| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2023/00489/И |
| Дугаар | 140/ШШ2024/00018 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2024/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ийн *******д холбогдох
банкинд учруулсан хохирол болох 149.648.750,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Ц., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Д.*******д холбогдуулан банкинд учруулсан хохирол болох 149.648.750,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудын үндэслэн Д.*******д ял шийтгэл оногдуулсан. Үүнтэй холбоотойгоор ******* банкны зүгээс хохирол учруулсан иргэдийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу олгож хохирлыг барагдуулсан. Үүнтэй холбоотойгоор ******* банкны зүгээс Д.*******д холбогдуулж 112.160.511 төгрөг, малчны зээл болон хадгаламж барьцаалсан зээл, нэмэгдүүлсэн хүү, торгууль 37.488.239 төгрөг, нийт 149.648.750 төгрөгийг Д.*******гээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
3. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ******* банкны харилцагч С. цагдаагаар шалгуулахдаа 10.300.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. Үүнээс 300.000 төгрөгийг нь Д.******* цагдаад хандсаны дараа төлсөн байсан. Банкны зүгээс С., Б., Ц., Г. нарын бүх зээлийн хохирлыг барагдуулаад нийт 112.160.511 төгрөгийн хохирол барагдуулсан. С., Б. хоёрын зээл нь цагдаад шалгагдах үед төлөгдөөгүй байсан учраас нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү, торгуулийн хүү бодогдоод 37.488.239,89 төгрөгийн хүү банканд учирсан. Нийт 149.648.750,89 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 510 дүгээр зүйлийн 510.2-т зааснаар санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан байдаг. Д.*******гийн хувьд 3 хүүхэдтэй өрх толгойлсон, 10.500.000 төгрөгийн торгуультай. Торгуулиа төлж байгаа. Эд хөрөнгө байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх эд хөрөнгийн байдлыг харгалзан бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг багасгаж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч талаас: ******* банкны дотоодын дансны хуулга, ******* банкны дотоодын данснаас харилцагчийн данс руу шилжүүлэг хийсэн шилжүүлгийн баримтууд, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ДШМ/26 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаартай тогтоолын хуулбар, харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
6. Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбарыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Д.*******д холбогдуулан банкинд учруулсан хохирол болох 149.648.750,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Д.******* нь “... ******* банкны ******* салбарын нийт нэхэмжилж байгаа 149.648.750,89 төгрөгөөс 107.450.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 42.198.750,89 төгрөгийг төлөхгүй...” гэж маргаж байна.
4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор “Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч ******* банк нь хохирогч С.ийн 10.300.000 төгрөгийн малчны зээл, хохирогч Б.ын 40.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч Ц.т төлсөн 45.272.048 төгрөг, хохирогч Г.д төлсөн 16.888.463 төгрөгийг шүүгдэгч Д.*******гээс гаргуулахыг дурдаж” шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-17/
5. ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ДШМ/26 дугаартай магадлалаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 18-23/
6. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 24-27/
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан байна.
8. Хариуцагч Д.******* нь ******* банкны ******* аймгийн ******* сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа С., Ц., Г., Б. нарын дансыг ашиглан ******* банкны ******* салбарт /С.ийн 10.300.000 төгрөг, Б.ын 40.000.000 төгрөг, Ц.ын 45.272.048 төгрөг, Г.гийн 16.888.463 төгрөг/ нийт 112.460.511 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрхи хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолгоор тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлсэн болох нь:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “ ... хариуцагч Д.******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* банк болон С., Б., Ц., Г. нарын нэр дээрхи төлбөрөөс төлж барагдуулаагүй ...” гэж тайлбарлаж байна.
11. Иймээс нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Д.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас харилцагч С., Б., Ц., Г. нарт 112.160.511 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулсан байх тул нийт хохирлын хэмжээг 112.160.511 төгрөг байна гэж үзлээ.
12. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж хуульчилсан байна.
13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь ******* банкны ******* аймгийн ******* сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Д.*******гийн бусдад учруулсан 112.160.511 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул өөрт учирсан 112.160.511 төгрөгийн хохирлыг Д.*******гээс гаргуулахаар шаардах эрхтэй байна.
14. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Д.*******гээс харилцагч С., Б. нарын нэр дээр гарган авсан зээлд хуримтлагдан тооцогдож байгаа үндсэн хүү 31.974.975,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 739.506,84 төгрөг, торгуулийн хүү 4.473.757,53 төгрөг нийт 37.188.239,89 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
15. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 37.188.239,89 төгрөгийг банк өөрийн хүүгийн авлагаар бүртгэсэн ... энэ нь тухайн нэгжийн ажилчдын цалин урамшуулалд оруулж тооцдог ... ******* банкны ******* тооцооны төв зах зээлийн эзлэлт нь 2023 онд нүдэнд харагдахуйц буурсан ... мөн ******* банкны харилцагчийн тоо эрс буурсан ... энэ нь Д.*******гийн гаргасан алдаанаас болж тухайн тооцооны төв болон тухайн салбарт ажиллаж байгаа ажилчдын нэр хүнд сөрөг болсон ...” гэж тайлбарлаж байна.
16. Гэвч нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь харилцагч С.ийн нэр дээрхи 10.300.000 төгрөгийн зээл, харилцагч Б.ын нэр дээрхи 40.000.000 төгрөгийн зээл нь тус тусдаа хэдэн төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийн хүү нь хэд болсон, ямар үндэслэлээр, хэрхэн тооцож өөрт нийт 37.188.239,89 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн хариуцагч Д.*******гээс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтаа ирүүлээгүй байна.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
18. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Д.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрт 37.188.239,89 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
19. Иймд хариуцагч Д.*******гээс банкинд учруулсан хохирол 112.160.511 төгрөгийг гаргуулж ******* банкны ******* салбат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.488.239,89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
20. Иргэдийн төлөөлөгч Ц.гийн гаргасан “Д.******* гэм буруутай хохирол төлж барагдуулна гэж байна” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ...” гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн харилцах дансны хуулга, зээлийн дансны төлбөрийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, Б.ын хүү тооцоолох хүснэгт, С.ийн хүү тооцоолох хүснэгт гэсэн 5 хуудас баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
22. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
23. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906.113 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 112.160.511 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 718.753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овгийн *******ийн *******гээс 112.160.511 төгрөг гаргуулж ******* банкны ******* салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.488.239,89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906.113 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 718.753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ