гэдгийг тогтоох ёстой. ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Бат-Орших, Өнө-Чимэг, Номин-Чимэг нарын мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй. Өнө-Чимэг нэг залуу шат руу унасан байсан. Яаж унасан гэдгийг нь хараагүй.  Гарч ирэх үед гадаа зодоон болоогүй, маргаагүй байсан гэж мэдүүлсэн. Бат-Орших нь хохирогч нь шатнаас унасан гэж мэдүүлсэн атлаа 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө уг мэдүүлгээ үгүйсгэсэн байдаг. Хохирогч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Орхон эмч хагалгаанд орсон гэдгийг хэлсэн. Гэтэл Орхон эмч тухайн үед Монгол улсад байгаагүй гадаад явсан байсан нь нотлогддог. Эрдэнэчимэг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцлөөр ял оногдуулсан боловч мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд үндэслэл болгосон гол нотлох баримтыг харахад хохирогчид гэмтэл учруулсан байдал эргэлзээтэй байна. Энэ хэрэгт 2 удаагийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтээр чамархай болон хацар ясны хугарал, хүнд зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн. 01 дүгээр сарын 10-ны өдөр авахуулсан зургаар чамархай ясны хугарал гэдэг нь үгүйсгэгдэж, суурь ясны хугарал гэж дүгнэгдсэн. Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхийг харахад хацар ясны хугарал гэсэн оношоор эмчлүүлээд гарсан байсан. Дээрх зөрүүтэй байдлыг харгалзан дахин 601 дугаартай дүгнэлт гаргахдаа орон нутагт хийсэн шинжилгээг үндэслэн чамархай ясны хугарал гэсэн дүгнэлт гаргасан.  Хохирогчийн биед ямар гэмтэл учирсан нь эргэлзээтэй, зөрүүтэй байна. Аль гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд орж байгааг тодорхой тогтоогоогүй. Шинжээч нараас тайлбар, мэдүүлэг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Зураг, дүгнэлтийн зөрүүг арилгаж, дахин нарийвчлан тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх ёстой. Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан болох нь гэрч болон хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч эмч нарын дүгнэлт зөрүүгүй байгаа. Дүрс оношилгооны эмч Чулуунсүх шинжээчийн дүгнэлтэд тодорхой тайлбар өгсөн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Гэхдээ шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч нар гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргасан. Мөн хоорондоо эсрэг байр суурьтай байхад Эрүүгийн хуулийн 6.7, 8.5 дугаар зүйлийг тус тус хэрэглэсэн нь буруу байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.О, М.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 63 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн өгсөн мэдүүлгийн агуулгыг прокурорын яллах дүгнэлт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс хуулбарлаж бичсэн байх боловч тэдгээр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй,

Мөн шүүгдэгч А.О, М.З нарын гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тухай болон бусад баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэж бичээгүй, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг бичих талаар Улсын дээд шүүхээс тогтоосон аргачлал, журмыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр энэ хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан, мөн шүүгдэгч М.З нь гэмт хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрсэн байсан бөгөөд түүний бие, сэтгэхүйн хөгжлийг 18 насанд хүрээгүй хүүхэдтэй адилтган үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж тогтоох зэргээр шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгүүлэхгүйгээр шүүгдэгч А.О, М.З нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нотлогдсон байдлыг магадлалдаа дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах ба мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх эрхгүй болно.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 63 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.З, А.О нарт холбогдох хэргийг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.З, А.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хэргийг дахин шалгуулах” тухай гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

 

               ДАРГАЛАГЧ                                                              Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН