Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/02672

 

 

 

2023 оны 09 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2023/02672 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Я.Г/РД: /

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Н.А/РД:

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Г.Н/РД: /

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Г.Н /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, У ТӨХК/РД: /

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, Х ХХК/РД: /

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт Д.Д /РД: / нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 56 392 573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанхүү, Э.Эрдэнэхишиг, Б.Гаваа, Л.Ишжамц, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин, хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэгмаа, хариуцагч Д.Д-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам, Н.Жамъяан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тоотод оршин суух Я.Гнарын хашаа байшин шатсан. Энэ талаар нэхэмжлэгч тал мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлж гаргасан байдаг. Энэхүү гал гарсан шалтгаан нөхцөл нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолын дагуу У ТӨХКнь Баянгол дүүргийн 11 болон 23 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 947 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж цахилгааны утсыг сольсон. Тухайн үед шийт шинэтгэл, шийтээс гарч байгаа утсыг солих ажиллагаа хийсэн байдаг. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №12/107 дугаартай Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холболт үүсэх, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №286/1676 дугаартай шинжээчийн дүгнэлтэд МНС-5390:2004 цахилгааны галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага зөрчигдсөн, холболт угсралт буруу хийгдсэнээс болж, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарсан байх магадлалтай байна гэж тус тус дүгнэсэн. У ТӨХКнь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний холбогдох заалт болох 3 дугаар зүйлийн 3.2.2 хэрэглэгчийг Монгол улсын стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, 3.2.9 хэрэглэгчийн шугам тоноглолд гэрээ, хэлцлийн дагуу засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн бол баталгаа гаргаж өгөх үүрэг, Монгол улсад мөрдөгдөж буй МНС-53905, 2004, МНС-5150, 2002 стандартыг биелүүлээгүйн улмаас гал гарах шалтгаан бүрдсэн гэж үзэж байна. Бидний зүгээс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл У ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийж цаг хугацаанд нь төлбөр тооцоогоо хийж ирсэн. Манай амьдарч байгаа газар урьд өмнө ямар нэг цахилгааны гэмтэл, гал гарч байсан тохиолдол огт байхгүй. Энэхүү галын улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла, тоотод байрлах Я.Гнарын өмчлөлийн 99 м.кв хэмжээтэй хувийн сууц шатаж, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан. Гал хариуцагч Дгийн хашаанаас эхэлж гарсан байдаг. Энэ бүх нөхцөл байдлаас шалтгаалан гурван хариуцагчаас гэм хорын хохирлын хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч У ТӨХКнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь гэвэл нэхэмжлэгч нарын төлөөлөгч хэлж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу, агаар орчны бохирдлыг бууруулахын хүрээнд У ТӨХКцахилгааны шугамыг сольсон юмаа гэж байна. Нийслэлийн агаар орчныг бууруулах шийдвэр гарснаар Засгийн газрын тогтоол гарч У ТӨХК-д үүрэг даалгавар өгсөн. Манай компани нь цахилгааны утас шилжүүлж, сольсон асуудлыг манай байгууллага гүйцэтгээгүй, Х ХХКтүлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй уг ажлыг хийлгүүлсэн байдаг. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үндсэн гэрээ байгуулагдаад гэрээгээр юу хийхээр тохиролцсон бэ гэвэл Баянгол дүүргийн 924 айлын цахилгаан станц, цахилгаан холболт, шугам зэрэг ажлуудыг шинэчлэх техникийн хангамжийг бүрдүүлэх хүрээнд үүрэг авсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа хийж гүйцэтгээд 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх гэрээтэй байсан боловч хугацаандаа гүйцэтгээгүй, гэрээний хугацаа сунгасан. Х ХХК2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Энэ хугацаанд гал гарсан асуудал 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болсон байдаг. Цахилгааны холболт, угсралт буруу хийгдсэн гэдгийг гурван шинжээчийн дүгнэлтүүд ерөнхийлөн хэлсэн байна. Бөмбөлөг үүссэн гэх зэргийг. Нөгөө талаас хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд авч үзэхэд гэрчийн мэдүүлгүүд байна. Д.Днь өөрөө гэрчийн мэдүүлгийн үедээ дандаа модноос гал гарч байсан гэх талаар хэлж байсан боловч хохирогчийн мэдүүлгээс эхлэн мэдүүлгүүд нь өөрчлөгдсөн байдаг. Хэрвээ мэдүүлгийг нь задлаад шинжлээд үзэх юм бол маш ойлгомжтой байна. Галын шалтгаан нь цахилгааны холболт угсралт буруу, мөн бусад шалтгаан нөхцөлүүд нөлөөлсөн байна. Гал гарахад болон галын тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь модны үйлдвэрийн үйл ажиллагаа. Модон эдлэлийн үйлдвэр нь өөрсдөө галын аюулгүй байдлын тухай хуулиараа галын аюулгүй байдлын үнэлгээг заавал хийлгэх ёстой байсан. Гал түймэр унтраахад ямар нөхцөл байдал нөлөөлсөн бэ гэвэл мод, модон материалууд байсан ба нөгөө талаас гал гарахад Х ХХК-ийн үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Нэгдүгээрт сольсон цахилгааны утсанд стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь голчийг нь хэмжээд 13+-5 байж хангах ёстой байтал шинжилгээний дүнгээр 13.15 гэж гарсныг шаардлага хангасан гэж дүгнэж байгаа нь эргэлзээтэй бөгөөд уг лабораторийн шинжилгээний дүгнэлт нь зөвхөн энэхүү дээжид хамаарна гэж байгаа нь өөрөөр хэлбэл энэ олон айлын утсыг сольсон биш дээжилж авч ирсэн утас нь ийм байна гэдгийг харуулж байна. Гал нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 06 минутад гарсан. Энэ нь нотломж, цагдаа, шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байгаа. Яг гал гарах үед Х ХХКнь, У ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийгээд явуулж байсан байдаг. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь яг бодитой юу гэх эргэлзээ төрж байна. 10х6 харьцаатай байшин гэж байснаа яагаад 99 м.кв-аар үнэлээд байгаа вэ, мөн доторх тавилга, эд хогшил байсан эсэх нь ямар ч баримт байхгүй. Сая өгсөн зургаас харахад байшингийн дээвэр хэсэг л шатсан үйл баримт харагдаж байна, үүнтэй маргахгүй. Галыг унтраахаар бодис цацаад таазанд нөлөөлсөн эрсдэл үүссэн байна. Гэрч нарын мэдүүлгээр Д.Д болон Ю.Д нарын гэрчийн мэдүүлгээр байшинг дахин ашиглах боломжтой байсан. Өнөөдрийн гаргаж өгсөн фото зурган дээр хөргөгч, хөлдөөгч хэвийн харагдаж байна, гэтэл бүх зүйлс ашиглагдах боломжгүй байсан гэдэг нь учир дутагдалтай. Энэ үйл баримтууд дээр үндэслэн дараах эрх зүйн дүгнэлтийг хийж байна. Нэхэмжлэгч нь өөрөө хэлсэн гэм хор учирснаас болж гурван хариуцагчаас гэм хор нэхэж байна гэж, гэм хорын үйлдэл гаргасан этгээд өөрөө учруулсан хохирлоо хариуцах үүрэгтэй байна. Шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Түүнчлэн үйлдэл гаргасан этгээд гэм буруутай байх ёстой. Үйлдлийг У ТӨХКнь хохирол учруулсан зүйл байхгүй манай компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч Х ХХКнь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Х ХХКнь эрчим хүчний яам, эрчим хүчний хөгжлийн төв, У ТӨХКнарын захиалгат тендерт шалгаран тус ажлыг гүйцэтгэж эхэлсэн байдаг. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 947 айл өрхийн цахилгаан хангамж сайжруулах зорилготой байсан. Түмэн ватт ХХК-ийн гаргаж өгсөн зураг төслийн дагуу цахилгааны холболт бүрийг хийж гүйцэтгэсэн. Ямар ажил хийсэн бэ гэвэл батлагдсан зураг төслийн дагуу хэрэглэгч бүрт 32 ампер хэвийн гүйдэлтэй дифференциал хамгаалалттай автомат тавьж, айл бүрт КГ 2*6 хөндлөн огтлолтой кабель татаж оруулсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Дифференциал хамгаалалт гэдэг нь бага эсэргүүцлийг мэдэрдэг, орчин үеийн дэвшилтэд технологи юм. Өмнө нь байсан автоматыг орчин үеийн дэвшилтэд технологиор сольж тавьсан. Мөн цахилгааны утсыг солихдоо барилга угсралтын ажилд ашигласан хөндлөн огтлолтой кабель нь лабораториор шинжилгээнд орж баталгаажуулагдсан дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Компанийн зүгээс хэрэглэгчид рүү татагдсан хөндлөн огтлолттой кабель ямар нэгэн байдлаар залгаатай, гардны механик гэмтэл ороогүй тохиолдолд холболтын шилжилтийн эсэргүүцэл үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа. Хэт ачаалал үүсээд гадаргуу хайлах, эсвэл зүсэгдэх, урагдах тохиолдолд физикийн шинжлэх ухаанаар шилжилтийг эсэргүүцэх, гүйцэх боломжтой гэж тайлбарлагддаг юм байна. Манай компани нь захиргааны байгууллагын захиалгаар хийж гүйцэтгэсэн. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хийж дуусгаад эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар улсын комиссын 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгаад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын комиссын дүгнэлт гарч гарын үсэг зурж хүлээлгэж өгсөн үйл баримт байна. Хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын буруугаас болж гал түймэр гарсан гэх нотлох баримт өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Тухайлбал нэхэмжлэгч талаас гурван хариуцагчийг тодруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан боловч хэнийх нь ямар гэм буруутай үйлдлээс болж галыг гаргасан талаар тогтоогдоогүй хэвээр байна. Д.Дамсрайсэлэнийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авагдсан гэрчийн мэдүүлгээр цахилгааны тухайн гал гарсан хэсэгт цахилгааны шийт солих ажил нь 2019 оны 4 сард солигдсон байдаг. Гэхдээ уг мэдүүлэг дээр манай арын нийтийн байрны оршин суугчид маш замбараагүй, цонхоор татсан тамхины ишээ байнга хаядаг. Энэ талаар би байнга хэлдэг байсан ч үгэнд ордоггүй байсан гэх мэдүүлэг өгдөг. Өнөөдөр цахилгааны утас волт, амперийн хэт ачаалал үүслээ гэж бодоход тэнд дасдаг ч автоматаар тогийг буулгаж байх ёстой. Гүйдэлтэй холбоотойгоор цахилгаан бол гараагүй гэж үзэж байна. Цахилгааны утас нь гардны эх үүсвэр хандсан улмаас гал гарсан байж болзошгүй гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан байна. Гурван шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт байна. Эхнийх шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлтэд ерөнхий шаардлага зөрчигдсөн, холболт угсралт буруу хийгдсэнээс болж богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарсан байх магадлалтай буюу Х ХХК, Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК юм уу аль эсвэл хойно модны үйлдвэр эрхэлдэг Д.Дийн буруу юм уу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байна. Магадлалтай гэдэг нь гэм бурууг тогтоож байгаа хэлбэр биш. Мөн бөмбөлөг нь бөмбөлөг үүссэн байна гэдгийг гурван шинжээчийн дүгнэлт нотолдог боловч бөмбөлөг нь өөрөө цахилгааны хэт ачаалал богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх эсвэл гал түймрийн улмаас дамжуулагч утасны гадна тусгаарлагч бүрээс дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүснэ гэж байна гэдэг боловч гэм буруугийн асуудлыг тогтоосон дүгнэлт гараагүй байна. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №2095 дугаартай хэрэг бүртгэлтийг хэргийг хаах тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолд Х ХХКнь захиргааны хангамжийг сайжруулах зорилгоор цахилгааны шинэтгэл хийх явцдаа цахилгаан угсралтыг зураг төсөл болон цахилгаан угсралтын дүрэмд заасны дагуу гүйцэтгэсэн болох нь гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Х ХХКнь гэм буруугүй болохыг прокурорын тогтоол баталж байна. Мөн нэхэмжлэгч нарын эд хөрөнгө гал түймрийн улмаас шатаж хохирсон нь цахилгаан дамжуулалт утасны чанаргүй байсан эсэх, холболт угсралт буруу хийгдсэн эсэх, эсвэл модны үйлдвэрлэл эрхэлдэг 14 тоот айл буюу Д.Дийн буруутай үйлдэл юм уу, эсвэл  тоот айлын хашаанд байрлах цахилгааны утсанд гардны нөлөөлөл буюу өнөөдөр шүүх танхимд байхгүй өөр гуравдагч этгээдийн буруугаас болсон уу магадгүй тамхины ишнээс болсон механик гэмтэл үүссэний улмаас гал түймэр гарсан эсэх нь өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс 56 392 573 төгрөгийг хохиролд нэхэмжилж байгаа боловч хохирлын задаргааг шаардах хэрэгтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хоёр гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн байшингийн зүүн урд талын дээвэр хэсэг нь шатсан гэх агуулгыг ярьдаг. Гэтэл Итгэлт эстимэйтийн гаргаж өгсөн хохирлын үнэлгээ нь тухайн байшинг нураагаад дахиж шинээр барих гээд байгаа юм уу. Зөвхөн дээврийн буланг засварлах боломжтой байхад яагаад бүхэл бүтэн байшинг нурааж байгаа юм бэ. Учир нь хоёр гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн байшин шаардлага хангахгүй, нурах гэж байгаа байдалтай байсан уу гэж асуухад доторх эд хогшлыг нь хэрэглэх боломжтой байшингийн зөвхөн дээврийн булан хэсэг нь гэмтсэн байсан гэж тайлбарладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч Д.Дшүүхэд гаргасан тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай цехийн утаснаас гал гарах боломж байхгүй. Нийтийн орон сууцны хойд талд гурван шийт байгаа энэ шийтээс манайх зөвшөөрлийн аваад төлбөрийг нь төлөөд гурван давхар байрны урдуур нь нүх ухаж хаалгаар оруулсан. Манай цехээс болсон гэх үндэслэл байхгүй. У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн дүгнэлт болон хохирлын үнэлгээтэй дүгнэлт дээр санал нэг байна. Шинжээчийн дүгнэлтээр утсанд бөмбөлөг үүссэн байна, бөмбөлөг үүссэн нөхцөлийг тайлбарлахдаа хэд хэдэн шалтгааныг дурдаж байгаа цахилгааны ачаалал гэх зэрэг хэний гэм буруугаас болсон юм бэ гэдэг ямар ч шинжээчийн дүгнэлт байхгүй. Хохирол тогтоосон асуудал маш эргэлзээтэй байгаа, Итгэлт эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал гол үндэслэл болгож тайлбарлаж байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт нь зөвхөн нэг талаас гаргаж өгсөн баримт болно. Иргэн Д.Дболон С ХХК-ийн хувьд ямар ч буруу байхгүй гэж үзэж байна. Модны үйлдвэр учир мод хураалттай байх нь ойлгомжтой. Мод хураалттай байсан нь гал гарах шалтгаант нөхцөл болсон гэж ойлгож болохгүй. Бусад хэлэх санаа маань хууль зүйн дүгнэлтийн хувьд хоёр хариуцагчтайгаа адилхан байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгч нараас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2695 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол, Я.Г-ийн хорооны тодорхойлолт, Н.А хорооны тодорхойлолт, Г.Нын хорооны тодорхойлолт, Г.Нийн хорооны тодорхойлолт, Эд хөрөнгө өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн цахилгаан төлж байсан дансны хуулга, Итгэлт эстимэйт хохирлын үнэлгээ, хохирогч Д.Дийн мэдүүлэг, хохирогч Н.Аийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 286/1676 тоот, шинжээчийн дүгнэлт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/107 тоот, өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХН-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, фото зураг зэргийг,

 

Хариуцагч У ТӨХК-иас Итгэмжлэл, хариу тайлбар, ажил гүйцэтгэх 2013/266 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт, эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй трансформаторын чадлыг томсгон солих ажлын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ байгуулах эрх олгох тухай, зөвлөмж хүргүүлэх тухай, баталгаа гаргах тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай, багц-3 ажлыг гүйцэтгэх нарийвчилсан хугацааны график, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажилд түр томилох тухай, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тодорхойлолт хүргүүлэх тухай, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, засаг даргын хорооны тодорхойлолт, шаардлага, түр техникийн нөхцөл, тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол, барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэргийн ангилал батлах тухай, Монгол улсын стандарт зэргийг, хариуцагч Х ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, хариу тайлбар, ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, дүгнэлт, шинжилгээний үр дүн, дамжуулагчийн хувийн цахилгаан эсэргүүцлийн шинжилгээний тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ажилчдын мэргэжлийн үнэмлэхүүд зэргийг, хариуцагч Д.Дээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ/иргэн/, С ХХК-улсын бүртгэлийн гэрчилгээ, цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ зэргийг тус тус нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Я.Г, Н.А, Г.Н, Г.Н нар нь хариуцагч У ТӨХК, Х ХХК, Д.Днарт холбогдох 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гадаа байрлах цахилгаан утаснаас гал гарч бидний өмчлөлийн 99 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн ...дугаар гэрчилгээтэй, өвлийн байшин шатсанаас эд хөрөнгөд учирсан хохирол 56 392 573 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...гал гарах шалтгаан нь айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны утсыг сольсон цаг хугацаанд гарсан бөгөөд хариуцагч У ТӨХКстандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийсэн бол баталгаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Х ХХКнь уг цахилгааны утсыг солих ажлыг гүйцэтгэсэн, хажуу айл болох 14 тоотын Д.Дгийн хашаа дотроос гал гарч эхэлсэн тул хариуцагч нар нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Захиалагч У ТӨХКболон ажил гүйцэтгэгч Х ХХКнарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2018/266 дугаартай, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах шугам сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын ажил багц-6-3 Хувьсгагч фидерийн АТП-1864, 3955, 1899, 843, 1901-ийн ачааллыг хөнгөлж шинээр дэд станц барим, АТП-1899, 2714, 1901, 3955, 843, 534, 5220, 1864-ийн 0,4 КВ-ын ЦДАШ-ын шинэчлэл, АТП1899, 2714, 3955, 534, 5220-ийн трансформаторын чадлыг томсгон солих ажлыг гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээт ажлыг ажил гүйцэтгэгч Х ХХКнь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. /1-р хх-ийн 125-136/

 

4.2. Хариуцагч Х ХХК-ийг дээрх гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гал түймэр гарч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 14 цаг 08 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 1-14 тоотод очиход иргэн Г.Дамсрайгийн 8 ханатай гэр, 5 ханатай гэр, 20 ханатай гэр, 10 ханатай гэр, бүрэн шатаж гал тархан, 1-13 тоот Ц.Дийн 24х12 хэмжээтэй 20 айлын 2 давхар нийтийн байрны 1 давхарт 3 айлын 3 цонх, 2 давхарт 3 цонх, зоорийн давхарт Монгол сат ХХК-ийн телевизийн хураалттай байсан цахилгаан утаснууд, 1-12 тоотод иргэн М.Гийн 10х6 хэмжээтэй байшингийн дээвэр, дотор эд хогшил шатаж байсныг унтраасан болох нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1676/419 дугаар Гал түймэр унтраасан тухай нотломжоор тогтоогдож байна. /2-р хх-ийн 117-120/

 

4.3. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 286/1676 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал түймэр нь Үйлдвэрлэлийн зориулалттай объект байгууламж, 20 ханатай монгол гэр, 5 ханатай гэрүүдийн ертөнцийн зүгээр хойд талаар дамжин байрлах цахилгааны утсанд богино холболт, шилжилтийн эсэргүүцэл үүсэж гал түймэр гарсан байх магадлалтай. Тус модны үйлдвэрт гаднаас ямар нэгэн хүн зориудаар болон санамсар болгоомжгүй байдлаар ил гал гаргаж гал түймэр гарсан, санаатай галдан шатаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гал түймрийн голомт нь 6х10 хэмжээтэй байшингийн ертөнцийн зүгээр баруун дээд талаас 2 метр орчим зайтай, хэргийн материал зураг №58 цахилгааны утасны дээж авсан газарт байна. Гал түймрийн тархалт нь тухайн өдрийн салхины чиг, гал түймрийн голомт, шатах материалын хийц, бүтээцээс хамааран ертөнцийн зүгээс зүүн урагшаа тойрог хэлбэрээр тархалт явагдсан байна. MNS 5390:2004 Цахилгааны галын аюулгүй байдал: Ерөнхий шаардлага зөрчигдсөн, холболт угсралт буруу хийгдсэнээс болж холболт шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарсан байх магадлалтай. Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна гэж дурдсан байна. Бөмбөлөг нь богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас дамжуулагч утасны гадна тусгаарлагч бүрээс дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холболт үүсч бөмбөлөг үүсдэг гэсэн байна. Шатах материал дөллөн ассанаас хойш тухай объект, гэрийн хийц материал хураалттай байсан эд зүйлс насжилтаас хамааран харилцан адилгүй байна. гэжээ. /1-р хх-ийн 37-38/

 

4.4. Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/107 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна гэж дурдсан байна. Бөмбөлөг нь богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас дамжуулагч утасны гадна тусгаарлагч бүрээс дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холболт үүсч бөмбөлөг үүсдэг. Бөмбөлөг үүссэн цахилгааны утсыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг тодорхойлох боломжтой болно... гэжээ. /1-р хх-ийн 39-40/

 

4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүх Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн Эрчим хүчний сургуулийг шинжээчээр томилсон ба шинжээчээс ...Цахилгааны утсанд богино залгааны гүйдэл гүйсний улмаас металл хэсгүүд хайлж бөмбөлөг үүснэ гэсэн онолын тодорхойлолт бий. Тухайн нөхцөлд гарсан гал түймэр цахилгааны холболттой хамааралтай эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй... гэх дүгнэлт ирүүлсэн. /2-р хх-ийн 3-4/

 

4.6. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2695 дугаар прокурорын тогтоолоор ...Х ХХКнь цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор цахилгааны шинэтгэл хийх явцдаа цахилгаан угсралтыг зураг төсөл болон цахилгаан угсралтын дүрэмд заасныг дагуу гүйцэтгэсэн тогтоогдож байна. Эрүүгийн хуульд заасан нийтийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 71-74/

 

4.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

4.8. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч У ТӨХК, Х ХХКнарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч У ТӨХК, Х ХХКнарын хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.9. Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 1-14 тоотод байрлах хариуцагч Д.Дгийн хашаа доторх модны цехээс гал түймэр гарч эхэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нар түүнийг хариуцагчаар тодорхойлсон боловч модон эдлэлийн үйлдвэрлэлийг С ХХК /РД/ нь эрхэлдэг, уг хаягт ...нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь Г.Ц /РД: / болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Д.Днь нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд биш байна.

 

5. Нэхэмжлэгч Я.Г, Н.А, Г.Н, Г.Ннар тоот хаягт байрлах, 99 м.кв талбайтай, хоёр ширхэг байшин, амны сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар болох нь Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5.1. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан гал түймэрт нэхэмжлэгч нарын тоот хаягт байрлах 10х6 хэмжээтэй байшингийн дээвэр, дотор эд хогшил шатаж байсныг унтраасан болох талаарх 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1676/419 дугаар Гал түймэр унтраасан тухай нотломжид дурдсан болно.

 

5.2. Итгэлт эститэйт ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд галд шатсаны улмаас ашиглах боломжгүй болсон хувийн сууц болон бусад хөрөнгийг 99 м.кв /2 байшин/ гэж тодорхойлсон, түүнчлэн хохирлын тооцоололд орсон тавилга, эд хогшлын жагсаалтад хөргөгч, хөлдөөгч гэх эд хогшил оруулсан эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн гал түймэр гарсны дараах нөхцөл байдлын харуулсан фото зургаар хөргөгч, хөлдөөгч зэрэг гал тогооны тавилга хэрэгслүүд нь гал түймэрт өртөөгүй байдлаар харагдаж байна. Мөн гэрч Д.Ды ...Цагаан хаалгатай шкаф, гал тогооны тавилга, хивс, цагаан 1 хаалгатай хөргөгч, хөлдөөгчийг... гал түймэр гарсны дараа зөөсөн талаарх мэдүүлэг, гэрч Ю.Дийн ...гал түймэрт зөвхөн том өрөөний хэсэг өртсөн... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын үнэлгээ бодитой эсэх нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

 

5.3. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Я.Г, Н.А, Г.Н, Г.Ннарын хариуцагч У ТӨХК, Х ХХК, Д.Днарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56 392 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Г, Н.А, Г.Н, Г.Ннарын хариуцагч У ТӨХК, Х ХХК, Д.Днарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56 392 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Г.ТӨРБОЛД