Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2023/00971

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2023/00971

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 14 дүгээр гудамжинд байрлах, 9069798 дугаар регистртэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Хариуцагч: Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2023/00889/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, прокурор Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

Хариуцагч Б.Т  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурорын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Б.Т эд холбогдуулан цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар Б.Т ийн эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна. Б.Т  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа зөөврийн цэнэглэгч 3 ширхэг (нэг бүрийн үнэ 120,000 төгрөг, нийт 360,000 төгрөг), соронзон бугуйвч ашиглалтын төлбөр 515 хоног ашигласан хугацааны (1 өдрийн 1305 төгрөг, нийт 672,075 төгрөг), нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг төлөхийг мэдэгдсэн боловч хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул уг төлбөрийг хариуцагч Б.Т ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан Б.Т эд төлбөр төлөх талаар мэдэгдэж, мэдэгдлийг өгч, өөрөөс нь тайлбарыг авсан боловч төлбөр төлөөгүй учир шүүхэд хандсан. Цахим бугуйвч, дата ашигласны 1 өдрийн төлбөр 1,305 төгрөгийг сардаа төлөх ёстой боловч төлөөгүй. Мөн ял эдлэх хугацаанд 3 ширхэг зөөврийн цэнэглэгч буюу (power bank)-ийг хаяж үрэгдүүлсэн. 30,000 төгрөгийн үнэ бүхий соронзон цэнэглэгч 1 ширхэг, 780,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахим бугуйвч 1 ширхэгийг эвдэж гэмтээн, дахин ашиглах боломжгүй болгосон. Дээрх төлбөрөө огт төлөөгүй байсаар түүний ял эдлэх хугацаа дууссан. Б.Т ийн эвдэж гэмтээсэн цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон талаар техник хяналтын мэргэжилтэн дүгнэлт гаргаж, түүнд танилцуулан, шийдвэр гүйцэтгэгч тайлбар авсан байдаг. Мөн хариуцагчийн хаяж үрэгдүүлсэн эд зүйлс манайд байхгүй.

Иймд Б.Т ээс нийт 1,170,000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшдэг төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулж өгнө үү гэв.

3.  Прокурор Л.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Э.Т  нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа тоног төхөөрөмжийг эвдсэн, үрэгдүүлж гээсний улмаас 120,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн цэнэглэгч 3 ширхэгийг хаяж үрэгдүүлсэн. 30,000 төгрөгийн үнэ бүхий соронзон цэнэглэгч 1 ширхэг, 780,000 төгрөгийн үнэ бүхий цахим бугуйвч 1 ширхэгийг эвдэж гэмтээсэн байгаа. Мөн цахим бугуйвч ашигласны төлбөр 672,075 төгрөг төлсөн байх ёстой боловч төлөөгүй байгаа учраас Б.Т ээс 1,170,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

4. Шүүхээс хариуцагч Б.Т эд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч тэрээр шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.

5. Нэхэмжлэгчээс: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих тухай 2021/ХМШЗ/80 дугаар шүүгчийн захирамж, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, зөрчлийн тэмдэглэл, цахим бугуйвч, тоног төхөөрөмж гэмтээсэн, устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан хяналтын тоног төхөөрөмж устгаж, үрэгдүүлсэн болон хаяж, гээгдүүлсэн тохиолдолд дахин олгосон тэмдэглэл-үүд, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдлүүд, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Бодь электроникс ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл, үнийн задаргаа, итгэмжлэл зэрэг нотлох баримтууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-22, 35, 41 дэхь тал)

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр төрийн нэрийн өмнөөс прокурорыг томилуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. (хавтаст хэргийн 31-33 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Б.Т эд холбогдуулан цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.  Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Т ийн эвдэж гэмтээсэн цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон талаар техник хяналтын мэргэжилтэн дүгнэлт гаргаж, түүнд танилцуулан, шийдвэр гүйцэтгэгч тайлбар авсан байдаг. Мөн хариуцагчийн хаяж үрэгдүүлсэн эд зүйлс манайд байхгүй тул нийт 1,170,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшдэг төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулна гэж тайлбарлаж байна.

4.  Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

5.  Хэрэгт авагдсаншүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих тухай 2021/ХМШЗ/80 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Т ийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 (нэгжил 6 (зургаа) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд шилжүүлжээ. (хавтас хэргийн 1 дэх тал)

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарт зүүх нөөц цэнэг хураагч, цахим бугуйвч цэнэглэх залгуур, цэнэг хураагч цэнэглэх залгуур зэрэг иж бүрдэл цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг Б.Т  хүлээн авч, ашиглаж байх хугацаандаа устгаж үрэгдүүлсэн тул тухайн байгууллагаас хохирол төлөх талаар мэдэгдэн, дээрх тоног төхөөрөмжийг дахин олгож байсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ...Бямбаагийн Т  нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цахим бугуйвчийн дагалдах хэрэгсэл болох нөөц цэнэглэгч (power bank)-ийг устгаж үрэгдүүлэн 120,000 төгрөгийн хохирол учруулсан зөрчил гаргасан... гэх бичилттэй Зөрчлийн тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ... устгасан хяналтын тоног төхөөрөмжийн 120,000 төгрөгийн хохирлыг Төрийн банк дахь 100900012526 дансанд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдье... гэх бичилттэй Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг гэмтээсэн , устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ...гэмтээсэн, устгасан хяналтын тоног төхөөрөмжийн 780,000 төгрөгийн хохирлыг Төрийн банк дахь 100900012526 дансанд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдье...Цахим бугуйвч эвдсэн тул 1 ширхэгийг дахин олгов гэх бичилттэй Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг гэмтээсэн, устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл, ...Ялтанд цахим бугуйвч ашиглалтын зардал болон эвдрэл гэмтэл үүсгэсэн тоног төхөөрөмжийн зардлыг нөхөн төлөхийг мэдэгдэв... гэх бичилттэй Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-үүд, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж устгаж, үрэгдүүлсэн болон хаяж, гээгдүүлсэн тохиолдолд дахин олгосон тэмдэглэлүүд, ...нөөц цэнэглэгч буюу power bank 1 ширхэгийг хүлээлгэн өгөв. хэвийн... гэх бичилттэй Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан хяналтын тоног төхөөрөмж устгаж, үрэгдүүлсэн болон хаяж, гээгдүүлсэн тохиолдолд дахин олгосон тэмдэглэлүүд, цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдлүүд, нэхэмжлэгчийн тайлбар, прокурорын дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтас хэргийн 4-6, 8-9, 7, 10-12, 14-16, 17-19 дэх тал)

Шүүх хариуцагч Б.Т ийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд ашиглаж байсан хяналтын цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг устгаж, гэмтээсний төлбөр, мөн тэдгээрийг ашигласан зардлын үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Учир нь хариуцагч Б.Т эд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн, нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулсан.

Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Т  хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Т  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд...гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Б.Т ээс цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн сангийн 100900012526 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Б.Т ээс нэхэмжлэлийн шаардлага 1,170,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 32,630 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж байна.

7. Шүүх дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Бодь электроникс ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл, үнийн задаргаа зэрэг баримтын хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 20-22 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зааснаар хариуцагч Б.Т ээс цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн үнэ, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Т ээс улсын тэмдэгтийн хураамж 32,630 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА