| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2023/00695/И |
| Дугаар | 104/ШШ2023/00589 |
| Огноо | 2023-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2023/00589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 19, өөрийн байранд байрлах, Худалдаа хөгжлийн банк ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 38 дугаар байрны 55 тоотод оршин суух, Пүрэвжавын Түмэнбаяр /РД:УР64070114/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,588,452.18 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат,
Хариуцагч П.Тунгалаг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
/Хариуцагч П.Түмэнбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Худалдаа хөгжлийн банк ХК-аас 2023 оны 10 сарын 31-ний өдөр Пүрэврагчаа овогтой Тунгалаг, Пүрэвжав овогтой Түмэнбаяр нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Б.Тунгалаг нь Худалдаа хөгжлийн банк ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 26,500,000 төгрөгийг гадаад сургалтын төлбөрийн зориулалтаар жилийн 24%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлдэгч П.Тунгалаг нь гэрээгээрээ хүлээсэн үүргээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7/404/263 тоот мэдэгдлээр нийт 28,752,809.94 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 6/48/99 тоот мэдэгдлээр нийт 29,462,673.61 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6/53/40 тод мэдэгдлээр нийт 29,754,907.41 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон. Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон боловч гэрээний үүргийг биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2 жил 8 сарын хугацаатай болгож өөрчилсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу Худалдаа хөгжил банк ХК-ийн зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. Мөн хуулийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол хууль, зээлийн гэрээнд заасны үндэслэлээр зээлдүүлэгч нь нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлнө өө гэж тус тус заасан. Зээлдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах зээл зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 26,460,400.21 төгрөг, зээлийн үндсэн хүү нь 11,785,096.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 2,324,455.53 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 18,500 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч тал нийт 40,580,452.18 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд П.Түмэнбаяр, П.Тунгалаг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207000760 дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 38 дугаар байр 55 тоот Хаягт байрлах 42м2 талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Тунгалаг миний бие Худалдаа хөгжлийн банк ХК-тай 2019 оны 01 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлд өөрийнхөө эзэмшилд байдаг орон сууцыг барьцаанд тавьж барьцааны гэрээг байгуулсан. Би зээлийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл зээлийн нэг ч хугацаа хэтрэлтгүйгээр 22 сар зээлийнхээ графикийн дагуу төлсөн. Худалдаа хөгжлийн банк ХК-аас ирүүлсэн зээлийн гэрээний хавсралтад зээлийн хүүг ямар хугацаанд төлөх ёстой талаарх график гаргасан байгаа. Яг энэ графикийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлийг нэг ч төгрөгийн зөрчилгүйгээр төлж байсан. Коронавирус гараад бүх нийтээр бэлэн байдлыг зэрэгт шилжсэнтэй холбогдуулаад банкны байгууллагуудад байгаа зээлийг Засгийн газрын тогтоол гарсан учраас Худалдаа хөгжлийн банк ХК-д зээлийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг өгөхдөө Эрдэнэт хотод карантинд байсан. Тухайн үед бүх өргөдлийг цахимаар авч байсан учраас би энэ гэрээг цахимаар байгуулсан. Худалдаа хөгжлийн банк ХК-ийн зээлийн нэмэлт гэрээн дээр огноо өөрөөр тавигдсан байсан. 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлээ хийсэн. Гэрээ цуцлагдсан учраас миний 11 сард төлсөн мөнгийг Худалдаа хөгжлийн банк ХК хүүд суутгаагүй байсан.
Гэрээг 8 сарын хугацаагаар сунгасан бөгөөд 8 сар нь дууссан. 2021 оны 9 сард гэрээ дуусах ёстой байсан. Би 7 сард гэрээг дуусгахын тулд өөрийнхөө боломжоор 24 сарынхаа хүүг төлсөн.
Графикаар байгуулсан төлөлтөө 2 гэрээндээ заасан хугацаанд нэг ч төгрөгийн хохирол, алдагдалгүй, хугацаа хэтрэлтгүйгээр төлсөн. 2 дугаар сараас нийтдээ 24 сарын хүүгээ төлсөн учраас би хүүгийн төлбөр байхгүй гэж ойлгож байгаа. 8 сар 9 сараас эхэлж, өвчний онош тодрохгүй учраас би Орхон аймгийн Медипас Японы тусгай төхөөрөмжтэй эмнэлэгт очиж оношоо тодруулж, хэвтэж эмчлүүлж 11 сард ирсэн. Үүнээс 1-7 хоногийн дараа корона вирус маш хүнд тусаж эмнэлгэд очсон. Үндсэн зээлийг төлөхөө ойлгож байгаа учраас банканд төлөлтийг хийж чадахгүй байна. Мөн миний биеийн байдал муу байна гэж 2 удаа хандсан. Би зээлийг төлөх боломжтой гэж бодож байсан боловч миний олон улсын зөвлөхийн эрхээр авдаг гэрээнүүд маань цуцлагдаж байна. Тийм учраас хүүг тооцохгүйгээр миний энэ үндсэн зээлийг тодорхой хугацаа тавьж, сунгаад төлөх боломж олгооч гэж хандсан. Гэтэл нэхэмжлэгч ямар ч хариу өгөөгүй. Дараа нь хариу өгөхдөө бид нар дарга нартай хуралдаад шийдээд танд хариу өгье гэж хэлсэн. Ингээд 2022 оны 01 сар болсон. Ахиж энэ асуудал яригдаагүй учраас би өөрийнхөө боломжоор төлсөн. Манай охин Солонгос улсад байдаг бөгөөд охиндоо хэлж үзсэн. 12 сард 3,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 6,000,000 төгрөгийг банк руу хийсэн. Би хүүгээ төлчихсөн байсан гэж би ойлгож байсан. Гэтэл банкны эдийн засагч ирээд баахан хүүтэй нэмэгдүүлсэн хүүг тооцсон олон баримт авчирч өгсөн. Тэгэхээр нь би танайд үндсэн хүүг төлөхгүй. Хүүгийн төлбөр байх ёсгүй. Би хүүг бүгдийг нь 24 сараар төлчихсөн. Миний үндсэн зээлээ 6,000,000 төгрөг хасагдах ёстой тиймээс мэдэгдлийг нь авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гэтэл эдийн засагч нь таныг энэ мөнгийг төлнө гэсэн дүн биш. Энэ бол та энэ мэдэгдлийг хүлээж авсан гэсэн дүн юм аа гэж хэлсэн. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг хохироогоод яах вэ гэж бодоод мэдэгдлийг хүлээж авсан. Гэтэл 5 сард дахин мэдэгдэл ирсэн. Би авахгүй гэж нэлээн маргасан. Би Худалдаа хөгжлийн банкны төв дээр нь очиж, дарга нартай нь уулзах гэхэд эдийн засагч нь намайг уулзуулахгүй байсан. Тэр мэдэгдлийг хүлээж авснаас хойш надад ерөөсөө мөнгө төлөх маш их эргэлзээтэй байсан. Миний төлсөн 6,000,000 төгрөгийг үндсэн зээлдээ хийчхээд хасдаггүй. Тэгсэн хэрнээ нэмэгдүүлсэн хүү авна. Мөн үндсэн зээлээ авна гээд байгаа юм. Ингээд баахан хүү бичигдээд байдаг. Намайг мөнгө төлье гэхээр миний төлсөн мөнгийг үндсэн зээлдээ авахгүй. Хүүдээ авах юм уу гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас би зээлийг төлөхгүй. Тиймээс шүүхэд ханд гэж олон удаа банк дээр очиж эдийн засагчид нь хэлсэн. Миний бие маш их өвдөж байсан учраас хүүдээ байраа өгөхөөр шийдэж, нөхөртэйгөө түрээсийн байранд амьдарч байгаа. Энэ тухай баримт хэрэгт байгаа. Мөн байрны ашиглалтыг гэрээнүүдийг Т.Мөнхтөрийн нэр лүү шилжүүлсэн. Миний нэр дээр байр байсан учраас байр шилжээгүй үлдсэн. Нөхөр маань газар худалдаж авсан газар луугаа хаягаа шилжүүлсэн. Хаягийн бүртгэлийг харуулаад байгаа нь нэрээ шилжүүлсэнтэй холбоотой. Зээл авсан учраас төлөх нь миний үүрэг. Гэхдээ тухайн үед миний бие муу байсан учраас хүүхдүүдийн маань сэтгэл зовж байсан байх. Тиймээс манай хүү би зээл төлье, та санаа зовж өвдөөд яах вэ гэж хэлсэн. Үүнээс хойш банкны зүгээс ямар нэг мэдэгдэл өгөөгүй. Надад банкны нэхэмжлэл ирээгүй учраас хүүхдээ төлж байсан гэж ойлгож байсан.
Хүү маань өнгөрчихсөн учраас ямар ч баримтгүй болчихоод байгаа юм. Нэхэмжлэгч талаас зээлийн хугацааг нь 12 сарын 25-нд дуусна гэж ямар үндэслэлээр хугацаа тавьж өгөөд байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Уг нь миний зээл 2 жил учраас 2021 оны 01 сард дуусах ёстой. Яг үндсэн анхны зээл маань 6 сараар сунгасан учраас 2021 09 дүгээр сард дуусна. Гэтэл 12 сард дуусна гээд байгааг ойлгохгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж хуульчилсан тул зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан шаардах эрх банканд үүсэж байгаа. Гэтэл гэрээний 28 дугаар зүйлийн 28.6-д үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэл хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эд хөрөнгөгүй болсон гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг шаардах эрх банканд үүссэн. Гэтэл банк энэ талаар ямар ч санаачилга гаргаагүй. Миний зүгээс төлж чадахгүй гээд өөрийгөө илэрхийлээд хүсэлтээ өгчихсөн байсан. Тиймээс банк надаас энэ мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй. Миний хувьд энэ асуудлаар 2 жил 2 сарын дараа ярьж байгаад нь гомдолтой байна. Хэрвээ хүүгийн маань амьд байхад энэ шаардлагаа гаргаж байсан бол хүүдээ хэлээд төлүүлэх байсан.
Мөн нэхэмжлэгч дээр дурдсан шаардах эрхээ хугацаанд нь буюу хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил хэмээн 2022 оны 5 дугаар сараас хойш хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчид гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн болох нь гэрээний эргэн төлөлтийг ноцтой зөрчсөн үйл баримт хангалттай нотлогдсон байхад үүрэг гүйцэтгүүлэх шаардах эрхийг хэрэгжүүлээгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлд заасан гэрээг цуцлах саналыг огт гаргаагүй учраас миний хувьд гомдолтой байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 224.2.3 дахь хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдах эрх дагавар үүсдэг. Тийм учраас Худалдаа хөгжлийн банк үүргээ иргэний хуулийн дагуу хэрэгжүүлээгүй учраас хүү нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх, шаардах эрхгүй гэж үзэж байна.
Миний бие 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний хугацаанд зээлийн хүүг графикийн дагуу бүрэн төлсөн нэмэлт гэрээний дагуу 7, 8 дугаар сард үлдсэн 2 сарынхаа хүүг бүрэн төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд яаж төлөх вэ гэдэг өргөдлөө олон удаа өгсөн. Гэрээ дууссанаас хойш төлсөн 6,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж өг. Нэгэнт нэмэгдсэн хүүг банк шаардах эрхгүй учраас нэхэмжлэгчийн эрх бол зөрчигдсөн гэж үзэж байна. Тиймээс энэ мөнгийг би төлөх боломжгүй. Миний хувьд зээл аваад үндсэн зээл төлөөгүй нь үнэн учраас үндсэн зээлд төлсөн 6,000,000 төгрөгийг хасуулж, 20,400,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна гэв.
3.Нэхэмжлэгч тал Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, н.Ганбаярт олгосон итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 898 дугаартай н.Батболд, Ш.Эрханат нарт олгосон итгэмжлэл, зээлийн хүсэлтийн өргөдөл, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээ, барьцаалбар, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ, Ү-2207000760 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 31, 2022 оны 05 дугаар сарын 17, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны мэдэгдлүүдийн хуулбар хувь, төлбөрийн баримтын хуулбар хувь, зээл зээлийн хүүгийн тооцоолол зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч тал зээл олгохыг хүссэн өргөдөл, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны тодорхойлолт, Нийслэлийн Налайх дүүргийн 03 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Налайх дүүрэг 04 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, төлбөр тооцооны дэлгэрэнгүй баримт, Т.Энхтөрийн нас барсны гэрчилгээний хуулбар хувь /нотлох баримтын шаардлага хангахгүй/, П.Тунгалагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан жагсаалт /нотлох баримтын шаардлага хангахгүй/, П.Тунгалагийн зээлийн дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК хариуцагч П.Тунгалаг, П.Түмэнбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,588,452.18 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 20,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин үлдэх хэсгийг ...Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, цар тахлын давагдашгүй хүчин зүйл болсон учраас, мөн зээлтийн хүүг бүрэн төлж барагдуулсан тул зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк, хариуцагч П.Тунгалаг нар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 26,500,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, нэмэгдүүлсэн хүүг жилийн 4,8 хувь байхаар, 24 сарын хугацаатайгаар №ЗГ/ВВС190108010-1 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ. 2021 оны 08 сарын 18 өдөр Худалдаа хөгжлийн банк, П.Тунгалаг, П.Түмэнбаяр нар өмнөх зээлийн гэрээний хугацааг 32 сар болгосон өөрчлөлт бүхий нэмэлт зээлийн гэрээг байгуулжээ.
-Хариуцагч П.Түмэнбаяр, П.Тунгалаг, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нар улсын бүртгэлийн Ү-2207000760 дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 38 дугаар байр 55 тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай орон сууцыг Худалдаа хөгжлийн банк ХК-д барьцаалсан №ЗБ/ВВС190108010-1-1 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна.
-Хариуцагч П.Тунгалаг нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 39,599,79 төгрөг, зээлийн хүүд 18,784,246 төгрөг, нийт 18,823,846,36 төгрөг төлсөн байна.
Хариуцагч П.Тунгалаг зээлийн нэмэлт гэрээ байгуулхаас өмнө 2020 оны 11 сарын 06 өдөр 541,400.21 төгрөгөөр, 39,599.79 төгрөгөөр зээлийн хүүгийн төлөлтийг хийжээ. Хариуцагч П.Тунгалаг нэмэлт гэрээний хугацаанд 2021 оны 07 сарын 26 өдөр 521,958.57 төгрөгөөр, 2021 оны 08 сарын 05 өдөр 41,43 болон 539,315.77 төгрөгөөр тус тус хүүгийн төлөлтийг хийсэн байна. 2021 оны 09 сарын 04 өдрийн байдлаар хариуцагч талын төлөх зээлийн хүү 4,210,465.88 төгрөг болсоноос хариуцагч П.Тунгалаг 684.23 төгрөгийн төлөлт хийж, хариуцагчийн үндсэн зээл болон хүүгийн төлбөр нийт 30,670,866.09 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. 2021 оны 12 сарын 19 өдрийн байдлаар хариуцагчийн зээл, хүүгийн үлдэгдэл нийт 32,514,435.51 төгрөг байснаас хариуцагч П.Тунгалаг 2021 оны 12 сарын 20 өдөр 3.000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30 байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 29,705,820.32 төгрөг байснаас хариуцагч П.Тунгалаг 3,100,000 төгрөгийн төлөлт хийснийг нэхэмжлэгч тал тус тус зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцсон байна.
Хариуцагч тал нийтийг хамарсан халдварт өвчний үед Засгийн газрын тогтоолоор зээлийг зогсоосон тул нэмэлт гэрээгээр нэмэгдсэн хугацаанд зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар талууд нэмэгдүүлсэн 8 сарын хугацаанд зээлийг хүүг зогсоох талаар харилцан тохирсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 сарын 05 өдрөөр дуусгавар болсонтой талууд маргахгүй байх боловч нэхэмжлэгч тал 2023 оны 10 сарын 31 өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэх зохицуулалттай нийцэж байна.
Үлдсэн зээлийн үлдэгдэл 26,460,400.21 төгрөгөөс 2021 оны 12 сарын 31 өдрөөс 2023 оны 10 сарын 31 өдрийн байдлаар зээлийн хүүг тооцоолход /нийт 679 хоног/ 11,813,662 төгрөг байна.
Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоолоход 2,362,732 төгрөг байна.
Иймд зээлдэгч П.Тунгалагаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу үндсэн зээл 26,460,400.21 төгрөг, зээлийн хүү 11,785,096.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,324,455.53 төгрөг, нотариатын зардал нийт 40,588,452.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал үндсэн зээлийн гэрээг хариуцагч П.Тунгалагтай байгуулсан, үндсэн зээлийн гэрээнд хариуцагч П.Түмэнбаяр гэрээний тал болж оролцоогүй байх тул хариуцагч П.Түмэнбаяраас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч П.Түмэнбаяраас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
5. Хариуцагч нар 26,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд өөрсдийн өмчлөлийн Ү-2207000760 дугаартай Налайх дүүргийн 2-р хороо, 38-р байрны 55 тоот хаягт орших орон сууцыг барьцаалж, ЗД/ВВС190108010-1-1 дугаартай барьцааны гэрээ байгуулсан, барьцаалбар бүртгүүлсэн байх тул хариуцагч П.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,092.3 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Тунгалагаас 431,092.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан П.Тунгалагаас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 40,588,452.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгож, хариуцагч П.Түмэнбаяраас зээлийн гэрээний үүрэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дүгээр зүйлийн 158.1.-д заасныг баримтлан хариуцагч П.Тунгалаг зээлийн гэрээний үүрэг 40,588,452.18 төгрөгийг нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /П.Түмэнбаяр, П.Тунгалаг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207000760 дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 38 дугаар байр 55 тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай орон сууц/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,092.3 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Тунгалагаас 431,092.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА