Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2023/02810

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2023/02810 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Б.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт БС /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч Б.Сд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Б.С нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2021 оны 10 дугаар сарын 04-нд 1 000 000 төгрөгийн хүү, 2021 оны 10 дугаар сарын 26-нд зээлийн үндсэн төлбөрөөс 5 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11,12 дугаар сарын хүү, алданги 1 775 000 төгрөгийг тус тус төлж 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байдаг. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлтээр гэрээ байгуулж нийт 5 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хаан банкны ... дансаар хүлээн авсан байдаг. Зээлийн хүүг биелүүлээгүй бол талууд 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хүүг жилийн хугацаатайгаар гэрээний 5 дугаар зүйлд тусгасан бөгөөд талууд ийнхүү тухайн өдрөөс эхлэн зээлийн үндсэн төлбөр 10 000 000 төгрөг болж өөрчлөгдсөн. Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийн хүү, 2022 оны 04 дүгээр сарын 14-нд 500 000 төгрөгийн хүү, 2022 оны 05 дугаар сарын 02-нд 500 000 төгрөгийн хүү, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,6 дугаар сарын хүү 1 500 000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 1 000 000 төгрөгийн хүүг хаан банкны Б.Тийн данс руу шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хүүг нэг жилийн хугацаатай хүлээн зөвшөөрч, үндсэн төлбөр 10 000 000 дээр нэмэгдээд хүү болон алдангийг нэмээд 15 000 000 төгрөгийг хариуцагч Б.Саас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авто машины граж худалдан авахаар нэхэмжлэгч Б.Тгаас 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн санхүүгийн боломж нь 1 000 000 төгрөгөөр төлөөд явсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөгийг бөөн төлөөд 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болчихлоо гэж байхад Б.Тнамайг ажил дээрээ дуудаад мөнгө хэрэгтэй бол нэмж авч болно гэсэн. Нэмэлт гэрээ хийгээд 5 000 000 төгрөг авахад 1 775 000 төгрөгийг надаас буцааж авсан. Ковидын маш хүнд 2021, 2022 онд чадлаараа төлсөн. 10 хувийг 5 хувь болгож бууруулах боломж байна уу гэж тайлбарлаад байна. Б.Тгаас 13 225 000 төгрөг авсан гэж үзэж байгаа. Нийт 17 775 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Хариуцагчаас хариу тайлбар, эргэн төлөлтийн тооцоолол, дансны хуулга, мемориалын баримт, Голом банк, Хаан банкны мэдэгдэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шилжүүлгийн мэдээлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 337 500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 14 662 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Зээлийн гэрээнд зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг нэг жилийн хугацаатай байхаар тохиролцсон тул үндсэн зээл 10 000 000 төгрөг, дутуу 2 сарын хүү 2 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэгчээс 13 225 000 төгрөгийг хүлээж авсан. Нийт 17 775 000 төгрөгийг буцаан төлсөн тул үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн зээлийн хүүг зээлдэгчид хохиролтой өндөр тогтоосон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөр маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Нарантунгалаг нь зээлдэгч Б.Сд 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон.

4.2. Мөн өдрийн огноотой зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Тнь зээлдэгч Б.Сд 5 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тус тус тохиролцсон байна.

 

4.3. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.4. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

4.5. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний мөнгө хөрөнгө болох 5 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, 3 225 000 төгрөг авсан гэх татгалзал үндэслэлгүй байна. Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн. Хариуцагч 1 775 000 төгрөгийг 10, 11 сарын хүү төлөв гэх утгатай нэхэмжлэгчид буцаан шилжүүлжээ.

 

4.6. Хариуцагч дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 17 775 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

4.7. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5-д зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчид Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д хэсгийг үндэслэн гэрээний 2 дахь хэсэгт заасан хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг 1 жилийн хугацаатай байхаар тохиролцов. гэжээ.

 

4.8. Гэрээг талууд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч талуудын тохиролцоо хуульд нийцсэн байх учиртай. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг 1 ба 4 сарын хугацаатай байхаар тохиролцсон атлаа хүү төлөх үүрэг 1 жилийн хугацаатай байна гэх тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэхгүй юм.

 

4.9. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй. Харин нэг жилийн хугацаагаар хүү тооцон шаардаж буй нь үндэслэлгүй.

 

4.10. Тодруулбал, хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

4.11. Хариуцагчийн төлбөл зохих 18 000 000 төгрөгөөс түүний төлсөн 17 775 000 төгрөгийг хасч тооцвол нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүрэг 225 000 төгрөг байна.

 

4.12. Зээлийн гэрээний 6-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэх тул мөн зүйлийн 236.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцон /112 500 төгрөг/ нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

4.13. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Саас зээлийн гэрээний үүрэгт 337 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 662 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Саас 337 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 662 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 10 775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ