| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0384/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/243 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт О-ийн Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408035801838 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 03-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд нь;
2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 01 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан, (РД:***) Т овогт О-ийн Л.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
О.Л 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн Боомт гэх газарт байхдаа согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э-ийг бусадтай хардсанаас гараараа цохиж зодсон, мөн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод гэртээ байхдаа Д.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Л мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 20-оос хойш хохирогчтой хамтран амьдарч байсан. Хамгийн сүүлийн үйлдлийн хувьд гэвэл миний толгойг цахилгаан тогооны залгуураар хагалсан учир би урд харагдсан зүйлээ авч шидсэн. Уг зүйл нь иртэй хутга байсан болохыг мэдээгүй. Учир нь бид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2025 оны 04 дүгээр сард хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Хохирогч эмнэлэг орж үзүүлээд надад хэлнэ гэсэн боловч эргээд холбоо бариагүй учир ямар нэгэн хохирол төлөөгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2408035801838 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 5 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-ийн өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчим хамтран амьдрагч Л мөн миний найз М нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод бид гурав нийлээд 0.75 литрийн Цагаан нэртэй архи 1 шилийг хувааж уусан бөгөөд 11 цагийн орчим хамтран амьдрагч Л нь хэл амаар доромжлоод агсам тавиад байсан бөгөөд “чи болиоч ээ” гэсэн чинь над руу нэг хатуу зүйл аваад шидсэн. Тэгтэл миний баруун хацрыг оносон бөгөөд тэр дороо миний баруун хацраас маш их цус алдаад байхаар нь би Лыг эмнэлэг явъя такси бариад ир гээд явуулсан чинь Л ирэхгүй байсан бөгөөд би эмнэлэг дуудах гэсэн чинь надад утас байхгүй байсан болохоор урд талын айлаасаа эмнэлэг дуудаад өгөөч гэсэн чинь цагдаагийн байгууллагад хандаж мөн эмнэлэг дуудсан байсан...Миний хамтран амьдрагч болох О.Л миний биед урьд өмнө их халдаж зодож цохидог байсан бөгөөд намайг архи уухаараа хардаж зоддог байсан. Мөн хэл амаар маш их доромжилдог байсан. Тухайн үйл явдал болох мөчид бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд манай найз М байхгүй гэртээ харьсан байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-ийн дахин өгсөн: “...Тухайн үед Л нь миний нүүр рүү заазуурын иртэй хэсгээр зүсэж, улмаар толгой руу өшиглөж зодож цохисны улмаас миний эрүүл мэндэд баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан. Харин тэрнээс өмнө 7 хоногийн өмнө Л нь надтай хамт Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод байрлах хилийн шалган нэвтрүүлэх байрыг барихаар очиж байрлаж ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг нүүр рүү гараараа цохиж зодсон бөгөөд тэрнээс болж миний биед баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамрын ясны далд хугарал гэмтэл учирсан байсныг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын төвд үзүүлэхдээ мэдсэн. Сүүлд намайг зодохдоо бусадтай хардсаны улмаас зодож цохисон...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 131 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.М-ийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Морингийн даваан дээр таарсан чинь Э-ийн нүүр нь хавдаад хүн харахын эцэсгүй болчихсон байсан. Л урд шөнө Э, П хоёр хамт унтах гэж байсан. Тэгэхээр нь би зодчихсон гэж байсан. Л хардаад бас архи уухаараа зодчихдог юм” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 38-40 дахь тал)
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13315 дугаартай: “...Д.Э-ийн биед баруун хацар, дээд урууланд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн хатгагдаж зүсэгдэх, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 28-29 дэх тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч С.Ч-ийн өгсөн “... тухайн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна... бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (Хавтаст хэргийн 34-35 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Л-ын өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажил хийж дуусаад орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Э-ийг П гэх залуутай бэлгийн харилцаанд орж байхад нь хараад Э-ийн биед халдаж хамар болон нүд хэсэг рүү нь цохиж зодсон. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Э, М нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад М гэртээ харьсны дараа Э-тэй Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод болсон явдлаас болоод хэрүүл маргаан хийж миний толгой хэсэг рүү халуун тогооны шилээр цохиж толгой хэсгээс цус гарсан. Дахин цохих гэхээр нь би газар байсан заазуур авч иш хэсгээр нь цохих гэж байгаад ир хэсгээр нь нүүр хэсэг рүү нь цохисон чинь их хэмжээний цус гараад арьс нь унжсан байсан. Тэгээд би түргэн дуудахаар гараад явж байтал толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь ээж О-д ирж цусаа угааж ээжээр толгойгоо боолгоод буцаад иртэл байхгүй байсан. Тэгээд шөнө унтаж байсан чинь цагдаа орж ирээд намайг бариад явсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын удаахгүй бүрэн барагдуулж төлөх болно.” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 131 дэх тал)
8. Хохирогч Д.Э-т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон ЕГО825/3854 дугаартай: “...Д.Э-ийн /РД: ***/-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 хавтаст хэргийн 17-19 дэх тал)
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 76 дахь тал), оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (1 хавтаст хэргийн 77 дахь тал), СХД-ийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (1 хавтаст хэргийн 75 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 хавтаст хэргийн 78 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 79 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 80, 85 дахь тал), Шийтгэх тогтоолын хуулбарууд (1 хавтаст хэргийн 63-71, 88-118 дахь тал, 2 хавтаст хэргийн 22-27 дахь тал), ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10-02/3238 тоот албан бичиг (1 хавтаст хэргийн 62 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч О.Л нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн Боомт гэх газарт байхдаа согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э-ийг бусадтай хардсанаас нүд, хамар руу нь гараараа цохиж зодож, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод гэртээ байхдаа хоорондоо маргасны улмаас заазуурын иртэй хэсгээр баруун хацрыг нь зүсэж, биед нь баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 5 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-ийн өгсөн: “...Л нь хэл амаар доромжлоод агсам тавиад байсан бөгөөд чи болиоч ээ гэсэн чинь над руу нэг хатуу зүйл аваад шидсэн. Тэгтэл миний баруун хацрыг оносон бөгөөд тэр дороо миний баруун хацраас маш их цус алдаад... эмнэлэг дуудсан байсан...Миний хамтран амьдрагч болох О.Л миний биед урьд өмнө их халдаж зодож цохидог байсан бөгөөд намайг архи уухаараа хардаж зоддог байсан. Мөн хэл амаар маш их доромжилдог байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-ийн дахин өгсөн: “...Тухайн үед Л нь миний нүүр лүү заазуурын иртэй хэсгээр зүсэж, улмаар толгой руу өшиглөж зодож цохисны улмаар миний эрүүл мэндэд баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан. Харин тэрнээс өмнө 7 хоногийн өмнө Л нь надтай хамт Сүхбаатар аймгийн бичигтийн боомтод байрлах хилийн шалган нэвтрүүлэх байрыг барихаар очиж байрлаж ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг нүүр лүү гараараа цохиж зодсон бөгөөд тэрнээс болж миний биед баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамрын ясны далд хугарал гэмтэл учирсан байсныг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын төвд үзүүлэхдээ мэдсэн. Сүүлд намайг зодохдоо бусадтай хардсаны улмаас зодож цохисон...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 129-130 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.М-ийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Морингийн даваан дээр таарсан чинь Э-ийн нүүр нь хавдаад хүн харахын эцэсгүй болчихсон байсан. Л урд шөнө Э, П хоёр хамт унтах гэж байсан. Тэгээд нь би зодчихсон. Архи уусан болохоор сайн санахгүй байна гээд байсан... ванан дотор их хэмжээний цустай ус байсан. Тэгээд хүү Хувьтөгөлдөрөөс нь асуухад ээж эмнэлэг явсан гэж хэлсэн...Би хашаанд нь амьдрахад архи уугаад, хэрүүл маргаан хийгээд хэцүү байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 38-40 дахь тал), шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13315 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 28-29 дэх тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч С.Ч-ийн өгсөн “... тухайн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна... бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч О.Л-ын өгсөн “...цохих гэхээр нь би газар байсан заазуур авч иш хэсгээр нь цохих гэж байгаад ир хэсгээр нь нүүр хэсэг рүү нь цохисон чинь их хэмжээний цус гараад арьс нь унжсан байсан... Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын удаахгүй бүрэн барагдуулж төлөх болно. (1 хавтаст хэргийн 131 дэх тал) гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн Боомт гэх газарт байхдаа согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э-ийг бусадтай хардсанаас нүд, хамар руу нь гараараа цохиж зодсон, мөн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод гэртээ байхдаа заазуурын иртэй хэсгээр баруун хацрыг нь зүсэж, биед нь баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч О.Л нь хамтран амьдрагч хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э-ийг бусадтай хардаж хоёр удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос О.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар.
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримт хэрэгт гаргаагүй учир энэ тогтоолоор шүүгдэгчийг төлөх төлбөрүйд тооцов. Харин хохирогч Д.Э өөрт учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч О.Л-аас иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба мөрдөгч, прокуророос иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоогоогүй байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч Д.Э-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Л-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э-т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “...энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” (2 хавтаст хэргийн 17-19 дэх тал) гэж тогтоосон байна.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэрэг болон гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон байдал зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж байсан 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.960.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Э-т олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрэн сурвалжлах ажиллагааны зардлаа эрх бүхий байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар О.Л-аас нэхэмжлэх эрх нээлттэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Л нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу (бусадтай хардсан шалтгаанаар 2 удаа зодсон), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ (хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан), хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.
Т овогт О-ийн Л-д холбогдох хэргийг шүүх хүлээн авч хавтаст хэргийн материалтай танилцаад 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/97 дугаартай захирамжаар О-ийн Л-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Иймд О.Л-д урьд авагдсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, *** тоотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.
О.Л-д оногдуулсан дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэнд тооцож, үлдэх 03 (гурав) сар (гурав) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоов.
О.Л-ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт О-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэнд тооцож, үлдэх 03 (гурав) сар 03 (гурав) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. О.Л-ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Л-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар О.Л-аас сэтгэцийн хор уршгийн зардалд 3.960.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т олгосугай.
8.Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар холбогдох зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрэн сурвалжлах ажиллагааны зардлаа эрх бүхий байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар О.Л-аас нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ