Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2023/03482

 

 

 

 

 

 

 

 

               2023         12        04

182/ШШ2023/03482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 570,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Хариуцагч Г.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь төлж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч өөрийн ажиллуулдаг Амар дэлгүүртээ тухайн бараа бүтээгдэхүүнийг авдаг байсан ба 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлэхэд нийт 500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манайх тухайн дэлгүүрийн үндсэн ажиллуулж байгаа этгээд, түрээслэн ажиллуулж байгаа этгээдийг тодруулсны үндсэн дээр бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгч, хариуцах ёстой этгээдээр нь гарын үсэг зуруулж хүлээлгэн өгдөг журамтай юм. Тухайн үед Амар гэдэг дэлгүүрийг ******* ажиллуулж байсан гэдэг нөхцөл байдал нь дээрх манай дотоод журмаар тогтоогдож байгаа юм. Тэгэхээр түүний хэлээд байгаа худалдагч нь байсан энэ төлбөрийг хариуцахгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Мөн тэрээр өөрөө манайд төлөх ёстой төлбөр 500,000 төгрөгийг төлөх тухай тооцоо нийлж, баримт үйлдсэн баримт байдаг. Амар гэдэг дэлгүүрт өгсөн нийт өрийг 1,400,000 гаруй төгрөгийн өр үүсгэсэн байдаг. Үүний 500,000 төгрөгийг яагаад оноосон бэ гэхээр тухайн дэлгүүрт нийлүүлэлт хийсэн худалдааны төлөөлөгч нь тухайн дэлгүүрийг ажиллуулж байсан эсвэл тухайн дэлгүүр байршлаа өөрчлөөд алга болсон энэ тохиолдолд өөрөө хөдөлмөрийн бүрэн хариуцлагын гэрээгээр эрсдэлийн сангаас үлдэгдэл төлбөрийг төлдөг зохицуулалттай байсан юм. Энэ хүрээнд *******гийн ажиллуулдаг байсан Амар дэлгүүрийн төлбөрөөс тухайн бүсийг хариуцан ажилладаг худалдааны төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн гэрээнд заасан хариуцлагын хүрээнд тодорхой төлбөрийг төлсөн. Одоо зөвхөн *******д 500,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийгээ ч өөрөө баталгаажуулсан. Тэгэхээр энэ төлбөрийг *******гаас гаргуулан авах хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

1.2. Түүнчлэн талуудын хооронд байгаа хувийн мэдээллийн дагуу түүнийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч тухайн хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр түүнийг эрэн сурвалжлуулсантай холбоотой 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

1.3. Дээрх төгрөгүүдийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нийт 570,200 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11 дүгээр хороолол Хангай хотхоны 517 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Амар 8-н нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орж ажилласан бөгөөд манай дэлгүүрийн ажиллуулдаг хүн нь н.Эрдэнэчимэг гэдэг хүн байсан. Миний бие Амар хүнсний дэлгүүрт сарын 1,000,000 төгрөгийн цалинтай  ажилласан ба дэлгүүрийн эзэн н.Эрдэнэчимэг нь өөрийн Хаан банк дахь 5760012800 тоот данснаасаа миний цалинг олгодог байсан бөгөөд цалин миний Хаан банк дахь 5111288702 тоот дансанд ордог байсан. Гэвч сүүлийн 4 сарын цалингаа н.Эрдэнэчимэгээс авч чадалгүй хохирч уг асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байгаа. “Витафит” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ тодорхой хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулахаар авчирч өгөхдөө заавал дэлгүүрийн эзэн эсхүл компанийн захиралд л бараагаа хүлээлгэж өгнө, тухайн хүнээр л гарын үсэг зуруулна гэдэггүй бөгөөд тухайн үед дэлгүүрт ажиллаж байгаа худалдагч, туслах ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаад дараа дараагийн түгээлтээ хурдан шуурхай хийхээр явдаг. Ингээд тухайн дэлгүүрт өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг тухайн сардаа багтааж авдаг. Намайг худалдагчаар ажиллаж байхад “Витафит” ХХК нь ус ундаагаа авчирч өгдөг байсан бөгөөд би тухайн үед дэлгүүрт байгаа хүний хувьд бараа хүлээлгэн өгсөн баримт дээр нэр гарын үсгээ зурдаг байсан. Харин барааны төлбөрийг дэлгүүрийн эзэн н.Эрдэнэчимэг өөрийн болон 6409784 тоот регистрийн дугаартай компаниасаа “Витафит” ХХК-д төлдөг байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг дэлгүүрийг намайг ажиллуулдаг буюу намайг уг бараа бүтээгдэхүүнийг авсан мэтээр нэхэмжлэл гарган төлбөр шаардаж байгаа нь буруу бөгөөд шаардлагаа тус дэлгүүрийг ажиллуулж байсан н.Эрдэнэчимэг болон түүний 6409784 тоот регистрийн дугаартай компаниас шаардах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчаа зөв тодорхойлоогүй буюу ******* миний бие уг төлбөрийг хариуцах этгээд биш. Иймд хариуцагч миний бие *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг хариуцан төлөх үүрэг бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/,

3.3. Итгэмжлэл /хх 5/,

3.4. Тооцоо нийлсэн баримт /хх 7/,

3.5. Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 8/,

3.6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/02317 дугаар шүүхийн шийдвэр /хх 11-12/

3.7. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023.10.16-ны өдрийн 3472 дугаартай албан бичиг /хх 13/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. 2022.08.11-ний өдрийн Зарлагын падаан /хх 22-23/

4.2. Таван богд нэхэмжлэх /хх 26/ зэрэг баримтууд болно.

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлэхэд 500,000 төгрөгийн төлбөрийн тооцоотой гарсан. Хариуцагч *******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн гэж гэж тодорхойлно.

 

1.2. Хариуцагч ******* нь Амар хүнсний дэлгүүрт сарын 1,000,000 төгрөгийн цалинтай худалдагчаар ажилладаг байсан. Намайг худалдагчаар ажилладаг байхад ******* нь ус ундаагаа авчирч өгдөг байсан бөгөөд би тухайн үед дэлгүүрт байгаа хүний хувьд бараа хүлээлгэн өгсөн баримт дээр нэр гарын үсгээ зурдаг байсан. Харин барааны төлбөрийг дэлгүүрийн эзэн н.Эрдэнэчимэг нь өөрийн болон 6409784 тоот регистрийн дугаартай компаниасаа *******-д төлдөг байсан. Миний бие хариуцах этгээд ёстой этгээд биш гэж маргаж байна. 

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. ******* нь өөрийн бараа бүтээгдэхүүн болох ус ундааг харилцагчийн 315095 кодтой Амар хүнсний дэлгүүрт нийлүүлж худалдан борлуулдаг байсан болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, *******-ийн нэхэмжлэх, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

2.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******г татсан байдлаа “манайх анх тухайн дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ энэ дэлгүүрийг ажиллуулж байгаа хариуцагч нь хэн бэ гэдгээс хамаараад харилцагчийн код үүсгээд тэр хүмүүстэйгээ харилцдаг гэсэн үг юм. Тийм болохоор Амар дэлгүүрийг ******* ямар нэгэн байдлаар хариуцан ажиллуулж байсан байдал байна гэсэн үг” гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагч ******* нь Амар хүнсний дэлгүүрийг хариуцан ажиллуулдаг гэх баримтгүй буюу нэхэмжлэгч *******-тай худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон   гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

 Гэвч нэхэмжлэгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагч *******гаас худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах, үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй болохоо нотолсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 17,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.АЗЗАЯА