| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 184/2019/00202/и |
| Дугаар | 1614 |
| Огноо | 2019-09-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1614
Д.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01270 дугаар шийдвэртэй, Д.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн “Ч Ф П”-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 325 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
Хариуцагч нь нэхэмжлэгч Д.М-с 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2011 онд “СЭЭА” ХХК-ийн захирал, хөрөнгө оруулагч байсан, одоогийн “АА” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ч Ф П-тэй хамтран ажиллаж бизнесийн түншүүд болсон. Түүний дууддаг нэрийг “Т” гэдэг. Тэрээр намайг Хөвсгөл аймагт байхад буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “...”СЭЭА” ХХК-ийн нэр дээр Жаргалант сумаас самар бэлтгэж авч байгаа, чи тухайн суманд төлөх Байгалийн нөөц ашигласны төлбөр 4 000 000 төгрөгийг төлчих...” гэхээр нь би түүний өмнөөс Хөвсгөл аймгийн татварын хэлтэст уг төлбөрийг төлсөн.
Миний бие Хөвсгөл аймагт байхдаа өөрөө байгалийн самар худалдан авч 41 500 килограммыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатарт оруулж ирээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Карьерийн задгайд байрлах “СЭЭА” ХХК-ийн ажлын байранд буулгаж, самар чөмдөг машинаар нь чөмүүлэхээр болсон юм. Тухайн үед нэг килограмм самрыг хэдэн төгрөгөөр чөмөх талаар тохиролцоогүй. Учир нь, хариуцагч “чи надад тусалсан юм чинь би чамд үнэгүй чөмөөд өгье” гэж байсан. 41 500 кг самрыг чөмөх хугацаа 3 хоног байдаг бөгөөд чөмсний дараа самраа авах гэтэл “би чамд зарж борлуулаад БНХАУ руу гаргаад өгье” гэхээр нь итгээд хүлээсэн. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “бэлэн мөнгө байвал 38 000 000 төгрөг зээлээч, Байгаль орчны яаманд самрын экспортын хураамж төлөх хэрэгтэй, он гаргаад самраа борлуулаад өгье” гэхээр нь зөвшөөрч, түүний “ХБ” ХХК дах 5079050078 тоот дансанд 38 000 000 төгрөг шилжүүлсэн.
Тэгээд самраа авах гэтэл удахгүй зарах түнш олдох гээд байна гэж хүлээлгэсээр 2016 оны 5 дугаар сард 289 хайрцаг чөмсөн самрын үрээ аваад би өөрөө зарж борлуулсан. Харин тэр үед би зээлүүлсэн мөнгө, татварын хэлтэст тушаасан мөнгөө авах гэтэл хариуцагч самар чөмсөн хөлс суутгах талаар ярьж эхэлсэн. Тухайн үед 1 кг самар 400 төгрөгөөр чөмдөг ханш байсан, тооцоод үзэхэд 41 500 кг самарыг 16 600 000 төгрөгөөр чөмсөн гэж миний авах мөнгөнөөс суутгахаар тохиролцон 25 400 000 төгрөг буцаан авах болсон. Монголд хариуцагч байхгүй, таарахгүй, уулзсан үедээ “удахгүй өгнө” гэсээр 2017 онд шүүхэд өгөхдөө тулж байж 10 000 000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй тул 41 500 кг самрын хөлс 450 төгрөг гэж 18 675 000 төгрөгөөр тооцон, шаардлагаа 2 075 000 төгрөгөөр багасгаж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 13 325 000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Д.М болон “СЭЭА” ХХК-ийн захирал Ч Ф П нар нь хамтарч бизнес эрхлэхээр ярилцаж, Д.М Хөвсгөл аймгаас хуш модны самар бэлтгэн нийлүүлэх, Ч Ф П нийлүүлсэн самрыг компанийхаа үйлдвэрт цайруулж, БНХАУ-д худалдан авагч олж экспортлох ажлыг хариуцан хамтарч ажиллахаар тохиролцсон. Д.М нь “СЭЭА” ХХК-ийн үйлдвэрт 41 500 кг самар нийлүүлж чөмүүлсэн боловч самрыг БНХАУ-д экспортод гаргахаар хөөцөлдөж байх хооронд түүнтэй хамтарч ажиллахаа больж, самраа буцааж авсан тул зохих ажлын хөлсийг хариуцагчид төлнө гэдгээ хэлсэн. 38 000 000 төгрөгийг Ч Ф П-д шилжүүлэх болсон шалтгаан нь зээлж, зээлдүүлсэн асуудал биш, харин 289 хайрцаг буюу ойролцоогоор 12 орчим тонн хуш модны самрын чөмгөө экспортлуулахын тулд БОАЖЯ-ны дансанд тушаах зорилгоор хариуцагчид шилжүүлсний дагуу БОАЖЯ-д тушаасан.
Байгалийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн кг тутамд 3 000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу төсвийн дансанд төлөх журамтайг Д.М тухайн үед мэдэж, самрын мөнгийг шилжүүлсэн нь түүний банкны орлогын мэдүүлгээр нотлогдоно. Талууд хамтарч ажиллахгүй болсноор экспортын хураамж 38 000 000 төгрөгөө буцаан шаардахад хийсэн ажлын хөлсийг суутгаж, 10 000 000 төгрөгийг түүнд өгч, цаашид ямар нэг төлбөр тооцоогүй талаар амаар тохиролцсон боловч 2 жилийн дараа маргаан үүсгэсэн байна.
Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст хариуцагчийн өмнөөс тушаасан 4 000 000 төгрөгийн тухайд байгалийн ургамал, ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, олборлоход эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авахыг шаарддаг. Тухайн үед Д.М нь Ч П-тэй хамтарч ажиллах болсон шалтгаан нь “СЭЭА” ХХК-ийн самар бэлтгэх, боловсруулах тусгай зөвшөөрлийг ашиглаж 41 500 кг самраа бэлтгэн боловсруулах байсан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэсний дагуу БОАЖЯ-ын сайдын 2011 оны А125 дугаар тогтоолоор хуш модны самар ашигласны төлбөр кг тутамд 800 төгрөг байсан. Д.М “СЭЭА” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглаж өөрийн 41 500 кг самрыг боловсруулахдаа түүнд ногдох байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарим хэсгийг “СЭЭА” ХХК-ийн нэрээр орон нутгийн татварын хэлтэст төлсөн тул Ч Ф П-ийн өмнөөс төлсөн 4 000 000 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд талуудын хооронд ямар нэг төлбөр тооцооны үлдэгдэлгүй бөгөөд хамтарч ажиллах явцдаа нэг нэгэндээ шилжүүлсэн зүйлсээ зохих ёсоор тооцож, харилцан буцааж өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Д.М-ээс авсан 38 000 000 төгрөгийг тухайн үед захирлаар нь ажиллаж байсан самар бэлтгэх, боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий “СЭЭА” ХХК-ийн нэр дээр Н.М-ийн самрыг оролцуулан нийт 40 тонн хуш модны самрын идээ экспортод гаргах хураамжид БОАЖЯ-ны дансанд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 120 000 000 төгрөгийг тушаасан. Улмаар “СЭЭА” ХХК нь 40 тонн самрыг экспортлоход шаардлагатай бүх бичиг баримтуудыг хөөцөлдөж бүрдүүлсэн. БОАЖЯ-аас Байгалын ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулан, дүнг гаргуулж Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ, Стандартчлал, хэмжил зүйн газраар сав баглаа боодлын баталгаа буюу тохирлын гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын газраас экспортын гэрчилгээг гаргуулсан нь баримтаар нотлогддог.
Ингээд самрын идээг экпортлоход бэлэн болоод байтал 2016 оны 2 дугаар сард Д.М самар экспортлохоо болилоо гээд тодорхой шийдэлд хүрэхгүй хэдэн сар хүлээлгэн, энэ хугацаанд бэлэн болгоод байсан бичиг баримтуудын хүчинтэй хугацаа дуусч ашиглах боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгчийн самартай хамт экспортлох байсан 28 тонн самар хүлээгдэж, дахин бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болж, гадаад худалдан авагчийн захиалга хойшлогдсон. Тухайн үед самар чөмөх ажил маш их ачаалалтай, самрын үйлдвэрүүд дараалал ихтэй тул самрыг анх хүлээж авснаас хойш 10 хоногийн дараа ажлыг эхлүүлж, 10 хоногт чөмж дуусгасан. Нэхэмжлэгч чөмүүлсэн самраа буцааж авах гэж бараг хагас жил агуулахад хадгалуулсан. Хэдэн сар хүлээлгэсний эцэст 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 289 шуудай самрын идээ хүлээн авч, зохих ажлын хөлс төлнө гэдгээ хариуцагчид хэлж тохиролцсон.
“СЭЭА” ХХК нь 2016 оны 1 дүгээр улиралд нэхэмжлэгчээс болж экспортолж чадаагүй самраа дахин бичиг баримт бүрдүүлж 2016 оны 6 дугаар сард 33 тонн самар экспортолсон. Иймд хариуцагч нь Д.Мийн самрын хураамжид төлсөн 38 000 000 төгрөгөөс компанийн хийсэн ажлын зардлыг хасч, зах зээлийн дундаж ханшийг баримтлан кг самрыг 700 төгрөгөөр чөмснөөр /41 500х700/ 29 050 000 төгрөгийг тооцсон нь зөвхөн нэхэмжлэгчийн самрыг чөмөхтэй холбоотой үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал юм. Компанийн үйл ажиллагаа зогссон байсан учир 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч хувиасаа 10 000 000 төгрөгийг Д.М-т өгч төлбөр дууссан талаар харилцан тохиролцсон.
Тухайн үед нэхэмжлэгчээс болж компанид үүссэн зардал хохирлыг аваагүй, зөвхөн самар чөмөх ажлын хөлсийг дээрх журмаар суутган төлбөр тооцоог дуусгасан. Хэдийгээр хамтран ажиллах тохиролцоо зохигчийн хооронд хийгдэж байгаа мэт боловч самар чөмөх, чөмсөн самрыг экспортод гаргах асуудлууд хувь хүний үйлдэл биш, компанийн үйл ажиллагааны үр дүн байсан. Х.М мөнгөө компаниас буцааж шаардах ёстой. Ч Ф П зөвхөн тухайн компанийн хөрөнгө оруулагч, захирлын хувьд Мөнхдэлгэртэй харилцаж байсны хувьд компанийн үйл ажиллагаа зогссон үед хувиасаа 10 000 000 төгрөг гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар уг төлбөрийг буцаан гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тухайн үед самар чөмүүлэх болон өөрийн самраа хилээр гаргахдаа компанитай ямар нэг байдлаар албан ёсны гэрээ хийгээгүй, самраа тэдний компанийн машинаар чөмүүлсэн нь үнэн, ажлын хөлс нь компанийн орлогод орсон эсэх талаар мэдэхгүй, надад ямар нэг баримт компанийн нэрээр өгөөгүй. 38 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг Ч Ф П надаас зээлэхдээ миний самрыг гаргах үед буцааж өгнө гэж өөрийн “ХБ” ХХК-ийн 5079050078 тоот дансаар авсан. Бидний хооронд маргаан болж, хариуцагчийн худал ярианаас самраа өндөр үнэтэй үед нь зарж чадаагүй. Самраа буцаан авсны дараа тэрээр самар чөмсөн хөлс гэж ярьсан. Гэхдээ тэрээр зөрүүг өгнө гэдэг байсан ч зугтаад уулзахгүй 2017 оны 4 дүгээр сард 10 000 000 төгрөг шилжүүлсэн.
Хариуцагч надаас авсан мөнгөө тухайн үед самрын гаалийн татварт тушаана гэж авсан болохоор би гүйлгээний утгыг бичсэн, мөнгийг өөртөө эсхүл компанидаа зарцуулсан эсэхийг мэдэхгүй, Ч Ф П гэдэг хувь хүнд л өгсөн. Харин 4 000 000 төгрөгийг компанийн нэрээр тушаасан нь үнэн. Гэхдээ үүнийг хариуцагч өөрөө хувь хүний хувьд гуйж тушаалгасан, өөрөө өгнө гэдэг байсан, 10 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Ч Ф П инээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 325 000 төгрөг гаргуулан, Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 234 000 төгрөг, хариуцагчаас 174 950 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Ч Ф П нь Д.М-тэй иргэнийхээ хувиар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. 2015 онд Д.М нь хариуцагчийн захирлаар нь ажилладаг “СЭЭА” ХХК самрын идээ экспортлодог гэдгийг мэдээд хамтран ажиллах санал тавьсан. Энэхүү хэлцэл нь иргэн, хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, талуудын хамтран ажиллах болсон гол нөхцөл нь “СЭЭА” ХХК-ийн нэр дээрх самрын идээ экспортлох тусгай зөвшөөрөл байсан. Анхан шатонны шүүх зохигчдын тайлбараар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Шүүх “хариуцагчийг цайруулсан самрыг БНХАУ-д тохирсон хугацаанд экспортлох ажлыг хийж гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч самрын чөмгийг буцаан авсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дурдсан самрын идээг экспортлох тусгай зөвшөөрөл хариуцагчид байгаагүй учир тэрээр өөрт байхгүй эрхийг хэрэгжүүлэхийг амалж гэрээ, хэлцэл байгуулах боломжгүй юм. Түүнчлэн, самрын идээг БНХАУ руу экспортлохоор “СЭЭА” ХХК-ийн нэр дээр бичиг баримтуудыг бэлэн болгосон байсан ч “Д.М нь самраа экспортлохоо болилоо” гэснээс үүдэн бүрдүүлэлтийн дагуу экспортолж чадаагүй, улмаар бичиг баримтын хүчинтэй хугацаа дууссан. Цайруулсан самрыг БНХАУ-д экспортлоогүй шалтгаан нь нэхэмжлэгч самраа экспортлохоос татгалзсантай холбоотой бөгөөд талууд гэрээ байгуулаагүй учир “хариуцагчийг хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх шүүхийн дүгнэлт буруу.
Нэхэмжлэгч самраа экспортлохгүй, өөр хүмүүстэй хамтарч ажиллахаар болсон талаар мэдэгдсэн атлаа “СЭЭА” ХХК-ийн агуулахаас цайруулсан самраа буцааж авахгүй байсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хугацаа тогтоож өгсөн явдал огт биш. Хариуцагчаас нэхэмжлэгчийг цайруулсан самраа буцааж авахад нь ямар нэгэн саад учруулж байгаагүй тул шүүхийн “Д.М нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сар хүртэл хүлээж, үр дүн гараагүй үндэслэлээр 2016 оны 5 дугаар сард самрын чөмгийг буцаан авснаар хэлцлийг цуцалсан, энэ талаар хариуцагч маргахгүй байх тул нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй юм” гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, буруу дүгнэлт болсон.
Д.М 12 орчим тонн самрын чөмгөө экспортлуулахын тулд БОАЖЯ-д тушаах зорилгоор хариуцагчид шилжүүлсэн 38 000 000 төгрөгийг хохиролд тооцох ямар ч үндэслэлгүй. Учир нь, шилжүүлсэн мөнгийг тухайн үед “СЭЭА” ХХК-иас БОАЖЯ-ны дансанд шилжүүлж, зориулалтынх нь дагуу зарцуулсан талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ огт үнэлээгүй. Шүүх нэг тонн самрыг чөмөх ажлын хөлсийг 450 төгрөг буюу ажил хэргийн байнгын харилцаа холбоотой хамтарч ажилладаг, хямд үнээр нэгэндээ ажил гүйцэтгэж өгдөг этгээд болох Д.М, “А” ХХК-ийн хоорондын хэлцлийн үнээр тооцож, хариуцагчаас 9 325 000 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй шударга бус шийдвэр болсон гэж үзнэ.
Хариуцагч нь Д.М-т 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хувиасаа өгсөн 10 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ч шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлд дүгнэлт хийсэн атал тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ зааж өгөөгүй байна.
Д.М 38 000 000 төгрөг хариуцагчийн хувийн дансанд шилжүүлэхдээ уг мөнгийг ямар зориулалтаар зарцуулахыг гүйлгээний утга дээр бичсэн. Өөрөөр хэлбэл, мөнгийг хариуцагчид өгөөгүй гэдгээ анхнаасаа мэдэж байсан ба БОАЖЯ-ны дансанд “СЭЭА” ХХК-ийн нэр дээр экспортын хураамжид тушаасан байдаг. Хариуцагч нь компанийхаа өмнөөс төлбөр тооцоог нь дуусгах зорилгоор тус компанийн самар цайруулах ажлын хөлсийг 1 тонн тутмыг 700 төгрөгөөр тооцон хасч шилжүүлсэн. Гэтэл Д.М 15 400 000 төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжилснээр уг 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэл цуцлагдсан байх тул Ч Ф П нь сөрөг нэхэмжлэл гарган буцаан шаардсан.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасны дагуу Ч Ф П нь Д.М-т шилжүүлсэн 10 000 000 төгрөгөө буцаан шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед 10 000 000 төгрөг өгснөөр төлбөр тооцоо хаагдана, дахиж мөнгө нэхэхгүй гэсэн үндэслэлээр шилжүүлсэн ч энэ үндэслэл зөрчигдсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас 13 325 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ч Ф П-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 325 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч Д.М-ээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд харилцан маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2015 оны 11 дүгээр сард 41 500 кг хуш модны самрыг хариуцагчийн төхөөрөмжөөр боловсруулсан, нэг кг нь хэдэн төгрөг байх талаар тохиролцсон зүйлгүй, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түүний хүсэлтээр “ХБ” дах Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 5896138001 тоот дансанд 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүний хувийн 5079050078 тоот дансанд 38 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөг шилжүүлсэн. Нэг кг самар 400 төгрөгөөр цайруулдаг ханшаар хөлсийг хасч тооцвол 16 600 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг хариуцагч буцаан өгсөн тул үлдэгдэлд нийт 15 400 000 төгрөгийг гаргуулна гэжээ. /хх1,2/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх шаардлагаа багасгаж, нэг кг самар цайруулах үнийг 450 төгрөг гэж өөрчилж, хариуцагчаас нийт 13 325 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. /хх104,105/
Хариуцагч тал нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч, талууд хамтарч ажиллах явцдаа харилцан шилжүүлсэн зүйлээ тооцож төлөх төлбөргүй болсон, нэхэмжлэгч нь “СЭЭА” ХХК-ийн нэр дээр татвар төлж, тус компанийн үйлдвэрт самраа боловсруулсан, компанийн үйл ажиллагаа зогссон учир 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч хувиасаа 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардана гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. /хх22-23,38-40/
Талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь хуш модны самар бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлсэн самрыг өөрийн компанийн үйлдвэрт цайруулан, БНХАУ-д экспортлох ажлыг хариуцахаар тохиролцож, нэхэмжлэгчээс байгалийн нөөц ашигласны төлбөрт 4 000 000 төгрөг /хх11,12/, самар экспортлох хураамжид 38 000 000 төгрөг /хх10/, нийт 42 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагчаас нэхэмжлэгчийн дансаар 10 000 000 төгрөг шилжүүлсэн /хх8/ үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зориулалт, нэг кг самрыг цайруулах үнийн хувьд талууд маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв. Зохигчдын тайлбар, хариуцагч Ч Ф П-ийн 5079050078 тоот дансанд “самарын хураамж БОЯ” гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Д.М нь 38 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргийг үндэслэн шүүх дээрх иргэдийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн, шүүх нэг кг самрыг цайруулах үнийг 450 төгрөг гэж тооцохдоо хэрэгт авагдсан “А” ХХК-ийн тодорхойлолтууд /хх94, 52/, тухайн хуулийн этгээдэд нэхэмжлэгчээс ажлын хөлс төлж байсан талаарх “ХБ” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх95-102/, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, талууд дээрх ажлын хөлсийг хэдэн төгрөгөөр гүйцэтгэх талаар тохиролцсон баримтгүйн улмаас өөр өөр үнийн дүн хэлж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар гүйцэтгүүлсэн ажилтай ижил төрлийн ажлыг бусад этгээдээр 450 төгрөгөөр гүйцэтгүүлж, ажлын хөлсийг банкны дансаар шилжүүлж байсан талаарх баримтыг ирүүлсэн. Хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн баримт ирүүлээгүй учраас 450 төгрөгөөр ажлын хөлсийг тооцсон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Сөрөг нэхэмжлэл буюу 10 000 000 төгрөгийг шүүх шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдол хувьд, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан үйл баримт нэгэнт тогтоогдсон. Хариуцагч тайлбартаа 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, төлбөр тооцоо дуусгавар болсон гэх атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гарган уг төлбөрийг буцаан шаардсан нь үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Тодруулбал, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг эрх зүйн харилцаа буюу талуудын хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд шаардах хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, дээрх 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөр төлбөрийн үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ заагаагүй нь сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.
Иймд шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Д.М-ээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай гэж нэмж оруулж, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэрийг Г.Д гэж бичигдсэн байгааг Б.М гэж залруулан, тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэмэлт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01270 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БНХАУ-ын иргэн Ч Ф П-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 325 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Д.М-ээс 10 000 000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн Ч Ф П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ТУЯА