Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1586

 

 

“ГСИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01305 дугаар шийдвэртэй, “ГСИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭТЭК” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт илүү төлсөн 19 219 500 төгрөгийг гаргуулах,

“ГСИ” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагчийн төлөөлөгч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Манай компани 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “ЭТЭК” ХХК-тай “Монгол гэр худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, нийлүүлэгч нь 8 метрийн диаметртэй, 8 ширхэг монгол гэрийг нийлүүлж, гэр тус бүрт шалны халаалт тавих үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зохих журмын дагуу нийт 139 212 000 төгрөгийг нийлүүлэгчид төлсөн. Гэрээний 3-т заасны дагуу нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч уг хугацаанд нийлүүлээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18/35 дугаартай мэдэгдлээр энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоон, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг “ЭТЭК” ХХК-иас шаардсан.

Гэвч нийлүүлэгч нь дээрх нэмэлт хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй, харин нэмэлт хугацаанаас хойш бүтээгдэхүүнээ нийлүүлсэн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй, шалны халаалтгүй, доголдолтой байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18/40 дугаар мэдэгдлээр доголдлыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор арилгахыг шаардсан. Уг нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор доголдлыг арилгахыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/52 дугаар мэдэгдлээр мөн мэдэгдсэн.

Нийлүүлэгч тал ийнхүү хугацаа хэтрүүлэн 8 ширхэг гэрийг нийлүүлсэн боловч шалны халаалт тавих үүргээ биелүүлээгүй, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, 2 гэрийг хүч хэрэглэн буулган авч явсан нь тус компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нь “ЭТЭК” ХХК-д гэрээний дагуу 139 212 000 төгрөг төлсөн, нийлүүлэгч тал 8 гэрийн 2 гэрийг авч явснаар 6 гэр хүлээлгэн өгсөн тул гэрээний 1-д заасны дагуу 6 гэрийн үнэ  119 992 500 төгрөг болох бөгөөд илүү төлсөн 19 219 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “ЭТЭК” ХХК нь “ГСИ” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Монгол гэр худалдах худалдан авах гэрээ” байгуулж, 8 метрийн диаметртэй 8 ширхэг монгол гэрийг тогтоосон газар хүргэн, угсарч өгөхөөр тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, 8 гэрийг хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөөс хойш гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө авахаар нэхэмжлэгч талын эрх бүхий албан тушаалтан, компанийн оффис руу олон удаа утсаар залгасан ч хариу байхгүй, оффист нь очиж уулзахаар хүнгүй байсаар 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 8 гэрийг хийж бүрэн дууссан, хүлээлгэж өгөхөөр утсаар ярихад “гэр барих газарт цементэн суурь цутгасан, бороо ороод хатаагүй байна түр хүлээгээч” гэж захиалагч хэлсэн.

Ингээд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 гэрийг тогтоосон газарт авч очиход 2 гэр барих суурь дөнгөж хийгдсэн байсан учир 2 гэрийг гүйцэд хатаагүй нойтон суурин дээр барьж, бусад гэрийг барьсан 2 гэртээ хураагаад буцсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр очиход 3 гэр барих суурь баригдсан байсан тул 3 гэрийг нэмж бариад, 3 гэрийг хурааж орхиод суурь цутгахыг хүлээсэн.

Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр очиж 3 гэрийг барьсан бөгөөд хүлээлгэж өгөх гэтэл захиалагч талын захирлууд Монголд байгаагүй тул бүх гэрүүдийг бэлэн болгосон бичлэгийг хийж чатаар илгээхэд “хүлээж авлаа” гэсэн хариу ирсэн. Тухайн үед шалны халаалтыг суурилуулах гэтэл гэрүүдийн ариун цэврийн өрөө бэлэн болоогүй байсан тул орхиод яв гэсний дагуу 1 гэрт нь хураагаад орхисон. Шалны халаалт хийх хүмүүсийг манай компани хөлсөлж ажиллуулсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр очиход бэлэн болоогүй байсан тул 1 гэрт шалны халаалтыг дэвсэж, 7 гэрийн шалны халаалтыг нэг гэрт нь хурааж орхиод явсан. Ийнхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. 2 гэр нь манай хашаанд хураалттай байгаа тул төлбөрөө төлвөл буцаан өгөхөд бэлэн байгаа гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээнд заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрүүдийг шалны халаалтын хамт бүрэн хүлээлгэж өгөх боломжтой байсан боловч захиалагчийн буруутай үйл ажиллагаа буюу суурийн болон ариун цэврийн өрөөний ажлыг дуусгаагүй гэх үндэслэлээр хүлээн авалгүй 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүргэсэн. Нэхэмжлэгч бидэнтэй холбогдохгүй, үлдэгдэл 34 800 000 төгрөгийг өгөхгүй зугтааж байсан тул арга буюу 2 гэрийг /барьцаалах байдлаар/ буцаан авсан. Манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул гэрээний үлдэгдэл болох 34 800 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “ЭТЭК” ХХК нь гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоног буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор 8 ширхэг монгол гэрийг нийлүүлэх, шалны халаалт тавихаар үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй. Бидний зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож, нийлүүлэгчид бичгийн хэлбэрээр мэдэгдсэн ч нэмэлт хугацаанаас хойш 8 ширхэг гэр нийлүүлсэн боловч гэр тус бүрт шалны халаалт тавих үүргээ үл биелүүлсэн. Энэ талаар нийлүүлэгчид мөн л бичгийн хэлбэрээр мэдэгдэж шаардлага тавьсан хэдий ч үр дүн гараагүй.

Нийлүүлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй дур мэдэн нэвтэрч, 2 ширхэг гэрийг хүч хэрэглэн буулган авч явсан ба нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Хариуцагч “ЭТЭК” ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөр 34 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ГСИ“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ЭТЭК” ХХК-д холбогдох, 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19 219 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ГСИ“ ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 800 000 төгрөг гаргуулж хариуцагч “ЭТЭК” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ГСИ“ ХХК-иас төлсөн 254 050 төгрөг, хариуцагч “ЭТЭК” ХХК-иас төлсөн 331 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 331 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэхдээ 8 ширхэг монгол гэр нийлүүлэхтэй холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, шалны халаалт нийлүүлэхтэй холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч үзээгүй.

Талууд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Монгол гэр худалдах худалдан авах гэрээнд зааснаар хариуцагч нь 8 метрийн диаметртэй 8 ширхэг монгол гэр, 8 ширхэг шалны халаалтыг нэхэмжлэгчид нийлүүлж, газар дээр нь угсарч өгөх үйлчилгээг үзүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

Үүнээс үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжүүдийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан байх ба гэрээний агуулгаас харахад 8 ширхэг монгол гэр, 8 ширхэг шалны халаалтыг “ГСИ” ХХК-д нийлүүлэх харилцаа нь худалдах худалдан авах гэрээний харилцаа бол уг гэрүүд болон шалны халаалтыг суурилуулах, угсрах харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхгүй тул 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19 219 500 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй” гэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг илтэд хязгаарласан,                                         хэрэгт авагдсан нотох баримтууд, талуудын тайлбарыг бүх талаас нь, бүрэн гүйцэд үнэлээгүй байна.

Талууд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Монгол гэр худалдах худалдан авах гэрээ” байгуулж, хариуцагч 3 ширхэг гэрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж, тогтоосон газарт нь угсарч суурилуулан нийлүүлэх үүрэг хүлээсэн байтал энэ үүргээ зөрчсөн ба 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэхэд зөвхөн гэрийг хийж дуусгасан. Энэ нь                        хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан С.Б-гийн мэдүүлгээс тодорхой харагдана.

Ийнхүү хугацаандаа гэрийг нийлүүлээгүй тул нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18/35 дугаартай мэдэгдлээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоон, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг хариуцагчаас шаардсан ба тус компани 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрүүдийг талбайд авчирч, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барьж дуусгасан байдаг. Гэрүүдийг шалгаж үзэхэд гэрээнд заасан шаардлага хангаагүй буюу шалны халаалтгүй байсан тул бид 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18/40 дугаартай мэдэгдлээр доголдлыг 2018 оны  9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор арилгахыг шаардсан. Уг нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор доголдлыг арилгахыг шаардаж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөн 18/52 дугаар мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх мэдэгдлүүдийг хүлээн авсан гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад зөвшөөрдөг.

Нийлүүлэгч “ЭТЭК” ХХК гэрээний үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн төдийгүй гэрт шалны халаалт тавих үүргээ биелүүлээгүй, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, 2 гэрийг буулган авч явсан үйлдлээрээ гэрээнээс хэсэгчлэн татгалзсан. Манай компанийн хувьд энэхүү татгалзлыг нь хүлээн авч, 2 гэрийн төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан юм.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг бөгөөд үүргийн харилцаа дуусгавар болох учир уг харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд зааснаар гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж ойлгох бөгөөд хариуцагч 2 гэрээ буцаан авсан үйлдлээрээ гэрээнээс татгалзсан. Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар бүхий мэдэгдэлдээ “...Гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл манай дансанд шилжүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийн үнийн дүнд дүйцэхүйц 2 ширхэг гэрийг эгүүлэн авахаа мэдэгдэж байна...” гэж гэрээнээс татгалзаж байгааг тодорхой, хангалттай илэрхийлсэн.

Гэтэл хариуцагч дуусгавар болсон гэрээний үүргийн гүйцэтгэлд буцаан авч явсан 2 гэрийн үнэ болох 34 800 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж улмаар шүүх хангаж шийдвэрлэсэн ба 2 гэр хариуцагчид байсаар байтал үнийг нэхэмжлэгчээс гаргуулах болсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Гэрээний дагуу бид хариуцагчид нийт 139 212 000 төгрөг төлсөн, нийлүүлэгч 2 гэрийг авч явж, гэрээнээс хэсэгчлэн татгалзсан ба 6 гэр манай талбайд үлдсэн. Нэг гэрийн үнэ 19 998 750 төгрөг, талбайд үлдсэн 6 ширхэг гэрийн үнэ 119 992 500 төгрөг тул нэхэмжлэгч нь 19 219 500 төгрөгийг илүү төлсөн байна. Гэвч шүүх нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хязгаарлаж, хүлээн аваагүй эд хөрөнгийн төлбөрт илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 8 метрийн диаметртэй, 8 ширхэг монгол гэрийг шинээр хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн” гээд гэрээний үлдэгдэл төлбөрт 34 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгуулахаар сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч С.Б-гийн мэдүүлэг, зохигчдын тайлбарыг үл харгалзан хариуцагч 8 гэрийг бүрэн хүлээлгэн өгсөн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн 6 ширхэг гэр хүлээн авсан бөгөөд хариуцагч 2 гэрийг хүлээлгэн өгөх үүргээсээ татгалзаж, авч явсан гэдгээ тайлбарлаж байхад шүүх хариуцагчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж, нэхэмжлэгчээс хүлээн аваагүй барааны төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд төдийгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “ЭТЭК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “ГСИ” ХХК нь хариуцагч “ЭТЭК” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан 6 гэрийн үнэд илүү төлсөн 19 219 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний төлбөрийн үлдэгдэлд 34 800 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж, талууд харилцан маргажээ.

 

Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Монгол гэр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “ЭТЭК” ХХК нь 8 метрийн диаметртай, 8 монгол гэрийг, шалны халаалтын хамт 30 хоногийн дотор худалдан авагч талын тогтоосон газарт хүргэж өгөх, нэг гэрийн нэгж үнийг 53 330 юань, нэг ширхэг шалны халаалтыг 4 300 юань, тээврийн хөлс 3 000 юань, нийт 464 040 юанийг тухайн үеийн төгрөгт харьцах ханш 375 төгрөгөөр тооцож гэрээний нийт үнийг 174 015 000 төгрөг гэж тодорхойлсон. Уг гэрээнд талууд төлбөр төлөх нөхцлийг захиалагч тал гэрээ байгуулсан өдөр төлбөрийн 40 хувь, бүтээгдэхүүн бэлэн болж тогтоосон газарт хүргэгдсэний дараа  40 хувь, гэрээний зүйлийг шалгаж хүлээлцсэний дараа 20 хувийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх13/

 

Дээрх гэрээний агуулгаас үзвэл, талууд 8 гэр хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, тухайн гэр тус бүрт шалны халаалт нийлүүлэх болсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дээрх байдлаар зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас уг маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, түүнд заасан нөхцөл, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 8 гэрийг тогтоосон газарт нь хүргэн өгсөн боловч 2 гэрийг төлбөр тооцоог бүрэн хийгээгүй гэх үндэслэлээр буцаан авсан, захиалагч тал гэрээ байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 69 606 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 34 803 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17 401 500 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 17 401 500 төгрөг, нийт 139 212 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн /хх34-35/ үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин, гэрээнд заасан хугацаандаа хариуцагч буюу нийлүүлэгч нь гэрийг захиалагч талд бүрэн хүлээлгэн өгсөн эсэх, гэрээний нөгөө тал төлбөр төлөхөөр хүлээсэн үүргээ тус тус биелүүлсэн эсэхэд маргажээ.

 

Гэрээ ёсоор 8 гэрийг шалны халаалтын хамт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгөх үүргийг нийлүүлэгч тал хүлээсэн байна. хариуцагч буюу нийлүүлэгч нь 8 гэрийг хийж дуусган, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн тогтоосон газарт хүргэхэд гэрийн суурь бэлэн болоогүй байснаас шалтгаалж 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дээрх 8 гэрийг суурилуулж дуусгасан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. Энэ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дах хэсэгт зааснаар захиалагч тал гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт ёсоор нэхэмжлэгч нь ажлын үр дүн болох 8 гэрийг гэрээнд заасан хугацаанаас хойш боловч хүлээн авсан гэж үзнэ.

 

Дээрх 8 гэрийн төлбөр тооцоотой холбогдуулан хариуцагчийн буцаан авсан 2 гэрийн талаарх эрх зүйн үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа, захиалагчийн эзэмшилд шилжсэн зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буцаан авч явсныг нийлүүлэгч гэрээнээс хэсэгчлэн татгалзсан гэж, хариуцагч тал нь нэхэмжлэгчийг гэрээний төлбөрийг бүрэн төлөхөөс зайлсхийсэн тул 2 гэрийг барьцаалан авч явсан, үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд 2 гэрийг буцаан өгөх боломжтой гэж тайлбарлаж байна.

 

Анхан шатны шүүх, захиалагч “ГСИ” ХХК-иас ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч “ЭТЭК” ХХК нь тогтоосон газарт угсарсан 2 гэрийг буцаан авсныг буруутгах боломжгүй гэж дүгнэж 19 219 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн ажлын үр дүн болох 2 гэрийг гэрээний аль талын эзэмшилд байгааг анхаарч үзээгүй нь буруу.

 

Зүй нь, Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй гэж зохицуулсан нь нэгэнт нэхэмжлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар хүлээлгэн өгч, түүний эзэмшилд шилжсэн хөрөнгийг үлдэгдэл төлбөрт барьцаалан буцаан авахыг зөвшөөрөх хууль зүйн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, “ЭТЭК” ХХК нь 2 гэрийг хүлээлгэж өгөхөөс татгалзаж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал өөрийн хүлээн авсан 6 гэрийн үнийг тооцож, илүү төлөгдсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 19 219 500 төгрөг илүү төлсөн гэх боловч 8 гэрийн шалны халаалтыг хүлээн аваагүй гэж үгүйсгээгүй тул хариуцагчийн нийлүүлсэн 6 гэрийг шалны халаалтын хамт хүлээн авсанд тооцно. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн нийт         139 212 000 төгрөгөөс 6 гэрийн өртөг, зардалд ногдох үнэ 130 000 000 төгрөгийг хасч хариуцагчаас 9 212 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн 2 гэрийг буцаан өөрийн эзэмшилд авсан атлаа гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцож 34 800 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин өөрийн эзэмшилд авсан 2 гэрийн шалны халаалтыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хамаарч байгаа тул 2 ширхэг шалны халаалт буюу үнийн 403 125 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дах заалтад зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01305 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...баримтлан...” гэсний дараа ...хариуцагч “ЭТЭК” ХХК-иас 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 9 212 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГСИ“ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 007 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын “...баримтлан...” гэсний дараа нэхэмжлэгч “ГСИ“ ХХК-иас 2 ширхэг шалны халаалт буюу үнийн 403 125 төгрөг гаргуулан хариуцагч “ЭТЭК” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 396 875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ГСИ“ ХХК-иас төлсөн 254 050 төгрөг, хариуцагч “ЭТЭК” ХХК-иас төлсөн 331 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 162 342 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 12 744 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ГСИ” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА