| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/04726/И |
| Дугаар | 102/ШШ2023/04449 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/04449
| 2023 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2023/04449 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд “А К” ХК /РД:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Б Б /РД:*/
Зээлийн гэрээний үүрэгт 1,284,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Б.Бий эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А К” ХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 600,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр зээлсэн.
1.2. Дээрх гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж, зээлийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Иймд хариуцагчаас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 600,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 684,883 төгрөг нийт 1,284,883 төгрөг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “А К” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цахимаар зээлийн хүсэлт гаргах, ашигласан зээлийг эргэн төлөх баталгаа, зээлийн дансны хуулга /ХХ-6-15 дугаар тал/
4. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г хоёр жилийн хугацаатай байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “А а” цахим аппликейшнээр 600,000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасны дагуу 600,000 төгрөгийг Б.Бий зээлийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 600,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 684,883 төгрөг нийт 1,284,883 төгрөг төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“А К” ХК, Б.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулсан байх ба уг гэрээгээр 50,000-2,000,000 төгрөгийн зээл олгох бөгөөд зээлийн төлбөрийг 1-6 сарын хугацаанд төлөх, зээлийг 30 хоногт багтаан төлсөн тохиолдолд хүүгүй, 1 сараас дээш хугацаатай зээлийг ашиглах тохиолдолд сарын 5 хувийн хүү төлөх үүрэг хүлээжээ. Уг гэрээгээр Б.Б нь “А К” ХК-иас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 600,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлэхээр тохирсон байна. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээг хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж 600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдов. Иймд хариуцагч нь зээл, түүний хүүг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн үндсэн төлбөр 600,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 684,883 төгрөг нийт 1,284,883 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь өвчтэй байгаагийн улмаас шүүх хуралдааныг хойшлуулахыг утсаар мэдэгдсэн байх ба уг хүсэлттэйгээ холбогдох баримт ирүүлээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан журмаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Бээс 1,284,883 гаргуулж нэхэмжлэгч “А К” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 35,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А К” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА