Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2023/00969

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2023/00969

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга,

Хариуцагч:  С.Т,

Хариуцагч: Ч.А

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2023/00873/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, хариуцагч Ч.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь хариуцагч С.Т, Ч.А нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Т 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өвлийн хүлэмж зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан-гаас 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг, нэг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан санхүүжилт авсан. Зээлийн гэрээний хуваарийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үндсэн зээл 6,905,889 (зургаан сая есөн зуун таван мянга найман зуун наян ес) төгрөг, үндсэн зээлийн хүү 333,361 (гурван зуун гучин гурван мянга гурван зуун жаран нэг) төгрөг, нийт 7,239,250 (долоон сая хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон ч одоог хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд иргэн С.Т, Ч.А нараас үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр болох 3,094,111 (гурван сая ерэн дөрвөн мянга нэг зуун арван нэг) төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 (хоёр зуун далан есөн мянга хоёр зуун тавин долоо) төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөгийг Хө.Мөрөн Хоршоог хөгжүүлэх сангийн 100172251002 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Зээлдэгч нар 2013 онд сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу 2016 онд зээлийн хугацаа дууссан. Хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сард зээлийн төлөлт хийж, 3,373,368 төгрөг үлдсэн. Одоог хүртэл төлөөгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Т ыг нас барсан талаар мэдэж байгаа. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрээн дээрх үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчийг хамт бичих ёстой гэж ойлгосон учир С.Т ыг хариуцагчаар бичсэн. Зээлээ төлөх талаар Ч.А гуайд удаа дараа хэлж байсан ч нөхөр нь нас барсан шалтгаанаар зээлийн төлөлт хийхгүй байгаа. Ч.А тухайн үед 2 дугаар багийн Засаг даргаар ажилладаг байсан. Би ажлаа хүлээж авснаас хойш хамт ажилладаг байсан учир зээл төлүүлэхээр өрөөнд нь орж байнга сануулан хэлдэг байсан. Миний өмнө 3-4 хүн ажиллаж байсан ч зээл төлүүлэхээр шүүхэд хандаагүй байсан, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхгүй.

Иймд зээлийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, зээлийн хүү 279,257 төгрөгнийт 3,373,368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. С.Т, Ч.А нар гэр бүлийн хүмүүс бөгөөд 2013 онд сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан байна. Үүнээс хойш зээлийн төлбөрийг тогтмол төлж, нийт зээл, хүү 7,239,250 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл нөхөр С.Т нь 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас барж, мөн том хүү нь нас барсан. Тэгээд Ч.А нь тогтмол орлогогүй болж, биеийн байдал муудаж, зүрхний архаг дутагдал, хагалгааны заалттай болсон учир зээлээ төлөх боломжгүй болсон.  Өндөр насны тэтгэвэр 600,000-700,000 орчим төгрөг авдаг ч эмнэлэгт зарцуулдаг учраас төлөх эх үүсвэргүй байна гэж хэлсэн.

Иймд нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөгийг төлөх боломжгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс: 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Мөрөн сум хөгжүүлэх сангаас олгох 45 дугаар зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.Т, Ч.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай А-33 дугаар захирамж, Мөрөн сумаас 2013 онд сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн жагсаалт зэрэг баримтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Д.И-г албан тушаалд томилох тухай Б/66 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, У.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-15, 17 дахь тал)

5. Хариуцагчаас: Н.Н ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай итгэмжлэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан С.Т ын нас барсны бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 23, 28, 35 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь хариуцагч С.Т, Ч.А нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Т, Ч.А нар 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сум хөгжүүлэх сангаас өвлийн хүлэмж зориулалтаар 10,000,000 төгрөгийг, нэг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сард зээлийн төлөлт хийсэн. Миний өмнө 3-4 хүн ажиллаж байсан ч зээл төлүүлэхээр шүүхэд хандаагүй байсан, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхгүй. Иймд зээлийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, зээлийн хүү 279,257 төгрөгнийт 3,373,368 төгрөгийг гаргуулж авна гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үндсэн зээлдэгч С.Т 2013 онд сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлж байгаад 2015 оны 1 дүгээр сард С.Т нас барсан. Одоо Ч.А нь биеийн байдал муу, тогтмол орлогогүй тул зээлийн үлдэгдэл төлбөр нийт 3,373,368 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлалаа.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтшүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

Хариуцагч С.Т, Ч.А нар нь сум хөгжүүлэх сангаас өвлийн хүлэмж зориулалтаар зарцуулахаар 10,000,000 (арван саятөгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлийн гэрээг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргатай байгуулан авсан байна. Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөөгүй бол үндсэн хүүнээс гадна сарын 0.01 хувийн торгууль төлөх, зээлээ төлж чадаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг үл маргах журмаар өгч улсыг хохиролгүй болгоно гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г, үндсэн зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч Ч.А нарын хооронд байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Мөрөн сум хөгжүүлэх сангаас олгох 45 дугаар зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 3-8 дахь тал)

Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2015 оны 1 дүгээр сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

6. Нэхэмжлэгч нь зээлдэгч нар хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сард зээлийн төлөлт хийж, нөхөр С.Т ыг нас барсан гэх шалтгаанаар Ч.А зээл төлөхгүй байгаа,

Хариуцагч Ч.А нь нөхөр С.Т нас барснаас хойш тогтмол орлогогүй болж, биеийн байдал муудсан тул зээлийн үлдэгдэл төлбөр нийт 3,373,368 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргасан.

Хариуцагч С.Т 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан .............. дугаар Нас барсны бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар зээлдэгч нар хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь нэг үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргуулахаар заагаагүй тул С.Т, Ч.А нарын хүлээх үүрэг тэнцүү байх тул хамтран зээлдэгч Ч.А дээрх авсан зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөхгүй.

Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэвч маргааны зүйл болох зээлийн гэрээний хугацаа дуусаад 7 жил өнгөрчээ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

Хариуцагч С.Т, Ч.А нарын авсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардах эрх нь үүсэх бөгөөд энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дуусчээ. Тодруулбал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир хариуцагч С.Т, Ч.А нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд хариуцагч С.Т, Ч.А нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

8. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай А-33 дугаар захирамж, Мөрөн сумаас 2013 онд сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн жагсаалт зэрэг баримтын хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 10-14 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Т, Ч.А нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,094,111 төгрөг, үндсэн зээлийн хүү 279,257 төгрөг, нийт 3,373,368 (гурван сая гурван зуун далан гурван мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОТГОНБЯМБА