Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/02620

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2023/02620 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух овогт, Л.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч тоот хаягт оршин суух, овогт, Ч.Б/РД: /-т холбогдох,

 

Гэм хорын хохирол 1 997 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 09 цагийн үед хичээлд явах замдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарцаар гарч яваад Ч.Бийн жолоодож явсан ....улсын дугаартай авто машинд араасаа мөргүүлээд гэмтсэн. Тухайн үед зүгээр юм шиг санагдсан учир сургууль руугаа явсан, хэрвээ би өвдөх юм бол эргээд тань руу залгая гээд дугаарыг нь авсан. Сургууль руугаа явж байх явцад өвдөг шалбараад, өмдтэй наалдаж байгаа мэдрэмж төрсөн учраас буцаад Гэмтэл согог судлал үндэсний төв рүү явъя гэж шийдээд мөргөсөн хүн рүүгээ 2-3 удаа залгахад утсаа аваагүй. 4 дэх дуудлага дээр утсаа аваад хамт эмнэлэг явсан. Эмнэлэг явах замдаа Цагдаагийн байгууллагад осол болсон талаараа мэдэгдсэн. Эмнэлэгт очоод урьдчилсан байдлаар 3-4 шинжилгээ өгөөд шаардлагатай эм тариа, хөлийн бэхэлгээ зэргийг авсан. Цагдаа дээр хэрэг үүсээд тохиролцож болох журмын талаар тайлбарласан. Хариуцагч талаас тохиролцъё гэж ярьж байсан боловч сүүлдээ зохих журмын дагуу шийдье, ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй байсан учир хэрэг үүсгэх хэрэгтэй болсон. Тухайн цагдаагийн байгууллагаас гараад шүүх шинжилгээний үндэсний төвд гэмтлийн зэргээ тогтоолгохоор очсон. Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин дүгнэлт гаргуулсан, өөрчлөгдөөгүй. Шинжээч эмч Эрхэмбаяр ямар гэмтэл байгаа нь нүдээр хараад мэдэгдэхгүй учир эмчийн зөвлөсний дагуу дүрс оношилгооны эмнэлэг рүү цаг аваад 2 хоногийн дараа очиж үзүүлсэн. Билэгт рүү яриад эмнэлэг рүү хамт явах уу дараа нь буруу ойлголцохгүй нь тулд гэж асуухад амжихгүй гэдэг хариулт өгсөн. Цагдаагийн байгууллагад байхад ямар ч шинжилгээний төлбөр гарсан манай талаас төлнө гэж тайлбар хэлж байсныг дурдах нь зөв байх. Шинжилгээний хариу нь маргааш нь гарсан миний бие шинжилгээний хариуг шүүх шинжилгээний газарт хүргэж өгсөн. Хошууч Сүхбаатар надтай холбогдоод гэмтэл үнэлэх журмын дагуу хөнгөн гэж гарсан учраас ямар ч арга байхгүй зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Яг торгосон баримт нь надад байхгүй, дахиж цагдаагаас холбогдоогүй, би өөрөө очиж материалаа авахад прокурорын дүгнэлтэд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах бүрэн эрхтэй гэж дурдсан байсан учраас хариуцагчийн хаягаар тус шүүхэд хандсан болно. Нэхэмжилж байгаа төлбөр зөвхөн эм, тариа, бэхэлгээ, дүрс оношилгооны эмнэлгийн шинжилгээний төлбөр, унааны зардал зэрэг багтсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Пийс мойл таурын урд хүн буулгачхаад эргээд явж байсан. Араас мөргөсөн гэж яриад байна, би бол шүргэсэн. Уг зөрчилдөө 100 000 төгрөгөөр торуулсан. Шинжээчийн дүгнэлт, эмчийн бичиг хоёрын хариу хоорондоо зөрөөд байна. Нэхэмжилсэн төлбөр өндөр байна гэв.

 

3. Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд хүрэлдэн ирээгүй ба шүүх зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Тээврийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, үзлэгийн хуудас, зарлагын баримт, эмнэлгийн магалдагаа, дүрс оношилгооны шинжилгээний хариу, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 09 цагийн Чингэлтэй дүүргийн Peace mall худалдааны төвийн зүүн талд хариуцагч Ч.Бийн жолоодож явсан .... УБД улсын дугаартай Toyota prius 41 маркийн автомашинд мөргүүлж эрүүл мэндэд хохирол учирсан тул гарсан зардал 1 997 180 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй. Харин нэхэмжилсэн төлбөр өндөр байна гэх агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Тээврийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутын орчим Toyota prius 41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Л.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан болох нь тогтоогдож байна... гэжээ.

4.2. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2112 дугаар шинжээчийн дүгнэлтээр Л.Цгийн биед баруун өвдөг холбоосын суналт, зөөлөн эдийн няцралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2112 тоот дүгнэлт үндэслэлтэй байна... гэж тус тус дүгнэжээ.

 

4.3. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Ч.Бээс зардал болон эмчилгээний төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

4.4. Нэхэмжлэгч Л.Ц нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн үзлэг, оношилгоо, эм тариа, өвдөгний бэхэлгээ, тээврийн зардалд нийт 1 997 180 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон. /хх-21-22, 24-27/

 

4.5. Иймд хариуцагч Ч.Бээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал нийт 1 997 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цд олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Бээс 1 997 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Цд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бээс улсын тэмдгийн хураамжид 46 905 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Г.ТӨРБОЛД