| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2023/00890/И |
| Дугаар | 155/ШШ2023/00974 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2023/00974
| 2023 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2023/00974 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 14 дүгээр гудамжинд байрлах, 9069798 дугаар регистртэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Хариуцагч: Гын М ,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим бугуйвчны үнэ 780,000 (долоон зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2023/00890/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, прокурор Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
Хариуцагч Г.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурорын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Г.М ад холбогдуулан цахим бугуйвчны үнэ 780,000 (долоон зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар Гын М ын эдлээгүй үлдсэн 6 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна. Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа хяналтын тоног төхөөрөмж цахим бугуйвчны их биений дэлгэц хагалж, 780,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй байх тул төлбөрийг хариуцагч Г.М аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар Г.М ын эдлээгүй үлдсэн 6 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Г.М ял эдлэх хугацаандаа хяналтын тоног төхөөрөмж цахим бугуйвчны эх биеийн дэлгэцийг хагалж, бугуйвчийг ашиглах боломжгүй болгосон тухай техникийн ажилтан дүгнэлт гаргасан. Цахим бугуйвчийг хүлээж авах үед энэ зөрчил гарсан байсан. Цахим бугуйвчны одоогийн үнэ 780,000 төгрөг төлөх мэдэгдлийг Г.М 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ойлголоо гэх тайлбар өгч, тэмдэглэлд гарын үсэг зурсан байсан.
Иймд хариуцагчтай 500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй. Цахим бугуйвчны дэлгэц хагарсан ба цаашид ашиглах боломжгүй тул 780,000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшдэг төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 02 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 18 хоног цахим бугуйвч зүүх ялаар шийтгүүлээд энэ хугацаанд цахим бугуйвчны төлбөр болох сар бүрийн 39,900 төгрөгийг төлөх зорилгоор барилгын ажил хийж байхдаа 3 сар гаруй ашигласны дараа санаандгүй байдлаар цахим бугуйвчны нүүрэн хэсгийн шилийг цуулж гэмтээсэн. Үүнээс хойш 3 сар ашиглаад 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусаж, цахим бугуйвчийг хүлээлгэн өгөхөд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэвийн ажиллаж байсан цахим бугуйвчийг нүүрний цууралтыг хараад цаашдаа ашиглах боломжгүй гэж надаас бугуйвчны үнэ болох 780,000 төгрөг нэхсэн. Үүнээс цахим бугуйвч тус тусдаа өөр өөр үнэлгээтэй байх тул зөвхөн эвдэлсэн шилэн нүүрийг төлөх хүсэлтэй байна. Бусад зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн нь үнэн. 500,000 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)
4. Прокурор Л.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольж мөн өдрөө эрх, үүрэг тайлбарлаж ялтанд төхөөрөмж хүлээлгэж өгч тэмдэглэл үйлдсэн байдаг. Соронзон цэнэглэгч, энгийн цэнэглэгч, цахим бугуйвч хүлээж авахад цахим бугуйвчийн их бие дэлгэц хагарч цаашид ашиглах боломжгүй болсон байсан. Цахим бугуйвчны үнэ 780,000 төгрөг төлөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд хариуцагчаас цахим бугуйвчны үнэ болох 780,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс: Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай 2021/ХММ/02 дугаар магадлал, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Техник хяналтын ажилтны дүгнэлт цахим бугуйвчны гэрэл зураг, Цахим бугуйвч тоног төхөөрөмжийг гэмтээсэн устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Бодь электроникс ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл, үний задаргаа зэрэг баримтын хуулбарууд, итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-11, 12-13, 26, 33 дахь тал)
6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр төрийн нэрийн өмнөөс прокурорыг томилуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. (хавтаст хэргийн 23-25 дахь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Г.М ад холбогдуулан цахим бугуйвчны үнэ 780,000 (долоон зуун наян мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.М ял эдлэх хугацаандаа хяналтын тоног төхөөрөмж цахим бугуйвчны эх биеийн дэлгэцийг хагалж, бугуйвчийг ашиглах боломжгүй болгосон тухай техникийн ажилтан дүгнэлт гаргасан. Цахим бугуйвчны одоогийн үнэ 780,000 төгрөг төлөх мэдэгдлийг Г.М авч, тэмдэглэлд гарын үсэг зурсан байсан. Хариуцагчтай 500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй тул 780,000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшдэг төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулж авна гэж тайлбарлав.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд: 3 сар ашиглаад 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусаж, цахим бугуйвчийг хүлээлгэн өгөхөд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэвийн ажиллаж байсан цахим бугуйвчийг нүүрний цууралтыг хараад цаашдаа ашиглах боломжгүй гэж надаас бугуйвчны үнэ болох 780,000 төгрөг нэхсэн. Зөвхөн эвдэлсэн шилэн нүүрний үнэ 500,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлажээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон.
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай 2021/ХММ/02 дугаар магадлалаар хариуцагч Г.М ыг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 89 дугаар захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар ялтан Г.М ын эдлээгүй үлдсэн 06 сар 18 хоногийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай гэж өөрчилж... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд шилжүүлсэн байна. (хавтас хэргийн 2-4 дэх тал)
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарт зүүх нөөц цэнэг хураагч, цахим бугуйвч цэнэглэх залгуур, цэнэг хураагч цэнэглэх залгуур зэрэг иж бүрдэл цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг Г.М хүлээн авч, ашиглаж байх хугацаандаа цахим бугуйвчны их дэлгэцийг хагалсан тул техник ажилтны дүгнэлт гаргаж, тухайн байгууллагаас хохирол төлөх талаар мэдэгдэж байсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...Тухайн ялтан нь цахим бугуйвчны их бие болох дэлгэц хагалсан болно. Цаашид ашиглах боломжгүй тул төлүүлэх шаардлагатай. Дүгнэлт цахим бугуйвч дэлгэц хагарсан...Дүгнэлттэй танилцсан ялтан Г.М гарын үсэг зурсан бичилттэй Техник хяналтын ажилтны дүгнэлт-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цахим бугуйвны үндсэн дэлгэц хагалсан дахин ашиглах боломжгүй гэх бичилттэй цахим бугуйвчны гэрэл зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...устгасан хяналтын тоног төхөөрөмжийн 780,000 төгрөгийн хохирлыг Төрийн банк дахь 100900012526 дансанд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдье... гэх бичилттэй Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг гэмтээсэн, устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, прокурорын дүгнэлт зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтас хэргийн 5-11 дэх тал)
Хариуцагч Г.М зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд ашиглаж байсан хяналтын цахим бугуйвчны дэлгэцийг гэмтээсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа боловч тэрээр шүүхэд Зөвхөн эвдсэн цахим бугуйвчны дэлгэцийн үнэ 500,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байна. Гэвч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд...гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь цахим бугуйвчны үнэ 780,000 (долоон зуун наян мянга) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Г.М аас цахим бугуйвчны үнэ 780,000 (долоон зуун наян мянга) төгрөг гаргуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Г.М аас нэхэмжлэлийн шаардлага 780,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 23,270 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж байна.
7. Шүүх дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Бодь электроникс ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл, үнийн задаргаа зэрэг баримтын хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зааснаар хариуцагч Г.М аас цахим бугуйвчны үнэ 780,000 (долоон зуун наян мянга) төгрөг гаргуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн сангийн 100900012526 тоот дансанд оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.М аас улсын тэмдэгтийн хураамж 23,270 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА