Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/987

 

 

 

 

2021              11             18                                        2021/ДШМ/987                                                                                                                                     Т  M 546                              МАЛАЛ

З.Ц-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч З.Ц-ийн өмгөөлөгч Х.Энхболд,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23ы өдрийн 2021/ШЦТ/539 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхболдын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн З.Ц-ид холбогдох 1911012360618 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн З-ын Ц-, Улаанбаатар хотод 2001 оны 06 дугаар сарын 10ы өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Овоотын 00000 тоотод түр оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял тус тус шийтгүүлсэн.

З.Ц- нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-798А тоотод оршин суух Г.Ч-ын байшингийн цонхны салхивчийг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 4,380,000 төгрөгийн үнэ бүхий “Skyword” загварын зурагт, хөөрөг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас З.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Ц-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биеэр эдлэх ялыг 6 жил 5 сар 5 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-аас 4,380,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ч-ад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Ц-ийн өмгөөлөгч Х.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Ц- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг хүссэн. Гэтэл анхан шатны шүүх “...шүүгдэгч З.Ц-ийн хувьд урьд шүүхээс ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарахгүй ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг үйлдэж хоёр өөр шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ял нь таван жилийн хорих ялаас дээш болж байгаа учир өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй...” гэж дүгнэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд шүүгдэгч З.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар оногдуулсан 2 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар шүүгдэгч З.Ц-аас 4,380,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ч-ад олгох шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “... хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тогтоох хэсэгт заана гэснийг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан ноцтой зөрчил юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр З.Ц-ид холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгчийн нэрийг “Г.Ч-” гэж буруу бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэжээ.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмж хэлэх тайлбар байхгүй. Прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Ц-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол болон улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч З.Ц- нь 2018-2019 оны хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний учир Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1040 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгүүлжээ. /1-р хх 68-168/

Дээрх шийтгэх тогтоол гарахын өмнө буюу хэрэг бүртгэлтийн шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч З.Ц- нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.Ч-ын гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдлийн талаар гэрчийн мэдүүлэг /1-р хх 34/ өгсөөр байтал уг үйлдлийг бусад хэрэгт нэгтгэлгүй, тусад нь яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсний улмаас нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэх нөхцөл байдлыг үүсгэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан мөрдөгч, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж шүүгдэгч З.Ц-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дүгээр шийтгэх тогтоол гарах үед шүүхэд мэгдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23ы өдрийн 2021/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Ц-ид холбогдох хэргүүдийг нэгтгэж шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу хохирол барагдуулах ажиллагааны хугацаа, хэмжээний талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүйгээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, энэ тухай хуульд зохицуулаагүй байна. Нөгөө талаар, гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барагдуулах журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан байдаг тул хохирол барагдуулах хугацаа заагаагүй нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх хэмжээний зөрчил болохгүй. Мөн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн нэрийг “Г.Ч-” гэж буруу бичсэн алдаа нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарахгүй учраас улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхболдын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Ц-ид холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч З.Ц-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН