Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/02907

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2023/02907 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт, Д.М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт Н.Х /РД: /-д холбогдох,

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Н.Гтай 2021 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа хадам дүү болох Н.Хд өөрийн нэр дээр банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Одоог хүртэл Хишигдаваа нь банкнаас авхуулсан 10 000 000 төгрөгөө буцаан өгөөгүй тул гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.М нь миний эгч Н.Гтай 2020 оноос 2023 оныг хүртэл хамт амьдарч байсан. Бид ах дүүс 4-лээ 2022 онд тоот хашаа байшинг ээж аавдаа авч өгөхөөр ярилцан өрх бүр 10 000 000 төгрөг гаргахаар болж, 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр миний дансанд хоёр ахын 20 000 000 төгрөг, эгч Ггийн данснаас 7 600 000 төгрөг тус тус шилжүүлэн бид ярилцсан ёсоор аав, ээждээ 40 000 000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөн. Миний эгч үлдсэн 2 400 000 төгрөгөө хамтран амьдарч байсан Мыг миний дансанд хий гэж бэлэн мөнгө өгч явуулсан байдаг бөгөөд М нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний дансанд хийсэн байдаг. Иймд би М гэх хүнд ямар ч өргүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас хариу тайлбар, депозит дансны хуулга гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 400 000 төгрөгийг хангаж, үлдэх 7 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Н.Гтай хамтран амьдарч байх хугацаандаа хадам дүү болох Н.Хгийн хүсэлтээр өөрийн нэр дээр банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авч түүнд зээлсэн... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөргүй. Манай эгчтэй хамт амьдарч байх хугацаандаа эгчийн мөнгийг бэлнээр авч миний дансанд шилжүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.М болон хариуцагч Н.Х нарын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Хгийн хүсэлтээр банкнаас 10 000 000 төгрөг зээлж авч өгсөн гэж тайлбарлан Хаан банк дахь ..... тоот зээлийн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтаас үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5 500 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14 590 000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдөр 2 600 000 төгрөгийн зээлийн шилжүүлэг нэхэмжлэгчийн дансанд зээл олголт шилжүүлгээр гэх утгаар орсон байх боловч хариуцагч Н.Хд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

5. Хариуцагч Н.Хгийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр шилжүүлсэн 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М шилжүүлсэн талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч нь ...эгчийн мөнгийг түүний даалгавраар нэхэмжлэгч шилжүүлсэн... гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй.

 

6. Зохигчдын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч Д.Маас 2 400 000 төгрөгийг хариуцагч Н.Хгийн Хаан банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдов.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

8. Иймд хариуцагч Н.Хгаас 2 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаа үлдэх 7 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Хгаас 2 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мад олгож нэхэмжлэлийн шаардлагаа үлдэх 7 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 179 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 53 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ