| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2023/01006/И |
| Дугаар | 155/ШШ2023/01081 |
| Огноо | 2023-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2023/01081
| 2023 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2023/01081 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эын Н,
Хариуцагч: Э.Т,
Хариуцагч: Ө.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөг, бусад зардал 1,500,000 төгрөг, нийт 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2023/01006/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
Хариуцагч Э.Т, Ө.Б нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Э.Т, Ө.Б нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөг, бусад зардал 1,500,000 төгрөг, нийт 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Э.Т, Ө.Б нар нь анх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр банкны зээл төлөх гэсэн юм гээд 5,700,000 төгрөгийг надаас зээлж авч, банкны зээлээ төлж байсан. Үүний дараа 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр малчны зээл дарж, дахин зээлээ нэмэгдүүлж авах гэсэн юм гээд 16,000,000 төгрөг хэрэгтэй байна. Зээлээ аваад өмнөх 5,700,000 төгрөгийн хамт 21,700,000 төгрөгийг өгнө гэж хэлээд надаас 16,000,000 төгрөгийг авсан. Ингээд хэсэг холбоогүй байж байгаад 10,000,000 төгрөг буцааж өгсөн. Ингэж холбогдохдоо зээл бага гарчихлаа гэж хэлж байсан. Тэр цагаас хойш үлдэгдэл 11,700,000 төгрөгийг өгөхгүй байсан учир миний бие Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд очиж, араас нь хөөцөлдөж байж 6,000,000 төгрөг авсан. 2023 оны 7 дугаар сард миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Э.Т болон түүний эхнэр Ө.Б нар зээлсэн мөнгөө өгөхгүй, элдэв шалтаг хэлж явсаар өдийг хүрсэн бөгөөд би мөнгөө авахаар өөрийн хувийн машинаар Сэлэнгэ аймгаас Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу дүүгийн хамтаар 2 удаа, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1 удаа ирж уулзаж байсан бөгөөд энэ бүхэнд бензин тос, зочид буудлын мөнгө болон бусад зардал гээд нийт 1,500,000 төгрөг гарсан бөгөөд үүнийг хариуцагч нараас гаргуулж авна.
Иймд Э.Т болон түүний эхнэр Ө.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөг, бусад зардал 1,500,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Э.Т нар самар түүх, худалдан авахдаа хамтарч ажилладаг байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сард хариуцагч нарт 5,700,000 төгрөг зээлэхдээ самраа зараад өгөхөөр хугацаагаа тохирсон байдаг. Дараа нь дахин 16,000,000 төгрөг авч, нийт 21,700,000 төгрөг өгөхөөр байсан ч үүнээс хариуцагч нар нийт 17,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. Хариуцагч нарт 16,000,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Э.Н нь өөрийн төрсөн дүү Мөөгийгөөс бичсэн байгаа. Тэр зээлсэн мөнгөөс 10,000,000 төгрөг буцааж төлсөн байдаг. Одоо зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Нэхэмжлэгч Э.Н зээлсэн мөнгөө авахаар хариуцагч нарын араас Сэлэнгэ аймгаас Хөвсгөл аймагт 3 удаа ирж, очсон байдаг. Үүний зардал 1,500,000 төгрөг болсон.
Иймд зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөг, бусад зардал 1,500,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг хариуцагч Э.Т, Ө.Б нараас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Э.Т, Ө.Б нар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Тус нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлэхийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин мэдэгдсэн бөгөөд энэ талаар тайлбар болон бичгийн нотлох баримт, санал хүсэлт ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Н-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, и-баримтуудыг нотлох баримтаар өгсөн. (хавтаст хэргийн 3-9 дэхь тал)
5. Шүүхээс хариуцагч нарыг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн. Хариуцагч нартаа уулзсан тухай шүүгчийн туслахын хөтөлсөн тэмдэглэл. (хавтаст хэргийн 20-23, 15 дахь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Э.Т, Ө.Б нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөг, бусад зардал 1,500,000 төгрөг, нийт 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э.Ттай самар түүх, худалдан авахдаа хамтарч ажилладаг байсан. 2021 оны 11 дүгээр сард хариуцагч нарт 5,700,000 төгрөг зээлэхдээ самраа зараад өгөхөөр хугацаагаа тохирсон. Дахин 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр малчны зээл аваад нэмэгдүүлээд үлдсэн мөнгөтэйгөө хамт өгье гээд 16,000,000 төгрөг зээлж авсан. Тус зээлсэн 16,000,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр өөрийн төрсөн дүү Мөөгийгөөс гэж бичсэн. Үүнээс 10,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. Одоо 4,700,000 төгрөг өгөөгүй байна. Зээлсэн мөнгөө авахаар хариуцагч нартай уулзахаар Сэлэнгэ аймгаас Хөвсгөл аймагт 3 удаа ирж, очиход гарсан зардал 1,500,000 төгрөг болсон. Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг гардаж авсан атлаа шүүхэд одоог хүртэл хариу тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Иймд зээлийн үлдэгдэл 4,700,000 төгрөг, бусад зардал 1,500,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг хариуцагч Э.Т, Ө.Б нараас гаргуулж авна гэж тайлбарлалаа.
3. Хариуцагч Э.Т, Ө.Б нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
а. Хариуцагч Э.Т, Ө.Б нарт нийт 21,700,000 (хорин нэгэн сая долоон зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Э.Н зээлсэн бөгөөд тус зээлээс 17,000,000 (арван долоон сая) төгрөгийг эргүүлж төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Эын Н-гийн ХААН банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Э.Т, Ө.Б нар зээлийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон, тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу 21,700,000 (хорин нэгэн сая долоон зуун мянга) төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна. Тодруулбал зохигч хоорондоо тохиролцон дээрх хуульд заасан үндэслэлээр зээлийн гэрээг амаар байгуулжээ.
Шүүх хариуцагч Э.Т, Ө.Б нарыг зээлийн үлдэгдэл 4,700,000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг хариуцагч Э.Нд төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэсэн.
Учир нь хариуцагч Э.Т, Ө.Б нарт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, мөн хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарласан. Гэтэл хариуцагч нар биеийн байцаалт өгөхгүй, нэхэмжлэлийн хувь гардуулсан болон дээрх холбогдох баримтуудад гарын үсэг зурахгүй гэх тайлбар өгсөн. Хариуцагч нарын гаргасан үйлдэл, дээрх баримтуудад гарын зураагүй нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, мөн хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Тодруулбал шүүх дээрх ажиллагааг хийсэн гэж үзнэ. (хавтаст хэргийн 15 дахь тал)
Хариуцагч Э.Т, Ө.Б нар шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож...шийдвэрлэнэ тус тус заажээ.
Хариуцагч Э.Т, Ө.Б нар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Т, Ө.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлэх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагч Э.Т, Ө.Б нараас зээлийн үлдэгдэл 4,700,000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч Э.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар шаардах эрхтэй.
б. Харин хариуцагч Э.Т, Ө.Б нараас бусад зардал буюу нааш цааш явсан замын зардал 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Э.Н ...би мөнгөө авахаар өөрийн хувийн машинаар Сэлэнгэ аймгаас Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу дүүгийн хамтаар 2 удаа, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1 удаа ирж уулзаж байсан бөгөөд энэ бүхэнд бензин тос, зочид буудлын мөнгө болон бусад зардал гээд нийт 1,500,000 төгрөг гарсан бөгөөд үүнийг хариуцагч нараас гаргуулж авна гэж нэхэмжилж байгаа боловч дээрх шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, энэ талаар ирүүлсэн нотлох баримтыг давхар нотлох өөр баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Э.Т, Ө.Б нараас зээлийн үлдэгдэл 4,700,000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусад зардал 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 4,700,000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 90,150 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.
6. Шүүх хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: и-баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 7-9 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Т, Ө.Б нараас зээлийн үлдэгдэл 4,700,000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусад зардал 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т, Ө.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 90,150 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА