Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/988

 

 

 

 

 

2021               11             18                                        2021/ДШМ/988                                                                                                                                    Т  M 546                              МАЛАЛ

Ж.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ж.С-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, Ч.Эрдэнэбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

Ч.Анар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22ы өдрийн 2021/ШЦТ/1025 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.С-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.С-д холбогдох 2003003450267 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ын С-, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 09ий өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетинг менежмент мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ..... гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Ж.С- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 04 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Петровис” ШТС-ын баруун хойд замд “Toyota sai” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.А-ийг мөргөн амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас Ж.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-г тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссаны дараа тоолж, хохиролд 20,133,165 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD”-г хэрэгт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, жолоочийн В ангиллын 1127816 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Ж.С-гаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолын биеийн байцаалт хэсэгт бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй гэж буруу бичсэн байна. Би 2015 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, Монгол Улсын их сургуульд хэрэглээний математик мэргэжлээр суралцаж байхдаа Тайваний Чунг Чоу ШУТИС-д тэтгэлгээр суралцаж, 2021 онд бизнесийн удирдлага-маркетинг менежмент мэргэжлээр төгссөн. Мөн Тайваний оюутны лигт гурван жил дарааллан оролцсон. Хятад, Англи хэлтэй. Одоо Богд банкинд ахлах теллер ажилтай. Би мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний үйлдлээс болж нөхөж баршгүй хохирол учирсанд маш ихээр харамсаж байна. Мөн хохирогчийн гэр бүл, үр хүүхдүүдэд тусалж дэмжихээс гадна цаашид гарах нөхөн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд Монголын ирээдүй залуу хойч үе болсон надад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэв.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс Ж.С-д ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан санкцын дээд хэмжээнээс бага зэрэг доогуур ял оногдуулсан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон боловч 1.5 заасан өөрийгөө илчилсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрт “...Ж.С- нь авто тээврийн осол гаргасны дараа цагдаагийн байгууллагад өөрийгөө илчилж ирсэн гэж түүний өмгөөлөгч нар тайлбарлаж байх боловч авто тээврийн хэрэгслийн жолооч зугтаах гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Ж.С- болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Харин өөрийгөө илчилсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хөнгөрүүлэхийг хүссэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлд дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийгөө илчилсэн гэдэг нь өөрийн буруутай ажиллагааг ойлгон мэдэрч, ухаалаг дүгнэлт хийж гэмт хэргийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өөрийн хүсэл зоригийн дагуу мэдээллэхийг хэлдэг. Миний үйлчлүүлэгч өөрийгөө илчилж гэмт хэрэг үйлдсэн болохоо холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн болох нь гэрч Амарсайханы мэдүүлэг /1хх 152-153/ болон Ж.С-гийн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь хяналтын камерын бичлэг, “CD” бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Одсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай магадлагаа /1хх 230-231/-гаар нотлогдсон. Хохирогч нь замын голоор алхаж явсан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалтыг зөрчсөн. Ж.С-гийн зүгээс эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 20,133,165 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсээр ирсэн. Түүний хувийн байдлын тухайд ааш зан сайтай, тусархуу, үргэлж сурч мэдэхийг эрмэлздэг, онц сурч байсан, тогтсон тодорхой ажилтай, эрхэлсэн ажилдаа нэр хүндтэй болох нь хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудаас тодорхой харагддаг.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Ж.С-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирогчийн нагац ах Н.Бямбасүрэнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь заалтыг дурдаж мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бямбасүрэнг тогтоосон талаар аливаа гомдол, хүсэлтийг амь хохирогчийн эцэг эх, гэр бүлээс огт гаргаагүй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна гэж анхан шатны шүүх эсрэгээрээ хуулийг илтэд буруу тайлбарласан. Н.Бямбасүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч этгээд биш, 1.2-т заасан албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч биш байхад дээрх нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, амь хохирогчийн эхнэр, хүүхдэд хохирлын мөнгө огт олгогдоогүй.

Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад Ж.С-г дээрх гэмт хэрэгт дангаар нь буруутгахад эргэлзээтэй байгааг давж заалдах шатны шүүхээс тал бүрээс нь бодитой хянаж өгөхийг хүсье. Мөн Ж.С- өөрийгөө илчилж ирснийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, дээрх үйлдлийг хэргийн газрыг орхиж зугтаах гэмт хэргийн шинжтэй харьцуулан түүнд хамаатуулан тайлбарлаж байгаагаас Ж.С-гийн үйлдлийг хөнгөрүүлэхээр хуульчилсан хууль хэрэгжээгүй гэж үзэж байна. Тогтоолын 13 дугаар талд Ж.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дурдсан атлаа “Ж.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч тухайн авто ослын улмаас хүний амь хохирсон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжилсэн, талийгаачийн эцэг, эх, гэр бүлийн гомдолтой байгааг төлөөлөн илэрхийлж байгаа зэргээс үзэхэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй гэж дүгнэхээр байх тул уг хүсэлтүүдийг хангах боломжгүй гэсэн илэрхий агуулга, үр дагаврын зөрчилтэй дүгнэлтийг хийсэн. Эндээс шүүгдэгч хохирол төлөөгүй учраас тэнсэх боломжгүй гэсэн ойлголтыг үүсгэж байгаа бол хохирлыг нөхөн төлсөн гэх өмнөх дүгнэлттэйгээ хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй эргэлзээтэй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хохирол төлөгдөөгүй үндэслэл нь тэнсэх боломжгүй гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийхэд хүргэсэн байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Цаашид нэхэмжлэх бусад хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх дүгнэлт нь шүүгдэгч Ж.С-г бусдад төлөх төлбөртэй гэж шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнээс хальж ирээдүйд үүсч болзошгүй хохиролтой холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснийг зөрчиж болгоомжгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байгааг үгүйсгэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарласан байна.

Шүүгдэгч Ж.С-д оногдуулсан хорих ялаас заримыг өршөөн хасаад үлдэх хорих ялыг тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай дүгнэлтүүдийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж заасан учир тэдгээр дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна гэж уг зүйл, хэсгийг буруу тайлбарласан. Хэрвээ Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Ж.С-д илүү ашигтай үндэслэл нь өмгөөлөгч нарын гаргасан 2 жилийг өршөөлд хамруулж, үлдэх 2 жилд холбогдох эрүүгийн хариуцлагатай холбоотой шийдвэрт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэх нь шүүхийн үүрэг атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээс анхан шатны шүүх дээрх үндэслэлээр татгалзсан нь Өршөөлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Ж.С-гийн хувийн байдал, хэргээ илчлэн ирсэн, хохирлоо төлж барагдуулсан, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, залуу хүний ирээдүйг бодож, энэрэнгүй ёсны зарчмын дагуу тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20,000,000 гаруй төгрөг төлсөн гэж яриад байна. Энэ мөнгөөр хүний амийг хэмжихгүй. Оршуулгын зардал 12,000,000 төгрөг болсон. Тийм зүйл байхгүй. Намайг байхгүй үед манай хүмүүс тийм хэмжээний оршуулгын зардлын баримтыг бүрдүүлээд өгсөн байсан. Энэ дээр том алдаа гарсан. Хууль ёсны төлөөлөгчийг хууль зөрчиж томилсон гээд байна. Амь хохирогч 8 нагацтай хүн байсан. Бүгд сууж байгаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон юм. Нагац ах нь хууль ёсны төлөөлөгчөөр явахад болохгүй юм байхгүй. Үүн дээр маргаад байх шаардлага байхгүй. Шүүгдэгч Ж.С- хүн дайрч алчихаад зугтаагаад явсан. Монгол хүн муур, нохой дайрсан ч зогсож байдаг. Хилээр гараад зугтаасан. Шүүх дуудахаар ирдэггүй. Ийм хэнэггүй хүн. Би цалингийн зээл болох 265,000 төгрөгийг сар болгон төлж явж байгаа. Шүүгдэгч Ж.С-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэхгүй, харин ч хөнгөдсөн гэж бодож байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш дахиад төлбөр төлсөн гэх байдлаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Гэхдээ хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөг, яаж өгсөн талаарх баримт байхгүй байна. Өмгөөлөгч Г.Ганцэцэг тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ярьж байна. Эхлээд үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй, ослын газрын орхиж зугтаасан нь санаатай гэмт хэрэг юм. Тэгэхээр тохиолдолын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Мөн шүүгдэгч өөрийгөө илчилж ирсэн гэж ярьж байна. Шүүгдэгч зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан. Эх нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст дагуулж очсон байдаг. Үүнийг өөрийгөө илчилж ирсэн гэж үзэх үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх боломжгүй юм. Хохирлыг бүрэн төлсөн гээд байдаг. Баримтаар бусдад төлөх төлбөргүй гэх байдлаар тайлбарлавал тохиромжтой болов уу. Хүний амь нас хохирсон тул хохирол, хор уршиг арилах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бямбасүрэнг тогтоохыг амь хохирогчийн эх, эцэг, ах, дүү нар нь ярилцаж байгаад тохиролцоод томилсон байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хууль бусаар томилоогүй. Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн зүйлгүй. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Шүүгдэгч хилээр гарч зугтаасан нь энэ хэрэгтээ хандаж буй хандлага ямар байгаа нь харагддаг. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.С-д оногдуулсан ял шийтгэл тохирсон тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгээр дамжуулж амь хохирогчийн эцэг, эх хохирлын мөнгийг авсан байдаг. Гэтэл шүүгдэгч талаас амь хохирогчийн эхнэрт хохирлын мөнгийг өгөх ёстой байсан гэж ярьдаг. Өвлөгч нарын хоорондын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа байдлыг далимдуулж шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх асуудалтай давхардуулж ярьж байгаа нь буруу юм. Н.Бямбасүрэн гэх хүн дундаас нь хохирлын мөнгийг авсан мэтээр ойлголт төрүүлэх гэж мэтгэлцэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлсэнгүй гэж шүүгдэгч талаас үндэслэл муутай давж заалдах гомдол гаргажээ” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.С- нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бямбасүрэнг тогтооход амь хохирогчийн эхнэр “Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох байсан” гэсэн гомдол гаргаагүй. Мөн анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ж.С- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 04 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Петровис” ШТС-ын баруун хойд замд “Toyota sai” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замын голоор алхаж явсан явган зорчигч М.А-ийг мөргөн амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

гэрч З.О-ын “... 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой 9 цагт найз Ж.С- манай гэрт усанд орохоор ирсэн. Бид 23 цаг хүртэл ярьж суухдаа нэг нэг лааз пиво уусан. Тэрээр “Ээж ганцаараа үлдсэн, яаж байгаа бол” гээд санаа зовсон байдалтай байхаар нь би “Машин барьж болохгүй, манайд хоноод өглөө эрт яв” гэсэн. Шөнө дунд унтаж байхад Ж.С- босоод хаалга хаагаад явж байгаа нь сонсогдсон. 05 цагийн үед Ж.С- залгаад “Амгаланд хүн мөргөчихлөө, би ээжтэй Баянзүрхийн цагдаа руу явж байна” гэж хэлсэн” /1-р хх 142/,

гэрч Б.Э-гийн “... Ж.С- гаднаас орж ирээд намайг сэрээсэн. Тэр сандарсан байдалтай, гар хөл нь салагнаад “Ээжээ айгаад байна, би сая Амгалангийн зам дээр харьж явахдаа хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлсэн. Хүнийг нь асуухад “Мэдэхгүй айсандаа гэр рүүгээ яваад ирлээ” гэж байсан. Гараад машиныг нь харахад урд салхины шил юм мөргөсөн бололтой зүүн тал нь хагарсан байсан. Би охинтойгоо цагдаагийн газар руу такси бариад явах замдаа мөргүүлсэн хүн байгаа эсэхийг харахад байхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод хэд хэдэн цагдаа гадаа зогсож байхаар нь нэг цагдааг нь дуудаад болсон явдлыг хэлэхэд тэр цагдаа хайж байсан тухайгаа хэлээд гэрт очиж машинд үзлэг хийсэн...” /хх 139-140/,

гэрч Ц.У-ын “... Амгалан хүнсний захын хойд талын замаар баруунаасаа зүүн тийш 30-40 км/цагийн хурдтай явж байтал замын дунд хэсэгт нэг хүн хэвтэж байсан...” /1-р хх 144/

гэрч А.А-ы “... Амгалангийн “Петровис” ШТС-ын хойд замд зам дээр хүн хэвтэж байсан. Тухайн үед амьсгалж байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн байх үед осол гаргасан жолоочийн ээж нь гэх хүн “Манай хүүхэд хүн дайрчихаад сандраад гэртээ ирсэн байна. Одоо яах вэ” гээд хүрээд ирсэн...” /1-р хх 152/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч М.А-т баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх тархмал цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, хоёр талын олон хавирганы далд хугарал, баруун шаант ясны доод 1/3-н далд хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун бугалга, зүүн гарын чигчий хуруу, зүүн өвдөг, эрүү, нурууны улаан ягаан өнгийн зулгаралт, баруун ташаа, хоёр гарын сарвууны цус хуралт гэмтэл учирч, хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 1279 тоот дүгнэлт /1-р хх 157-164/,

шүүгдэгч Ж.С- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.5-ын а, б дэх заалтыг, хохирогч М.А нь 5.12-ыг тус тус зөрчсөн гэх мөрдөгчийн 87 тоот магадлагаа /1-р хх 230-231/,

зам тээврийн осол болсон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 5-6,7-10, 11-15/,

хяналтын камерын бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 24/,

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 57046 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 219-227/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

Шүүгдэгч Ж.С- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын зорчих хэсгээр явган зорчигч явж байгааг мэдсэн /илтэд мэдэх боломжтой байсан/ атлаа тээврийн хэрэгслээ зогсоох, аюул ослыг зайлуулах арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйл баримт, гэм буруутай үйлдлүүдийн талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргүүдийн шинж, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.С-гийн үйлдсэн хэргийн газрын зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдсан гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам дагуу зорчих хэсгээр явж өөртөө аюултай нөхцөл байдал бий болгосон үйлдэл нөлөөлсөн, гэрч З.Оюунболор, Б.Энхтуяа, А.Амарсайхан нарын мэдүүлгээр шүүгдэгч Ж.С- гэмт хэрэг үйлдсэнээ илчилж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг 3 жил болгон хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн хор аюул зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх, хорихоос өөр төрлийн ял шийтгэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул энэ талаар шүүгдэгч Ж.С-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн талаар зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1025 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 2 жилийг хасч, эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосугай” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.С-д оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.С-гийн “... хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 57 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ДАРЬСҮРЭН       

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН