| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2109000000785 |
| Дугаар | 2021/ДШМ/986 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/986
2021 11 18 2021/ДШМ/986 № Т M № 546
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
хохирогч Ө.Т-,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Ө.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн С.Б-д холбогдох 2109000000785 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн С-гийн Б-, Дорнод аймагт 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “-” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/
С.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв номын сангийн баруун талын автобусны буудлын орчимд Ө.Т-тэй гар утаснаас болж маргалдан нүүрэнд нь барилгын хамгаалалтын малгайгаар цохисны улмаас хамар ясны хугарал, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хохирогч Ө.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Булганчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох байтал ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хуулийг алдаатай хэрэглэсэн үндэслэл болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогч Ө.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би гадаад гоо үзэмж, харагдах байдлаараа хохирч байгаа тул шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч С.Б- нь хүний биед санаатай гэмтэл учруулсан. Прокурорт хохирогчийн бүх хохирлыг барагдуулна гэж мэдүүлэг өгсөнөөр ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Миний биед учруулсан хохирлыг барагдуулах болон уучлалт гуйгаагүй зэрэг нь буруугаа ухамсарласан ямар ч үйлдэл хийгээгүйг харуулж байгаа. Иймд давж заалдах гомдол гаргасан ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, хохирогч Ө.Т-ийн “... 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гар утсаа солилцохоор болж талбайн урд 15 цагийн үед очсон. Намайг 2 цаг хүлээлгэсний эцэст ирсэн. Утасных нь камерны шил хагарсан, дэлгэц нь зураастай байсныг хараад би мөнгө нэмж өгөхийг шаардахад намайг хэл амаар доромжилж, утсаа солихгүй гээд бид маргалдаж каскаар миний хамар руу цохисон...” /хх 7, 9/ гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Т-ийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 4805 тоот шинжээчийн дүгнэлт /хх 13-14/, шүүгдэгч С.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 21-22/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б- нь хохирогч Ө.Т-тэй гар утаснаас болж маргалдах явцдаа барилгын хамгаалалтын малгайгаар нүүрэнд нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч С.Б-ын бусдын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглэх ёсгүй зүйл, хэсгийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасны дагуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан тул энэ зүйлд заасан өршөөлийг шүүхийн хүчин Т- тогтоолоор ял эдэлж байгаа ялтанд үзүүлнэ гэж ойлговол зохино.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн нөхцөл бүрдсэн байна. Энэ тухай улсын яллагч үндэслэл бүхий эсэргүүцэл бичсэн байх тул хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б- шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч Э.Т-ийн хувьд давж заалдах шатны шүүхэд “хамрын мэс засалд 1,600,000 төгрөг, унтуулгын зардалд 331,000 төгрөг” шаардлагатай талаар эмнэлгийн албан ёсны баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчээс нийт 2,051,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Т-т олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН