| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00715/И |
| Дугаар | 130/ШШ2023/00907 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2023/00907
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З. Хаяг: Б аймаг, Ө сум 13 дугаар баг оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэг. Хаяг:Б аймаг, Ө сум 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3,391,662 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.А ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч С ,
Орчуулагч А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.А д холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж анхны шаардлагаа дэмжиж, улмаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3,391,662 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие тус аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн манаачийн ажилд томилогдсон. Гэтэл ажил олгогчоос 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар шалтгаангүйгээр намайг ажлаас халсан. Би манаачаар томилогдож, ажлаас халах хүртэлх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
1.2 Ажил олгогчоос намайг ажилд томилсон болон ажлаас халсан тушаалыг л гардан авч байсан бөгөөд бусад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг надад гардуулж мөн танилцуулж, мөн сонсох ажиллагаа явуулж, надаас тайлбар авсан удаагүй. Ажил олгогчоос надад удаа дараа сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг гаргаж өгсөн ба би уг тушаалуудад хэрэгт танилцаж байхдаа мэдлээ. Би ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, тухайн тушаалуудыг ажил олгогчоос надад танилцуулж, гардуулсан удаагүй тул зөвшөөрөхгүй. Ажил олгогчийн хууль бусаар гаргасан намайг гүтгэсэн тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүн алаагүй, хүн зодоогүй, архи уугаагүй, ажлын байрыг орхиж явж байгаагүй. Даргаасаа удаа дараа уучлалт гуйж байсан. Ажил олгогч анх намайг ажилд авах үед их дургүй байсан. Тэгээд би дарга нарт хэлж байгаад ажилд орсон. Тухайн үед ажил олгогч надад чи миний хүн биш гэж байсан.
1.3 Wi-Fi-гийн асуудлаас болж ёс зүйн хороонд орж байсан. Ёс зүйн хороонд хариуцагчийн хамаарал бүхий хүмүүс ажилладаг. Нэг нь түүний найз нь, нөгөө нь нутгийн хүн нь гэх мэт. Дарга маань Ёс зүйн хороонд оруулж, олон цаасанд гарын үсэг зуруулж авч байсан. Надад сахилгын шийтгэл авсан гэх тушаалыг би огт гардаж авч байгаагүй.
1.4 Ажил олгогчийн намайг ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн цалин хөлсний нөхөн олговорт 3,391,662 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.А ы хариу тайлбар, татгалзал:
2.1 Ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч З нь манаачаар томилогдон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд удаа дараа сахилгын зөрчил гаргаж эрхийн актаараа арга хэмжээ авагдаж байсан. Түүний гаргасан зөрчил тус бүрд нь ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж сахилгын арга хэмжээ авсан бөгөөд өөрөө баримт бичиж өгч байсан.
2.2 Харин хамгийн сүүлд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах сахилгын арга хэмжээ авахад тэрээр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ээлжид гарах шөнө гэртэй харьж ажлын байраа эзгүй орхисон, ажлаа хүлээлгэж өгөөгүй, тэр шөнө гаднаас хүн оруулж, пиво ууж, тамхи татаж, хүүхдүүдийн хөнжилд унтсан зэрэг зөрчлүүд гаргасан учраас ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.3 Нэхэмжлэгч сахилгын шийтгэл авсан тушаалуудыг гардаж аваагүй гэж байна. Тухайн үед нэхэмжлэгч З т сахилгын шийтгэл авагдсан тушаалуудыг гардуулах гэхэд авахаас татгалзсан тул байгууллагын явуулсан бүртгэлд энэ талаар тэмдэглэл үйлдсэн болно.
2.4 Гэхдээ тухайн ёс зүйн хуралд нэхэмжлэгч өөрөө биечлэн оролцож, санал хүсэлтээ хэлж, тухайн үед уучлалт гуйж байсан тухай түүний баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
2.5 Нэхэмжлэгч З нь хүүхдийн байгууллагад гаргах ёсгүй зөрчил дутагдал гаргаж байсан учраас би түүнд сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд тухайн үед түүнд цаашид зөрчил дутагдал гаргаж болохгүй гэж сануулж байсан.
2.6 Мөн тэрээр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр З манаанд гарч байхдаа цэцэрлэгт хүн оруулж, архидан согтуурч, тамхи татаж, хүүхдүүдийн хөнжилд унтсан зэрэг зөрчил гаргасан учраас түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Түүний энэ зөрчил камерын бичлэгээр нотлогдож байна. Тэр шөнө манаанд гарч байгаад үүрээр ажлын байрыг эзгүй орхиод явчихдаг. Би үүнийг нь камераар харж байдаг. Түүнчлэн З нь манай цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхтэй маргалдаж хэрэлдэж, зодолдож байсан удаатай. З нь удаа дараа зөрчил гаргаж байсан учраас түүний асуудлыг Ёс зүйн хороогоор авч хэлэлцээд түүнд сахилгын шийтгэл авахаар шийдвэрлэсэн.
2.7 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажлаас халах тухай” Б/11 дугаартай тушаал, мөн эрхлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/12 дугаар тушаал, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай тэмдэглэл, нэхэмжлэгчийн Монгол улсын иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.10.26-ны өдрийн нэхэмжлэгчийн гэрчээр Б , Ж , С нарыг асуулгахыг хүссэн хүсэлт, 2023.11.09-ний өдрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс авсан З ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өрийн “ажилд томилох тухай” Б/12 дугаар тушаал, 2022 оны 8 дугаар сарын 285-ны өдрийн 12 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, мөн эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “манаач З т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Манаач З т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “манаач З т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажлаас халах тухай” Б/11 дугаар тушаалууд, Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №02 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №03 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №04 дугаар, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №05 дугаартай тус тус хурлын тэмдэглэл, Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.А д өргөдөл гаргах нь гэж хаягласан 2022.11.28-ны өдрийн өргөдөл гаргасан Б , Ж , С гэх хүмүүсийн өргөдөл, Заманбекийн Өргөдөл гаргах нь гэх 2023 оны 1 сар гэх З ийн тус тус бичсэн гарын баримт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, З М гэх фейсбук хаягаас казахаар бичсэн мессежийг монгол хэл дээр орчуулсан орчуулгын хамт, Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар албан бичгээр өмгөөлөгчөөр С ыг сонгож авч байгаа тухай хүсэлт, мөн эрхлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/15 дугаар албан бичгээр нотлох баримтаар Хөдөлмөрийн дотоод журам, Цэцэрлэгийн манаач нарын ээлжийн ажлын хуваарь, цагийн бүртгэл, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн 2023.11.07-ны өдрийн 234 дугаартай албан бичгээр тус цэцэрлэгийн 2022-2023 оны явуулсан баримт бичгийн бүртгэлийн холбогдох хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2023.11.09-ний өдрийн А/18 дугаар алба бичгээр нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоолын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудаас шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн хүсэлтээр Ж.С , М.С нарыг гэрчээр асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие тус цэцэрлэгт манаачийн ажилд томилогдсоноос хойш хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ажил олгогчийн зүгээс надад холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжийг шалган тогтоосон, зөрчлийн талаар надад танилцуулж сонсох ажиллагаа хийгээгүй. Ажил олгогчоос надад удаа дараа сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг гаргаж өгсөн ба би уг тушаалуудыг хэрэгт танилцах үед мэдлээ. Би ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, тухайн тушаалуудыг ажил олгогчоос надад танилцуулж, гардуулсан удаагүй тул зөвшөөрөхгүй. Ажил олгогчоос миний хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн тул уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан гэжээ.
8.Хариуцагч Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...З нь манаачаар томилогдон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд удаа дараа сахилгын зөрчил гаргаж эрхийн актаараа арга хэмжээ авагдаж байсан. Түүний гаргасан зөрчил тус бүрд нь ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж сахилгын арга хэмжээ авсан бөгөөд өөрөө баримт бичиж өгч байсан. Харин хамгийн сүүлд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах сахилгын арга хэмжээ авахад тэрээр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ээлжид гарах шөнө гэртэй харьж ажлын байраа эзгүй орхисон, ажлаа хүлээлгэж өгөөгүй, тэр шөнө гаднаас хүн оруулж, пиво уусан зэрэг зөрчлүүд гаргасан учраас ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.
9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
9.1 Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар нэхэмжлэгч З ийг тус цэцэрлэгийн манаачийн албан тушаалд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс томилж, улмаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
9.2 Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар З нь манаанд байх хугацаанд гал тогооны жигнүүрийн төхөөрөмжийг шатааж хариуцлага алдсан гэх үндэслэлээр сануулах, 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/40 дугаартай тушаалаар манаач нарын гаргасан өргөдлөөр ажилдаа ирдэггүй, ээлжид гардаггүй гэх гомдлыг авч хэлэлцэж түүнд мөн сануулах, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр арга зүйчийн бичиг баримт хадгалах шүүгээг эвдэн интернэтийн төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн гэж цалингийн 20 хувийн нэг сарын хугацаатай хасах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
9.3 Улмаар ажил олгогчоос 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай нэхэмжлэгч З ийг ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний дөрөв дэх бүлгийн 4.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн манаач З нь хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаанд удаа дараа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 сарын 05-ны өдрөөс эхлэн цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байжээ.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй ба ажил олгогчоос нэхэмжлэгч З ийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна.
11.Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нь хөдөлмөрлөх явцад дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй юм.
12.Нэхэмжлэгч З нь ажил олгогчийн дээрх сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг эс зөвшөөрч гомдлын шаардлага гаргаагүй байгаа боловч тэрээр ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, тухайн тушаалуудыг ажил олгогчоос надад танилцуулж, гардуулсан удаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
13.Ажил олгогч буюу хариуцагчаас ажилтан З нь манаанд байх хугацаандаа гал тогооны жигнүүрийн төхөөрөмжийг шатааж хариуцлага алдсан нь тогтоогдож байгаа гэж ёс зүйн зөвлөлийн гишүүдийн хурлын 2022.11.04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлийг ирүүлсэн бөгөөд тухайн тэмдэглэлд “... тогооч ажлаасаа буухдаа тухайн өдрийн манаач бүх юмыг хүлээн авч хянах үүрэгтэй. Тухайн өдөр тогийн пускателийг салган гэж андууран залгаснаас болоод ийм юм зүйл болсон. Тогооч ажлаас явахдаа бүх төхөөрөмжийг тогноос салгаад явсан гэж байна... ” гэж бичигдсэн боловч гал тогооны тогооч нь манаач З т гал тогооны тогийн бүгдийг унтрааж хүлээлгэж өгсөн эсэх талаарх бичгийн нотлох баримтгүй тул тухайн сахилгын зөрчлийг ажилтан З гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.
14.Гэвч нэхэмжлэгч З нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартай хавсаргаж ирүүлсэн сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг шүүхээс түүнд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан мөн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс ажил олгогчийн сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргана гэж илэрхийлснээр шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:30 цаг хүртэл хойшлуулсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй, нөгөөтээгүүр хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар түүнд сануулах арга хэмжээ авсан тушаалыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр танилцуулж, гардуулах гэхэд тэрээр хүлээж аваагүй болох нь тус цэцэрлэгийн явуулсан бичгийн бүртгэлээр тогтоогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчээс өнгөрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
15.Хариуцагч буюу ажил олгогчоос ажилтан З нь ажилдаа ирдэггүй, ээлжид гардаггүй гэх манаач нарын гаргасан өргөдлөөр ёс зүйн зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэж сануулах сахилгын арга хэмжээ авсан ба энэ нь хэрэгт авагдсан тус цэцэрлэгийн манаач Б , Ж , С нарын гаргасан өргөдөл, нэхэмжлэгч З ийн гарын баримтаар, мөн тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжид гарч байхдаа арга зүйчийн бичиг баримт хадгалах шүүгээг эвдэн интернэтийн төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр цалингийн 20 хувийн нэг сарын хугацаатай хасах сахилгын арга хэмжээ авсан ба энэ нь түүний З М гэх фейсбук хаягаар арга зүйчид бичсэн мессеж, М.С , Ж.С нарын гэрчийн мэдүүлэг, тус цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
16.Улмаар нэхэмжлэгч З нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ээлжид гарах шөнө ажлын байрандаа К улсаас ирсэн найз нарын хамт пиво ууж, найз нарын 0532 БӨТ гэх машинд сууж байгаад үүрийн 4:35 цагт найз нараа хүргэж өгчхөөд гэртээ харьж, ажлын байрыг эзгүй орхисон, дараагийн ээлжийн манаачид ажлаа хүлээлгэж өгөөгүй зэрэг сахилгын зөрчил гаргасан болох нь түүний З М гэх фейсбук хаягаар казахаар бичсэн мессеж, Ж.С ыг гэрчээр асуух үед өгсөн тайлбар, Ж.С , М.С нарын гэрчийн мэдүүлэг, тус цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
17.Мөн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 4.4.14 дэх заалтад “ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан” бол мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.5 дахь хэсгийн 5.5.4 дэх заалтад “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан” бол тус тус ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч З нь Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн манаачаар ажиллах хугацаандаа дээрх сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул ажил олгогчийн санаачилгаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан урьдчилсан нөхцөл хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал нь хуульд нийцсэн шийдвэр байх тул, нэхэмжлэгч З ийн Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай болон түүний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3,391,662 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч З ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.217 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дах хэсгийн 158.2.2 дахь заалт, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ийн Б аймгийн Ө сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 3,391,662 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,217 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч З т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж