2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/156

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Н.Нансалмаа,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар М овогт Ж-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510019151342 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 5, эх, эгч нарын хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:***) М овогт Ж-ийн Б.

                                              Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “A***” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд тус дэлгүүрийн агуулахаас 42 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 179,950,000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тухайн байгууллагад 04 сарын хугацаанд ажилласан. Гар утаснууд хадгалдаг өрөө, сейфний  кодыг нь мэддэг болохоор би гар утаснуудыг нууцаар авсан нь үнэн. Авсан гар утаснуудаа ломбардад тавиад алдсан. Авсан зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа учир шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролыг төлнө .” гэв.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Б-ийг бидний зүгээс их дэмждэг байсан бөгөөд энэ их итгэл дээр тоглож, ийм үйлдэл хийсэн болов уу гэж бодож байна. Шөнийн цагаар гар утас авсан гэж байгаа боловч өдрийн цагаар гар утас авдаг байсан. Агуулах руу орж хог хаях нэрийдлээр хайрцагт хийж авч гарч байсан болох нь тогтоогддог. Энэ талаар бичлэгт авагдсан байгаа. Үйлдэл бүр дээрээ худлаа хэлж байсан. Манай байгууллага нь олон сая төгрөгөөр хохирч харилцагч, ханган ажиллагч нарын итгэл буурсан. Энэ гэмт хэргийн улмаас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрсэн. Байгууллагад ажиллаж байхдаа сүүлийн 1 сарын хугацаанд чөлөө их авч байсан. Шалтгааныг нь асуухаар манай дүү нас барсан, би хагалгаанд орчихлоо гэх мэтээр хэлдэг байсан. Ээжээс нь тодруулж асуухад нэг ч удаа хагалгаанд орж байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр Б худал ярьдаг байсан байна. Б-ийн хулгайн үйлдлээс шалтгаалж байгууллагын бизнесийн үйл ажиллагааны эргэлтэд орох эх үүсвэр алдагдсан. Байгууллагын ажилчдын цалин хөлс, ар гэр мөн давхар хохирч байна. Ийм байхад ямар нэгэн гэмшсэн зүйл бол харагдахгүй байна. Нийт 42 ширхэг гар утасны үнэ болох 179.950.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Ж.Б нь “A***” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа тус дэлгүүрийн агуулахаас 42 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 179.950.000 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1-р хавтаст хэргийн 09 дэх тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 10-15 дэх тал)

3. Ж.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 18-21 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий өгсөн: “Манай “А***” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс худалдааны зөвлөх ажилтнаар анх ажилд орсон Ж.Б нь ажилд орсон. Тэгээд түүнээс хойш манай байгууллагад ажиллаж байгаад өвчтэй чөлөөтэй гэж ажиллах хугацаандаа чөлөө авдаг байсан. 2025 оны 3 дугаар сарын 15-наас 20-ны үеэр ээж нь хүнд өвчтэй бас өөрөө хагалгаанд орсон дүү нь нас барсан гэх шалтгаанаар ажилдаа ирэхээ больсон. Ирээд ажлаа хүлээлц гэхээр амжихгүй байна эмнэлгийн ажилтай яваад байна гээд ирэхгүй байсан. Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тухайн хүнийг манай дэлгүүрээс хулгай хийсэн байна гэдгийг мэдсэн. Тэгээд тухайн хүн манай байгууллагаас бидний одоогоор мэдэж байгаагаар 4-5 ширхэг iPhone, Samsung гар утаснууд ажил тарсан шөнийн цагаар ажил дээр ирж хулгай хийж байсан бичлэгийг бид нар олсон юм. Илэрсэн нөхцөл байдал тухайн алдагдсан утаснуудын мэдээлэл ямар гар утас авч байгааг одоогоор хэлж мэдэхгүй байна. Би тухайн хүний хулгай хийж байгаа бичлэгийг цагдаагийн байгууллагад яаралтай гаргаж өгнө, тухайн утаснуудын загвар дүн болон тоо ширхгийг би маргааш авч ирнэ. Учирсан хохирлоо нэхэмжилж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий дахин өгсөн: “Б нь манайд худалдааны төлөөлөгчөөр түр ажилтнаар ажиллаж байгаад энэ оны 02 дугаар сарын 26-наас үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Б нь манай дэлгүүрээс нийт 42 ширхэг бараа материал авсан байсныг бид нар түргэн шуурхай тулгалт хийж тогтоосон...Цагдаагаас бид нарт Б-ийн эгч нь өгсөн гээд 12 ширхэг ломбардын бичиг өгсөн ба бид хэдийг ломбардаар яваарай, заримынх хугацаа нь  дуусаагүй юм байна, очоод мөнгийг нь бага байгаа дээр нь төлөөд аваарай гэж хэлсэн...Б тухайн өдөр амаар хохирлын  хэмжээг нь хүлээн зөвшөөрсөн ба мөрдөгч нь хажууд байсан. Алга болсон 42 тооны бараа бүтээгдэхүүн алдсан болохоор манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан ба ханган нийлүүлэгч байгууллагуудын итгэлийг нь алдаж, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй хэцүү байдалтай болсон хэрэг гарсан өдрөөс нь эдийг хүртэл хохироод яваад байгаа ба байгууллагыг үйл ажиллагаа доголдсон хэвээрээ байна. Б-ийн авсан бараанууд нь дандаа хурдан борлуулагддаг, авч явахад эвтэйхэн, эрэлт ихтэй бараанууд байсан. Манай байгууллагад ажиллаж байхдаа өвдчихлөө гэхэд дэмжиж чөлөө зөвшөөрлийг нь өгдөг байсан ба Б нь хулгай хийсэн гэдгийг манай ажилтнууд мэдээд бүгд шоконд орсон. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Ажлын байранд шөнийн цагаар нэг эмэгтэй хүн дагуулж ирээд орж байсан. Гар утаснуудыг Б-т хүлээлгэж өгдөггүй дэлгүүрийн бараа бөгөөд Б-ийн өөрийнх нь ажлын байрны үүрэг буюу барааг зарж борлуулах үйлчлүүлэгчдэд танилцуулах, олгох, хүлээлцэх эрхтэй байдаг. Ажлын болон шөнийн цагаар авсан байсан. Тэр нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байгаа. Манайд барааны тооллого зөрдөггүй байсан ба барааны тооллого камерын бичлэг, ломбардын бичгүүд болон Б нь өөрөө 40 гаруй утас авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.”  гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Д-ын өгсөн: “Манайх бараа материалын тооллого хийхэд Б нь оролцдог байсан ба өөрийнхөө утас авсан байж болох арын агуулах руу өөрөө орж тооллого хийдэг байсан. Тооллогыг хоёр хүн явуулдаг бөгөөд Б нь цаасан дээр тулгалт хийх, барааны тулгалт тэмдэглэлийг өөрөө хөтөлдөг байсан. Миний бодлоор Б тухайн үед өөрийнхөө авсан бараануудыг байгаа гэж тэмдэглэж, менежерт өгдөг байсан байж магадгүй гэж бодож байна. Ажлаас гарахаас өмнө Б өөрчлөгдөж, хүмүүстэй харилцахаа больж, ганцаараа зайтай суудаг болсон ба нэг өдөр манай дэлгүүрт хоёр эрэгтэй хүн орж ирсэн ба би тэгэхээр хүмүүсийг үйлчлүүлэх гэж байгаа хүн гэж бодсон боловч тэдгээр хүмүүс нь Б-тэй уулзаж байсан ба Б нь “за, за” гэж хэлж байсан.  Ажлаас буух болоход утсаар ярьж одоо хаана байгаа юм гэж асууж байсан одоо бодоход тэдгээр хүмүүст өртэй байсан гэж бодож байна. Бас нэг удаа ажлын байран дээр би дэлгүүр онгойхоос өмнө 09 цагийн үед ирэхэд Б нь манай амралтын өрөөнд байж байсан, шөнө хонодог байсан байх гэж бодож байна. Эмнэлэгт хэвтсэн гэж худлаа хэлж байсан ба бид хамт олноороо мөнгөө нийлүүлж мөнгө төгрөг ч өгч байсан. Надад өмнө АНУ-д байхдаа бет тавьж өрөнд орж байсан гэсэн. Энэ тэнд очиж утсаа нууж оролддог, мөрийтэй тоглодог байсан байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б-ийн өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 20-ноос хойш ажиллаж байна. Үзүүлэнгийн S25 маркийн гар утас байхгүй байхаар нь дэлгүүрийн камерыг анх шүүж үзэхэд өдрийн цагаар байсан бөгөөд шөнийн 23 цагаас хойш Б орж ирээд тухайн утсыг болон бусад гар утаснуудыг аваад гарч байсныг нь мэдээд шууд захиралтай ярьсан. Захирал би өөрөө Б-тэй ярина, чи үргэлжлүүлээд камераа шүү гэсний дагуу камер шүүхэд дандаа шөнийн цагаар эсхүл ажил тарсаны дараа нэг нэгээр биш өдөрт 2-3 утас авч гардаг байсныг мэдсэн. Манай камерын бичлэг нэг сар хадгалагддаг. Тухайн хугацаанд авсан утасны бичлэг жагсаалтаар гаргаж өгсөн.  Б нь өмнөх оны 12 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45-46 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Т-ын өгсөн: “Манай ломбардад тухайн регистрийн дугаартай ирсэн 2025 онд 4 удаа эд зүйл барьцаалж байсан, гурван зээл нь зарагдсан зээлэндээ анхаарал тавиагүй. 2025 оны 02 дугаар сарын 10-нд “iPhone 14 pro max” 400.000 төгрөгөөр, 2025 оны 3 дугаар сарын 23-нд “iPhone 15 ProMax” шинэ 1.700.000 төгрөгөөр, 2025 оны 4 дүгээр сарын 02-нд  “iPhone 16 Pro” шинэ 2.500.000 төгрөгөөр тус тус барьцаалсан. Энэ гурван утас нь манай байгууллагын өмч болсон. Манайх хураахдаа тухайн хүн рүү залгахад утсаа аваагүй тул хураасан. Манайх үндсэн 10 хоног, хүлээлгийн 20 хоног хүлээдэг ба тэр хугацаанд зээл сунгаагүй төлөөгүй тохиолдолд манайх гэрээний дагуу хураан авч байгууллагын орлого болгодог.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.С-н өгсөн: “Энэ оны 4 дүгээр сарын 13-ны орой бараа алдагдсаныг мэдээд шөнөжингөө камер шүүж, цагдаа дуудаж манай ажилтан Ж.Б авсан болохыг мэдсэн. Шөнөжин камер шүүж хэдэн ширхэг ямар бараа хулгайлагдсан болохыг өөрсдөө тогтоож бичлэгийг нь цагдаад өгсөн... Ж.Б нь тооллогонд өөрөө оролцдог байсан ба байхгүй байсан барааг байгаагаар тэмдэглэдэг байсныг тооллогын материалуудыг шалгахдаа мэдсэн. Ажилдаа орсноос хойш байнга цалингийн зээлийн талаар ярьдаг байсан, үндсэн ажилтан болж байж зээл авах боломжтой гэхэд өвдлөө хагалгаанд орох боллоо гэсээр байгаад зээл авсан. Одоо бодоход өр ширэнд орсон байх гэж бодож байна. Манай зүгээс бүх талаар нь дэмждэг байсан. Манай байгууллагын хохиролыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52-53 дахь тал)

10. “Гранд Ассэт Валю” ХХК-ийн “Нийт 42 ширхэг гар утсыг зах зээлийн ханшаар 179.950.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 60-64 дэх тал)

11. “A***” ХХК-ийн дүрэм (1-р хавтаст хэргийн 97-100 дахь тал)

12. Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ (1-р хавтаст хэргийн 118-119, 125-137 дахь тал)

13. “A***” ХХК-ийн ханган нийлүүлэгчээс бараа хүлээн авсан талаархи холбогдох баримтууд  (1-р хавтаст хэргийн 138-171 дэх тал)

14. Ж.Б-ийн барьцаалан зээлийн үйлчилгээ авсан талаархи баримтууд (1-р хавтаст хэргийн 204-209 дэх тал)

15. Ж.Б-ийн барьцаалан зээлийн үйлчилгээ авсан талаархи баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 210-211 дэх тал)

16. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 229-250, 2-р хавтаст хэргийн 02 дахь тал)

17. Ж.Б-ийн эзэмшлийн 1105*** дугаартай Голомт банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 03-10 дахь тал)

18. Ж.Б-ийн эзэмшлийн 5058*** дугаартай Хаан банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 11-32 дахь тал)

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Ж.Б-ийн өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн Зүүн-Өндөр худалдааны төвд 1 давхарт байрлах “A***” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр анх ажилд орсон. 2025 оны 3 дугаар сарын 15-наас эхэлж тухайн байгууллагын агуулахаас нийт 16 ширхэг “Iphone 14 ProМax” тоог нь мэдэхгүй байна “Iphone 16 ProMax” болон “Samsung” гар утаснуудыг ажилчдад мэдэгдэлгүйгээр шөнийн цагаар ажлын газар орж тухайн газрын зүүн хойд талд байрлах агуулахаас авдаг байсан. Би тухайн гар утаснуудыг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж цувуулж авсаар байгаад 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сүүлийн гар утсаа авсан. Би одоогоор хэзээ хэдэн ширхэг хэдэн тооны гар утас авснаа санахгүй байна. Ойролцоогоор 21 орчим гар утас авсан...Тухайн утаснууд бүгд ломбарданд байгаа, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын тэнд байрлах 6-7 тооны гар утас 12 ширхэгийг ломбарданд тавьсан. Мөн Багшийн дээдийн ойрхон байрлах ломбарданд 3 ширхэг гар утас, бас Халдвартын тэнд байрлах ломбарданд 6 ширхэг гар утас байгаа. Би олсон мөнгөө 1хВет цахим тоглоомонд алдсан. Би ганцаараа үйлдсэн. Би байгууллагын мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Би тухайн авсан мөнгөө эргүүлж бүрэн төлнө. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 72-73 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд  2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Ж.Б нь “А***” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа ажил үүргийн хүрээнд олж мэдсэн сейф, шүүгээ байрлах агуулахад нэвтрэх боломж, түлхүүрийг ашиглан, тус дэлгүүрийн агуулахаас 42 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 179,950,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Хууль тогтоогчоос энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.

Тодруулбал, шүүгдэгч Ж.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, “A***” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр нийт 42 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 179,950,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай хэлбэрээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан.

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч Ж.Б нь хохирогч “A***” ХХК-нд 179,950,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хяналтын прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 Иймд шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч “A***” ХХК-д нийт 179,950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирол төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 179.950.000 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгчээс хохирогч байгууллагад учирсан хохирлоос нөхөн төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг;

хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Өлзийхишигээс “...хэргийн зүйлчлэлийн хамгийн дээд ялын хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн;

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзаж гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (удаа дараагийн үйлдлээр ажиллаж цалин авдаг байгууллагаасаа эд зүйл хулгайлсан), учирсан хохирол (их хэмжээний хохирол учруулсан), хор уршгийн шинж чанар,  гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Ж.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрхи нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Б-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гурван жил, зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Дээр дурдсан үндэслэлээр хохирогч байгууллагын өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Ж.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хорих байгууллагад хөдөлмөр эрхэлж хохирогч байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдол бүхий байж болох нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 07 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                          ТОГТООХ нь:

1. М овогт Ж-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.         

2. Шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 03 (гурав) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийн цагдан хоригдсон 07 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс 179.950.000 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага “A***” ХХК-д олгосугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

          

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ