| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00144/И |
| Дугаар | 183/ШШ2023/02582 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2023/02582
2023 оны 08 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2023/02582 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт, Э.Э/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, Х ХХК/РД: /-д холбогдох,
2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний төлбөрт 164 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Жавхлан, гэрч Б.С, Н.Н, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 356 м.кв талбайтай, 93 м.кв террасыг түрээслэхээр Х ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа нэг жил буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглахаар тохиролцсон бөгөөд тохижилтын хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ний өдрийн хооронд байхаар гэрээнд тусгасан. Гэрээнд нэг сарын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг бөгөөд гурван сарын түрээсийн төлбөр 45 000 000 төгрөг, мөн барьцаа төлбөр болох 15 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг Х ХХК-ийн Хаан банк дахь 5*******3 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд гэрээний дагуу би тохижилтын ажлаа эхлүүлэх гэсэн боловч дээрх түрээсийн гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг Э.Жгэх залуу түрээсэлж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусах болоогүй, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Х ХХК-тай гэрээ байгуулсан гэж надад хэлж байсан. Ийнхүү Х ХХК-тай түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш энэ мэт маргаантай асуудлууд ар араасаа гарсан бөгөөд өмнөх түрээслэгч Э.Жгэх залуу Х ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж болно, гэхдээ түрээсийн талбайд байгаа эд хөрөнгүүдээ зөөх газар байхгүй, энд нь байлгаж байгаад зарна гэсэн тул бид түүнийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Дээрх асуудлаар би Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нт хандаж өмнөх түрээслэгч талбайг чөлөөлж өгөөгүй, манай үйл ажиллагаа эхлээгүй тул гэрээний заалтад өөрчлөлт оруулж өгөн үү гэж утсаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч тодорхой хариу өгөхгүй байсаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1/29 тоотоор гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Миний бие түрээсийн гэрээний дагуу нэг ч хоног үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түрээсийн гэрээг цуцалж гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн боловч элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний бие 60 000 000 төгрөгийг өөрийн орон сууцаа ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан бөгөөд өнөөдрийг байдлаар байраа зээлийн барьцаанд алдах дээрээ тулж, эдийн засгийн хувьд ихээхэн хохироод байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон өгч, гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулан надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Түрээслэгч Э.Э нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, Галакси таур барилгын 3 давхрын 356 м.кв террас 93 м.кв түрээслэхээр тохиролцсон. Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцсоноор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал байхаар тохирч ингэхдээ анх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар, тохижилтын хугацаанд түрээсийн төлбөр авахгүй нөхцөлтэй гэж сунгуулах хүсэлт гаргасны дагуу бид дахин уг хугацааг 15 хоногоор сунгаж, нийт сарын хугацаанд засвар, тохижилт хийх боломжийг олгосон юм. Ингээд түрээслэгч талд тухайн түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах, тохижуулах боломжит хугацааг манай компанийн зүгээс бүрэн олгосон боловч түрээслэгч нь өөрөөс шалтгаалах засвар, тохижилтыг хийгээгүй тул бид түрээсийн хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн талбайг өмнөх түрээслэгч чөлөөлж өгөөгүй учраас талбайг эзэмшиж ашиглаж чадаагүй гэх боловч бидний зүгээс түрээсийн талбайг гэрээний хугацаанд бүрэн шилжүүлж өгсөн тул биднээс шалтгаалахгүйгээр нэхэмжлэгч өөрөө талбайг засч, тохижуулж зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаа мэтээр илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.Бидний хувьд түрээслэгчийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, засч тохижуулах хугацааг сунгаж, энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй боловч өнөөдөр нэхэмжлэгч нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бидний хувьд түрээслэгч эд хөрөнгөө хулгайд алдсан, түүний захиалгаар ирэх тоног төхөөрөмж нь хил гаалиар саатсан асуудалд ямар ч холбоо хамаарал байхгүй. Бид өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талтай хэлэлцэх, зөвшилцөх байр сууринаас хандаж, боломж олгож ирсэн боловч үр дүнд нь гүтгэн доромжлогдсон тул энэ илт үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Э.Эийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь нэхэмжлэгч Э.Этой 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг байгуулж, гэрээгээр Галакси таур барилгын 3 давхрын 356 м.кв террас 93 м.кв талбайг 1 жилийн хугацаагаар, сарын 15 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээний хугацааг тохирохдоо 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл засвар, тохижилтын хугацаа байхаар, энэ хугацааны түрээсийн төлбөр авахгүй байхаар тохирсон. Гэвч түрээслэгч нь тодорхой шалтгааны улмаас засвар тохижилтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу бид уг хугацааг 15 хоногоор сунгаж, нийт сарын хугацаанд засвар, тохижилт хийх боломжийг олгосон юм. Түрээслэгч талд түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах, тохижуулах боломжит хугацааг олгосон ч түрээслэгч нь өөрөөс шалтгаалах засвар тохижилтыг хийгээгүй тул цаашид гэрээг цуцлах нөхцөл байдал үүсээд буй тухай аман сануулга өгсөн байдаг. Уг аман сануулгаасаар гэрээг албан ёсоор цуцлах талаар мэдэгдэл, шаардлага талуудын хооронд үйлдэгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр байгаа болно. Өнөөдрийг хүртэл хугацаанд түрээслэгчийг засвар, тохижилтийн ажлаа хийж гүйцэтгэн, ашиглах нөхцөл боломжийг түрээслүүлэгчийн зүгээс бүрэн олгосон ч түрээслэгч нь засвар, тохижилтийн ажлаа ч хийхгүй, түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүйгээр манай компанийг хохироосон. Түрээсийн талбайг хожим буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны орой чөлөөлж өгсөн байдаг. Түрээслэгчийн барьцаа болгон урьдчилан шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт суутган тооцсон. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс түрээсийн талбайг чөлөөлсөн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дараах заалтуудад зааснаар: 3.1-д Гэрээний 1.2-т хамаарах эд хөрөнгийн түрээсийн төлбөр сард 15 000 000 байхаар, 3.5-д Түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй түрээсийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр тохирсон. Гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 16-наас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт /7 сар 9 хоног/ 109 500 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлбэл 54 750 000 нийт 164 250 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгөө хулгайд алдсан, захиалгын тоног төхөөрөмж нь хил гаалиар саатсан шалтгаанаас ашиглаагүй гэдэг боловч эдгээр зүйл нь хариуцагчаас үл шалтгаалах тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Түрээслэгчийн зүгээс объектыг зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөлөөр хангасан төдийгүй түрээсийн талбайг тохирсон хугацаанд шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288.1-т заасан түрээслүүлэгчийн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289.1.2, 232.4, гэрээний 3.1, 3.5-т заасны дагуу Э.Эоос 164 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Х ХХКнь нэхэмжлэгч Э.Этой 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, Галакси таур 3 дугаар давхарт байрлах, оффис, үйлчилгээний зориулалттай обьектыг иргэн Э.Жамбачойдонд өмнө түрээслэсэн, тухайн түрээсийн гэрээ нь 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаатай байсан. Энэ тухайгаа гэрээний нэг тал түрээслэгч Э.Э надад мэдэгдэлгүйгээр хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээсийн гэрээгээр харилцан тохиролцсон Шөл болон бусад хоол үйлдвэрлэлийн дундаас дээш стандарт, зэрэглэл ангилалд хамаарах рестораны чиглэлээр ашиглах үйл ажиллагаа эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ тухай мэдэгдсэн даруйд түрээслүүлэгч Х ХХК-д мэдэгдэж гэрээг цуцалж, миний зүгээс түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн төлбөрийг буцаан төлөхийг шаардсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .. гэв.
5. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Х ХХК-д хүсэлт гаргасан албан бичиг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Х ХХК-д хүсэлт гаргасан албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас Х ХХК-иас Э.Э руу хүргүүлсэн албан бичиг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Х ХХК-иас хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай, Х ХХК-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 3 дугаар сарын тайлан,2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Борлуулалтын гэрээ, Бүтээгдэхүүний үнийн санал, 2021 оны 03 дугаар сарын 19-ний худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зуучлалын гэрээ, Голомт банкны дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар прокурорын тогтоол, эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх зохигчдын хүсэлтээр гэрч асуух, үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагчийн өмчлөлийн талбайд Шөл болон бусад хоол үйлдвэрлэлийн дундаас дээш стандарт, зэрэглэл ангилалд хамаарах рестораны чиглэлээр эзэмшиж, ашиглахаар нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй... гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч ...талбайг зориулалтын дагуу ашиглаагүйд түрээслүүлэгч буруугүй гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, түрээсийн талбайг чөлөөлсөн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 109 500 000 төгрөг, алданги 54 750 000 төгрөг, нийт 164 250 000 төгрөгийг түрээслэгч болох Э.Эоос шаардах эрхтэй... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан, зохигчид харилцан эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Х ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Галакси тауэр ажлын байр, үйлчилгээний барилгын 3 давхрын 356 м.кв , террас 93 м.кв талбайтай ажлын байрыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 15 000 0000 төгрөгөөр түрээслэгч Э.Э нь шөл болон бусад хоол үйлдвэрлэлийн дундаас дээш стандарт, зэрэглэл, ангилалд хамаарах Ресторан-ны зориулалтаар түрээслэхээр тохиролцсон байна.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч буюу түрээслэгч Э.Э нь гэрээний зүйл болох ажлын байр эзэмшиж, ашиглаагүй болох нь тогтоогдож байна.
4.3. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээгээр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохирсноос дүгнэхэд уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарна гэж үзэв.
4.4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4.5. Талууд хэдийгээр гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулагдсан хөрөнгө, явуулж буй үйл ажиллагаа нь тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах ажиллагаа байхад талууд гэрээг бүртгүүлээгүй нь хуульд нийцээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4.6. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Харин гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байгаа энэ тохиолдолд өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ.
4.7. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах ёстой.
4.8. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Э.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Х ХХК-ийн Хаан банк дахь 51******3 тоот дансанд 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Галакси тауэр ажлын байр, үйлчилгээний барилгын 3 давхрын 356 м.кв , террас 93 м.кв талбайтай ажлын байр хариуцагч Х ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
4.9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж зааснаар буцаан шаардах шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн 60 000 000 төгрөг хамаарах тул хариуцагч Х ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5.1. Хариуцагч Х ХХКнь нэхэмжлэгч Э.Эт холбогдуулан түрээсийн төлбөр 109 500 000 төгрөг, алданги 54 750 000 төгрөг, нийт 164 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
5.2. Дээрх дүгнэсэнчлэн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч Х ХХКнь гэрээний үүрэг шаардах эрхгүй. Харин хариуцагч нь гэрээний зүйл болох ажлын байрыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, нэхэмжлэгч Э.Э нь зориулалтын дагуу ашиглан үр шим хүртсэн тохиолдолд нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг шаардах эрх үүсэх учиртай.
5.3. Гэвч хэргийн үйл баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох ажлын байрыг нэхэмжлэгч Э.Эийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, Э.Э нь тус ажлын байрыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
5.4. Тодруулбал, Х ХХКнь Э.Эт гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Галакси тауэр ажлын байр, үйлчилгээний барилгын 3 давхрын 356 м.кв , террас 93 м.кв талбайтай ажлын байрыг хүлээлгэн өгсөн болон 2022 оны 11 дүгээр сарын 25-ны ажлын байрыг хүлээн авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5.5. Дээрх үндэслэлээр хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эт олгож, хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэгч Э.Эт холбогдуулан гаргасан 164 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 979 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ